Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0358

 

З.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч З.Ц

Нэхэмжлэгч: З.Ц

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/554 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилуулах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч З.Ц, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0919/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.4, 19.4.5, 19.4.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан З.Цгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/554 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилуулах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...1.УБЕГ-ын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №Б/554 тоот тушаал нь төрийн албаны тухай хууль, УБЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй, ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. 3.Цэндсүрэн Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр 2009 оны 11 сарын 24-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд төрийн албанд нийт 15 жил ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх" 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэж заасныг тус тус зөрчөөгүй.

2.2.Миний ажлыг тайлан гүйцэтгэлийг нэгжийн удирдлагад тайлагнах хугацаа болоогүй, мэргэшлийн түвшний үнэлгээг хийгээгүй, үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний багт хүргүүлээгүй, үнэлгээний багаас холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг байгууллагын дарга хүлээн аваагүйгээр "ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь улсын бүртгэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг ажил олгогчоос шалгаж үнэлэх журмыг УБЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмаар нарийвчлан, тодорхой зохицуулсан...

2.3. ...Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж заасан. УБЕГ-ын даргын 2021 оны А/705 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 10-р зүйлийн 10.6.1 албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, өргөсөн тангаргаасаа няцсан" гэжээ. 3.Цэндсүрэн би ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргээ хангалттай биелүүлсэн. Нэгжийн удирдлагаас батлагдсан багаас ажлын үнэлгээ, гүйцэтгэлийг үнэлгээ гаргаж дүгнээгүй атал ажлаа хангалттай биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх журмын 10-р зүйлийн 10.6.2 “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн" гэжээ.

2.4.2022 оны 08 сарын 24-ны өдрийн №19 тоот "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагад дурдсан зөрчлүүд нь улсын бүртгэл хийлгэх хүсэлтийг бичгээр гаргахаас гадна цахимаар www.E-mongolia.mn системээр цахимаар гаргадаг болсноор иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд хавсаргасан мэдээлэл зөрөх дутуу байх тохиолдол гарсан. Харин миний бие өөрөө дур мэдэн улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн тохиолдол байхгүй болно. ... "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагын хугацаа дуусаагүй, тухайн албан шаардлагад дурдсан зөрчлийг дангаар арилгах боломжгүй, зөрчлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.

2022 оны 09 сарын 13-ны өдрийн №Б/554 тоот тушаалын үндэслэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д ...зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд....шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж зааснаар зөрчилд хамаарах иргэн, хуулийн этгээдэд албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй.

2.5.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан зөрчлийг арилгахад улсын бүртгэгч дангаар өөрчлөлт оруулах бололцоогүй бөгөөд зөрчлийг арилгахад шаардлагатай мэдээлэл, баримтыг үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл, гаргаж өгсөн баримтын үндсэн дээр зөрчлийг арилгах хууль зүйн үндэслэлтэй юм. ...Улсын бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3, 14.4-дэх заалтуудаас үзвэл улсын бүртгэлд хүсэлт гаргагч нь этгээд нь нотлох баримт мэдээллийг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх нь иргэн хуулийн этгээдийн үүрэг байхаар заажээ.

Гэтэл улсын бүртгэгч иргэн, хуулийн этгээдээс тухайн зөрчилд хамаарах мэдээл баримтыг үнэн зөвөөр өгөөгүй тохиолдолд улсын бүртгэгч дангаар дур мэдэн мэдээллийг өөрчлөх боломжгүй юм.

2.6. ..."Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагын 3-р зүйлд заасан "Зөрчлийг арилгах талаар авсан арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг нотлох баримтын хамт 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх" гэж зааснаар зөрчилд хамаарах иргэн хуулийн этгээдтэй утсаар холбогдож мэдээлэл, баримт өгөхийг шаардсан боловч мэдээлэл, баримт өгөхөөс татгалзсан. Миний бие иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримт гаргаж өгөхөөс татгалзсан талаарх илтгэх хуудас нотлох баримтыг гаргаж өгөх 2022 оны 09 сарын 15-ны өдрийн хугацаа дуусаагүй байхад УБЕГ-ын Даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №6/554 тоот тушаалыг гаргаж ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан гомдолтой байна.

Албан шаардлагын дагуу авсан арга хэмжээний талаар тайлагнах боломжийг олголгүй ажил олгогчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэснийг зөрчсөн.

2.7.Нэгжийн удирдлага Г.Чүлтэмжамц нь УБЕГ-ын Даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №Б/554 тоот тушаал гарахаас өмнө удаа дараа "өөрийн хүсэлтээр ажлаа өг, эсхүл өөр газар руу шилжчих" зэргээр намайг ятгаж байсан нь хууль бус шинжтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид... сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна", гэснийг зөрчсөн. Учир нь 3.Ц миний бие нь 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №Б/554 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Төрийн албаны тухай хуульд заасан тухайлан заасан сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

2.8.2022 оны 08 сарын 24-ны өдрийн №19 тоот "Зөрчил арилгуулах" тухай албан шаардлагад дурдсан бүртгэлийн үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийн эрх ноцтойгоор зөрчигдөөгүй. Ажил олгогч нэгжийн удирдлагаас хөдөлмөрлөх нөхцөл, боломжийг бүрдүүлээгүй. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1."албан тушаалд ажиллах нөхцөл... түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах эрхтэй", 61-р зүйлийн 61.1.2.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах" гэж зохицуулсан.

2.9.Байгууллагын удирдлага УБЕГ-ын даргын 2021 оны А/705 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 6-р зүйлийн 6.2.3 албан хаагчийн ажиллах нөхцөл хангах, 6.2.4 албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах бичгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, бүрдүүлэх" гэж заасан.

Улсын бүртгэлийн үйлчилгээ авах хүсэлтийг иргэн хуулийн этгээдээс www.E-

mongolia.mn системээр хандан гаргах журам хэрэгжиж эхэлснээс хойш ажлын хэрэгцээнд компьютер хэрэглэх зайлшгүй шаардлага бий болсон. Ажил олгогч дээд шатны удирдлагаас ажлын хэрэгцээнд интернэт цахим орчинд ажиллах боломжтой компьютер ажлын хэрэгцээнд хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлээгүй. Үүний улмаас иргэн хуулийн этгээдээс гаргасан цахим хүсэлтэд дурдсан мэдээллийг шалгах, зөрчлийг тухай бүрд арилгуулахад бэрхшээл учирсан. Миний бие хувийн хэрэгцээний компьютерыг ажлын хэрэгцээнд ашигладаг байсан. Хувийн хэрэгцээний компьютер маань зарим тохиолдолд гацах www.E-mongolia.mn систем руу нэвтрэхэд хүндрэл учирдаг байсан. Мөн миний бие УБЕГ-ын даргын 2021 оны А/705 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 8-р зүйлийн 8.3- д зааснаар 2022 оны ээлжийн амралтыг 06 дугаар сард авах хуваарьтай. Гэтэл нэгжийн дарга Г.Чүлтэмжамц нь ээлжийн амралтыг олгохоос татгалзаж үргэлжлүүлэн ажиллаж байх явцад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.10.УБЕГ-ын даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн №Б/554 тоот тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул тушаал үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1. "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.", 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж зохицуулсан. ...надад сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэлд 2022 оны 08 сарын 30-ны өдөр гарын үсэг зуруулсан боловч "ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагааг УБЕГ-аас тусгайлан хийгээгүй ажлаас халсан нь хууль бус юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 243 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч З.Цгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/554 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилуулах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан.

2.Маргаан бүхий Б/554 дүгээр тушаалаар[1] “...Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч 3.Цэндсүрэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан болох нь хяналт шалгалтын газрын 2022 оны 305 тоот дүгнэлт, өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.Цг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...З.Ц би эрхэлсэн ажилдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан, Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй. ...миний ажлын тайлан гүйцэтгэлийг нэгжийн удирдлагад тайлагнах хугацаа болоогүй, мэргэшлийн түвшний үнэлгээг хийгээгүй, үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний багт хүргүүлээгүй, үнэлгээний багаас холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний  саналыг байгууллагын дарга хүлээн аваагүйгээр “ажлаас халсан” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргажээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлаас халсан үндэслэлийг “...Улсын бүртгэгч З.Цгийн 190 бүртгэлийг шалгахад 31 зөрчил илэрсэн. ...зөрчил арилгах талаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. ...улсын бүртгэлийн зөрчлийг арилгах боломжтой байсан. “...иргэд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн гомдолд улсын бүртгэгч харилцаа, хандлага, ур чадвар муу, иргэдийг олон дахин явуулдаг, хүнд суртал гаргадаг, иргэд үйлчлүүлэгчидтэй ёс зүйгүй харьцдаг” гэх гомдлын дагуу ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн” гэж тус тус тайлбарладаг.

5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасан, хяналтын улсын байцаагч Г.Э, А.М, Ц.О нар нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн Улсын бүртгэгч З.Ц-гийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд бүртгэсэн хуулийн этгээдийн бүртгэлийн 297 бүртгэлээс 190 бүртгэлийг шалган 31 зөрчил илрүүлж[2], 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  сонсох ажиллагаа хийж, мөн өдрийн 19 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагаар[3] дээрх зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг нэхэмжлэгчид үүрэг болгосон байна.

6.Дээр дурдсан “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “...хавсралтад дурдсан 31 зөрчлийг арилгаж, хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах талаар шаардаж, ...зөрчлийг арилгах талаар авсан арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг нотлох баримтын хамт 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус газарт ирүүлэх, ...албан шаардлагын дагуу зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, тогтоосон хугацаанд илтгэх хуудсыг ирүүлээгүй, зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг анхааруулжээ.

7.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна”,

...19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”, 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”,

...19.4.4-т “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх” ,

19.4.5-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх

19.4.6-д “улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах” гэж,

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө” гэж тус тус заажээ.

8.Нэхэмжлэгч З.Ц нь хуулиар тогтоосон албан үүргээ хангалтгүй биелүүлж, зөрчил, дутагдал гаргасан төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчиж байсан болох нь хэрэгт авагдсан “Улсын бүртгэлийн хэлтсийн ёс зүйн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” 01 дүгээр тогтоол[4], 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хэлтсийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл”[5], 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Илтгэх хуудас”[6], 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 19 дүгээр албан шаардлага[7], Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 305 дүгнэлт[8], Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Хуралдааны тэмдэглэл”[9] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

9.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”,

...37 дугаар зүйлийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

...37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:

...48 дугаар зүйлийн 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.

10.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/705 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.14-д “Албан хаагчийг энэхүү журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж,

...10 дугаар зүйлийн 10.6.2-т “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн, хориглох заалтыг зөрчсөн” гэж тус тус заажээ.

11.Маргаан бүхий Б/554 тоот тушаалаар дээр дурдсан хууль, журмуудыг үндэслэн “...хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан болох нь хяналт шалгалтын газрын 2022 оны 305 тоот дүгнэлт, өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.Цг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б/554 тоот тушаал нь Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй, ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

12.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, .., зөрчлийг арилгах талаар холбогдох ... албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан.

13.Энэхүү хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газраас Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн  хуулийн этгээдийн улсын бүртгэгч З.Цгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн нөхцөл байдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

14.Үүний учир нэхэмжлэгчийн “миний ажлыг тайлан гүйцэтгэлийг нэгжийн удирдлагад тайлагнах хугацаа болоогүй, мэргэшлийн түвшний үнэлгээг хийгээгүй, үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний багт хүргүүлээгүй, үнэлгээний багаас холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг байгууллагын дарга хүлээн аваагүйгээр "ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь улсын бүртгэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг ажил олгогчоос шалгаж үнэлэх журмыг УБЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмаар нарийвчлан, тодорхой зохицуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

15.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд тус сонсох ажиллагааны тэмдэглэлээс[10] үзэхэд нэхэмжлэгчээс “...Зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Сахилгын шийтгэл ногдуулахад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

16.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч З.Цтэй утсаар холбогдож, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “сахилгын шийтгэл ногдуулах” тухай сонсох ажиллагааг[11] хийсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...Цэндсүрэн надад сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэлд 2022 оны 08 сарын 30-ны өдөр гарын үсэг зуруулсан боловч "ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагааг УБЕГ-аас тусгайлан хийгээгүй ажлаас халсан нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.

17.Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахын өмнө нэхэмжлэгч З.Цд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгосон болох нь дээр дурдсан сонсох ажиллагааны тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

18.Нэхэмжлэгчээс “...иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримт гаргаж өгөхөөс татгалзсан талаарх илтгэх хуудас нотлох баримтыг гаргаж өгөх хугацаа дуусаагүй байхад “ажлаас халах" сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Албан шаардлагын дагуу авсан арга хэмжээний талаар тайлагнах боломжийг олголгүй ажил олгогчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зөрчлийг арилгах талаар авсан арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг нотлох баримтын хамт шүүхийн шатанд ч мөн гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

19.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 206-212 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 215 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 97 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 102-104 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 206-212 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 215-216 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 224 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 130-136 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 226-227 дахь тал