Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/02163

 

 

 

 

 

 

2023 04 28 101/ШШ2023/02163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ОЮ**** регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Ү 1 тоотод оршин суух Ф овогт Б Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 2******** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***  дугаар хороолол, ***  байранд оршин байх М М ХХК-нд холбогдох

Цалин хөлсний зөрүү 18,881,527 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Л,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц, гэрч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.Т миний бие 2020 оны 12 сарын 11-ний өдөр М М ХХК-ийн М М эмнэлгийн хөдөө орон нутаг дахь салбарт тестерийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний ажил үүрэг нь Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор О Тн уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцийн дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсэн ПСР шинжилгээг цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын зохих журмын дагуу авч аймгийн болон улсын онцгой комисст сорьцны хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтанг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээж төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үргэлжлэхээр байсан. Ажиллаж байх хугацаанд хүний нөөцийн зүгээс байгууллагыг төлөөлж хөлсөөр ажиллах гэрээг удахгүй хөдөлмөрийн гэрээ болгон шинэчилнэ гэж мэдэгдсээр ирсэн. Гэтэл нийт ажилчдын цөөн хэдтэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, О Т ХХК-тай тендерээ сунгаад дууссаны дараа ямар ч ажилтантай гэрээг шинэчилж байгуулаагүй.

Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмж буюу Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудалд ... хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ ..., 2022 оны 01 сарын 01-ээс дагаж мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно" гэж тус тус заасан. Танай байгууллагын зүгээс Улсын Дээд шүүхийн зөвлөмж болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин хөдөлмөрийн харилцаа үүссэн, байнгийн ажлын байранд ажиллаж байсан ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.

Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчийн санаачлагаар Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгийг үндэслэж хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Гэрээний 10.1.3-т "Хөлсөөр ажиллагч тогтоосон шинжилгээ, үйлчилгээний журам, заавар, стандартын шаардлагыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл эс үйлдэхүйг Хөлсөөр ажиллуулагч ноцтой гэж үзсэн тохиолдолд энэ гэрээг цуцална гэж заасан байдаг. Миний хувьд ямар нэгэн ноцтой алдаа гаргаагүй, байгуулагад хохирол учруулаагүй. Байгууллага нь хөдөлмөрийн тухай хуулинд заасан шат дараалласан сахилгын шийтгэлийг ногдуулахгүйгээр ажилтныг шууд ажлаас халсан гэж үзэж байна. Ажил олгогч нь ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж урт хугацаагаар ажиллах хөдөлмөрийн харилцаа үүссэн ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулсны улмаас миний бие ээлжийн амралтын мөнгө, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцалсаны 1 сарын тэтгэмж, 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн байгуулсан гэрээг шинэчилж, цалин хөлсөнд өөрчлөлт орсон ямар нэг тушаал гаргаагүй боловч цалинг 2 дахин багасгаж олгосон. Анх гэрээ байгуулахдаа нэг сарын цалин хөлс 2 500 000 төгрөг байсан тус гэрээний дагуу дутуу олгосон цалин хөлс 8 908 410 төгрөг байна. О Т ХХК-аас гаргасан Уурхайн цогцолбор дахь ажилтнуудын цалин хөлсний түр зохицуулалтын дагуу Уурхайн цогцолборт 28 хоногоос илүү хугацаагаар сунаж байгаа ажилтнууд нь сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг ростерын 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно гэсэн нэмэгдэл цалин хөлсийг бидэнд ажил олгогчийн зүгээс бидэнд олгоогүй. Уг нэмэгдлийг 2022 оны 01 сар хүртэл олгосон байсан. Миний хувь нийт 43 дахь хоногоосоо сунаж ажилласан 81 хоног байна. Энэ нэмэгдэл хөлс болох 13775-ыг надад олгоогүй. Ажиллаж эхэлснээс хойш 2021, 2022 оны ээлжийн амралтын мөнгийг мөн олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т "Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ гэж заасны дагуу надад ээлжийн амралт авах эрх үүссэн байдаг. Миний ээлжийн амралтын заанга 2021 оных 1 063 818.99 төгрөг, 2022 оных 483 408.15 төгрөг нийт 1 547 227.14 төгрөг байна. Иймд Б.Т миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, О Т ХХК-ийн зүгээс гэрээт компанийн ажилтнуудад цалин хөлсний түр зохицуулалт хийж уурхайн цогцолборт сунан ажиллаж буй ажилтнуудад сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно гэж заасны дагуу илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 1377$ буюу 4.646.727.81 төгрөг гаргуулах, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1.080.468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 314.387 төгрөг нөхөн гаргуулах, 2022 оны 01 сараас 2022 оны 06 сар хүртэлх цалин хөлсний зөрүү 5.889.593 төгрөг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар өөрчилсөн.

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 сараас 2022 оны 9 сар хүртэлх цалин хөлсний зөрүү 18,881,27 төгрөгийг гаргуулах шаардлага болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу тестерийн албан тушаалд буцаан томилуулах, М М ХХК-ийн 2022 оны 9 сарын 30-ны өдрийн 175 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан цалинг хэрэг хянан шийдвэрлэх өдрийг хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн хугацааны даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг М М ХХК-д даалгах, О Т ХХК-ийн зүгээс гэрээт компанийн ажилтнуудад цалин хөлсний түр Эзохицуулалт хийж уурхайн цогцолборт сунан ажиллаж буй ажилтнуудад сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно гэж заасны дагуу илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 13778 буюу 4 646 727.81 төгрөг нөхөн гаргуулах, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1,080,468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 314.387 төгрөг, 2021.01-2022.06 сар хүртэл цалин хөлсний зөрүү 5,889,593 төгрөг нөхөн гаргуулах тухай Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

2020 оны сүүлээр Монгол Улс болон Дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр Тамшигаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-ийг тогтоосон. М М" ХХК (цаашид Эмнэлэг гэх) нь өөрийн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд түр хугацааны шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төсөл нь тодорхой цэгүүдээс О Тн уурхайн цогцолбор руу нэвтэрч байгаа |7000-9000 гаруй ажилтнаас хамар хоолойн арчидас авч, сорьцыг шинжилгээнд оруулахад стандарт журмын дагуу бэлдэн, шинжилгээ өгч байгаа хүний мэдээллийг үнэн зөвөөр бүртгэн, бүртгэлийн баазыг нарийн бүрдүүлэх, болон түүнтэй холбоотой ажил гүйцэтгүүлэх байсан. Цар тахлын дэгдэлтийн улмаас ачаалал нэмэгдэж байсан тул уг төсөлд Эмнэлэг нэмэлтээр туслуулахаар эмнэлгийн мэргэжилтнийг дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлж, гэрээнд заасан хөлс авах саналыг олон нийтэд нээлттэйгээр цахим суваг ашиглан зарласан юм. Тухайн үед бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, дийлэнх олонх аж ахуйн нэгж, сургууль, бизнес тодорхойгүй хугацаанд сул зогссон үе байсан.

Эмнэлэг нь цар тахлын үед богино хугацаагаар хэрэгжүүлэх төслүүд дээр Хөлсөөр ажиллах гэрээний нөхцөлийг бүрэн танилцуулж, хүлээн зөвшөөрсөн иргэнтэй Иргэний хуулийн Гучин хоёр дугаар бүлэг, 359 дүгээр зүйлд Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасныг үндэслэн гагцхүү хамар, хоолойн арчидас авахтай холбоотой ажлыг гүйцэтгэж, гэрээний дагуу хөлс авах иргэний гэрээний харилцаанд үндэслэн гэрээг байгуулахаар нийтэд, нээлттэй зарласны дүнд нэхэмжлэгч гэрээ байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн нэг байсан юм.

Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийгөө хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр үүрэг гүйцэтгэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч дурдсан байна.

Эмнэлэг нэхэмжлэгчтэй Хөлсөөр ажиллах гэрээ (цаашид Гэрээ гэх)-г анх 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан. Дараах үндэслэлээр Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд

1. Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилуулах тухай: Нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр төсөл дээр ажиллах хүсэлтээ илгээсэн байдаг. Бид тухайн үедээ орон нутаг болон хотод ажиллах нөхцөл боломжийг асууж хуваарилсан бөгөөд Нэхэмжлэгч хөдөө орон нутагт ажиллах хүсэлтэй байсан. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн боломжит цаг хугацаандаа явах, ажиллах боломжтой, хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байсан тул бид түүний хүсэлтийн дагуу ажиллуулдаг байсан. Уг харилцаанд гүйцэтгэсэн ажилд ногдох хөлс авахаар тохиролцсон ба Хөдөлмөрийн харилцаа ст үүсгээгүй тул ээлжийн амралт, тэтгэмж олгогдохгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бол нормт хуваарийн дагуу чанд ажиллах үүрэгтэй байх байсан. Харин холбогдох хууль тогтоомжийн дагуу Хөлсөөр ажиллуулагчийн хувьд түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, хувь хүний орлогын албан Татварыг зохих хувь хэмжээгээр суутган төлж байсан болно. Нэхэмжлэгч Б.Т нь төрийн үйлчилгээг авахад манай байгууллагаас бүхий л шимтгэл төлөлтийг бүрэн хийсэн. Үүнээс гадна, О Тн уурхайн цогцолборын талбайд Тестерийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.Т нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Бичиг баримтыг тулган асуугаагүй болон нэр бүхий гурван хүний шинжилгээний сорьцыг үлдээсэн гэх алдаа гаргасан. Энэ нь шинжилгээний сорьц авч лабораторид өгөхдөө шинжилгээ өгч байгаа хүний баримт бичгийг тулгаагүйгээс үүдэн шинжилгээ өгөөгүй өөр нэг хүний утсанд шинжилгээний хариу мессежээр очсон ноцтой алдаа байсан. 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан "Нэг сорьцын шилэнд хоёр хүний шинжилгээний сорьцыг авсан гэх дахин нэг алдаа гаргасан. Эхний алдаанаас хойш долоохон хоногийн дараа дахин нэг зөрчил гаргасан.

Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн гараар бичиж өгсөн үйл баримт, тэмдэглэл, тайлбарыг үндэслэн Хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт Хөлсөөр ажиллагч тогтоосон шинжилгээ, үйлчилгээний журам, заавар, стандартын шаардлагыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг Хөлсөөр ажиллуулагч ноцтой гэж үзсэн тохиолдолд гэрээг цуцална гэж заасны дагуу түүнтэй байгуулсан Гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т заасны дагуу "Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. гэж заасны дагуу ажилласан хөлсийг бид төлсөн тул үүнд ямар нэгэн зөрүү гарсан зүйлгүй болно. Харин Б.Т 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хүний нөөцийн менежер Б.Утай биеэр хүрч ирж уулзахдаа Тушаалаа авъя" гэжээ. Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаал гардаггүй гэдгийг манай Хүний нөөцийн менежер Б.У хэлэхэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж авах хүсэлтэй байгаа тул Нийгмийн даатгалын сангаас заавал тушаал хэрэгтэй гэж хүссэн тул тус хүсэлтийн дагуу гаргаж өгсөн байна. Дахин хэлэхэд Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгоход тушаал шаардлагагүй ба тухайн Тестерийг төрийн үйлчилгээг авахад бүрдүүлэх баримтын хүрээнд л гагцхүү өгсөн болно.

2. О Т ХХК-ийн зүгээс олгосон нэмэгдэл хөлсний тухайд: Дээр дурдсанчлан, О Т ХХК нь эмнэлгийн үйлчлүүлэгч. Нэхэмжлэгч Б.Ттэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байсан болон дуусгавар болгож цуцлагдсанаас хойших нэхэмжлэлд хариу тайлбар гаргах өдрийг хүртэл Эмнэлгийн Дансанд үйлчлүүлэгчээс түүний нэр дээр ямар нэгэн нэмэгдэл хөлс орж ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү нэмэгдэл нь "О Т" ХХК-ийн зүгээс олгож байгаа нэмэгдэл тул тус компанийн шийдвэрээр олгогдох ёстой бөгөөд бид үйлчилгээний хөлс авахаас тухайн үйлчлүүлэгчээс өөр төлбөр шаардах эрхгүй юм. Гэхдээ хэрэв манайд нэхэмжлэгч Б.Тд олгохоор шийдвэрлэж, мөнгөн нэмэгдэл орж ирвэл ирсэн даруйд түүний дансанд шилжүүлэхдээ хууль тогтоомжийн дагуу албан татвар, суутгалыг зохих журмын дагуу тооцож, тайлагнах болно. 3. 2021 болон 2022 оны ээлжийн амралтын мөнгөний олговрын тухайд: Төслийн талаар нийтэд зарлахдаа түр хугацааных гэдгийг маш тодорхой хэлж тухайн үедээ зав чөлөөтэй байгаа, сул зогссон эмч, сувилагч, резидент оюутан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа эсхүл тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтан хэн ч оролцох боломжтойн дээр Иргэний хуульд заасныг удирдлага болгон Гэрээ байгуулахыг ил тод нээлттэй хэлж, зөвшөөрсөн хүмүүс дундаас нөхцөл, болзлыг бүрэн хүлээн зөвшөөрсөн иргэдтэй гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгчийн өмнө бид ээлжийн амралтын олговор олгох үүрэггүй ба зав чөлөөтэй үедээ ажил гүйцэтгэж байгаа хүнд ээлжийн амралт, олговор олгох эрх зүйн зохицуулалтгүй, эрх ч байхгүй гэдгээ ойлгож ухамсарлаж гэрээ байгуулсан. Эмнэлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, хувь хүний орлогын албан татварыг зохих хувь хэмжээгээр суутган төлсөн. Хэрэв хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан бол нормт цагийг хатуу чанд сахих байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн чөлөөт цагтаа ажиллаж байсан нь цагийн бүртгэлээс тодорхой харагдана. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь аливаа төрийн үйлчилгээг авахад бидний зүгээс бүхий л шимтгэл төлөлтийг бүрэн хийснийг цохон тэмдэглэе.

4. Цалин хөлсний зөрүүний тухайд: Гэрээтэй тестерүүдээсээ аль боломжит хүмүүсээс өөрсдийн цаг зав, бололцоонд нь тохируулан явуулдаг байсан. Нэхэмжлэгч Б.Т ч мөн яг үүний адил өөрийн явъя гэсэн хуваариар явдаг байсныг цохон тэмдэглэмээр байна. Хэрэв бид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бол нормт хуваарийн дагуу чанд ажиллах үүрэгтэй байх байсан. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т заасны дагуу Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. гэж заасны дагуу ажил үйлчилгээг үзүүлсэн хоногуудад ногдуулан хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл Гэрээгээр тохиролцсон сарын хөлсийг ажилласан хоногтоо ногдуулан авдаг байсан. Үүнд ямар нэгэн зөрүү гарсан зүйлгүй. Мөн Гэрээний 7.13 дахь хэсэгт мөн Ажилласан хугацааны хөлсийг Хөлсөөр ажиллуулагчаас Гэрээгээр тохиролцсон хугацаанд шаардах эрхтэй гэж заасны мөн хүлээн зөвшөөрсөн хирнээ огт ажиллаагүй үеийн хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сард байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 02 тоот тэмдэглэл, В М П ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/45 дугаартай тодорхойлолт,

Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сард байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ, Б.Тгийн 2022 оны 8 дугаар сарын 29, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гараар бичсэн тайлбарууд, О С эмнэлгийн шинжилгээний төвийн Коронавирусын халдварын сорьц авах, хадгалах, тээвэрлэх журам, М М ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Б.Тгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, М М ХХК-ийн  М Улаанбаатар олон улсын эмнэлэгийн захиргаа, хүний нөөцийн албанд Б.Тгийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, О Т уурхайн цогцолбор дээр Б.Тгийн ажилласан цагийн бүртгэл, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Б.Тгийн тайлбар, М М ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 22/09/2022 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл,

Шүүхийн журмаар Б.Тгийн 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг хүртэлх цалингийн цэс, О Т ХХК-ны 2020-2022 онд мөрдөгдөж байсан КАТ-1 ангиллын ажилчдад ковидын үед олгох цалин хөлс олгох түр зохицуулалтын журам, хариуцагчийн [email protected] [email protected] [email protected] и-мэйл хаягаас [email protected] и-мэйлээр ирүүлж байсан и-мэйл, М М HR фэйсбүүкт, Б.Т фэйсбүүк хаягаас хүний нөөцтэй харилцсан ээлжинд гарах, ээлж солилцох болон бусад асуудлаар харилцсан мессеж, М М HR фэйсбүүк хаягаас ажлын байрны зар байрлуулсан постонд тус тус үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчээр Э.Б-г асуусан тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч М М ХХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан тестерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 175 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл 4,646,727.81 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,394,855.34 төгрөг, цалин хөлсний зөрүү 5,889,593 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу олгосон цалин хөлс 18,881,527 төгрөгийг гаргуулах гэж өөрчилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд хөлсийг сард нэг удаа 2,500,000 төгрөгөөр тохиролцсон боловч 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд хөлсийг сар бүр дутуу олгож байсан тул дутуу олгосон хөлс гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр ээлжээр ажиллуулж байсны цалин хөлсийг тухайн сард нь бүрэн өгсөн бөгөөд 2020 онд 18 хоног, 2021 онд 250 хоног, 2022 онд 144 хоног ажилласан бөгөөд нэхэмжлэгч 2020 онд ажиллаагүй 12 өдөр, 2021 онд ажиллаагүй 115 хоног, 2022 онд ажиллаагүй 129 хоногийн ажил гүйцэтгээгүй үеийн хөлсийг нэхэмжлэх үндэслэлгүйгээс гадна хөлсөөр ажиллах гэрээнд заасан үүргээ зөрчсөн ноцтой алдаа гаргасан гэж үзэж гэрээг цуцалж, дуусгавар болгосон тул шаардах эрхгүй гэж тайлбарлаж маргасан.

Зохигч талуудын хооронд 2020 оны 12 дугаар сард Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлсөөр ажиллагч нь Эмнэлгийн ажилтнуудтай хамтран хуваарьт газарт мэдэгдсэн цагт ирж тестерийн ажил гүйцэтгэж, ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор О Тн уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцын дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан РСК. (ПСР) шинжилгээг цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын зохих журмын дагуу авч, тухайн аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах, Оюутолгойн уурхайд шинжилгээ авах дэг журмын хатуу чанд дагаж мөрдөж, өөрийгөө болон хамтран ажиллагчийн эрүүл мэндийг хамгаалах ажил (цаашид Ажил гэх)-ыг гүйцэтгэх, хөлсөөр ажиллуулагч нь төсөлт хугацаанд ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа сар бүрийн сүүлийн ажлын өдөрт багтаан гэрээгээр тохиролцсон хөлсийг хөлсөөр ажиллагчид олгох үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 11-12 дахь талд/

Тус гэрээний 2-т энэхүү гэрээ нь хөлсөөр ажиллуулагч ба хөлсөөр ажиллагч нар гарын үсгээ зурсан өдрөөс эхлэн төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үйлчилнэ гэж тохиролцсон байх ба М М ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Б.Ттэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргахгүй байна.

Талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс дүгнэвэл тус гэрээний агуулга нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулгад илүү нийцэж байхаас гадна зохигчид хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнтэй маргахгүй байх тул хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 4-т хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийн хөлс олгоно гэж тохиролцжээ.

Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг-ийн бүлэгт хамаарах бөгөөд энэ гэрээ нь бусад төрлийн ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбоотой гэрээтэй төсөөтэй боловч тохиролцсон ажил үйлчилгээ, хөлс-нд хамаарч байгаа бүрдлийн хувьд ялгаатай онцлог зохицуулалттай гэрээний төрөл юм.

Тодруулбал, хөлсөөр ажиллах гэрээтэй төсөөтэй ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн захиалсан ажлыг гэрээнд зааснаар гүйцэтгэж өгөх үүргийг гүйцэтгэгч нь хэнээр ч гүйцэтгүүлж болдог бол хөдөлмөр-ийн гэрээний хөлс гэдэгт ажилтны хийсэн ажлын хэмжээ, цаг хугацаа зэрэг хамаардаг.

Харин хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэдэгт ажиллах хүчний ур чадвар зөвхөн хамаарах бөгөөд хэн ч гүйцэтгэх боломжгүй түүний ур чадварт зориулан төлж байгаа хөлсийг хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэж үздэг.

Энэ утгаараа, талуудын хоорондын хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул талуудын хооронд тохиролцсон сард нэг удаа 2,500,000 төгрөг-ийг төлнө гэсэн тохиолцоо нь хөлсөөр ажиллуулагч нь хөлсөөр ажиллагчийн ур чадварт тохируулан олгож байгаа гэж үзэх бөгөөд уг хөлс нь түүний ажилласан цаг хугацаанаас хамаарч багасах нь энэ гэрээний агуулгад нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгчийн хийсэн ажил, ажилласан цаг хугацаанд нь тохируулж хөлс төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг хүртэлх дутуу олгосон цалин хөлсөнд нийт 18,881,527 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг цалин хөлсний зөрүүнээс ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг суутгаагүй 2,500,000 төгрөгөөр тооцон шаардсан гэж тайлбарласан.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д Хөлсөөр ажиллуулагч нь хөлсөөр ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллагчийн ажлын хөлснөөс сар бүр суутган авч нийгмийн даатгалын санд шилжүүлэн энэ тухай түүний нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу тэмдэглэгээ хийж өгнө гэж, 6.2-т Хөлсөөр ажиллуулагч нь хөлсөөр ажиллагчийн ажлын хөлснөөс Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр орлогын албан татварыг суутган авч холбогдох төсөвт шилжүүлнэ гэж заасан байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд хөлсөөр ажиллуулагч нь хөлсөөр ажиллагчид олгосон хөлснөөс зохих шимтгэлийг суутган төлж эрх бүхий байгууллагад тайлагнасан болох нь тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 18, 91 дэх талд/

Хөлсөөр ажиллуулагчийн зүгээс хөлсөөр ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутган авч холбогдох төсөвт шилжүүлж эрх бүхий байгууллагад тайлагнасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас сарын хөлсийг 2,500,000 төгрөгөөр тооцон шаардсан нь үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгчид сард олговол зохих 2,500,000 төгрөгөөc хөлсөөр ажиллуулагчийн төлбөл зохих нийгмийн болон хүн амын орлогын албан татварыг хуульд зааснаар суутган тооцож үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, 2020, 2021, 2022 онд ажил олгогчийн зүгээс төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг суутган үлдэх цэвэр орлогоос хүн амын орлогын албан татварыг суутган тооцож, гарт олгох цалин хөлс дээр Засгийн газраас үзүүлсэн хөнгөлөлтийг нэмэхэд хөлсөөр ажиллуулагч нь 2020 оны 12 дугаар сард 2,104,500 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарыг хүртэл 2,025,750 төгрөг, 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг хүртэл 1,980,750 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сард 1,500,000 төгрөг олгож 604,500 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 403,226 төгрөг олгож 1,622,474 төгрөг, 2021 оны 7 дугаар сард 1,290,323 төгрөг олгож 690,427 төгрөг, 2021 оны 8 дугаар сард 1,854,839 төгрөг олгож 125,911 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 1,532,258 төгрөг олгож 448,492 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 1,583,333 төгрөг олгож 397,417 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 1,774,194 төгрөг олгож 206,556 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 446,429 төгрөг олгож 1,534,321 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 1,854,839 төгрөг олгож 125,911 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 1,083,333 төгрөг олгож 897,417 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 1,209,677 төгрөг олгож 771,083 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 1,416,667 төгрөг олгож 564,083 төгрөг, 2022 оны 7 дугаар сард 1,532,258 төгрөг олгож 448,492 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 1,370,968 төгрөг олгож 609,782 төгрөг буюу нийт 8,920,955 төгрөгийг дутуу олгосон байна.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар М М ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Б.Ттэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд гэрээ дуусгавар болгосон үндэслэлийг Иргэний хуулийн 364, 365 дугаар зүйл, Хөлсөөр ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэсэн байна. /1 дүгээр х.х-ийн 55 дахь талд/

Хөлсөөр ажиллах гэрээний 10.1.3-т Хөлсөөр ажиллагч тогтоосон шинжилгээ, үйлчилгээний журам, заавар, стандартын шаардлагыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл эс үйлдэхүйг хөлсөөр ажиллуулагч ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд гэрээг цуцална гэж зааснаар гэрээг дуусгавар болгосон байх ба үүнтэй нэхэмжлэгч маргахгүй байна.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосонтой маргахгүй байх тул тэрээр 2022 оны 9 дүгээр сарын хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

Харин, нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг хүртэл гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан тул дурдсан хугацааны хөлсийг бүхэлд нь олгохгүй талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч М М ХХК-аас 8,920,955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,960,572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,149 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157,684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М М ХХК-аас 8,920,955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,960,572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,149 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 157,684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ