Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/02756

 

 

 

 

 

 

2023 05 31 101/ШШ2023/02756

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЛЮ********* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар гудамны ** тоотод оршин суух Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ХЙ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух Л.Ж-д холбогдох,

Орон сууцны м.кв-ын зөрүү 25,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Л.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б 2022 оны 12 сарын 12-ны өдөр иргэн Ж-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний зүйл нь Б дүүрэг, ** хороо, ** байр, **а тоот хаягт байрлах 75.41 м.кв орон сууц байсан. Энэ орон сууцыг 173,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 173,500,000 төгрөг бол 1 м.кв нь дунджаар 2,300,000 төгрөгөөр тооцож үнэлгээг гаргасан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б.Б нь байранд орсон, байранд засвар хийх гэж хүмүүс авчирч тавилга тавиулахад м.кв нь дутуу байна гэх асуудал яригдсан. Иймд хэмжилт хийлгэхэд хэмжилтээр 64.51 м.кв байсан тул м.кв нь дутуу байна гэх асуудлыг Жд тавьсан. Ж энэ надад хамаагүй, би танайд м.кв-аар нь бодож өгөөгүй, шууд 173,500,000 төгрөгт бодож өгсөн, м.кв-ын үнэ бодогдоогүй, иймд би зөрүү мөнгө өгөхгүй, хууль хяналтын байгууллагаар явж шийдвэрлүүл, бараг надад хамаагүй гэх зүйл хэлснээр 2023 оны 01 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 25,070,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Манайх энэ байрыг 2010 онд барилга барьж байсан А К компанитай гэрээ байгуулж, м.кв-ыг нь 1 сая төгрөгт үнэлж байрыг худалдаж авсан. Энэ байр нь тусдаа 2 өрөөг нийлүүлсэн 4 өрөө байр байсан. Энд бид амьдарч байгаад 2016 онд зураг төслийнх нь дагуу аркаар хуваагдаж байсныг нэгтгүүлж, 2 тусдаа байр болгосон. Тусдаа байранд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, батлагдсан зураг төслийн дагуу талбайн хэмжээ явсан. Бид байрыг зарах зарыг 2022 онд өгсөн. Ипотекийн зээл гарахгүй байсан тул хүмүүс үзэж байсан ч авч чадахгүй байсан. Хичээл сургууль эхэлснээр зарах бодолгүй байхад хуучин зараар Батцэцэгийнх ирж үзээд худалдаж авъя гэсэн. Энэ байр нь нэр нь миний нэр дээр байдаг боловч манай хүүгийн байр юм. Тухайн үед орж ирээд гоё энергитэй байр байна, танайхыг авъя гэсэн, тэгэхэд нь манайх зарах эсэхийг шийдээгүй байна гэхэд морь цагт ирж нөхөртэй чинь уулзаад шийдвэрээ гаргачих гэж манай хүүгийн ажлын гадаа очиж уулзаж байгаад авахаар болсон. Үнийн хувьд 175 сая төгрөг гэж зард байсан, хямдруулаач гэхэд нь хямдраад 173,500 сая төгрөгт зарахаар ярилцсан байгаа. Бид нар байраа өгөхдөө ямар нэгэн байдлаар м.кв гэх үнэ тохиролцоогүй, байрыг үзүүлж тэр байрыг маань авахаар болсон. 2-т бид өгч, авч байгаа хүмүүст өлзийтэй байг гэж бодоод гал тогооны иж бүрэн тавилгыг үлдээсэн, бид зөвхөн плитка авсан, бүх тоноглолыг үлдээсэн. Ярилцсаны дагуу мөнгөө авч, өгснөөр хөрөнгийг шилжүүлсэн гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар хороолол *** ***а тоот 74.41 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээний хуулбар, Голомт банк, Б.Б, Д.Э нарын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээ, С Л-н ХХК-ийн дүгнэлтийг,

Хариуцагчаас А К ХХК, Л.Б нарын хооронд байгуулсан 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр **а тоот 74.41 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээний хуулбарыг,

Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол *** дугаар байр **а тоот, улсын бүртгэлийн Ү-22****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, У-А ХХК-ийн дүгнэлтийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Л.Жд холбогдуулан орон сууцны м.кв-ын зөрүүд 25,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр **а тоот 74.41 м.кв талбай бүхий орон сууцны дутуу м.кв-ын зөрүүг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол *** дугаар байр **а тоот 74.41 м.кв талбайтай орон сууцыг 173,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоноос м.кв-ын үнэ ярилцаж тохиролцоогүй тул дутуу м.кв-ын зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Зохигчид хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б дүүрэг, *** дугаар хороо дугаар хороо, *** дугаар байрны **а тоот 75.41 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 173,500,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгөө хүлээж авах үүргийг харилцан хүлээнэ.

Зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн болон үнэ төлсөн үйл баримтуудтай талууд маргаагүй харин нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хэмжээнээс бага талбайтай хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж 10.9 м.кв-ын зөрүүнд 25,070,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Орон сууцны м.кв гэрээнд зааснаас зөрүүтэй байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой юм.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 2.1-т үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийн хаяг хэмжээ гэсэн хэсэгт худалдаж буй орон сууцны талбайн хэмжээг 75.41 м.кв гэсэн байх бөгөөд тус заалтыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал худалдагч нь худалдан авагчид 75.41 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Б дүүрэг, ** дугаар хороо дугаар хороо, *** дугаар байрны 20а тоот орон сууцны талбайн хэмжээнд хэмжилт хийсэн С ХХК-ийн дүгнэлтэд талбайн хэмжээг 64.54 м.кв, У-А-р ХХК-ийн дүгнэлтэд талбайн хэмжээг 64.91 м.кв гэж тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 19-21, 126-130 дахь талд/

Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 10.5 м.кв дутуу талбайтай орон сууцыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Гэвч, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээнд оролцохдоо бусдын өмнө үүрэг хүлээхээс гадна өөрийн өмнө үүрэг хүлээх бөгөөд өөрийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд бусад этгээдээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхээ алдах талаар Иргэний хуульд зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргийг худалдагчийн өмнө харин худалдан авсан хөрөнгөө шалгаж, хүлээж авах үүргийг өөрийн өмнө хүлээх юм.

Энэ талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар зохицуулж, мөн зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу худалдан авч буй орон сууцны талбайн хэмжээг худалдан авах үедээ шалгаж, хүлээн авах боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул тэрээр хуульд зааснаар хариуцагчаас талбайн зөрүүг мөнгөөр шаардах эрхээ алдсан байна.

Тодруулбал, хэдийгээр худалдагч доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй хэдий ч түүнийг шалган авах, хүлээн авах үүргийг худалдан авагч худалдагчийн бус өөрийнхөө өмнө хүлээсэн тул Иргэний хуулиар худалдагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийн хариуцлага нь худалдан авагчийн өөрийнхөө өмнө хүлээсэн үүргийн эрсдэлээс шалтгаалан үгүйсгэгдэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ж-аас 25,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 283,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ