Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0243

 

 

 

2023 03 20 128/ШШ2023/0243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Ц /РД:ДЮ/

Хариуцагч: У******* газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Ц нь ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2007 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн ******* дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэл мэдээллийн албаны дотоод ажил, иргэний бичиг баримтын архивын ажилтнаар түр томилогджээ./х.х.н-63/ Улмаар У******* газрын даргын 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр тушаалаар тус албан үүрэгт ажлаас чөлөөлөгджээ./х.х.н-64/

2. Нэхэмжлэгч З.Ц нь 2008 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, У******* газрын даргын 2009 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр томилогджээ. Улмаар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тооны шинэчлэлийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас дахин чөлөөлөгджээ. /х.х.н-67/

3. Мөн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дүгээр Албан хаагчдыг ажилд томилох тухай тушаалаар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр дахин томилогджээ./х.х.н-60/

4. Нэхэмжлэгч З.Ц нь Улсын бүртгэлийн хэлтсийн ёс зүйн зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэл /х.х.н-98-100/, 2019 оны 03 дугаар сарын 01 дүгээр тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолоор сануулах сахилгын шийтгэл авч байжээ./х.х.н-97/

5. 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр иргэн Л.Б, А.М, О.Б, Д.Б нар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад/х.х.н-111/ , 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Г*******э нараас нэхэмжлэгч З.Цд холбогдуулан У******* газрын даргад тус тус гомдол гаргажээ./х.х.н-114/

6. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* аймгийн У******* газрын Хяналт шалгалтын газрын шалгалтын илтгэх хуудсанд Улсын бүртгэгч 3. Ц нь 2022 оны эхний 7 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар 297 бүртгэл хөтөлсөн нь өдөрт дунджаар 2.4 бүртгэл хийсэн байгаа ачаалал маш бага байх ба улсын бүртгэлийн нотлох баримт бичгийг хянах, шалгах хангалттай хугацаа байсан гэж дүгнэж байна. Нийт бүртгэсэн бүртгэлийн 190 буюу 63 хувийг шалгахад 31 зөрчил илэрсэн. Мөн улсын бүртгэгч 3.Ц хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний ард бичилт хийхгүй, дахин шинэ гэрчилгээ олгож байгаа нийтлэг алдаа зөрчил гаргаж, хуулийн этгээдийг чирэгдүүлж байна. Үйлчилгээний хураамж 88000 төгрөгийн хураамж авч байна гэжээ./х.х.н-206/

7. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч З.Цг оролцуулан У******* газрын Хяналт шалгалтын газраас сонсох ажиллагаа хийжээ./х.х.н-213/

8. У******* газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Угаас 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг З.Цд хүргүүлжээ. /х.х.н-215-216/

9. Нэхэмжлэгч З.Цг У******* газрын даргын 2022 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ./х.х.н-23/

10. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар тоот албан бичгээр Тус газрын ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Загдаагийн Цд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2 дахь хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана" гэж заасан тул та гомдлоо тус журамд заасан холбогдох байгууллагад гаргана уу гэжээ./х.х-108/

11. Нэхэмжлэгч З.Цгийн өмгөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: У******* газрын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №******* тоот тушаалтай 2022 оны 09 сарын 16-ны өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч нэхэмжлэл гаргах нь: 3.Ц би ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр 2009 оны 11 сарын 24-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд төрийн албанд нийт 15 жил ажилласан. Төрийн албанд ажиллах хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасан өргөсөн тангарагт үнэнч ажиллаж, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. У******* газрын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №******* тоот тушаал: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27-р зүйлийн 27.4.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.8, 37.1.13, 48-р зүйлийн 48.1.4. У******* хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам" 1.3.1, 1.5.3, 6.1 дэх хэсэг, У******* газрын даргын 2021 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.14 дэх хэсэг, 10.4, 10.6.1,10.6.2 дахь заалтыг үндэслэн "хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан" болох нь хяналт шалгалтын газрын 2022 оны 305-р тоот дүгнэлт өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон" гэж үзсэн нь дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй юм.

3.Ц би эрхэлсэн ажилдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй. 1.1. Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.8. өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх" 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэж заасныг тус тус зөрчөөгүй. Учир нь улсын бүртгэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг ажил олгогчоос шалгаж үнэлэх журмыг У******* газрын Хөдөлмөрийн дотоод жр нарийвчлан, тодорхой зохицуулсан. У******* газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4-р зүйлийн 4.10. Албан хаагч гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, өөрийн гарын үсгээр баталгаажуулан 06 сарын 15- ны дотор, 12-р сарын 15-ны өдрийн дотор нэгжийн даргад тайлагнана, 4.11. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1,3 дугаар улирлын явцын ярилцлагыг 04, 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор хийнэ. 4.14-р Нэгжийн дарга харьяа нэгжийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшний хагас жилийн үнэлгээг 6 дугаар сарын 17-ны дотор жилийн эцсийн үнэлгээг 12 дугаар сарын 17-ны дотор тус тус хийж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний багт хүргүүлнэ. Үнэлгээний баг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг байгууллагын даргад гаргана" гэж заасан.

Миний ажлын тайлан гүйцэтгэлийг нэгжийн удирдлагад тайлагнах хугацаа болоогүй, мэргэшлийн түвшний үнэлгээг хийгээгүй, үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний багт хүргүүлээгүй, үнэлгээний багаас холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг байгууллагын дарга хүлээн аваагүйгээр "ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

У******* газрын даргын 2021 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 10-р зүйлийн 10.6.2 Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн" гэжээ. 2022 оны 08 сарын 24-ны өдрийн №19 тоот "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагад дурдсан зөрчлүүд нь улсын бүртгэл хийлгэх хүсэлтийг бичгээр гаргахаас гадна цахимаар www.E-mongolia.mn системээр цахимаар гаргадаг болсноор иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд хавсаргасан мэдээлэл зөрөх дутуу байх тохиолдол гарсан.

Харин миний бие өөрөө дур мэдэн улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн тохиолдол байхгүй болно. 2. 2022 оны 08 сарын 24-ны өдрийн №19 тоот "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагын хугацаа дуусаагүй, тухайн албан шаардлагад дурдсан зөрчлийг дангаар арилгах боломжгүй, зөрчлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №******* тоот тушаалын үндэслэлд У******* хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд.... шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж зааснаар зөрчилд хамаарах иргэн, хуулийн этгээдэд албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй.

У******* хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан зөрчлийг арилгахад улсын бүртгэгч дангаар өөрчлөлт оруулах бололцоогүй бөгөөд зөрчлийг арилгахад шаардлагатай мэдээлэл, баримтыг үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл, гаргаж өгсөн баримтын үндсэн дээр зөрчлийг арилгах хууль зүйн үндэслэлтэй юм. Нөгөө талаас У******* хуулийн 14-р зүйлийн 14.3.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. 14 улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж тус тус зохицуулсан. У******* хуулийн 14-р зүйлийн 14.3, 14.4-дэх заалтуудаас үзвэл улсын бүртгэлд хүсэлт гаргагч нь этгээд нь нотлох баримт мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх нь иргэн хуулийн этгээдийн үүрэг байна. Гэтэл улсын бүртгэгч иргэн, хуулийн этгээдээс тухайн зөрчилд хамаарах мэдээлэл, баримтыг үнэн зөвөөр өгөөгүй тохиолдолд улсын бүртгэгч дангаар дур мэдэн мэдээллийг ѳѳрчлѳх боломжгүй юм. У******* газрын улсын байцаагчийн 2022 оны 08 сарын 24-ны өдрийн №19 тоот "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагын 3-р зүйлд заасан "Зөрчлийг арилгах талаар авсан арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг нотлох баримтын хамт 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх" гэж зааснаар зөрчилд хамаарах иргэн хуулийн этгээдтэй утсаар холбогдож мэдээлэл, баримт өгөхийг шаардсан боловч мэдээлэл, баримт өгөхөөс татгалзсан.

Миний бие иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримт гаргаж өгөхөөс татгалзсан талаарх илтгэх хуудас нотлох баримтыг гаргаж өгөх 2022 оны 09 сарын 15-ны өдрийн хугацаа дуусаагүй байхад У******* газрын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №******* тоот тушаалыг гаргаж "ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан гомдолтой байна. Албан шаардлагын дагуу авсан арга хэмжээний талаар тайлагнах боломжийг олголгүй ажил олгогчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэснийг зөрчсөн. Нэгжийн удирдлага Г.Ч нь У******* газрын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн ******* тоот тушаал гарахаас өмнө удаа дараа "өөрийн хүсэлтээр ажлаа өг, эсхүл өөр газар руу шилжчих" зэргээр намайг ятгаж байсан нь хууль бус шинжтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид... сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна", гэснийг зөрчсөн.

Учир нь 3.Ц миний бие нь 2022 оны 09 сарын 13-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Төрийн албаны тухай хуульд заасан тухайлан заасан сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2022 оны 08 сарын 24-ны өдрийн №19 тоот "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагад дурдсан бүртгэлийн үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийн эрх ноцтойгоор зөрчигдөөгүй.

Ажил олгогч нэгжийн удирдлагаас хөдөлмөрлөх нөхцөл, боломжийг бүрдүүлээгүй. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1. албан тушаалд.... ажиллах нөхцөл...түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах эрхтэй". 61-р зүйлийн 61.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах" гэж зохицуулсан. Байгууллагын удирдлага У******* газрын даргын 2021 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 6-р зүйлийн 6.2.3 албан хаагчийн ажиллах нөхцөл хангах, 6.2.4 албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах бичгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, бүрдүүлэх" гэж заасан. Улсын бүртгэлийн үйлчилгээ авах хүсэлтийг иргэн хуулийн этгээдээс www.E-mongolia.mn системээр хандан гаргах журам хэрэгжиж эхэлснээс хойш ажлын хэрэгцээнд компьютер хэрэглэх зайлшгүй шаардлага бий болсон.

Ажил олгогч дээд шатны удирдлагаас ажлын хэрэгцээнд интернэт цахим орчинд ажиллах боломжтой компьютер ажлын хэрэгцээнд хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлээгүй. Үүний улмаас иргэн хуулийн этгээдээс гаргасан цахим хүсэлтэд дурдсан мэдээллийг шалгах, зөрчлийг тухай бүрд арилгуулахад бэрхшээл учирсан.

Миний бие хувийн хэрэгцээний компьютерыг ажлын хэрэгцээнд ашигладаг байсан. Хувийн хэрэгцээний компьютер маань зарим тохиолдолд гацах www.E-mongolia.mn систем руу нэвтрэхэд хүндрэл учирдаг байсан. Мөн миний бие У******* газрын даргын 2021 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 8-р зүйлийн 8.3- д зааснаар 2022 оны ээлжийн амралтыг 06 дугаар сард авах хуваарьтай. Гэтэл нэгжийн дарга Г.Ч нь ээлжийн амралтыг олгохоос татгалзаж үргэлжлүүлэн ажиллаж байх явцад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хувьд Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8-р зүйлийн 8.2 Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана" гэж заасан тул шүүхэд шууд хандсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэн У******* газрын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан, албан тушаалд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилуулах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбараас төрийн албаны холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа улсын байцаагчийн акт гаргасан гэсэн ийм үндэслэлийг дурдсан. Энэ акт гэж дотоод албан бичиг гэж яриад байгаа тэр албан бичиг бол Цд тодорхой танилцуулж байгаагүй. Дараагийнх нь улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудлаар албан шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ албан шаардлагатай холбоотой асуудлаар ямар асуудал гарсан бэ гэхээр тухайн албан шаардлагад нь хариу өгөх хугацаа дуусаагүй байсан. Өнөөдөр хэн нэгний ашиг сонирхлыг хөндөх гэж байгаа бол цаг минутыг баримтлах тэгж байж төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн байж гардаг. Албан бичигт гарч байгаа арга хэмжээ авч байгаа нь бол тухайн эрхээ хөндүүлэх гэж байгаа иргэн өөрийнхөө бүх боломжоор хугацааг бүрэн дүүрэн ашиглаж нотлох баримтаа гаргаж өгөх ёстой.

Өөрөөр хэлбэл энэ ажилтан өөрийнхөө ажлыг хийх явцад нь бол итгэлийг нь урвуулан ашиглачхаж байгаа юм. Яагаад гэхээр энэ хүн зөрчлөө арилгахаар тодорхой арга хэмжээг аваад явсан байна. Тэр зөрчилтэй холбоотой асуудлаар бол хариу тайлбар өгөх тэр хугацааг нь өгөөгүй энэ нь тухайн иргэний итгэлийг нь хамгаалах зарчмыг захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэж байна.

Хэн нэгний хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөх гэж байгаа бол сонсох ажиллагаа хийх ёстой. Тэр сонсох ажиллагаа 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр акт дээр яг ямар үндэслэлээр ямар арга хэмжээ авах гэж байгаа нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдохгүй байна. Сая У төлөөлөгчийн тайлбар юу гэж хэлж байна гэхээр 3 шалгалтын ажиллагаа явуулсан тэр болгондоо сонсох ажиллагаа явуулсан гээд байгаа. Жишээ нь 2022 оны 8 дугаар сарын 24-ны сонсох ажиллагааны тэмдэглэл нь 2022 оны 8 дугаар сарын 24-ны албан шаардлагын сонсох ажиллагааны тэмдэглэл юм уу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны маргааны захиргааны акттай холбоотой юм уу гэдэг нь тодорхойгүй. 2022 оны 8 дугаар сарын 30-нд сонсох ажиллагаа явуулсан гэчхээд тухайн тэмдэглэл дээрээ 2022 оны 9 дүгээр сарын 13-ны сонсох ажиллагаа явуулсан гэсэн тайлбар хэлж байна. Тэрэнтэй холбоотой тэмдэглэл дээр балаар засчихсан байгаа. Нотлох баримтын хувьд үндэслэл алга гэж үзэж байна. Яагаад гэхээр 2022 оны 8 дугаар сарын 30-аас 9 дүгээр сарын 1-ний хооронд З.Ц у******* газарт ирсэн яг аль зөрчилд арга хэмжээ авах гээд байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр энэ сонсох ажиллагаа дүрэм журмын дагуу яваагүй гэж үзэж байна.

Мөн хөдөлмөрийн дотоод журамд дурдсан үндэслэл нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийнх нь арга хэмжээнд сахилгын шийтгэл ноогдуулсан гэж байгаа юм. Хөдөлмөрийн дотоод журмынх нь 9-р зүйлийн 9.6.1, 9.6.2 нь төрийн албаны тухай хуулийн үндэслэлд дурдсан үндэслэлтэй нь төстэй зүйл байгаа нь нэг нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нөгөөх нь улсын бүртгэлийн хууль зөрчсөн гээд байдаг. Улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэдэг асуудал дээр 2022 оны 8 дугаар сарын 24-ны албан шаардлагад бол иргэн хуулийн этгээдэд албан шаардлага хүргүүлэхээр заасан байгаа. Зөвхөн улсын бүртгэгч рүү энэ албан шаардлагыг өгөөд иргэн хуулийн этгээдээр бол тэрийг арилгуулах хуулийн заалт байна. Гэтэл яг тэр нэр бүхий 36 зөрчилтэй холбоотой иргэд рүү энэ мэдэгдлийг хүргэсэн үү гэвэл тийм зүйл байхгүй. Зөвхөн улсын бүртгэгч өөрийнхөө хэмжээнд энэ асуудлаа засах гэж хичээсэн.

Улсын бүртгэлээс үйлчилгээ авч байгаа иргэн хуулийн этгээд ямар нэг байдлаар энэ улсын бүртгэгчийн гаргасан шийдвэр дээр тулгуурлаж маргаан үүсгээгүй. Тухайн нотлох баримтыг өөрчлөхтэй холбоотой баримтуудыг хангалттай ирүүлээгүй гэдгийг энэ нөхцөл байдлаас харахын бол албан шаардлагад дурдсан үндэслэлийг хариуцагч байгууллага үндэслэж арга хэмжээ аваад байгаа юм уу үгүй юм уу гэдгийн ялгаа зааг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна. гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Б.Б нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 3.Цгийн нэхэмжлэлтэй У******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч 3.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус газрын Хяналт шалгалтын газраас холбогдох хяналтын улсын байцаагч нар 2022 оны 07 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрүүдэд цахимаар шалгалт хийсэн. Шалгалтаар улсын бүртгэгч 3.Ц нь 190 бүртгэлийг шалгахад 31 зөрчил илэрсэн. 3.Ц нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхдөө У******* хуулийн 4.1.5, 11.2, 19.4.1, 19.4.4, 19.4.5, 19.4.6, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.16.1.2, 16.1.5, 16.1.7. Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 10.2.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж бүртгэл хийсэн.

Түүнчлэн 3. Ц нь 2022 оны эхний 7 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар 297 бүртгэл хөтөлсөн нь өдөрт дунджаар 2.4 бүртгэл хийсэн байгаа ачаалал маш бага байх ба улсын бүртгэлийн нотлох баримт бичгийг хянах, шалгах хангалттай хугацаа байсан гэж дүгнэсэн. Нийт бүртгэсэн бүртгэлийн 190 буюу 63 хувийг шалгахад 31 зөрчил илэрсэн.

Мөн 3.Ц хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний ард бичилт хийхгүй, дахин шинэ гэрчилгээ олгож байгаа нийтлэг алдаа зөрчил гаргаж, хуулийн этгээдийг 88 000 төгрөг тушаалгаж, чирэгдүүлж байсан. Уг нэхэмжлэлийн 1.2-д дурдагдсан У******* газрын улсын байцаагчийн 2022.08.24-ны өдрийн 19 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 3-р зүйлд заасан "Зөрчил арилгах талаар авсан арга хэмжээний талаараа илтгэх хуудсыг нотлох баримтын хамт 2022.09.15-ны өдрийн дотор хүргүүлэх" гэж зааснаар зөрчил арилгах талаар ямарч үйл ажиллагаа явуулаагүй. Илтгэх хуудсыг ирүүлэх хугацаа нь болсон байна гэж 2022.09.09-ны өдрөөс удаа дараа шаардсан боловч зөрчил арилгаагүй. 3.Ц нь У******* хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэж мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгчийн эрх үүргийг хангалтгүй биелүүлсэн. Нэхэмжлэлд дурдсанаар иргэн, хуулийн этгээд У******* хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэг зааснаар нотлох баримтуудыг үнэн зөв мэдүүлээгүй гэж үзвэл улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэлээ бичээд хүлээн авсан материалаа буцаах бүрэн боломжтой. 3.Ц нь улсын бүртгэлийн зөрчлийг арилгах боломжтой байсан бөгөөд У******* хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтуудыг авч, хувийн хэрэгт баяжилт хийх хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлээгүй, зөрчлөө арилгах талаар санаачилга гаргаагүй байна.

Мөн шаардлагатай тохиолдолд ******* аймгийн УБХ-ын хяналтын улсын байцаагчаар У******* хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар нөхцөл байдлыг тогтоож, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах замаар зөрчлийг арилгах боломжтой байсан. 3. Ц нь албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь ******* аймгийн УБХ-т хийсэн 2021 оны шалгалтаар 21 зөрчил, 2022 оны шалгалтаар 31 зөрчил гаргасан нь тодорхой харуулж байна. 3.Ц нь ёс зүйн хувьд дараах зөрчлүүдийг гаргаж байсан байна. ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 16- ны өдрийн 576 дугаар албан бичгээр хуулийн этгээдийн улсын бүртгэгч 3.Цгийн үйл ажиллагаанд ирүүлсэн гомдлын дагуу асуудлыг судлан ёс зүйн зөвлөлөөс танилцуулсан. Тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч 3.Цгийн үйл ажиллагаанд 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн иргэн Н.Б, Ш.Г*******э нараас ирүүлсэн гомдол, хэлтсийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн иргэн Ариунжаргалын гомдол болон 2021 оны 2 удаагийн гомдол, хэлтсийн 2019 оны Ёс зүйн зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг баримтаар ирүүлсэн. Дээрх баримтаар иргэд үйлчлүүлэгчдийн гомдол мэдээлэлд "улсын бүртгэгч харилцаа, хандлага, ур чадвар муу, иргэдийг олон дахин явуулдаг, хүнд суртал гаргадаг, иргэд үйлчлүүлэгчидтэй ёс зүйгүй харьцдаг, хамт олны хурлын тэмдэглэлд "үйлчилгээний стандартаа дагаж мөрддөггүй, бүртгэл болгон дээрээ алдаа гаргадаг, хуулийн хугацаанд нь бүртгэлийг хийдэггүй, мэдлэг ур чадвараа сайжруулах шаардлагатай, иргэдийг олон удаа буцаах асуудал, гомдол их ирдэг, өөртөө дүгнэлт хийж ажлаа сайжруулах шаардлагатай, тайлан мэдээгээ хангалтгүй өгдөг" зэрэг асуудал дурдсан байна.

Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар тус асуудлыг судлан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ёс зүйн зөвлөлд ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шилжүүлсэн. Гомдлыг байгууллагын Ёс зүйн зөвлөл хүлээн авч судлан зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцээд улсын бүртгэгч 3.Цгийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн. Дээрх нөхцөл байдлаас 3.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 37 1.8- д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дунгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, гэж, мөн хуулийн 37.1.13-д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;" гэж заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. 1.4-д Ажил олгогч нэгжийн удирдлагаас хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй гэдэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хуулийн этгээдийн бүртгэлийг E-Mongolia цахим системээр бүртгэх, болсонтой холбоотойгоор 3.Цд Есөнбулаг сумын улсын бүртгэгч. Д.Ггийн албан хэрэгцээнд ашиглаж байсан зөөврийн компьютерийг 2022 оны 4 сард шилжүүлж өгсөн боловч өөрийнхөө хувийн зөөврийн компьютерийг ашиглана" гээд аваагүй.

Нэгжийн удирдлага Г.Ч нь У******* газрын даргын 2022.09.13-ны өдрийн ******* тоот тушаал гарахаас өмнө удаа дараа ѳѳрийн хүсэлтээр ажлаа өг, эсвэл өөр газар луу шилжчих" зэргээр намайг ятгаж байсан нь хууль бус шинжтэй юм гэжээ. Энэ нь үндэслэлгүй талаар ******* аймгийн УБХ-ийн дарга Г.Ч 2016 оны 09 дүгээр сараас тус хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Ажлаа хүлээж авангуут хэлтсийн доголдож буй үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр анхааран ажилласан. Хамгийн их хэл ам дагуулсан Хуулийн этгээдийн бүртгэлийн ажлыг сайжруулахын тулд Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр ажиллаж 3.Цд зарчмын шаардлага, үүрэг чиглэлийг өгдөг байсан боловч биелэлт хангалтгүй байсаар өдий хүрсэн. 2016 оноос уг хүнийг ажилдаа тэнцэхгүй иргэдийг их чирэгдүүлж байгаа талаар хэлж сануулж байсан. "Сэлгэн ажиллуулна эсвэл чаддаг хүнд нь ажлаа өг" гэх мэтээр хэлж байсан нь үнэн." гэжээ. У******* газрын даргын 2022.09.13-ны ******* тоот тушаал гарахыг миний бие мэдээгүй. Уг тушаалын дагуу ажил хүлээлцэх комисс хуралдаж байхад "Би ажлаасаа гарах гэж байсан юмаа" гэдэг тайлбарыг 3. Ц өөрөө хэлсэн. Мөн 3.Ц нь ээлжийн амралт олгохоос татгалзаж, үргэлжлүүлэн ажиллаж байх явцад ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан гэжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан 3.Ц нь 2022 оны ээлжийн амралтаа 2022.06.20-ны өдрөөс амрах хуваарьтай байсан боловч У******* газрын хяналт шалгалтын газраас 2022.07.07-ны өдрөөс 07.21-ны өдрийн хооронд тус хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн тул заасан хугацаанд амраагүй. "Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаад амарна гэдэг саналыг 3.Ц гаргасан тул ээлжийн амралтаа хойшлуулсан.

Ц нь удирдлага болон хамт олны хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж иргэдийг байнга чирэгдүүлж байсан. Уг ажилтны хүнд суртал, зан харилцаа, мэдлэг чадвар муу байгаа талаар Аймгийн ЗДТГ-ын 11-11 тусгай дугаарт удаа дараа, мөн иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шийдвэрлэсэн 2022 10 28- ны өдөр энэ хүнийг ажиллаж байх хугацаанд гаргасан харьцаа хандлагын талаар Засгийн газрын 11-11 дугаарт иргэнээс гомдол ирүүлснийг мөн шийдвэрлэж холбогдох газарт хариуг хүргүүлсэн.

У******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр "3. Цд сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дүгээр тушаалаар 3.Цг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т "Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 8.3.5-д "хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах" гэж, мөн хуулийн 8.4- т "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана." гэж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 4 дэх заалт. Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д "өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; гэж, мөн хуулийн 37.1.13-д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;" гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д "төрийн албанаас халах" гэж, У******* хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д "улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах" гэж, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.3.1, 1.5.3, 6.1 дэх хэсэг, У******* газрын даргын 2021 оны A/705 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.14 дэх хэсэг, 104, 10.6.1. 10.6.2 заасан эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангасан.

Иймд 3.Цгийн У******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. З.Цгийн нэхэмжлэлтэй У******* газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч З.Цгээс У******* газрын даргад холбогдуулан У******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилуулах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий захиргааны акт болох У******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар[1] ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч З.Ц нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан болох нь хяналт шалгалтын газрын 2022 оны 305 тоот дүгнэлт, өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна.

4. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр У******* газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У, хяналтын улсын байцаагч Г.Э, А.М, Ц.О нар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч З.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд бүртгэсэн хуулийн этгээдийн бүртгэлийн 297 бүртгэлээс 190 бүртгэлийг шалган 31 зөрчил илрүүлж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагаар[2] дээрх 31 зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон, мөн өдрийн сонсох ажиллагаанд З.Ц оролцож, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн[3] үйл баримтууд хэрэгт авагджээ.

5. У******* хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.1 дэх зүйлд Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.4 дэх зүйлд Тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх, 19.4.5 дахь зүйлд Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх, 19.4.6 дахь зүйлд Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, Хуулийн этгээдийн у******* хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө гэж тус тус заасан.

6. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн илтгэх хуудсаас үзвэл нэхэмжлэгч З.Ц нь ... Цахим санд нотлох баримт цахимжуулаагүй, хаягийн нотлох баримт байхгүй, тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хөрөнгийн нотлох баримт гэсэн нэршлээр цахимжуулсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл байхгүй, тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт байхгүй, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан тухай тогтоол байхгүй, хуулийн этгээдийн хэлбэр, гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн байхад гэрчилгээнд тусгаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн боловч сонингийн зар, холбогдох нотлох баримтыг аваагүй, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийг мэдээллийн санд оруулаагүй, анхны үүсгэн байгуулагчийн мэдээллийг өөрчилсөн, үйл ажиллагааны чиглэл өөрчлөх хүсэлтгүй өөрчилсөн, шинэчилсэн дүрэм байхгүй, гэрчилгээний хуулбар байхгүй, хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолд хасагдсан гишүүдийн тоо хэд хасагдаж, хэд болж байгаа нь тодорхойгүй, жагсаалтад буй гишүүний нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон буцаан авсан мөнгөн дүн засвартай, архивт нотлох баримтыг хүлээлгэн өгөөгүй, хувьцаа эзэмшигчдийн тоо өөрчлөх шийдвэр болон хүсэлт ирүүлээгүй байхад бүртгэсэн, гэрчилгээний хуулбар цахимжуулаагүй, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийг хөтлөхдөө үүсгэн байгуулагчийн мэдээлэл гэсэн талбарын мэдээллийг өөрчилсөн зэрэг зөрчлүүдийг гаргажээ.

7. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон улсын байцаагчийн эрх, үүрэг, өдөр тутамдаа хийх ёстой ажлын байрны тодорхойлолтод[4] заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан нь баримтаар бүрэн тогтоогдож байхын зэрэгцээ үүнээс өмнө 2021 оны хяналт шалгалтаар[5] мөн 22 зөрчил гаргасан баримт хэрэгт авагдсан, хяналт шалгалтын улсын байцаагч зөрчлийг арилгах талаар хугацаа тогтоож өгсөн боловч зөрчлийг арилгаагүй байна.

8. Тодруулбал, нэхэмжлэгч Зөрчилд хамаарах иргэн, хуулийн этгээдтэй утсаар холбогдож мэдээлэл, баримт өгөхийг шаардсан боловч татгалзсан талаарх илтгэх хуудас, нотлох баримтыг гаргаж өгөх хугацаанаас өмнө сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд зөрчлөө арилгасан талаарх баримтыг гаргаж өгөөгүй, холбогдох зөрчил арилаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

9. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дэх заалт Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.8 дахь зүйлд Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13 дахь зүйлд Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4 дэх заалтад Төрийн албанаас халах, У******* газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт Албан хаагчийг энэхүү журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна, 10 дугаар зүйлийн 10.6.1 дэх заалтад Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, өргөсөн тангаргаасаа няцсан, 10.6.2 дахь хэсэгт Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн гэж тус тус заасан.

10. Хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Улсын бүртгэлийн хэлтсийн ёс зүйн зөвлөлийн тогтоолоор[6] З.Цг ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзээд сануулах арга хэмжээ авсан, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 11-11 дугаарт гаргасан гомдол[7], 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан гомдол[8], 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картад авагдсан гомдол, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Г*******ийн гомдол[9], Төрийн албаны зөвлөлийн У******* газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[10] зэргээс үзвэл З.Цд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З.Ц нь төрийн албаны ёс зүйг удаа дараа зөрчсөн, гүйцэтгэж буй ажлын чиг үүргийг хангалтгүй биелүүлж байсан боловч мэдлэг чадвар, харилцаа хандлагаа засаагүй нь цаашид төрийн албанд ажиллах боломжгүйг харуулж байх тул маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... миний ажлын тайлан гүйцэтгэлийг нэгжийн удирдлагад тайлагнах хугацаа болоогүй, мэргэшлийн түвшний үнэлгээг хийгээгүй, үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний багт хүргүүлээгүй ... гэж тайлбарлажээ.

Хэрэгт З.Цгийн 2021 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудаст[11] нийт үнэлгээ 75.2, Төрийн албаны ёс зүйн чанд мөрдөн ажиллах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудаст[12] нийт үнэлгээ 58.9, Төрийн албаны ёс зүйн, үйлчилгээний стандартыг чанд мөрдөн ажиллах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гэж үнэлгээний багаар баталгаажуулсан байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

13. Түүнчлэн нэхэмжлэлд ... E-mongolia.mn системээр улсын бүртгэл хийлгэх хүсэлт гаргадаг болсноор иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд хавсаргасан мэдээлэл зөрөх, дутуу байх тохиолдол гаргасан гэх боловч дээрх зөрчлүүдийн ихэнх нь E-mongolia.mn системтэй холбоогүй, улсын байцаагч нь улсын бүртгэлд үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл биш юм.

14. Нэхэмжлэгч ... У******* газрын дарга маргаан бүхий тушаалыг гаргахаасаа өмнө удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаа өг, эсхүл өөр газар руу шилжчих гэж ятгасан, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтад заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж тайлбарлаж байх боловч эдгээр нь баримтаар тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

15. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. У******* хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.4, 19.4.5, 19.4.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан З.Цгээс У******* газрын даргад холбогдуулан У******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилуулах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 23 хуудас

[2] Хавтаст хэргийн 215-216 хуудас

[3] Хавтаст хэргийн 214 хуудас