Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01333

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 03 210/МА2023/01333

 

 

*.*ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02266 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 35,772,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.*, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* болон **.** нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр *.* нь **.**гийн С ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад хотод баригдаж буй Сэлэнгэ-42 айлын орон сууцны барилгын төсөлтэй холбоотой эрхэлж буй үйл ажиллагааны санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын өдөр тутмын анхан шатны баримтад үндэслэн санхүү, татварын тайланг гаргах, Хаан банкнаас хүсэж буй барилгын зээлийн материал бүрдүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатайгаар тохиролцож, гэрээний төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Монгол Улсад импортлогдсон, улсын дугаар аваагүй, Тоёота Приус-30 маркийн автомашиныг **.** нь ажлын хөлсөнд нэхэмжлэгчид төлөх, тухайн барилгын төслийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тооцож, гэрээний хугацааг анхлан харилцан тохиролцсон. Гэрээний хугацаанд нэхэмжлэгч тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

1.2 Гэвч барилгын ажил гэрээний хугацаанд дуусаагүй тул үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан. 2022 оны 03 дугаар сарыг дуустал мөн хүлээсэн боловч өгөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С ХХК-ийн данснаас 3,000,000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 20,500,000 мянган төгрөгийг авч чадаагүй байна.

Иймд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,500,000 төгрөг, 149 хоногийн алданги 15,272,500 төгрөг, нийт 35,772,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, уг гэрэээний төлбөрт Монгол улсад импортлогдсон, Тоёота Приус-30 маркийн автомашин өгөхөөр тохиролцсон. Гэвч *.* нь гэрээний 1.7-д зааснаар компанийн санхүүгийн тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж танилцуулах байсан боловч 2022 оны 02 дугаар сарын дотор хөлсөө төлөөгүй гэж шалтгаанаар тайланг илгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

2.2 Мөн гэрээний 3.2 дахь хэсэгт 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээгүйн улмаас санхүүгийн тайлан тооцоо гаргах шаардлага тулгарч *.*тай байгуулсан гэрээний зарим ажлуудыг өөр нягтлан бодогчоор хийж гүйцэтгүүлсэн тул манай байгууллагаас зардал гарсаар байсан.

2.3 Гэрээний 5.4-т заасан заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй байна. Иймд алданги нэхэмжлэх эрхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **.**гээс 18,920,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *.*т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,852,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 336,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **.**гээс 252,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.*т олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч тал шүүх хурал давхацсаны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгөх тухай хүсэлтийг, хавсаргах материалын хамт шүүхэд өгсөн. Гэвч 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч талын эрхийг зөрчиж хэргийг эзгүйд шийдвэрлэсэн.

4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, эвлэрэх боломжтой эсэх талаар тодруулж асууж байгаагүй.

4.3 Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудас өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

4.4 С ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн татварын болон санхүүгийн тайлан нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд татвар, санхүүгийн өр төлбөртэй байгаа нь *.*ыг гэрээгээр тохирсон ажил үүргийг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй болохыг нотлох баримт байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлалгүй, нотлох баримтад дүгнэлт өгөөгүй. Мөн хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг өгөхөөр бэлдсэн байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Тухайн хэрэг нь 1 жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь нотлох баримтаа ирүүлэх, ямар шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэтгэлцэх боломжтой байсан.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийгдсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.**д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэх төлбөр 20,500,000 төгрөг, алданги 15,272,500 төгрөг, нийт 35,772,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь уг шаардлагыг ...ажлаа гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгээгүй, ...алдангийн талаар заасан заалт нь хуульд нийцээгүй гэж маргасан.

3. Талууд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний 1.1, 1.3, 1.5 дахь хэсэгт зааснаар *.* нь С ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад хотод баригдаж буй Сэлэнгэ-42 айлын орон сууцны барилгын төсөлтэй холбоотой эрхэлж буй үйл ажиллагааны санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын өдөр тутмын анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн тайлан гаргах зэрэг нягтлан бодогчийн үүргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэх, **.** нь дээрх ажлын хөлсөнд тооцон *.*т 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Монгол Улсад орж ирсэн, улсын дугаар аваагүй, Тоёота Приус-30 маркийн автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 5-6/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажиллагчаас ажлын үр дүн бий болсон байхыг шаардахгүй, мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь үгүйсгээгүй, харин зарим төрлийн ажлыг хийж гүйцэтгээгүй, улмаар тухайн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн талаар маргасан. /хх 43-44/ Гэрээний 1.7-д ажлын хөлсөнд хамаарах ажил үйлчилгээг нэг бүрчлэн заасан боловч хариуцагч нь уг ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй байна.

4.2 Гэрээний 1.5-д гэрээний хугацаа дууссан даруйд хариуцагчийн зүгээс хөлсийг автомашинаар нэхэмжлэгчид төлөхөөр заасан байх тул гэрээний хугацаа дууссан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хөлс шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

4.3 Анхан шатны шүүх ажлын хөлсний хэмжээг шинжээч И ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт /хх 66-77/-ийг үндэслэн 21,920,000 төгрөг гэж тогтоож, уг хэмжээнээс хариуцагчаас нэхэмжлэгчид ажлын хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 18,920,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. /хх 133/ Тэрээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг ...шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх ...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

6. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар татгалзлын нотлох үүргийг хүлээхгүй бөгөөд талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Хэргийн оролцогчдод анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх 16/ байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх...эвлэрэх боломжтой эсэх талаар тодруулж асуугаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Түүнчлэн, анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид утсаар мэдэгдсэн нь /хх 133/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хуралдааны мэдэгдэх хуудас өгөөгүй, ...хэргийн материалтай танилцаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,813 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН