Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01699

 

 

 

 

 2023 09 01 210/МА2023/01699

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03382 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Балжиннямд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон (цахимаар), хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай найз А.Атарсайхан нь Б.Балжинням гэж бизнесмен залуу байгаа тэрээр Тэлмэ партнерс гэдэг компанитай одоо томоохон төсөл дээр ажиллах гэж байгаа нэг уулзаад үз, танилцуулъя гэсэн юм. Ингээд бид гурав 2021 оны 04 дүгээр сард миний ажлын өрөөнд уулзсан бөгөөд Б.Балжинням төсөл танилцуулсан. Тэлмэ партнерс компани бол такси үйлчилгээний ЮуБиКаб ХХК-тай өрсөлдөхүйц хэмжээний такси үйлчилгээ эрхлэх гэж байгаа, хөрөнгө оруулсан тохиолдолд алдах юм байхгүй. 100,000,000 төгрөг хөрөнгө оруулаад 15 хувийг эзэмш гэж хэлсэн. Надад итгэл төрөхүйц санагдсан бөгөөд би өөрийгөө компанийн хувьцаа эзэмшигч болох юм байна гэж ойлгосон.

1.2. Б.Балжинням надад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээг мэйлээр явуулсан юм. Би 90,000,000 төгрөг босгож, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 90,000,000 төгрөгийг Тэлмэн партнерс ХХК-ийн дансаар шилжүүлсэн.

 

 

1.3. Гэрээ ч хийгээгүй, хувьцааг миний нэр дээр шилжүүлээгүй. Би ингээд залилуулсан болохоо ойлгосон. Төсөл хэрэгжээгүй болохыг мэдээд мөнгөө буцаан авахаа хэлэхэд Б.Балжинням 70,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буцаан шилжүүлсэн.

1.4. Ингэхдээ үлдсэн 20,000,000 төгрөгийг удахгүй буцаан өгнө гэж хэлээд өгөөгүй. Хамтран ажиллахаар тохиролцсон бусад хүмүүсийн хөрөнгөөс ч үйл ажиллагааны зардал гарах ёстой. Иймд хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2021 оны 03 дугаар сард гар утасны аппликэйшнд суурилсан онлайн худалдаа, такси, хүргэлт, дуудлагын үйлчилгээ гэсэн үндсэн 4 төрөлтэй дотроо 50 орчим нэр төрлийн үйлчилгээг багтаасан Тэлми үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Ингэхдээ Би Ч.*******, А.Атарсайхан, Б.Занданхүү нартай уг төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, дундаасаа хөрөнгө оруулалт хийсэн.

Б.Балжинням 20,000,000 төгрөг, компанийн 40%, А.Атарсайхан 20,000,000 төгрөг, компанийн 20%, Б.Занданхүү 20,000,000 төгрөг, компанийн 15%, Ч.******* 100,000,000 төгрөг, компанийн 15% эзэмшиж, ирээдүйд тав дахь хөрөнгө оруулагч оруулж ирэхээр төлөвлөж байсан. Б.Балжинням, А.Атарсайхан, Б.Занданхүү нарын хийсэн хөрөнгө оруулалтаар Тэлми үйлчилгээний систем, программ хангамжийг Энэтхэг улсын V3 cube Technolabs компаниас худалдан авсан.

2.2. Ч.*******ын хувьд 90,000,000 төгрөг хийж, 10,000,000 төгрөг дутуу шилжүүлсэн. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болсон ба эхний ноорог хувилбарыг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэйлээр илгээсэн. Ч.******* гэрээний саналыг үзээд илүү дэлгэрэнгүй эрх, үүргээ оруулаад гэрээ хийе хэмээн санал гаргаж, гэрээ нь дээр дахин ажиллаж эхэлсэн.

2.3. 2021 оны 07 дугаар сард зах зээлийн нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх эсэх нь тодорхойгүй, хөл хорионы хорио цээр бүрэн арилаагүй байсан, үүнээс үүдэн ажлын байрны зар тавьж ажилтан хайсан ч үр дүнгүй, мөн миний бие ар гэрийн гачигдал зэргээс хамааран компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Ингээд хамтрагч Ч.*******, А.Атарсайхан нар өөрийн биеэр оролцсон ба Б.Занданхүүгийн хувьд гадаад улсад амьдардаг тул та 3 уулзаад шийдээрэй гэж мэдэгдсэн. Бид 3 компанийн үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн.

2.4. Хөрөнгө оруулалт хийсэн систем, тавилга эд хогшил зэрэг юм аа эргэж худалдан борлуулах замаар зарим хийсэн хөрөнгө оруулалтаа олж авахаар тохирсон.

Бид бүгдээрээ төсөлд хийх хөрөнгө оруулалтын үр өгөөж, эрсдэл зэргийг харилцан ойлгож, хүлээн зөвшөөрч 100% өөрсдийн хүсэл зорилгоор хөрөнгө оруулалтаа хийж хамтран ажилласан.

Бусдыг ямар нэгэн байдлаар хуурах, залилах санаа анхнаасаа байгаагүй ба энэ нь ч авсан 90,000,000 төгрөгийн 70,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн байдлаар нотлогддог. Бас бүх хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө эрсдэлд орж, алдагдал хүлээсэн, алдагдлаа хүлээн зөвшөөрсөн.

2.5. Ч.*******ын нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийн 8,168,000 төгрөгөөр тавилга эд хогшил худалдан авсан ба бусад нь компанийн оффис түрээс, маркетингийн зөвлөх үйлчилгээ, цалин, харилцаа холбоо, фэйсбүүк бүүст зар сурталчилгаа зэрэг төлбөрт зарцуулагдсан болно.

Тавилга эд хогшил борлуулсан орлого 4,750,000 төгрөг, үлдэгдэл хөрөнгө компьютер 1,200,000 төгрөг, принтер 434,000 төгрөг, утасны аппарат 120,000 төгрөг, харилцах дансанд үлдсэн 2,755,798 төгрөг, нийт 9,259,798 төгрөгийг 4 оролцогч нарт тэнцүү хуваах буюу хөрөнгө оруулагч тус бүрд 2,314,949 төгрөг барагдуулах боломжтой. Хамгийн гол нь бид хамтран ажиллаж байсан тул эрсдэлээ хамтран хариуцах ёстой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Балжиннямаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зохигчид 2021 оны 04 дүгээр сард уулзаж хамтран ажиллах хүрээ, хөрөнгийн хэмжээ зэргийг тохиролцож, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээг интернэтээр мэйлээр явуулсан боловч бичгээр байгуулахгүйгээр хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр "Тэлми партнерс" ХХК-ийн дансанд 90,000,0000 төгрөг шилжүүлсэн нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Ч. *******, "Тэлми партнерс" ХХК-ийн хооронд хамтран ажиллах эрх зүйн харилцаа үүссэн байхад иргэн Б.Балжиннямаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

4.2. Хэргийн жинхэнэ хариуцагч Б.Балжинням мөн эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, бусдын өмнө эдлэх эрх, үүрэг, хөрөнгө, орлого, зарцуулалт зэрэг нь өөр өөр байдаг гэдгийг анхан шатны шүүх ялгаж, зааглаагүй.

Мөн талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсэн эсэх дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй ба хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг хуулиар шаардахгүй юм. Талууд хамтран гар утасны аппликейшнд суурилсан үйлчилгээ явуулсан эсэх дээр маргаагүй буюу зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 20,000,0000 төгрөгийг "Тэлми партнерс" ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан нь хавтаст хэрэгт байгаа дансны хуулгаар нотлогдож байхад үнэлээгүй байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй талаар.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт "Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Тус хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно хэмээн зохицуулжээ. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульчлаагүй ба талууд харилцан тохиролцож амаар байгуулж болохоор хуульчилсан байна.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр заасан ба зохигчид амаар харилцан тохиролцож хамтран ажиллахыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч 90,000,0000 төгрөгийг компаний дансанд шилжүүлсэн нь иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг "хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон" 43.1.2. хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон буюу төлбөрийг шилжүүлсэнээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

"Тэлми партнерс" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулж хуульд заасан эрхийг нь хангах шаардлагатай байсан эсэх дээр дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03382 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй өөрийн Тэлми партнерс ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулна гэсэн боловч байгуулаагүй. Улсын бүртгэлийн байгууллагад Тэлми партнерс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ гэсэн боловч бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Ч.******* болон Тэлми партнерс ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин А.Атарсайхан нь Ч.*******ыг төөрөгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж, 90,000,000 төгрөг авсан ба үүнээс 70,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.Балжиннямд холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн үйл ажиллагааны зардлыг хамтран хариуцах ёстой гэж маргажээ. /1хх. 1-2, 20-22 дугаар тал/

3. Хэрэгт цугларсан бичгийн баримтыг харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.а. Нэхэмжлэгч Ч.******* нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Тэлми партнерс ХХК-ийн дансанд хөрөнгө оруулалт Ч.******* гэх гүйлгээний утгатайгаар 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. /1хх. 8 дугаар тал/

3.б. Тэлми партнерс ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 70,000,000 төгрөгийг Ч.*******ын данс руу буцаан шилжүүлсэн. Энэ талаар талууд маргаагүй. /1хх. 7 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4.а. Нэхэмжлэгч Ч.******* нь такси үйлчилгээ эрхлэх бизнест 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах, хариуцагч Б.Балжинням нь Тэлми партнерс ХХК-ийн 15 хувийн хувьцааг шилжүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ. /1хх. 1-2, 20-22 дугаар тал/

4.б. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх бөгөөд хамтран ажиллах гэрээг амаар байгуулахыг хуулиар хориглоогүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад хариуцагч нь Тэлми партнерс ХХК-ийн 15 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Түүнчлэн, талуудын хооронд хийгдсэн хамтын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон, мөн хариуцагч нь гэрээнээс татгалзсаныг зөвшөөрч 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******ад буцаан шилжүүлсэн үйл баримтыг харьцуулан дүгнэвэл хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгох нь зүйтэй.

6. Хариуцагч талын гаргасан хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч хамтын үйл ажиллагаанд зориулж тавилга эд хогшил худалдан авсан, оффис түрээсэлсэн, маркетингийн зөвлөх үйлчилгээ авсан, цалин, харилцаа холбоо, фэйсбүүк бүүст зар сурталчилгаанд зардал гаргасан байдлыг нотолсон гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 90,000,000 төгрөгийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хамтын үйл ажиллагаандаа зарцуулсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч баримтаар нотлоогүй тул хамтын үйл ажиллагааны алдагдал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор хуульчилжээ.

Иймд, нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг Тэлми партнерс ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул Б.Балжинням жинхэнэ хариуцагч биш, Тэлми партнерс ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

  ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

С.ЭНХБАЯР