Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02266

 

 

 

 

 

2023 05 08 101/ШШ2023/02266

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн СЭ******** регистрийн дугаартай, Б дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух Ц.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЖЯ**** регистрийн дугаартай, Б дүүрэг, **  дугаар хороо, *** байрны 54 тоотод оршин суух Э.М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 35,772,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Д би Э.Мтэй 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан Э.Мгийн С ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод баригдаж буй Сэлэнгэ-42 айлын орон сууцны барилгын төсөлтэй холбоотой эрхэлж буй үйл ажиллагаа болох, түүний санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын үйл ажиллагааны өдөр тутмын анхан шатны баримтад үндэслэн санхүү, татварын тайланг гаргах, Хаан банкнаас хүсэж буй барилгын зээлийн материал бүрдүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаатайгаар тохиролцож гэрээний төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Монгол Улсад импортлогдсон улсын дугаар аваагүй Тоёота Приус-30 маркийн автомашин авахаар тохиролцсон. Дээрх барилгын төслийг 2021 оны 12 дугаар сарын 31-нд багтаан дээрх барилгын төслийг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тооцож гэрээний хугацааг анхлан тохиролцсон.

Гэрээний хугацаанд миний бие дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

- С ХХК-ийн бүх албан бичгийн төслүүд бэлтгэх

- С ХХК-ийн санхүү, татвар, Нийгмийн Даатгалын тайлантай холбоотой бүх тооцооллууд

- С ХХК-ийн Хаан банкнаас авсан 1.8 тэрбум төгрөгийн барилгын зээлтэй холбоотой бүх тооцоолол, тайлан, мэдээний төсөл бэлтгэх Өмнөговь аймгийн Хаан банкны эдийн засагчтай холбогдох бүхий л ажил

- Барилгын зээлтэй холбоотой Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын албанд барьцаа бүртгүүлэх бичиг баримт бүрдүүлэлт

- С ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд гэрээнд заасны дагуу бүхий л үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх гэх ажил үүргийг гүйцэтгэж байсан. Гэвч барилгын ажил гэрээний хугацаанд дуусаагүй тул миний бие гэрээт ажлын төлбөрийг нэхэмжлэлгүй 1 сар хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан ба 2022 оны 1 дүгээр сард анхлан гэрээний төлбөрийг авах талаар холбогдоход 2022 оны 3 дугаар сард багтаан дуусгах зорилготой байна гэж тайлбарласан. 2022 оны 2 дугаар сард холбогдоход мөн дээрх тайлбарыг хэлэхэд 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргах шаардлагатай байгаа тухай надаас хүсэхэд нь гэрээний төлбөрөө дуусгаагүй байгаа тул боломжгүй гэдгээ тайлбарласан. Э.М надад дээрх тайлбаруудыг өгч байсан тул миний бие 2022 оны 3 дугаар сарыг дуустал мөн хүлээхээр шийдсэн ба 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний хооронд утсаар нь залгахад огт авахгүй байсан тул мессеж бичиж гэрээний төлбөрийг сануулахад 7 хоногийн дараа уулзъя, Өмнөговьд барилга дээр байна гэх мэт шалтгаан тоочин зугтсаар байсан тул гэрээний үүргийг хангуулахаар холбогдох хуулийн байгууллагад хандах тухай мэдэгдсэн. Гэрээт ажлын төлбөрийн тухайд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Монгол улсад импортлогдсон Тоёота Приус-30 маркийн автомашины өнөөдрийн ханшийг unegui.mn сайтаас судлахад 23,500,000.00/Хорин гурван сая таван зуу мянган төгрөгийн ханштай байна. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр С ХХК-ийн данснаас 3,000,000 /Гурван сая/ төгрөгийг хүлээн авч үлдэгдэл 20,500,000 /Хорин сая таван зуу/ мянган төгрөгийг авч чадаагүй байна. Иймд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,500,000 /Хорин сая таван зуу/ мянган төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойших 149 хоногийн алданги 15,272,500 /Арван таван сая хоёр зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөг нийт 35,772,500 Гучин таван сая долоон зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Ц.Дтай 2018 оноос хойш хамтран ажиллаж байсан бөгөөд хийх ажлын талаар амаар тохиролцон ажлын хөлсийг цаг тухайд нь өгдөг байсан. Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотод баригдаж буй Сэлэнгэ 42 айлын орон сууцын барилгыг барьж гүйцэтгэж байгаа. Тус барилгын ажлын төсөлтэй холбоотойгоор санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор татварын тайланг гаргах зээлийн материал бүрдүүлэхээр Ц.Дтай холбогдоход хоёулаа гэрээ байгуулъя хэмээн Хамтран ажиллах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний нийт төлбөрт Монгол улсад импортлогдсон приус 30 маркийн машин өгөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Ц.Д нь Хамтран ажиллах үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.7 дугаар хэсэгт зааснаар компанийн санхүүгийн тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж танилцуулах гэсний дагуу 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2022 оны 02 дугаар сарын дотор явуулах байсан боловч энэ талаар холбогдон сануулахад ажлын хөлсөө төлөөгүй гэж шалтаглан тайланг илгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдаг. Мөн гэрээний 3.2 дахь хэсэгт Нягтлан бодогч нь энэхүү гэрээний 1.7-т заасан үйлчилгээг үзүүлнэ гэж заасан боловч 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээгүйн улмаас санхүүгийн тайлан тооцоо гаргах шаардлага тулгарч Ц.Дтай байгуулсан гэрээний зарим ажлуудыг өөр нягтлан бодогчоор хийж гүйцэтгүүлсэн тул манай байгууллагаас зардал гарсаар байсан.

Нэхэмжлэгч Ц.Д гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,500,000 төгрөгөөс 149 хоногийн алданги тооцон 15,272,500 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч гэрээний 5.4 дэх хэсэгт Үйлчлүүлэгч нь ажлын төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанаас хоцроосон хоног тутамдаа гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нягтлан бодогчид олгоно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 ... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч тал алданги тооцон нэхэмжлэх эрхгүй байна.

Тус гэрээ нь Хамтран ажиллах үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж нэрлэгдсэн байгаа ч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний шинжийг агуулж байх ба Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар ... ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө хэмээн заасан. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг, ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ,

Шүүхийн журмаар Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Г-г асуусан тэмдэглэл, С ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын болон санхүүгийн тайланг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Э.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 35,772,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2021 оны жилийн эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сарын дотор гаргаж тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүйгээс бусдаар уг ажлыг гүйцэтгүүлж зардал гаргаснаас гадна алдангийн тохиролцоо хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Зохигч талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нягтлан бодогч буюу нэхэмжлэгч Ц.Д нь Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлд бүртгэх, үйлчлүүлэгчийн цуглуулсан анхан шатны баримтуудад үндэслэн санхүү, татвар банкны тайлан, мэдээ боловсруулах, сар бүрийн нийгмийн даатгалын тайлан гаргаж дүүргийн даатгалын албанд өгөх, компанийн санхүүгийн тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж танилцуулах, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж орлого нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах талаар арга хэмжээ авч үйлчлүүлэгчид зөвлөх, санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв, стандартын дагуу бүрдүүлэхэд зөвлөгөө өгч, хамтарч ажиллах, санхүү татварын чиглэлийн хууль дүрэм, журмын талаар үйлчлүүлэгчид анхааруулж ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх талаар зөвлөгөө өгөх үүргийг, үйлчлүүлэгч буюу хариуцагч Э.М нь С ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад суманд хэрэгжүүлж буй Сэлэнгэ-42 айлын орон сууцны барилгын төсөлтэй холбоотой эрхэлж буй үйл ажиллагаа болох түүний санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын өдөр тутмын анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн тайлан гаргах зэрэгт нягтлан бодогчийн үүргийг энэхүү гэрээний хугацаанд гүйцэтгүүлэн ажиллуулж үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5-7 дахь талд/

Талууд уг гэрээг хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж нэрлэсэн байх боловч нэг талаас С ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад суманд хэрэгжүүлж буй Сэлэнгэ-42 айлын орон сууцны барилгын төсөлтэй холбоотой эрхэлж буй үйл ажиллагаа болох түүний санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын өдөр тутмын анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн тайлан гаргах нягтлан бодогчийн үүргийг хүлээсэн нөгөө талаас тус гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ-ний агуулгад нийцэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Дын хувьд гэрээнд заасан үүргийг бусдаар бус өөрөө эзэмшсэн мэргэжил, ур чадварын хүрээнд гүйцэтгэх бөгөөд хариуцагч Э.М нь уг ур чадварт нь тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон байх тул энэ хүсэл зориг, агуулга нь хөлсөөр ажиллах гэрээний шинжид нийцэх юм.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажил үүргээ гүйцэтгэсэн гэж, хариуцагч гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т энэхүү гэрээний хүчинтэй байх хугацаа нь гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байна гэж, 1.5-д энэхүү гэрээний хугацаа дууссан даруй гэрээний дагуу үйлчилгээний хөлсийг Монгол улсад гэрээний хугацаа дуусахаас өмнөх 1 сарын хугацаанд орж ирсэн, улсын дугаар аваагүй тоёота приус-30 маркийн машинаар төлөхөөр талууд тохиролцов гэснээс үзэхэд гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноор гэрээний дагуу хөлс төлөх үүрэг үйлчлүүлэгч талд үүссэн байна.

Үүнээс үзэхэд хариуцагчийн 2021 оны жилийн эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард багтаан тайлагнаж дууссанаар гэрээний үүрэг хэрэгжиж дуусна гэх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байхаас гадна ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг бусдаар гүйцэтгүүлж түүнээс гарах ёсгүй зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, гэрч Г.Галбадрахын мэдүүлгээр хариуцагчаас зардал гарсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй юм. /х.х-ийн 95-97 дахь талд/

Нэхэмжлэгч нь гэрээний 1.5-д заасан гэрээний хугацаа дуусахаас өмнөх 1 сарын хугацаанд орж ирсэн, улсын дугаар аваагүй тоёота приус-30 маркийн машиныг үйлчилгээний хөлсөнд төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй үндэслэлээр мөнгөөр шаардсаныг буруутгах үндэслэлгүй байх ба харин тэрээр машины тухайн үеийн үнэлгээг 23,500,000 төгрөгөөр тооцож шаардсан боловч уг үнэлгээг хэрхэн тооцсонтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул уг үнэлгээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр Монгол улсад 2021 онд орж ирсэн, улсын дугааргүй тоёота приус-30 маркийн машины үнэлгээг 21,920,000 төгрөг гэж тогтоосон тул уг үнэлгээгээр тооцож, үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 18,920,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. /х.х-ийн 66-77 дахь талд/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 5.4 дэх хэсэгт тохиролцсоны дагуу алданги гаргуулахаар шаардсан.

Гэрээний 5.4-т үйлчлүүлэгч нь ажлын төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанаас хоцроосон хоног тутамдаа гэрээний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги бодож нягтлан бодогчид олгоно гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Хөлсөөр ажиллах гэрээний хөлс төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд энэхүү хариуцлагын тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн байх шаардлагатай.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулахад гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн байх хариуцлагын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх учиртай.

Гэтэл талууд хөлсөөр ажиллах гэрээний хөлс төлөх хугацааг гэрээний хугацаа дууссан даруй гэж тохиролцсон нь гэрээгээр хугацааг хангалттай тодорхой тохиролцсон гэж үзэх боломжгүй талуудын тохиролцоо хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй байх тул алдангид холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Э.Мгээс 18,920,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Дт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,852,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Мгээс 18,920,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Дт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,852,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 336,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгээс 252,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ