Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  03  210/МА2023/01323

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02756 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.*******д холбогдох

Орон сууцны талбайн зөрүү 25,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь Л.*******тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 93 дугаар байр, 20а тоот хаягт байрлах, 75.41 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр, нийт 173,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

1.2. Б.******* нь байранд орсны дараа засвар хийхдээ талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн. Уг асуудлыг худалдагч Л.*******д мэдэгдэхэд энэ надад хамаагүй, би м.кв-аар бодож өгөөгүй, бүхэлд нь 173,500,000 төгрөгт бодож өгсөн, зөрүү мөнгө өгөхгүй, хууль хяналтын байгууллагаар явж шийдвэрлүүл гэж хэлсэн.

Иймд дутуу талбай болох 10.9 м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 25,070,000 төгрөгийг Л.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Л.******* нь орон сууцыг 175,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан. Зарын дагуу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.******* ирж уулзан худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнээс 1,500,000 төгрөгийг хасч 173,500,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан.

2.2. Бид уг байрны нэг м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцож худалдахаар огт тохиролцоогүй бөгөөд нийтэд нь 173,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******аас 25,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 283,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Б.******* 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.*******тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж 75.41 м.кв талбайтай орон сууцыг нийт 173,500,000 төгрөгөөр авахаар болж төлбөрийг төлсөн.

Гэтэл бодит байдал дээр орон сууц нь 64.54 м.кв байсан бөгөөд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Л.*******тай удаа дараа холбогдсон боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй тул шүүхэд хандсан. Шүүхээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсгийг үндэслэн эд хөрөнгө хүлээн авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2. Худалдан авагчийн зүгээс харилцан тохиролцсон төлбөрийг төлсөн боловч худалдан авсан орон сууцны талбай бодит байдал дээр гэрээ болон баримт бичигт заасан 74.41 м.кв хэмжээнд хүрэхгүй болох нь тогтоогдсон.

Шүүх Б.*******ийг орон сууц худалдан авах хэлцэл хийхдээ хэмжих хэрэгсэл бариад худалдагчийн нүдэн дээр орон сууцыг хэмжих ёстой байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар орон сууцны м.кв хэд байна вэ гэдгийг тодорхой стандартын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшдэг эрх бүхий этгээд гаргадаг бөгөөд Б.******* хэмжих тусгай зөвшөөрөлтэй этгээд биш, бодит байдал дээр хэд байгааг тухайн үед тогтоох боломжгүй.

4.3. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн хувьд бүрэн зөв ойлгож, бодит байдал дээр харилцан тохиролцсон м.кв бүхий орон сууцыг шилжүүлж өгөөгүй гэж зөв дүгнэлт хийсэн боловч хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс орон сууц худалдахдаа м.кв-ын үнэ тохиролцоогүй гэж маргадаг боловч энэ нь орон сууцны үнийг тогтооход нийтээр хэрэглэгддэг арга бөгөөд тооцоолол гаргахад нэхэмжлэгч, хариуцагч нар уг аргыг л хэрэглэсэн. Нөгөө талаар 74.41 м.кв орон сууцыг бүхэлд нь 173,500,000 төгрөгөөр худалдсан гэж үзвэл бодит байдал дээр 64.54 м.кв-ыг 173,500,000 төгрөгөөр худалдсан гэсэн үг. Гэтэл ингэж тохиролцоогүй тул гэрээний дагуу зөрүү төлбөр төлөх үүрэгтэй. Нөгөө талаар худалдагч зөрүү м.кв-ын дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Л.******* нь Б.*******тэй 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг 173,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь 10 м.кв талбайн зөрүү төлбөр шаардсан. Шүүх эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 25,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041699 дугаартай, ******* дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, хд 93 дугаар байр, 20а тоот хаягт байрлах, 75.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 173,500,000 төгрөг хариуцагчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэрээний талуудын хүсэл зоригийг зөв тайлбарлаж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба хэрэгт авагдсан шинжээч  ХХК-ийн дүгнэлтээр гэрээний зүйл болох орон сууцны талбай 64.91 м.кв буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан 75.41 м.кв хэмжээнээс 10.5 м.кв-аар бага болох нь тогтоогдсон байна.

3.3. Гэвч худалдан авагч эд хөрөнгөө хүлээж авах үедээ дээрх доголдлыг мэдэх боломжтой тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Тодруулбал, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авахдаа ердийн анхаарал бүхий түвшинд мэдэх боломжтой бөгөөд гэрээний зүйлийн тоо, хэмжээ, чанарыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан гэж үзнэ. Хэрэв худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол тухайн үйлдлээрээ худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан шаардах эрхүүдээсээ татгалзаж байгаа илэрхийлэл юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА