Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01194

 

 

 

2023 06 14  210/МА2023/01194

 

Н.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01925 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.М, А.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК, Г.*******, Ж.******* нарт холбогдох

10,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, хариуцагч, хариуцагч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.*******гийн өмгөөлөгч Б.Уранзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Н.М, А.Н нар нь хариуцагч ******* ХХК-ийг төлөөлөн Г.*******тэй 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-г байгуулж, тус бүр 5,500,000 төгрөгийг Голомт банкин дахь Г.*******гийн 2105105320 тоот данс руу шилжүүлсэн.

Зуучлагч үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчиж худал хэлснээс шалтгаалан зуучлуулагч нь гэрээг цуцлахаа илэрхийлсэн ч зуучлагч нь мастерын бүтэн тэтгэлэгт зуучилж чадна гэх амлалтыг өгсөн тул талууд харилцан тохиролцож гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулан дээрх гэрээг хүчингүй болгож 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулсан.

1.2. Нэхэмжлэгч нар нь БНХАУ-ын Чанша хотын Цэнтрал Соут их сургуулийн хэлний бэлтгэлийн ангид суралцах хугацаандаа гэрээг цуцлах хүсэлтээ Н.М нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, А.Н нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус тус хариуцагчид мэдэгдэж, улмаар сургуулийн захиргаанд хүсэлтээ хүргүүлсэн.

1.3. Талуудын гэрээний 5.2-д "Зуучлуулагч нь зуучлагч талтай гэрээ байгуулсны дараа, гэнэт өөрийн хүсэлтээр гэрээг цуцлахаар бол үйлчилгээний хураамж болох 150,000 төгрөгийг зуучлагч талд төлнө" гэж заасан. БНХАУ нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хилээ нээхгүй, олон улсын сурагчаа хүлээн авахгүй, сургалтаа онлайнаар явуулж байсан. Энэ нөхцөл байдал нь ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй, онлайн сургалт нь танхимын сургалттай харьцуулахад үр дүн багатай, суралцагчид тус оронд очиж суралцаагүй тул тэтгэлэг авах боломжгүйн улмаас нэхэмжлэгч нар санхүүгийн хүндрэлд орсон. Талууд анх гэрээ байгуулах үед Ковид-19 цар тахал хэдийнээ дэлхий нийтийг хамарсан байсан ч зуучлагч нь тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж чадна гэх амлалтыг өгч гэрээг байгуулсан боловч гэрээний хугацаанд гол нөхцөл буюу тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэх зуучлагч талын амлалт биелэгдээгүй, хэзээ биелэгдэх нь тодорхойгүй, биелэгдсэн ч зуучлуулагчдад ашиггүй болсон нь гэрээг цуцлах шалтгаан болсон.

Иймд гэрээг цуцалж, хариуцагчаас нийт 10,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрд 5,350,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гэрээнд ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд Г.******* гарын үсэг зурсан. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах талаар заасан.

2.2. Тэтгэлэгт хөтөлбөрт зуучлагч ******* ХХК-ийг төлөөлж Г.******* нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Н.М, А.Н нартай гэрээ байгуулсан. Гэрээгээр БНХАУ-д 1+3 буюу 1 жилийн хятад хэлний бэлтгэл, 3 жилийн магистрын мэргэжлийн тэтгэлэгтэй хөтөлбөрт суралцуулах ба зуучлалын хөлсийг 1 хүний 11,000,000 төгрөгөөр тохирсон. Н.М, А.Н нар зуучлалын хөлсний 50% болох 5,500,000 төгрөгийг Г.*******гийн дансанд шилжүүлж, Г.******* тэднийг хөтөлбөрт бүртгүүлсэн. БНХАУ-ын Цэнтрал Соут их сургуулиас Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 1 жил хятад хэл онлайнаар суралцсаны дараа магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн бүртгэх боломжтой гэсэн хариу хүлээн авсан. Үүнийг Н.М, А.Н нар зөвшөөрч сургуульдаа бүртгүүлж хөтөлбөрт хамрагдсан.

2.3. Г.******* нь Н.М, А.Н нарыг 1 жилийн хугацаатай хятад хэлний онлайн сургалтын төлбөр 16,000 юань буюу 8,000,000 төгрөг, эрүүл мэндийн 100% даатгал, оюутны дотуур байрны зардал 10,000 юань буюу 5,000,000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан. Онлайнаар суралцаж байгаа гадаад оюутнуудад амьжиргааны зардал сар бүр олгох боломжгүй гэсэн шийдвэр ирүүлснээр амьжиргааны зардал олгогдоогүй.

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулсан гэрээ 100% хэрэгжиж дуусгавар болсон.

2.4. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.М, А.Н нар гэрээгээ шинэчлэх талаар санал ирүүлсэн. Хэрэгжиж дууссан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг ******* ХХК хүлээн зөвшөөрөөгүй, тамга дараагүй. Уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.

2.5. Н.М 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, А.Н 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус тус цаашид үргэлжлүүлэн хятад хэл суралцах боломжгүй талаараа мэдэгдэж, урьдчилгаанд төлсөн төлбөрийнхөө 80%-ийг нэхэж эхэлсэн. Тэд БНСУ-д суралцахаар визний материал өгч, виз бүтэж суралцах болсон шалтгаанаар БНХАУ-д цаашид суралцах боломжгүй болсон талаарх шийдвэрээ зуучлагчид хэлсэн.

Зуучлагч ******* ХХК-ийн төлөөлөгч Г.******* нь тэтгэлэгт зуучлах гэрээний үндсэн үүргээ гүйцэтгэсэн тул урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Н.М, А.Н нар гэрээнд заасан суралцах үүргээ биелүүлээгүй тул учирсан хохирлыг өөрсдөө бүрэн хариуцах үндэслэлтэй.

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ"-ний 1.7-д заасны дагуу Н.М, А.Н нар нь хэлний бэлтгэлийн хугацаанд хятад хэлний түвшин тогтоох дунд шатны шалгалтад тэнцэж HSK4 түвшингийн оноо авч чадаагүй тохиолдолд тэтгэлэг цуцлагдахыг мэдэж байсан.

Хариуцагч ******* ХХК зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул зуучлалын хөлс болох 10,700,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Г.*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Тэтгэлэгт хөтөлбөрт зуучлагч Г.******* нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай БНХАУ-д тэтгэлгээр суралцах гэрээ-г иргэн Н.М, А.Н нартай харилцан тохиролцож байгуулсан. Гэрээгээр БНХАУ-д 1+3 буюу 1 жилийн хятад хэлний бэлтгэл, 3 жилийн магистрын мэргэжлийн тэтгэлэгтэй хөтөлбөрт суралцуулах ба зуучлалын хөлсийг 1 хүний 11,000,000 төгрөгөөр тохирсон. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хятад хэл онлайнаар суралцаж байгаа гадаад оюутнуудад амьжиргааны зардал сар бүр олгох боломжгүй гэсэн шийдвэр ирүүлсний дагуу амьжиргааны зардал олгогдоогүй. Н.М, А.Н нар 1 жилийн хугацаанд хятад хэлийг онлайнаар суралцахыг зөвшөөрч сургуульдаа бүртгүүлж хөтөлбөрт хамрагдсан.

Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Ж.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч нарыг танихгүй, иргэдийн хооронд гэрээ хэлцэл байгуулагдаагүй буюу нэхэмжлэгч нараас 11,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 8,100,000 төгрөгийг гаргуулж, үүнээс 4,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.М, 4,050,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Н нарт тус тус олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Г.*******, Ж.******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 186,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 144,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М, А.Н нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх зуучлалын гэрээг Н.М, А.Н, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Компанийн гүйцэтгэх захирал Ж.******* уг гэрээнд гарын үсэг зураагүй буюу хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Гэрээг ******* ХХК-тай байгуулсан гэх боловч компанийг төлөөлж Г.******* гарын үсэг зурсан, Г.******* нь манай компанийн ажилтан биш бөгөөд төлөөлөн гарын үсэг зурж, гэрээ, хэлэлцээр байгуулах эрхгүй этгээд юм. Мөн уг гэрээнд ******* ХХК-ийн тамга дарагдаагүй.

6.2. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.10 дахь хэсэг тус тус зааснаар ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэлцлээр харилцан тохиролцсон бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг үүснэ. Гэтэл ******* ХХК нь нэхэмжлэгч нараас 10,700,000 төгрөгийг хүлээн аваагүй, банкны баримтуудаар уг мөнгө хариуцагч Г.*******гийн данс руу шилжсэн болох нь тогтоогдсон байхад шүүх ямар үндэслэлээр ******* ХХК-ийг төлбөрийг хүлээн авсан, буцаан төлөх үүрэг үүссэн гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй.

6.3. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д зааснаар гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар зохицуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т тус тус зааснаар БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК нь зуучлалын төлбөрийг хүлээн аваагүй тул буцааж өгөх зүйл байхгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч Н.М, А.Н нар нь ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах тухай гэрээ-г байгуулсан. Н.М, А.Н нар магистрын хөтөлбөртөө элссэн, хэлний бэлтгэлээ эхний семестр үзэх ёстой гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгч нар нь сургалт хариуцсан багшаас тодруулан асуухад магистрын хөтөлбөрт элсээгүй учраас ирэх жил дахин материалаа бүрдүүлж өгөөрэй гэсэн. Энэ талаар хариуцагчаас тодруулахад тухайн багшийн хэлсэн зөв болохыг тайлбарласан.

7.2. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн гэрээг шинэчлэн дахин байгуулсан. Анх нэхэмжлэгч нарын зүгээс ******* ХХК-тай гэрээ байгуулах гэж уулзах үед хэд хэдэн удаа зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан талаар Г.******* тайлбарлаж, итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр уг гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад ******* ХХК-ийн тамга нь компанийн гүйцэтгэх удирдлагад байдаг, эсхүл итгэмжлэл олгосон этгээдэд байх ёстой гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсэг болох анхан шатны шүүхийн хууль хэрэглээтэй холбоотой хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.М, А.Н нар нь хариуцагч ******* ХХК, Г.*******, Ж.******* нарт холбогдуулан зуучлалын гэрээг цуцалсны үр дагаварт 10,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК, түүнийг төлөөлөн Г.******* нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Н.М болон А.Н тус бүртэй БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ байгуулж, зуучлагч ******* ХХК нь БНХАУ-ын Хунань мужийн Чангша хотын Цэнтрал Соут их сургуульд Public administration чиглэлээр мастерын ангид сургуулийн тэтгэлгээр суралцуулахад зуучлах, зуучлуулагч Н.М, А.Н тус бүр 11,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн талуудын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах гэрээ-гээр өмнө байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулах, ******* ХХК магистрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт зуучлах, Н.М, А.Н тус бүр үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-15-ны өдрийн хооронд төлөхөөр тохирчээ.

3.1. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох тул ******* ХХК болон Н.М, А.Н нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч ******* ХХК нь түүнийг төлөөлөн гэрээ байгуулсан Г.*******д компанийг төлөөлөх эрх олгоогүй учир гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан. Г.******* нь нэхэмжлэгч нартай анх гэрээ байгуулахдаа ******* ХХК-ийн тамга тэмдгийг ашигласнаас үзвэл ******* ХХК-ийг Г.******* төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймээс ******* ХХК нь дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцээгүй.

3.2. Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар зохицуулсан тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Н.М, А.Н нар нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус бүр урьдчилгаа 5,500,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. ******* ХХК нь уг төлбөрийг Г.*******гийн дансанд шилжүүлсэн, компани хүлээн аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч нар нь үндсэн гэрээний 5.3 дахь хэсэгт заасан дансанд төлбөрийг шилжүүлсэн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ХХК-аар зуучлуулан БНХАУ-ын Цэнтрал Соут их сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид бүртгүүлэн суралцсан талаар зохигчид маргаагүй.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нар нь хариуцагчийн үзүүлсэн зуучлалын үйлчилгээг биет байдлаар буцаах боломжгүй ба анхан шатны шүүх хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийн хэмжээг үндсэн гэрээний 5.2 дахь хэсэгт тохиролцсон үйлчилгээний хураамжийн дүнгээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Учир нь, хариуцагч нь БНХАУ-ын Цэнтрал Соут их сургуульд 1 жилийн хятад хэлний бэлтгэл, 3 жилийн магистрын мэргэжлийн хөтөлбөрт 100 хувийн тэтгэлгээр суралцах (сургалтын төлбөр, суралцах хугацааны оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын хураамж, сар бүрийн 2500 юанийн амьжиргааны зардал багтах нөхцөлтэй)-д зуучлахаар нэхэмжлэгч нартай тохирохдоо хөлсийг бэлтгэл болон үндсэн сургалттай уялдуулаагүй, ерөнхий байдлаар тогтоосноос гадна хариуцагч нь нэхэмжлэгч нарыг хятад хэлний бэлтгэлд элсэн суралцахад зуучилсныг ямар үнээр тооцох талаар шүүхэд нотлох баримт гаргаж нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нар нь магистрын хөтөлбөрт элсэн суралцаагүй тул нэхэмжлэгч нар хэлний бэлтгэлд суралцаж эхэлснээр зуучлалын гэрээ хэрэгжиж дуусгавар болсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нар нь гэрээгээр шилжүүлсэн төлбөрөөс үйлчилгээний хураамжийг хасч үлдэх 4,050,000 төгрөг буюу нийт 8,100,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөвтгөн дүгнэж, шийдлийг хэвээр үлдээв. Хариуцагч Г.*******, Ж.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01925 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА