Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01486

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01486

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/02456 дугаар шийдвэртэй,

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

Д.Ц-д холбогдох

3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Б.Д нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоот орон сууцыг хөлслүүлэхээр Д.Ц-тай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээ байгуулсан.

Гэрээгээр 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд сарын нэг хүний 170,000 төгрөг, 4 хүний 680,000 төгрөгөөр түрээсэлж төлбөрийг Д.Ц-д шилжүүлсэн.

Б.Д-ийн Хаан банк ХХК-ийн 589812**** тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 572054**** тоот данс руу 4,575,300 төгрөгийг байрны түрээс Д гэж, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 595803**** тоот данс руу 1,544,700 төгрөгийг байрны төлбөр гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн. Нийт түрээсийн төлбөрт 6,120,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг байранд 4 сарын турш амьдарсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан буюу хөдөө орон нутагт суурьшин амьдрахаар болсон тул гэрээг цуцалж 5 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр болох 3,400,000 төгрөгийг буцаан авахаар түрээслэгч Д.Ц-тай утсаар ярьж, амаар тохиролцсон.

1.2. Тухайн үед түрээслэгч Д.Ц мөнгөний боломжгүй байна, байранд орны түрээслэгч орохоор үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэсэн боловч түрээсийн төлбөрийг буцаан шилжүүлэхгүй байна. Иймд түрээсийн төлбөрт 3,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Б.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоот орон сууц хөлслөх гэрээг 9 сарын хугацаанд байгуулж, нэг сарын түрээс 170,000 төгрөг байхаар тохиролцож, түрээсийн төлбөр болгож 1,530,000 төгрөгийг тохиролцон хийсэн гэрээнд үндэслэн авсан. Дээрх байраа 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний бие өөрийн биеэр очиж хүлээж авсан.

2.2. Очиход дээрх эд хөрөнгөд маш ихээр хохирол учирсан нь тогтоогдсон. Мөн гэрээнд заасны дагуу хэрэглээний зардлаа төлөөгүй, ханын цаас их хэмжээгээр бохирдсон, хөлдөөгч эвдэрсэн, ус сангийн холболт гэмтэлтэй, гудас хөнжилд цус болон хүнсний их хэмжээний бохирдолтой, хаалганы бариул болон голыг мэдэгдэлгүй сольж түлхүүр хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн солих шаардлага гарсан. Түүнчлэн гэрээний заалтыг биелүүлээгүй, надад засварын төлбөр, ашиглалтын зардал түрээсийн төлбөрт 3,062,906 төгрөгийн бодит хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.а. Эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 1,449,527 төгрөг,

3.б. Хөлслөгч нь тавилга, эд хогшлыг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмтээсний төлбөр буюу эд зүйл шинээр авч хийсэн үйлчилгээний зардал 2,711,700 төгрөг, нийт 4,161,227 төгрөгийг гаргуулна.

3.1. Б.Д болон Д.Ц нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний 4.7-д Хөлслүүлэгч нь үл хөдлөх хөрөнгө хөлслүүлсний төлбөр болон байр ашиглалтын зардал болох ус, цахилгаан, дулаан, Сөх, кабель телевиз, интернэт зэргийн төлөлтийг хянаж төлөөгүй тохиолдолд хөлслөгчөөс төлөхийг шаардах эрхтэй мөн гэрээний 4.8-д Хөлслөгч нь байрны тавилга, эд хогшилтой өөриймсөг харьцаж ашиглах ба өөрийн буруутай үйл ажиллагаанаас эвдэж гэмтээсэн бол өөрийн хөрөнгөөр засах эсвэл уг хөрөнгийг шинээр авч өгөх, зах зээлийн үнээр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан байна.

Б.Д нь гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлсний төлбөр болон байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан СӨХ, кабель телевиз, интернэт зэргийг төлөөгүй гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоот орон сууц нь 5 өрөө орон сууц бөгөөд тус бүрд 4 хүн байхаар зохион байгуулалт хийсэн юм. Нэхэмжлэгчийн гаргасан баримт үндэслэлгүй. Учир нь өрөө болгоны ус, дулааны мөнгийг тусдаа гаргах боломжгүй бөгөөд хариуцагчийн гаргасан баримт нь 02 тоот, 5 өрөө орон сууцны ус дулааны төлбөр юм.

Нэхэмжлэгч Б.Д нь 5 өрөө байрны нэг өрөөнд амьдардаг байсан, ус дулааны мөнгө түрээсийн төлбөрт ордоггүй гэсэн учраас байрыг түрээсэлсэн. Тус байранд 4 сарын хугацаанд амьдрахад ус дулааны нэхэмжлэл нэг ч удаа түрээслэгчээс хүргүүлээгүй.

Нэхэмжлэгч талаас хөргөгч, обой, ус, шугам сүлжээний зардал нэхэмжилсэн байна. Б.Д-ийн амьдарч байсан байранд хөргөгч байгаагүй, паарнаас өөр шугам сүлжээ сантехникийн хэрэгсэл байхгүй, обой авсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, хоол хийдэг хэсгийн обой бага зэргийн харласан нь ердийн элэгдэл хоргодол бөгөөд обойг бүхэлд нь солих шаардлагагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ц-аас 2,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гээс 789,796 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ц-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,371,431 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 69,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 81,530 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-аас 58,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д, нэхэмжлэгч Б.Д-гээс 23,505 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ц-д тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний 3.5, 4.6-д заасан зохицуулалтыг анхан шатны шүүх үнэлээгүй нь хуульд нийцээгүй. Гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн гэрээний үүргийн дагуу нэг сарын өмнө гэрээг цуцлах хүсэлтээ бичгээр мэдэгдээгүй, гэрээг цуцлахыг мэдэгдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгааг үндэслэж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч хамаагүй хүнд түлхүүр үлдээсэн, хариуцагч нэг сарын дараа өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн түлхүүрээ олж авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдсон.

6.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт орон сууц хөлслөгч нь орон сууцны ханын цаас, обой, шал, сангийн холболт зэргийг ердийн элэгдлээс илүү муутгасан тохиолдолд тухайн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ийнхүү ердийн элэгдлээс илүү муутгасан нь тогтоогдсонгүй. гэж үзсэн нь үндэслэлгүй. Уг гэрээний 5.5-т зааснаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн учруулсан хохирлыг өмнө болон дараа нь авсан зургийг баримтаар өгсөн байтал шүүх уг баримтыг үнэлээгүй нь хуульд нийцээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хаалганы цоож эвдсэн, обой бохирдуулсан зэрэг урсгал зардлын хохирлыг шаарддаг. Гэвч байрны хаалганы цоож, обой зэргийг хүлээлцсэн акт байдаггүй.

Байранд засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэдгээ баримтаар нотлоогүй. Энэ байр 5 өрөөтэй. Өрөө тус бүр 4 хүн амьдрахаар зохион байгуулалт хийсэн байдаг. Тийм учраас 1 өрөөнд 4 хүн амьдарсан гэхээр нийт 20 хүний ашиглалтын болон хэрэглээний зардлыг Б.Д гээс шаардах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байрыг өмнө нь түрээслэж байсан иргэнийг гэрчээр асуусан. Гэрч ашиглалтын зардал болон сууц өмчлөгчдийн холбоо, цахилгаан, дулаан, ус интернетийн зардал зэрэг байрны төлбөрт багтдаг байсан гэж мэдүүлдэг. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан гэрээг цуцласны үр дагавар 3,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуацгч эс зөвшөөрч маргасан.

 3. Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.а. Нэхэмжлэгч Б.Д болон хариуцагч Д.Ц нарын хооронд 9 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан.

3.б. Хөлслөгч 9 сарын төлбөрийг төлсөн, гэрээг хугацаанаас өмнө цуцалж орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

3.в. Б.Д нь төлбөрт 6,120,000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагдсан. /хх-4/

3.г. Анхан шатны шүүх 2023 оны 3-6 дугаар сарын хөлс 2,270,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна

3.д. Хариуцагч нь орон сууцны ашиглалтын зардал 1,449,527 төгрөг, засварын зардал 2,711,700 төгрөг, нийт 4,161,227 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх ашиглалтын зардалд 789,796 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

4. Нэхэмжлэгч ... сууцанд 4 сар амьдарсан тул 5 сарын түрээсийн төлбөр 3,400,000 төгрөгийг гаргуулна. гэж тодорхойлсон.

Хариуцагч Д.Ц ...Хэрэглээний зардлаа огт төлөөгүй. Ханын цаас их хэмжээгээр бохирлогдсон, хөлдөөгч эвдэрсэн, ус сангийн холболт гэмтэлтэй, гудас хөнжил бохирдолтой, хаалганы бариул болон голыг солиод түлхүүр хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр ашиглалтын зардал 1,449,527 төгрөг, засварын зардал 2,711,700 төгрөг, нийт 4,161,227 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Мөн нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцыг сулласан гэж, хариуцагч 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан гэж тус тус маргасан.

 4.а. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

Гэрээний 3.5-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж, 4.6-д хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслөгч талд бичгээр мэдэгдэж зөвшилцсөний үндсэн дээр хөлслөгчийг өөр байр олж нүүтэл уг байрандаа байлгах үүргийг хүлээнэ гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардахаар, 289 дүгээр зүйлийн 289.2.3-т хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлахаар тус тус заажээ.

Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцалсан шалтгаанаа хөдөө орон нутагт суурьшин амьдрахаар болсон гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3 дах хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.

Хариуцагч гэрээний 4.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь гэрээний дагуу нэг сарын өмнө гэрээг цуцлах хүсэлтээ албан бичгээр гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлсөн орон сууцны хөлсийг буцаан олгохоос татгалзсан хэдий ч уг заалт нь хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хамаарах ба харин хөлслөгчид үүрэг болгосон зохицуулалт биш байна. Иймд гэрээний дээрх заалтаар хөлслөгчийг гэрээ цуцлах талаар нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх дүгнэснийг буруутгахгүй.

4.б. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна, 294.4 дэх хэсэгт зааснаар хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй талаар заасан.

Маргаан бүхий орон сууц нь нийт 5 өрөө бөгөөд нэг өрөөнд 4 хүн, нийт 20 хүн амьдрахаар зохион байгуулагдсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн орон сууцыг нийтийн байрны зориулалтаар хөлслүүлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 294.4 дэх хэсэгтзаасан журам зочид буудал, нийтийн байранд хамаарахгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гурван сарын өмнө гэрээг цуцлах талаар мэдэгдэх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан гэх байдал тогтоогдоогүй тул засварын зардал 2,711,700 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/02456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.БЯМБАСҮРЭН