Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01925

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 101/ШШ2023/01925

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн УЗ98********* регистрийн дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух Н.М,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн СЖ98********* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух А.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 2****** регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, 4-64 тоотод оршин байх М ХХК,

Хариуцагч: Монгол Улсын иргэн УК90******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 1*** тоотод оршин суух  Г.Л,

Хариуцагч: Монгол Улсын иргэн УС67******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух Ж.Г нарт холбогдох,

10,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Г.Л-ийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Лтэй 2022 оны 01 сарын 19- ний өдөр нэхэмжлэгч тус бүр нь БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ байгуулан гэрээний нийт төлбөр болох 7.000.000 /долоон сая/ төгрөгөөс 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг 2021 оны 06 сарын 07-ны өдөр хариуцагчийн Голомт банкны 21******* тоот данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчид нь гэрээгээр тохирсон сургууль болох БНХАУ-ын Чанша хотын Central South University-ийн Хэлний бэлтгэлийн ангид суралцах хугацаандаа гэрээг цуцлах хүсэлтээ хариуцагчид мэдэгдэж, улмаар сургуулийн захиргаанд хүсэлтээ хүргүүлсэн. Үүнд: Н.М нь 2022 оны 03 сарын 12-нд, А.Н нь 2022 оны 05 сарын 19-нд

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-д "Зуучлуулагч нь зуучлагч талтай гэрээ байгуулсны дараа, гэнэт өөрийн хүсэлтээр гэрээг цуцлахаар бол үйлчилгээний хураамж болох 150.000 төгрөгийг зуучлагч талд төлнө" гэж заасан.

БНХАУ нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хилээ нээхгүй, олон улсын сурагчдаа хүлээн авахгүйгээр онлайнаар сургалтаа явуулж байсан. Энэхүү нөхцөл байдал нь хэдийг хүртэлх хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй, мөн онлайн сургалт нь танхимын сургалттай харьцуулахад үр дүн багатай, суралцагчид тус оронд очиж суралцаагүй тул тэтгэлэг авах боломжгүйн улмаас нэхэмжлэгчид санхүүгийн хүндрэлд орсон. Талууд гэрээг анх байгуулах үед Ковид-19 цар тахал хэдийн дэлхий нийтийг хамарсан байсан ч зуучлагч тал нь тус сургуульд зуучлуулагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж чадна гэх амлалтыг өгч гэрээг байгуулсан боловч гэрээний хугацаанд гэрээний гол нөхцөл буюу тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэх зуучлагч талын амлалт биелэгдээгүй, хэзээ биелэгдэх нь тодорхойгүй, биелэгдсэн ч зуучлуулагчдад ашиггүй болсон нь гэрээг цуцлах шалтгаан болсон.

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэг болон талуудын хооронд 2022 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээний 5.1.1, 5.2, 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн талуудын хооронд 2022 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-г цуцалж, хариуцагчаас нийт 10.700.000 /арван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрд 5.350.000 /таван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг буцаан олгуулж нэхэмжлэгчдийг хохиролгүй болгож өгнө үү.

Жич: Талууд 2022 оны 06 сарын 07-ны өдөр "БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаа дууссан ч үүрэг бүрэн биелэгдээгүй, зуучлагч нь зуучлуулагчдыг тус сургуулийн мастерын хөтөлбөрт тэнцсэн гэж мэдээлэл өгсөн ч мастерын хөтөлбөр бус хэлний бэлтгэлд л тэнцсэн байсныг зуучлуулагчид өөрсдөө тус сургуулийн захиргаанаас тодруулж олж мэдсэн. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн зорилго болох БНХАУ-д мастерын хөтөлбөрт бүтэн тэтгэлэгтэй суралцах зорилгоос тэс өөр буюу зуучлуулагчдын ирээдүйн зорилго биелэгдэхэд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл зуучлуулагчид нь мастерын хөтөлбөрт бүтэн тэтгэлэгтэй суралцах баталгааг бий болгохын тулд зуучлуулагчтай энэхүү гэрээг байгуулсан болно.

Зуучлуулагчид нь тухайн үед зуучлагчийн үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчиж худал хэлснээс шалтгаалан гэрээг цуцлахаа илэрхийлсэн ч зуучлагч нь мастерын бүтэн тэтгэлэгт зуучилж чадна гэх амлалтыг өгсөн тул зуучлуулагчид нь зуучлагчид дахин боломж олгож талууд харилцан тохиролцож гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулан 2022 оны 06 сарын 07-ны өдөр байгуулсан "БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-г хүчингүй болгож 2022 оны 01 сарын 19-нд гэрээг шинэчлэн байгуулсан болно гэв.

 

Хариуцагчийн М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2022.01.19-ны өдрийн БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах гэрээ"-ний төлбөр болох 10,700,000 төгрөгийг хариуцагч "М ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.

Учир нь тэтгэлэгт хөтөлбөрт зуучлагч М ХХК-ийг төлөөлж Г.Л нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07- ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай БНХАУ-д тэтгэлгээр суралцах гэрээг иргэн Н.М, А.Н нартай харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний гол зорилго нь БНХАУ-д тэтгэлэгтэй суралцуулахад оршиж байгаа юм.

Гэрээнд заагдсан зуучлалын хөлс нь 1 хүний 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгөөр харилцан тохиролцсон. Үүнд: 1+3 буюу 1 жилийн Хятад хэлний бэлтгэл+Магистрын 3 жилийн мэргэжлийн тэтгэлэгтэй хөтөлбөр тус тус багтсан.

Иргэн Н.М, А.Н нар нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд заасны дагуу зуучлалын хөлсний 50% болох 5,500,000 /Таван сая таван зуун мянган/ төгрөгийг М ХХК-ийн зуучлагч Г.Лгийн Голомт банкны 2105105320 дансанд шилжүүлсэн. Зуучлагч Г.Л урьдчилгаа төлбөрийг хүлээн авсны дараа Н.М, А.Н нарыг 1 жилийн Хятад хэлний бэлтгэл болон 3 жилийн Магистрын хөтөлбөрт бүртгүүлсэн. Дараа нь сургуулиас Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор 1 жил Хятад хэл онлайнаар суралцсаны дараа 3 жилийн Магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн бүртгэх боломжтой гэсэн хариу хүлээн авсан. Н.М, А.Н нар 1 жилийн хугацаанд Хятад хэлийг онлайнаар суралцахыг зөвшөөрч сургуульдаа бүртгүүлж хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдсаны дараа Зуучлагч Г.Л зуучлалын үлдэгдэл хөлс болох 5,500,000 /Таван сая таван зуун мянган/ төгрөгийг Н.М, А.Н нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

Зуучлагч М ХХК-ийг төлөөлж Г.Л нь иргэн Н.М, А.Н нарыг 1 жилийн хугацаатай Хятад хэлний онлайн тэтгэлэг болох 16,000 /Арван зургаан мянган/ юань буюу 8,000,000 /найман сая/ төгрөгийн төлбөр бүхий, Эрүүл мэндийн 100% даатгалтай, Оюутны дотуур байрны тэтгэлэг болох 10,000 /Арван мянган/ юань буюу 5,000,000 /таван сая/ төгрөгний төлбөр бүхий тэтгэлгүүдэд тус тус хамруулж өгсөн. Дээрх БНХАУ-ын Central south university-д хэлний бэлтгэл, магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгснөөр 2021.06.07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөлөлбөрөөр суралцуулах гэрээний үүрэг биелэгдэж, гэрээ дуусгавар болсон.

БНХАУ-ын зүгээс Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад хэл онлайнаар суралцаж байгаа гадаад оюутнуудад амьжиргааны зардал сар бүр олгох боломжгүй гэсэн шийдвэр ирүүлсний дагуу амьжиргааны зардал олгогдоогүй.

Иргэн Н.М, А.Н нар нь Central south university-гийн Foreign language school-д намрын семестр Хятад хэлээ онлайнаар амжилттай суралцаж төгссөн. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.М, А.Н нар гэрээгээ шинэчлэх талаар санал ирүүлсэн.

Нэхэмжлэгч нар аль хэдийн хэрэгжээд дууссан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлж, гэрээ боловсруулж авч ирсэн боловч М ХХК-ийн зүгээс гэрээг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй тамга дараагүй байдаг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2022.01.19-ний өдрийн "БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах гэрээ гэх нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Хариуцагч М ХХК нь 2021.06.07-ны өдрийн "БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах гэрээ-ний үүргээ 100% биелүүлсэн талаар дээр дурдсан болно. Мөн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.М цаашид үргэлжлүүлэн Хятад хэл суралцах боломжгүй талаараа мэдэгдэж, урьдчилгаанд төлсөн төлбөрийнхөө 80%-ийг нэхэж эхэлсэн. Иргэн А.Н хаврын семестрийн дунд хүртэл Хятад хэлээ онлайнаар амжилттай үргэлжлүүлэн суралцсаныхаа дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон талаараа мэдэгдэж, зуучлагчаас урьдчилгаанд төлсөн төлбөрийнхөө 80%-ийг тус тус нэхэж эхэлсэн. Дээрх 2 иргэний хувьд БНСУ-д суралцахаар визний материал өгч, виз нь бүтэж БНСУ-д суралцахаар болсон тул БНХАУ-д цаашид суралцах боломжгүй болсон талаарх шийдвэрээ зуучлагчид хэлж, удаа дараа зуучлагчтай холбогдон анх төлсөн төлбөрөө нэхэмжилсээр байгаа. Зуучлагч М ХХК-ийн төлөөлөгч Г.Л нь тэтгэлэгт зуучлах гэрээний үндсэн үүргээ гүйцэтгэсэн тул иргэн Н.М, А.Н нарт урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан олгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь иргэн Н.М, А.Н нар нь гэрээнд заасан үндсэн суралцах үүргээ биелүүлээгүй тул учирсан хохирлыг өөрсдөө бүрэн хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна.

Түүнчлэн талууд анх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулах үед ковид 19 цар тахлын нөхцөл байдал үргэлжилж байсан хэдий ч Н.М, А.Н нарыг зуучлагч Г.Л нь тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, үүргээ биелүүлж өгч чадсан. 2021.06.07-ны өдрийн "БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ"- ний 1.7-д заасны дагуу Н.М, А.Н нар нь хэлний бэлтгэлийн хугацаанд Хятад хэлний түвшин тогтоох дунд шатны шалгалтад тэнцэж HSK4 түвшингийн оноо авч чадаагүй тохиолдолд тэтгэлэг цуцлагдахыг мэдэж байсан. Хариуцагч М ХХК-ийн зүгээс зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул зуучлалын хөлс болох 10,700,000төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн Г.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 01 сарын 19- ний өдөр нэхэмжлэгч тус бүр нь БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-ний төлбөрт нэхэмжлэгч тус бүрийн төлсөн 5,500,000 төгрөгөөс үйлчилгээний хураамж болох 150,000 төгрөгийг суутгуулж үлдэгдэл 5,350,000 төгрөгийг буюу нийт 10,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Н.М, А.Н нарт тус бүрд буцаан олгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэтгэлэгт хөтөлбөрт зуучлагч Г.Л нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07- ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай БНХАУ-д тэтгэлгээр суралцах гэрээг иргэн Н.М, А.Н нартай харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний гол зорилго нь БНХАУ-д тэтгэлэгтэй суралцуулахад оршиж байгаа юм.

Гэрээнд заагдсан зуучлалын хөлс нь 1 хүний 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгөөр харилцан тохиролцсон. Үүнд: 1+3 буюу 1 жилийн Хятад хэлний бэлтгэл+Магистрын 3 жилийн мэргэжлийн тэтгэлэгтэй хөтөлбөр тус тус багтсан.

Иргэн Н.М, А.Н нар нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд заасны дагуу зуучлалын хөлсний 50% болох 5,500,000 /Таван сая таван зуун мянган/ төгрөгийг зуучлагч Г.Лгийн Голомт банкны 2105105320 дансанд шилжүүлсэн. Зуучлагч Г.Л урьдчилгаа төлбөрийг хүлээн авсны дараа Н.М, А.Н нарыг 1 жилийн Хятад хэлний бэлтгэл болон 3 жилийн Магистрын хөтөлбөрт бүртгүүлсэн. Зуучлагч Г.Л нь иргэн Н.М, А.Н нарыг 1 жилийн хугацаатай Хятад хэлний онлайн тэтгэлэг болох 16,000 юань буюу 8,000,000 төгрөгийн төлбөр бүхий эрүүл мэндийн 100 хувь даатгалтай, оюутны дотуур байрны тэтгэлэг болох 10,000 юань буюу 5,000,000 төгрөгийн бүхий тэтгэлгүүдэд тус тус хамруулж өгсөн. БНХАУ-ын зүгээс ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хятад хэл онлайнаар суралцаж байгаа гадаад оюутнуудад амьжиргааны зардал сар бүр олгох боломжгүй гэсэн шийдвэр ирүүлсний дагуу амьжиргааны зардал олгогдоогүй. Н.М, А.Н нар 1 жилийн хугацаанд хятад хэлийг онлайнаар суралцахыг зөвшөөрч сургуульдаа бүртгүүлж хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдсаны дараа зуучлагч Г.Л зуучлалын үлдэгдэл хөлс болох 5,500,000 төгрөгийг Н.М, А.Н нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Хариуцагч миний бие зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээний төлбөрт нэхэмжлэгч тус бүрийн төлсөн 5,500,000 төгрөгөөс үйлчилгээний хураамж болох 150,000 төгрөгийг суутгуулж үлдэгдэл 5,350,000 төгрөг буюу нийт 10,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Н.М, А.Н тус бүрд буцаан олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие нэхэмжлэгч нарыг танихгүй, иргэд хоорондын гэрээ хэлцэл байгуулагдаагүй буюу нэхэмжлэгч нараас 11,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч нараас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ, Н.Мгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.Н-ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2262 дугаартай Прокурорын тогтоол,

Хариуцагч М ХХК-аас Г.Лгийн Голомт банкны дансны хуулга,

Шүүхийн журмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Н-с гаргасан Х.Л-д холбогдох 2207 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Л-ээс авсан гэрчийн мэдүүлэг, Г.Л, Н.М болон А.Н нарын Фейсбүүк групп чат болон [email protected][email protected] мэйл хаягт 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр edu.cn мэйл хаягаас ирсэн цахим мэйлд хаяг, 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр vsu.edu.cn мэйл хаягаас [email protected] болон [email protected] мэйл хаягт ирсэн мэйлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М, А.Н нар нь хариуцагч  М ХХК, Г.Л, Ж.Г нарт холбогдуулан зуучлалын гэрээ цуцалж 10,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг ... 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-ний үүрэг биелэгдээгүй тул гэрээг цуцалж, гэрээний дагуу нэхэмжлэгч тус бүрийн төлсөн 5,500,000 төгрөгөөс үйлчилгээний хураамжийг суутгаж үлдэгдэл 5,350,000 төгрөг буюу нийт 10,700,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч М ХХК татгалзлын үндэслэлээ ... манай компани зуучлалын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд хариуцагч Г.Лд ийм гэрээ хэлцэл хийх эрх олгоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Г.Л ... зуучлагч би урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч нараас хүлээн аваад 1 жилийн хятад хэлний бэлтгэл болон 3 жилийн магистрын хөтөлбөрт бүртгүүлж, хятад хэлний онлайн тэтгэлэг болох 16,000 юань буюу 8,000,000 төгрөгийн төлбөр бүхий эрүүл мэндийн 100 хувь даатгалтай, оюутны дотуур байрны тэтгэлэг болох 10,000 юань буюу 5,000,000 төгрөгийн бүхий тэтгэлгүүдэд тус тус хамруулж өгсөн. Н.М, А.Н нар 1 жилийн хугацаанд хятад хэлийг онлайнаар суралцахыг зөвшөөрч сургуульдаа бүртгүүлж хөтөлбөрт хамрагдаж гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Ж.Г ... нэхэмжлэгч нарыг танихгүй бөгөөд тэдгээртэй ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй, мөнгө хүлээн аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Зуучлагч буюу нэг талаас М ХХК түүнийг төлөөлж Г.Л нөгөө талаас зуучлуулагч Н.М болон А.Н нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зуучлагч нь зуучлуулагч оюутнуудыг БНХАУ-ын Хунань муж Чангша хотын Central South University-д Public administration мэргэжлээр магистрын хөтөлбөрт 100% бүтэн тэтгэлэгт 3 жилийн хугацаатай магистрын хөтөлбөрийн сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, сар бүрийн амьжиргааны 2500 юанын тэтгэлгээр суралцуулах, зуучлуулагч нар нь зуучлалын хөлс 7,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн болох нь талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээнүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 9-14 дэх талд/

Хариуцагч М ХХК нь зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэггүй Г.Л-д ийм гэрээ байгуулах эрхийг олгоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүх уг гэрээний хүсэл зоригт дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан баримтаар М ХХК болон Н.М болон А.Н нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зуучлагч тал болох М ХХК нь БНХАУ-ын Хунань муж Чангша хотын Central South University-д Public administration мэргэжлээр мастерын ангид сургуулийн тэтгэлгээр суралцуулахад зуучлах, зуучлуулагч тал болох Н.М, А.Н нар нь тус бүр 11,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 6-8 дахь талд/

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-нд зуучлагч талыг төлөөлж Г.Л гарын үсэг зурсан мөн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-нд зуучлагч талыг төлөөлж Г.Л гарын үсэг зурж, гэрээнд М ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан байна.

Хэдийгээр, нэхэмжлэгч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-г цуцалж гэрээ цуцалсан үр дагаврыг шийдвэрлүүлнэ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч хэрэгт авагдсан уг гэрээнүүд нь тус тусдаа бие даасан гэрээ гэж үзэх боломжгүй 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-г үндэслэж 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

Иймд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-нд талууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдсан байх тул гэрээ М ХХК, Н.М, А.Н нарын хооронд хийгдсэн гэж үзнэ.

Хариуцагч М ХХК-ийн хувьд зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэггүй үндэслэлээр тухайн гэрээний хүсэл зоригийг үгүйсгэхгүй юм.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч М ХХК, нэхэмжлэгч Н.М, А.Н нарын хооронд хүчин төгөлдөр зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

Зуучлалын гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Н.М, А.Н нар нь тус бүр 5,500,000 төгрөг буюу нийт 11,000,000 төгрөгийг хариуцагч М ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан Г.Лгийн Голомт банк дахь дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна талууд энэ үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 15-16, 78 дахь талд/

2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ болон 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-ний гол тохиролцоо нь БНХАУ-ын Хунань муж Чангша хотын Central South University-д Public administration мэргэжлээр магистрын хөтөлбөрт 100% бүтэн тэтгэлэгт 3 жилийн хугацаатай магистрын хөтөлбөрийн сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, сар бүрийн амьжиргааны 2500 юанийн тэтгэлгээр суралцуулах зорилготой байсан боловч тэтгэлэгт хамрагдах боломжгүй улмаас нэхэмжлэгч нар нь гэрээг цуцлах саналыг гаргасан нь шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /х.х-ийн 161-164 дэх талд/

Талууд хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн гэрээний 1.3-т 100% бүтэн тэтгэлэгт 3 жилийн хугацаатай магистрын хөтөлбөрийн сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, сар бүрийн амьжиргааны 2500 юанийн тэтгэлэг тус тус хамрагдана гэж тохиролцсон боловч БНХАУ-ын зүгээс ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хятад хэл онлайнаар суралцаж байгаа гадаад оюутнуудад амьжиргааны зардал сар бүр олгох боломжгүй болсон-той М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Г.Л маргахгүй байх тул талууд хооронд байгуулсан гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээний гол тохиролцоо буюу нэхэмжлэгч нар БНХАУ-ын Хунань муж Чангша хотын Central South University-д Public administration мэргэжлээр магистрын хөтөлбөрт 100% бүтэн тэтгэлэгт 3 жилийн хугацаатай магистрын хөтөлбөрт хамрагдаагүй байх тул М ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн гэрээний 5.2-т зуучлуулагч нь зуучлагч талтай гэрээ байгуулсны дараа гэнэт өөрийн хүсэлтээр гэрээг цуцлахаар бол үйлчилгээний хураамж болох 150,000 төгрөгийг зуучлагч талд төлнө гэж тохиролцсны дагуу нэхэмжлэгч нар гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Шүүх 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-г үндэслэж 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснээс гадна нэхэмжлэгч нар нь БНХАУ-д тодорхой хугацаанд хятад хэлний бэлтгэлд хамрагдсан байх тул талуудын хооронд байгуулсан анхны гэрээний дагуу үүссэн үйлчилгээний хураамжийг нэхэмжлэгч тал хариуцагч талд төлөх үүрэгтэй гэж үзэв.

Тодруулбал, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-ний 5.2-т зуучлуулагч нь зуучлагч талтай гэрээ байгуулсны дараа гэнэт өөрийн хүсэлтээр гэрээг цуцлахаар бол үйлчилгээний хураамж болох 1,300,000 төгрөгийг зуучлагч талд төлнө гэж тохиролцсоны дагуу нийт нэхэмжлэгч нар нь тус бүр 1,450,000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг хариуцагч М ХХК-нд төлөхөөр байна.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын зуучлалын хөлсөнд төлсөн тус бүр 5,500,000 төгрөгөөс 1,450,000 төгрөгийг хасаж 4,050,000 төгрөг буюу нийт 8,100,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Н.М, А.Н нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүх талуудын маргааны зүйл болсон зуучлалын гэрээний харилцаа нэхэмжлэгч Н.М, А.Н нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн учир хариуцагч Г.Л, Ж.Г нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 144,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М, А.Н нарт олгохоор шийдвэрлэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-аас 8,100,000 төгрөгийг гаргуулж, үүнээс 4,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.М, 4,050,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Н нарт тус тус олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Г.Л, Ж.Г нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 186,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 144,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М, А.Н нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ