Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/02456

 

 

 

 

 

 

 

2023 05 17 101/ШШ2023/02456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн РЗ********* регистрийн дугаартай, Х аймаг, Р сум * дугаар багт оршин суух Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн РГ******** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, *** байрны ** тоотод оршин суух Д.Ц-д холбогдох,

3,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,161,227 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Д нь Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, *** дугаар байрны *** тоотын орон сууцыг хамаатны гурван хүний хамт түрээслэхээр Д.Цтай 2022.09.26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2022.09.26-ны өдрөөс 2023.06.26-ны өдрийг хүртэл буюу нийт 9 сарын хугацаанд сарын нэг хүний 170,000 төгрөг, 4 хүний 680,000 төгрөгөөр түрээсэлж дараах байдлаар 9 сарын түрээсийн төлбөрийг түрээслэгч Д.Цид шилжүүлсэн. Үүнд.

Б.Д нь өөрийн эзэмшдэг Хаан банкны 58********* тоот данснаас 2022.09.26-ны өдөр 57*********** тоот данс руу 4,575,300 төгрөгийг байрны түрээс Д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Б.Д нь өөрийн эзэмшдэг Хаан банкны 58*********** тоот данснаас 2022.09.27-ны өдөр 59********** тоот данс руу 1,544,700 төгрөгийг байрны төлбөр гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Нийт түрээсийн төлбөрт 6,120,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг байранд 4 сарын турш амьдарсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан буюу хөдөө орон нутагт суурьшин амьдрахаар болсон тул гэрээг цуцалж 5 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр болох 3,400,000 төгрөгийг буцаан авахаар түрээслэгч Д.Цтай утсаар ярьж, амаар тохиролцсон. Тухайн үед түрээслэгч Д.Ц нь одоо мөнгөний боломжгүй байна. Байранд орны түрээслэгч нарыг орохоор үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл түрээсийн төлбөрийг буцаан шилжүүлэхгүй байна. Иймд түрээсийн төлбөрт 3,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д.Ц өөрийн өмчлөлд байх Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** байрны ** тоотыг хөлслөх гэрээг 9 сарын хугацаанд байгуулж нэг сарын түрээс 170,000 төгрөг байхаар тохиролцож түрээсийн төлбөр болгож 1,530,000 төгрөгийг тохиролцон хийсэн гэрээнд үндэслэн авсан. Дээрх хаяг бүхий байраа 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний бие өөрийн биеэр очиж хүлээж авсан. Очиход дээрх эд хөрөнгөд маш ихээр хохирол учирсан нь тогтоогдсон. Мөн гэрээнд заасны дагуу хэрэглээний зардлаа огт төлөөгүй ханын цаас их хэмжээгээр бохирлогдсон, хөлдөөгч эвдэрсэн, ус сангийн холболт гэмтэлтэй, гудас хөнжилд цус болон хүнсний их хэмжээний бохирдолтой, хаалганы бариул болон голыг хэлж мэдэгдэлгүй солиод түлхүүр хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн солих шаардлага гарсан. Мөн түүнчлэн гэрээнд заагдсан заалтыг биелүүлээгүй, надад засварын төлбөр, ашиглалтын зардал түрээсийн төлбөрт 3,062,906 төгрөгийн бодит хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д болон Д.Ц нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.7 дахь хэсэгт Хөлслүүлэгч нь үл хөдлөх хөрөнгө хөлслүүлсний төлбөр болон байр ашиглалтын зардал болох ус, цахилгаан, дулаан, Сөх, кабель телевиз, интернэт зэргийн төлөлтийг хянаж төлөөгүй тохиолдолд хөлслөгчөөс төлөхийг шаардах эрхтэй мөн тус гэрээний 4.8 дахь хэсэгт Хөлслөгч нь байрны тавилга, эд хогшилтой өөриймсөг харьцаж ашиглах ба өөрийн буруутай үйл ажиллагаанаас эвдэж гэмтээсэн бол өөрийн хөрөнгөөр засах эсвэл уг хөрөнгийг шинээр авч өгөх, зах зээлийн үнээр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан байна. Иргэний хуулийн 288.2.3-т Хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон эсхүл хөлслөгч ... хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэж хуульчилсан. Б.Д нь гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлсний төлбөр болон байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан Сөх, кабель телевиз, интернэт зэргийг огт төлөөгүй байгаа тул төлбөр болох 1,449,527 төгрөг, мөн хөлслөгч нь тавилга, эд хогшилтой өөрийн буруутай үйл ажиллагаанаас гэмтээсний төлбөр буюу эд зүйл шинээр авч хийсэн үйлчилгээний зардал 2,711,700 төгрөг нийт 4,161,227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Б******* дүүрэг, * дугаар хороо, *** дугаар байрны *** тоотын байр нь 5 өрөө орон сууц бөгөөд тус бүрд 4 хүн байхаар зохион байгуулалт хийсэн байр юм. Нэхэмжлэгчийн гаргаж өгч буй баримт үндэслэлгүй юм. Учир нь өрөө болгоны ус, дулааны мөнгө тусдаа гаргах боломжгүй бөгөөд хариуцагчийн гаргаж өгч буй баримт нь нийт 02 тоотын 5 өрөө орон сууцны ус дулааны төлбөр юм. Нэхэмжлэгч Б.Д нь 5 өрөө байрны нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд ус дулааны мөнгө түрээсийн төлбөрт ордоггүй гэсэн учраас байрыг түрээсэлсэн. 4 сарын хугацаанд тус байранд амьдрахад ус дулааны нэхэмжлэл нэг ч удаа түрээслэгчийн зүгээс хүргүүлж байгаагүй. Нэхэмжлэгч талаас хөргөгч, обой, ус, шугам сүлжээний зардал нэхэмжилсэн байна. Б.Дгийн амьдарч байсан байранд хөргөгч байгаагүй бөгөөд паарнаас өөр шугам сүлжээ сантехникийн хэрэгсэл байгаагүй, обой авсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, амьдарч байсан хугацаанд хоол хийдэг байсан хэсгийн обой бага зэргийн харласан байсан энэ нь ердийн элэгдэл хорогдол бөгөөд обойг бүхэлд нь солих шаардлагагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Б.Дгийн Хаан банкны 58******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, Д.Цийн Хаан банкны 56******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Э-ийн Хаан банкны 51*********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд,

Шүүхийн журмаар гэрчээр Д.М-г асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.

            ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Ц-ид холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу учруулсан хохиролд 4,161,227 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотын орон сууцыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 9 сарын хугацаатай хөлслөхөөр тохиролцож түрээсийн төлбөрт нийт 6,210,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар мэдэгдэж тохиролцсон тул 5 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 3,400,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... гэрээнд заасан тухайн орон сууцны ашиглалтын зохих зардлыг 4 сарын хугацаанд төлж барагдуулаагүйгээс гадна хүлээлгэн өгсөн эд хөрөнгө, хогшилд хохирол учруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байх бөгөөд гэрээнд хөлслөх орон сууцыг тодорхой заагаагүй ч талууд Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** байрны ** тоотын орон сууц болон сарын төлбөр нь 680,000 төгрөг гэдэгтэй маргахгүй байна. /х.х-ийн 13 дахь талд/

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний агуулга зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Тус гэрээний гол шинж нь нэг талаас хөлсүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргийг нөгөө талаас хөлслөгч нь эд хөрөнгийг ашигласны хөлс төлөх үүргийг тус тус харилцан хүлээдэг.

Гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Д нь 9 сарын түрээсийн төлбөрт 6,120,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд мөн хуулийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасан.

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг цуцлах болсон талаараа хөлслүүлэгчид мэдэгдэж, 2023 оны 02 дугаар сард орон сууцны түлхүүрийг хариуцагчийн ахад хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр орон сууцаа хүлээн авсан гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хөлслүүлэгч нь тухайн орон сууцандаа засвар үйлчилгээ хийх зорилгоор барилгын материал, хэрэгсэл худалдан авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг хүлээн авсан талаарх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. /х.х-ийн 38-40 дэх талд/

Өөрөөр хэлбэл, хөлсөлсөн орон сууцыг 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хөлслөгч нь хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байх тул 2023 оны 02 дугаар сарын хөлсийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхгүй юм.

Иймд хөлслөгчийн санаачлагчаар гэрээг цуцалж орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн байх тул 2023 оны 3, 4, 5, 6 дугаар саруудын орон сууцны хөлсийг хариуцагчид үлдээх хууль зүйн үндэслэлгүй учир 2,720,000 төгрөгийг хариуцагч Д.Цаас гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууц ашиглалтын төлбөрт 1,449,527 төгрөг, тавилга, эд хогшил гэмтээсний төлбөр 2,711,700 төгрөг нийт 4,161,227 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, телевиз, интернэт зэргийг төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй ба төлөөгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж, 4.7-д Хөлслүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлсний төлбөр болон байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, телевиз, интернэт зэргийн төлөлтийг хянаж төлөөгүй тохиолдолд хөлслөгчөөс төлөхийг шаардах эрхтэй гэж тохиролцжээ.

Зохигч талууд гэрээнд хөлслөн авсан эд хөрөнгийн ашиглалтын зардлыг хөлслөгч тухай бүр нь төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн ашиглалтын зардал сар бүрийн орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд багтсан гэж тайлбарлаж байгаа тайлбар үндэслэлгүй байхаас гадна гэрчийн мэдүүлгээр ашиглалтын зардал төлөхөөр тохиролцоогүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 10, 11, 12 болон 2023 оны 01, 02 дугаар саруудад нийт 789,796 төгрөгийн ашиглалтын зардал гарсныг хариуцагч төлж барагдуулсан байх тул гэрээний 4,7-д тохиролцсоны дагуу дээрх мөнгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна. /х.х-ийн 29-37 дахь талд/

Харин нэхэмжлэгчийг орон сууц ашиглаж байх хугацаанд ашиглалтын зардалд нийт 1,449,527 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ашиглалтын зардлын үлдэх хэсгийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.8-д үл хөдлөх эд хөрөнгийг тавилга, эд хогшлын хамт хөлслүүлж байгаа нөхцөлд Хүлээлцэх акт үйлдэн талууд гарын үсэг зурж гэрээнд хавсаргана гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүлээлгэн өгсөн тавилга эд хогшлыг эвдэж гэмтээсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч ямар тавилга, эд хогшлыг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж, 298.1.4-т хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй гэж заасан.

Орон сууц хөлслөгч нь орон сууцны ханын цаас, обой, шал, сангийн холболт зэргийг ердийн элэгдлээс илүү муутгасан тохиолдолд тухайн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ийнхүү ердийн элэгдлээс илүү муутгасан гэдэг нь тогтоогдсонгүй.

Тодруулбал, хариуцагчийн гаргаж өгсөн фото зургуудаар ийнхүү нэхэмжлэгч орон сууцны ханын цаас, обой, шал, сангийн холболт зэргийг анх хүлээн авсан байдлаас илүү муутгасан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй юм. /х.х-ийн 53-64 дэх талд/

Иймд хариуцагчийн эд хөрөнгө, хогшилд учруулсан хохиролд 2,711,700 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,720,000 төгрөгийг хангаж, 680,000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 789,796 төгрөгийг хангаж, 3,371,431 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Цаас 2,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгээс 789,796 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Цид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,371,431 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 69,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 81,530 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас 58,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд, нэхэмжлэгч Б.Дгээс 23,505 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Цид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ