Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/03382

 

 

 

 

 

 

2023 07 05

101/ШШ2023/03382

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Э би хувиараа бизнес эрхэлдэг юм. Би А.А гэдэг найзтайгаа 2003 оноос хойш найзалж байгаа бөгөөд, 2021.04 сард А.Атай уулзаж бизнесийн талаар санал бодлоо солилцсон юм. Тэр үед А.А миний найз Б.Б гэж бизнесмен залуу байгаа тэрээр Т ХХК гэдэг компанитай одоо томоохон төсөл дээр ажиллах гэж байгаа миний найз нэг уулзаад үз, би та хоёрыг танилцуулъя гэсэн юм. Ингээд бид гурав 2021 оны 4 сар Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байх миний ажлын өрөөнд уулзсан бөгөөд Б.Б надад миний өөрийн бэлтгэсэн төслийг танилцуулсан бөгөөд Т ХХК компани бол такси үйлчилгээний ЮуБиКаб ХХК-тай өрсөлдөхүйц хэмжээний такси үйлчилгээ эрхлэх гэж байгаа, чи хөрөнгө оруулсан тохиолдолд алдах юм байхгүй гэсэн. Мөн чи 100,000,000 төгрөг хөрөнгө оруулаад 15 хувийг эзэмш, би 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулна, А.А 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулна. Б.З 20,000,000 төгрөг хөрөнгө оруулах юм гэж хэлсэн. Надад итгэл төрөхүйц санагдсан бөгөөд би өөрийгөө компанийн хувьцаа эзэмшигч болох юм байна гэж ойлгосон. Б.Б надад 2021.05.11-ний өдөр хамтран ажиллах гэрээг интернэтээр мэйлээр явуулсан юм. Би уг гэрээг хараад гэрээ их товчхон байна, дэлгэрэнгүй эрх үүргээ оруулаад гэрээ хийе гэсэн юм. Б.Б тухайн үед гэрээг байгуулахад асуудалгүй нэмэх зүйлээ чөлөөтэй оруулаарай гэсэн юм. Ингээд би 100,000,000 төгрөг босгохыг хичээсэн боловч надад 90,000,000 төгрөг олдсон бөгөөд, 2021.05.12-нд 90,000,000 төгрөгийг Т ХХК-ийн дансаар шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараа Б.Б надад бусад хүмүүс надтай адил хөрөнгө оруулсан гэж хэлсэн. Б.Б надад гэрээгээ ойрын үед эрх үүргийг улам боловсронгуй болгохоор хийе, түүний дараа улсын бүртгэлд хувьцааг чинь чиний нэр дээр шилжүүлж өгье гэсэн юм. Би итгээд хүлээсэн боловч гэрээ ч хийгээгүй, хувьцааг ч миний нэр дээр шилжүүлээгүй. Би ингээд залилуулсан болохоо ойлгосон.

Мөн бусад надад танилцуулж байсан хүмүүс ч уг компанид хөрөнгө оруулаагүй байсан. Б.Б намайг өөрийн байгуулсан компанийнхаа нэрийг ашиглан залилсан байсан. Надтай гэрээ ч байгуулаагүй бөгөөд надад танилцуулсан ч нь хэрэгжээгүй болохыг мэдээд би өөрийн мөнгийг буцаан авах бөгөөд Б.Б 70,000,000 төгрөгийг 2021.07.21-нд буцаан шилжүүлсэн. Ингэхдээ үлдсэн 20,000,000 төгрөгийг удахгүй буцаан өгнө гэсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Бүтэн жил утсаа авахгүй зугтаасан юм. Би цагдаа прокурорын байгууллагад гомдол гаргасан боловч иргэний маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн юм. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Цагдаагийн байгууллага миний өргөдөл гомдлын дагуу шалгахад Б.Бын Т ХКК-д дээр нэр бүхий хүмүүсээс хэн нь хөрөнгө оруулалт хийгээгүй байсан, мөн Б.Б миний шилжүүлсэн мөнгийг өөрийн дансруу шилжүүлсэн. Т ХХК-ийн дансаар Б.Бд шилжүүлсэн 90,000,000 төгрөгийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг нэхэмжилнэ.

...Хариуцагч нь ямар ч хариу байхгүй утсаа салгаад 2 жил алга болсон. Утас руу нь залгахаар холбогддоггүй. Сүүлд холбогдоход 20,000,000 төгрөг компанийн зардалд орсон гэсэн. Миний хувьд компанийн хувь эзэмшигч биш. Ийм учраас мөнгөө буцааж авах хэрэгтэй байна. Т гэдэг нэртэй компани байсан.

Б над руу гэрээ байгуулах төсөл явуулахаар нь хангалтгүй байна гээд би буцаасан. Тэр үеэр үйл ажиллагаа явуулна гээд надаас мөнгө авсан. Үлдэгдэл 20,000,000 төгрөгөө авна гэдгээ уулзахдаа хэлсэн.

Яг энэ компанийн нарийн зүйлийг би мэдэхгүй байна. Надаас бусад нь 20,000,000 төгрөг оруулаад 80,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгт л үйл ажиллагааны зардал гарсан байх. Тийм учраас 20,000,000 төгрөгөө авъя гэж бодож байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Эын хувьд Т-тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. А нар хөрөнгө оруулж, захиран зарцуулсан талаар баримт байхгүй байна. Иймд Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд 20,000,000 төгрөгийг гаргаж өгөх хэрэгтэй. гэв.

 

2. Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б 2021 оны 3-р сард гар утасны аппликэйшнд суурилсан онлайн худалдаа, такси, хүргэлт, дуудлагын үйлчилгээ гэсэн үндсэн 4 төрөлтэй дотроо 50 орчим нэр төрлийн үйлчилгээг багтаасан Тэлми үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ Би Ч.Э, А.А, Б.З нартай уг төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, дундаасаа хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд: Б. Б 20,000,000 төгрөг /компанийн 40%/, А. А 20,000,000 төгрөг /компанийн 20%, Б. З 20 сая төгрөг /компанийн 15%/, Ч. Э 100,000,000 төгрөг компанийн 15%, ирээдүйд тав дахь хөрөнгө оруулагч оруулж ирэхээр төлөвлөж байсан 100,000,000 төгрөг /компанийн 10%/ тус тус хийхээр харилцан тохирсон. Б.Б, А.А, Б.З нарын хийсэн хөрөнгө оруулалтаар Тэлми үйлчилгээний систем, программ хангамжийг Энэтхэг улсын V3 cube Technolabs компаниас худалдан авсан. Энэ нь уг компаниас ирсэн нэхэмжлэл болон төлбөр шилжүүлсэн банкны баримтаар нотлогдох бөгөөд хавсаргав. Ч. Эын хувьд 90 сая төг хийж, 10 сая төгрөг дутуу хийсэн. Бид энэхүү хөрөнгө оруулалтыг компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулахаар төлөвлөж байсан бөгөөд үүнийгээ зориулалтын дагуу захиран зарцуулсан ба энэ нь компанийн дансны хуулгаар мөн баталгаажна. Бид дээрх байдлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцож хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болсон ба эхний ноорог хувилбарыг Б.Б би гарган оролцогч нарт 2021 оны 05 сарын 11-нд имэйлээр илгээж байсан. Ч. Э гэрээний саналыг үзээд илүү дэлгэрэнгүй эрх үүргээ оруулаад гэрээ хийе хэмээн санал гаргаж, би ч тэр гэрээн дээр дахин ажиллаж эхэлсэн. Ингээд бид гэрээгээ хараахан байгуулж амжаагүй байх үед буюу 2021 оны 7 сард зах зээлийн нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх эсэх нь тодорхойгүй, хөл хорионы хорио цээр бүрэн арилаагүй байсан, үүнээс үүдэн ажлын байрны зар тавьж ажилтан хайсан ч үр дүнгүй, мөн миний бие ар гэрийн гачигдал зэргээс хамааран компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд хамтрагч нартайгаа ярилцахаар уулзалт хийсэн. Уг уулзалтад Миний бие Б.Б, Ч. Э, А.А нар өөрийн биеэр оролцсон ба Б.Згийн хувьд гадаад улсад амьдардаг тул та 3 уулзаад шийдээрэй хэмээн мэдэгдсэн. Ингээд бид 3 компанийн Фламинго таверт түрээслэн сууж байсан оффист уулзан цаашид хэрхэх тухай ярилцаж, компанийн үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн.

Ингэхдээ хөрөнгө оруулалт хийсэн систем, тавилга эд хогшил зэрэг юм аа эргэж худалдан борлуулах замаар зарим хийсэн хөрөнгө оруулалтаа олж авахаар тохирсон. Харамсалтай нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан системийг авах худалдан авагч олдоогүй бөгөөд үнэ цэнгүй биет бус хөрөнгө болон үлдсэн. Бусад тавилга эд хогшлыг борлуулах явцад хэрэглэсэн, хуучин гэдэг үндэслэлээр анх худалдан авсан үнээр нь борлуулах боломжгүй болсон тул заримыг нь хямдруулан худалдан борлуулсан, зарим нь агуулахад байгаа болно. Бид бүгдээрээ төсөлд хийх хөрөнгө оруулалтын үр өгөөж, эрсдэл зэргийг харилцан ойлгож, хүлээн зөвшөөрч 100% өөрсдийн хүсэл зорилгоор хөрөнгө оруулалтаа хийх хамтран ажилласан. Ч. Э болон бусад оролцогч нар ч мөн адил хамтын ажиллагааны гараа байгуулж амжаагүй, мөн компанийн хувьцаа эзэмшигч болж мөн амжаагүй байсан. Энэхүү гэрээ байгуулж амжаагүй байсан байдлыг ашиглан энэхүү хөрөнгө оруулалтаас ганцаараа алдагдалгүй гарахыг хичээсэн, намайг залилан хийсэн мэтээр харагдуулахыг хичээж Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасныг Прокурор залилангийн шинжгүй хэмжээн үзэж Иргэний Шүүх рүү шилжүүлжээ. Ч.Э нь анх тохирсон 100,000,000 төгрөгөө бүрэн өгөөгүй бөгөөд миний хувьд бусдыг ямар нэгэн байдлаар хуурах залилах санаа, сонирхол анхнаасаа байгаагүй ба энэ ч авсан 90,000,000 төгрөгийн 70,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн байдлаар нотлогддог. Компанийн бүх үйл ажиллагаа бодитой байсан бөгөөд нотлох баримтуудыг мөн хавсаргасан болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хариу: Бид аман хэлэлцээр хийн тохиролцож энэхүү төслөөс харж буй үр ашгаа тооцон хөрөнгө оруулалтаа хийсэн. Бас бүх хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө эрсдэлд орж, алдагдал хүлээсэн, алдагдлаа хүлээн зөвшөөрсөн. Б би хийсэн хөрөнгө оруулалтаараа шатаад, дээр нь Ч. Эад нэхэмжилсэн 20 сая төгрөгийг өгөх нь үндэслэлгүй, шударга бус гэж үзэж байгаа бөгөөд мөн үүнийг төлөх санхүүгийн чадамжгүй болно. Аливаа бизнес үйл ажиллагаа зогсох, дампуурах үед хийсэн хөрөнгө оруулалтаараа хариуцлага хүлээдэг, үлдсэн хөрөнгийг оролцогч нарт хуваадаг тогтолцоо бий. Үлдсэн тавилга, эд хогшлыг худалдан борлуулсан орлогыг төсөлд оролцогч этгээдүүдэд адил тэнцүү хуваах зарчмаар нэхэмжлэлийн хариу саналыг гаргаж байна. Ч.Эын нэхэмжилсэн 20 сая төгрөгийн 8,168,000 төгрөгөөр тавилга эд хогшил худалдан авсан ба бусад нь компанийн оффис түрээс, маркетингийн зөвлөх үйлчилгээ, цалин, харилцаа холбоо, ФБ бүүст зар сурталчилгаа зэрэг төлбөрт зарцуулагдсан болно. Банкны дансны хуулга, түрээсийн гэрээ, маркетингийн зөвлөх үйлчилгээний гэрээ зэрэг баримт бичгүүдээр нотлогдож байгаа болно. Дараах тавилга эд хогшлыг худалдан авсан байсан бөгөөд буцаан худалдан борлуулсан дүнг харуулав. Тавилга эд хогшил борлуулсан орлого 4,750,000 төгрөг, үлдэгдэл хөрөнгө компьютер 1,200,000 төгрөг, принтер 434,000 төгрөг, утасны аппарат-120,000 төгрөг, харилцах дансанд үлдсэн 2,755,798 төгрөг нийт 9,259,798 төгрөгийг 4 оролцогч нарт тэнцүү хуваах буюу хөрөнгө оруулагч тус бүрд 2,314,949 төгрөг барагдуулах боломжтой байна.

Телми гэдэг нэртэй цахим үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор А, Э нартай хамтран ажилласан. Хамтран ажиллахад шаардлагатай хөрөнгийг дундаасаа гаргаад, оффисоо түрээслээд, үйл ажиллагаандаа бэлдэж байсан. Тухайн үед корона вирусийн хөл хориотой байсан. Ажилтан авах гэхээр хүн ирдэггүй гэх мэт үйл ажиллагаа явуулахад хүнд байсан тул А, Э бид гурав 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр уулзаад шийдсэн. Эаас 100,000,000 төгрөг авахаар тохироод 90,000,000 төгрөг хийсэн. Үйл ажиллагааны зардлыг 90,000,000 төгрөгөөс гаргаад 2 сар болсон. 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр уулзаад үйл ажиллагаагаа зогсоохоор болсон. Үлдсэн мөнгийг Э руу буцааж хийхээр болсон. Авсан байсан эд хогшлоо зараад үлдсэн мөнгийг өгнө гэж ярьсан. Үйл ажиллагаа зогсоод, гадаадын компаниас авсан программаа зарах гэж зар сурталчилгаа байршуулсан. Хамгийн гол нь бид хамтран ажиллаж байсан тул эрсдэлээ хамтран хариуцах ёстой.

Хамтран ажиллах гэрээний саналыг би явуулсан. Э нь гэрээ хэт товч байна гэж хэлсэн. Миний хувьд ямар ч асуудалгүй гэрээг сайжруулаад ажиллаж байсан. Өөрөө ч бас гэрээ хийх гэж байх хооронд мөнгөө шилжүүлсэн. Ямар нэгэн байдлаар шахаж шаардсан зүйл байхгүй.

Хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлээ хариуцахаар тохирдог. Эрсдэл гарахаар юу ч мэдэхгүй байсан юм шиг ийм байж болохгүй. Эрсдэл үр ашгаа бүгд тооцож байж хөрөнгө оруулалтаа хийсэн. Үр өгөөж, эрсдэл гэж хоёр зүйл хөрөнгө оруулалтад байдаг.гэв.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамтран ажиллах гэрээг байгуулаагүй ч гэсэн мөнгө нийлүүлээд хэлцэл хийсэн байна. Иргэний хуулийн 476.2 дугаар зүйлд зааснаар аман гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хэргийн материал, зохигчдын тайлбараас харахад хамтран ажиллах гэрээгээ амаар тохироод үйл ажиллагаагаа явуулж байсан. Бүгд ижил хэмжээний хөрөнгө нийлүүлсэн. Бын хувьд Т-ийг байгуулаад хувьцаа эзэмших талаар ярьж байсан ч энэ талаар бүтээгүй гэдэг нь улсын бүртгэлийн лавлагаанаас харагдана. Иймд компанийн хувьцааг ярих нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Б нь голлон оролцож байсан ч хамтын ажиллагаанд бүгд оролцож байсан гэдэг нь хавтаст хэргээс харагдаж байна. Дундаасаа хуулийн этгээд шинээр байгуулаагүй. Иргэний хуулийн 484 дүгээр зүйлд зааснаар цахим хэлбэрээр ашиг олох зорилготой байсан гэдгийг тайлбараараа хэлж байна. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар талууд уулзаж байгаад шийдсэн байна. Ингээд 70,000,000 төгрөгийг Эад өгөөд тус бүр 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт үлдсэн. Үлдэх хөрөнгийг хуваана гэсний дагуу хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болоход нийт 9,259,798 төгрөг үлдсэн байгаа. Үүнийг хуульд зааснаар хуваахад нэг хүнд ноогдох 2,314,949 төгрөг болж байгаа. Хамтран ажиллах гэрээний зохицуулалтын дагуу 2,314,949 төгрөгийг олгохыг зөвшөөрч байгаа. гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд хх-ийн 3-8, 18-19 дүгээр талд авсан нотлох баримтыг, хариуцагч нь шүүхэд хавтаст хэргийн 23-40, 44-51, 98 дугаар талд авагдсан нотлох баримтыг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар, хариуцагч талын хүсэлтээр Ч.Этай харилцсан фэйсбүүкийн Telme гэх нэртэй групп чатад үзлэг хийсэн тэмдэглэл бэхжүүлсэн байна. /хх-73-78 хуу/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Б.Бд холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд шаардах эрхийн үндэслэлээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь хамтран ажиллаж Т ХХК-ийн үйл ажиллагаанд мөнгийг зарцуулсан, ашиг, алдагдлыг хуваахаар тохирсон тул үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг төлөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Т ХХК-ийн дансаар 90,000,000 төгрөг шилжүүлж, 70,000,000 төгрөгийг буцаан авч, 20,000,000 төгрөг үлдсэн байна.

5. Хариуцагч 20,000,000 төгрөгөөс системийн төлбөр, офиссын түрээс, тавилга эд хогшил худалдан авах зэрэгт мөнгийг зарцуулсан талаар Т ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хавтаст хэргийн 23-40, 44-51 талд авагдсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгч, фейсбүүкийн Telme нэртэй групп чатад үзлэг хийлгэсэн болно.

Хавтаст хэргийн дээр дурдсан баримтаас 28-33 талд авагдсан баримтууд гадаад хэл дээр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т нийцээгүй, бусад баримтууд нь Тийн үйл ажиллагаатай холбоотой байх боловч талууд хамтран ажилласан гэдгийг шууд нотлох баримтууд гэж үзэхгүй юм.

6. Талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэхэд маргаантай байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэжээ.

Хариуцагч Б.Б нь Т ХХК-ийн захирал ба гар утасны аппликейшнд суурилсан онлайн худалдаа, такси, хүргэлт, дуудлагын үйлчилгээ гэсэн 4 төрөлтэй дотроо 50 орчим нэр төрлийн үйлчилгээг багтаасан Тэлми үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч Ч.Эад төслийг танилцуулж, Ч.Эыг 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 15 хувийг эзэмшүүлэх, А.А 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 20 хувийг эзэмших, Б.З 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж компанийн 15 хувийг, Б.Б 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулан компанийн 40 хувийг, ирээдүйд 5 дахь хөрөнгө оруулагчийг 100,000,000 төгрөгөөр оруулж компанийн 10 хувийг тус тус эзэмшиж, хамтран ажиллахаар тохирч, гэрээг интернэрээр явуулна гэж ярилцсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү ярилцсаны дагуу хариуцагч Б.Б нь хамтран ажиллах гэрээний төслийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч гэрээний зарим заалтууд тодорхойгүй, тодруулбал үүрэг хариуцлагын талаар тодорхойгүй, оруулсан хөрөнгө, эзэмших эрхийн талаар ялгаатай байсан тул нэхэмжлэгч нь гэрээний төслийг буцааж, хариуцагч дахин засвар өөрчлөлт оруулахаар амаар тохирсон боловч талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгчийг Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй байна.

Хуульд зааснаар хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болох тул талуудын дээрх байдлаар амаар тохиролцсон тохиролцоо хамтран ажиллах гэрээний харилцааг үүсгэсэн эсэх нь маргаанд хамааралтай.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор заасан.

Гэвч нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч тэдний хамтран ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй, нэхэмжлэгч мөнгө шилжүүлж, уулзалтанд 1 удаа оролцсон зэргийг хамтран ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний төслийг дахин засварлуулахаар буцаасан үйлдэл нь хамтран ажиллах гэрээний тохиролцоог талууд эцэслэн шийдвэрлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Баас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Эад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/14941 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ