Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01698

 

 

 

 

 2023 09 01 210/МА2023/01698

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Марч констракшн ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 34,111,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүгжинлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.******* нь хариуцагчтай 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 34,111,000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэгч тал үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

1.2. Орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй тухай мэдэгдээд, гэрээний хугацааг сунгах саналыг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тул гэрээг цуцлах болсон. Дөрвөөс таван удаа уулзалт хийж уулзалтын зарим зүйлийг баримтжуулсан.

1.3. Хамгийн сүүлийн мэдэгдлээр 34,111,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөх санал гаргасныг зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-аас 34,111,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 328,505 төгрөгийг гаргуулж Б.*******т олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Үндэслэх нь хэсэгт "хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгдэлгэр нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл байгууллагын удирдлагуудын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумд хэрэгжүүлж буй "Тана Апартмент" төслийн захиалагч нартай уулзах албан томилолтонд явсан бөгөөд Б.*******ын нэхэмжлэлтэй шүүх хуралын товыг мэдээгүй мэдэх боломжгүй байсан.

2023 оны 06 дугаар сарын 30-ны шүүх хуралд оролцох боломжгүй байгууллагын зүгээс шинээр итгэмжилсэн төлөөлөгч томилох боломжгүй нөхцөл байдал үүсэн байсан тул шүүх эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг хангаж байна.

4.2. Тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-аас 34,111,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан мэтгэлцэх зарчимаар хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1.2 зүйлүүдэд заасанчлан зохигчдын биечлэн оролцох эрхээр хангаагүй. Хууль зүйн туслалцаа, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй зэрэг зүйлс багтана.

Шүүхийн шийдвэр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн иргэний хэрэг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүсэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 06 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан. Гардуулснаас хойш хариуцагч 14 хоногийн дотор хариу тайлбар өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг 2 удаа хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн.

5.2. Анхан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэг, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй. Мөн үүнтэй холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 34,111,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. /1хх. 1 дүгээр тал/

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, талууд гэрээнээс татгалзсан үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч******* ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Поларис апартмент-2 хотхоны D блок 1 дүгээр орц 5 давхарын 506 тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, захиалагч Б.******* нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх. 8-12 дугаар тал/

3.2. Талууд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдэж, ...90 хоногийн дотор 34,111,000 төгрөгийг Б.*******т буцаан олгохоор шийдвэрлэв гэж тохиролцсон байна. /1хх. 6 дугаар тал/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Түүнчлэн, талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буюу хариуцагч******* ХХК-аас 34,111,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т буцаан олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

5. Хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

5.1. Шүүхээс нэхэмжлэлд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан байхад хариуцагч нь шүүхэд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудас-аар шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагад мэдэгдэхэд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, ажилтан Мөнхтуяа гардаж авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй талаар давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Хариуцагч байгууллагын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдаас хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаж байгаагүй.

Иймд анхан шатны шүүх өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 328,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

  ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР