Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02112

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30 181/ШШ2023/02112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МК ХХК -д холбогдох,

Гэрээний үүрэгт 34,111,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүгжинлхам, өмгөөлөгч У.Мнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь хариуцагчтай 2021 оны 5 дугаар сарын 20-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 34,111,000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэгч тал үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй тухай мэдэгдээд, гэрээний хугацааг сунгах саналыг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тул гэрээг цуцлах болсон. 4-5 удаа уулзалт хийж уулзалтын зарим зүйлийг баримтжуулсан. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ цуцлах протокол, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 005 дугаартай эвлэрэх гэрээ зэргээр энэ нөхцөл байдал тогтоогдоно. Хамгийн сүүлийн мэдэгдлээр 34,111,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлөх санал гаргасныг зөвшөөрсөн. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас утсаар эхлээд асуугаад ярилцах гэсэн утсаа аваагүй. Иймд Б.Б гэрээний дагуу төлсөн төлбөрөө шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас МЧ ХХК-ийн 2022.12.16-ны өдрийн албан бичиг, 2022.10.03-ны өдрийн гэрээ цуцалсан протокол, МЧ ХХК-ийн 2022.07.26-ны өдрийн 002/181 дугаар албан бичиг, 2021.05.20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт С.Сгийн Хасбанкны дансы хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлэг 15 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МЧ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 34,111,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Б.Б нь МЧ ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдөр П2-D-01/37-96 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Поларис Апартмент-2 хорооллын D блокны 1 орц, 5 давхрын 45.4 м.кв талбайтай 2 өрөө бүхий 506 тоот орон сууцыг 81,720,000 төгрөгөөр захиалан бариулах, МЧ ХХК нь орон сууцыг барьж, захиалагч талд 2022 оны 4 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр, захиалагч Б.Б нь төлбөрийг гэрээ байгуулахад 24,516,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийн 57,204,000 төгрөгийг 2021.06.10-ны өдрөөс 2029.05.10-ны өдрийг хүртэл сар бүр 596,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7-11х/

Гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх ба уг орон сууцыг шууд ашиглах боломжтойгоор нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх агуулгатай байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу Б.Б нь МЧ ХХК-д 2021.05.19-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 34,110,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-24-39/

 

Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний үүргийн зөрчлөөс гадна үүргийн зөрчилтэй холбоогүй ч гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан.

Талууд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гэрээ цуцалсан протокол-ын үйлдэж, МЧ ХХК нь Б.Бын гэрээний дагуу төлсөн 34,111,000 төгрөгийг 90 хоногийн дотор буцаан төлөхөөр тохиролцжээ.

 

Талууд гэрээг цуцлахаар тохиролцсноор хариуцагч МЧ ХХК-д Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Б.Бт 34,111,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүссэн.

Хариуцагч МЧ ХХК нь Гэрээ цуцалсан протокол болон 2022.12.16-ны өдрийн 005 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт заасан хугацаандаа Б.Бт 34,111,000 төгрөгийг олгоогүй байна.

 

Иймд МЧ ХХК-иас 34,111,000 төгрөгийг гаргуулж Б.Бт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч МЧ ХХК нь нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч МЧ ХХК-иас 34,111,000 /гучин дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,505 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЧ ХХК-иас 328,505 /гурван зуун хорин найман мянга таван зуун таван/ төгрөгийг гаргуулж Б.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА