Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1339

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00961 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ, Ц.С- нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 682 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э-, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Ц.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн орой Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 9”-ийн сантехникч Ц.С- нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 48 дугаар байрны 6 дугаар орцын B1 давхарт хүйтэн усны шугам хааж, тус байрны 80 тоот айлаас ус алдсаныг засчихаад буцаад крантыг нээхэд ус шүүрч байсан байна. Үүнийг засахдаа хариуцлагагүй хандаж, технологийн дагуу хийгээгүй. Тухайн үед нь манай ээж Цэнд харж байсан, сайн засахгүй бол наадах чинь шүүрээд байна, ус алдах магадлалтай гэж хэлсэн байдаг, гэтэл тоогоогүй, түр аргацаагаад явсан. Үүнээс болж ээжийн түрээсэлж байсан оёдлын газарт ус алдаж, миний хайрцаглан тавьсан байсан 133 ширхэг ном норж гэмтэн, ашиглах боломжгүй болсон. Тухайн үед Ц.С- өөрийн буруугаа зөвшөөрөөд миний төлбөрийг төлнө гэж надаас 133 ширхэг номыг авсан, харин мөнгө өгөөгүй, хулгайд алдсан гээд 13 ширхэг л номыг буцаан өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтных нь хариуцлагагүй байдлын талаар би байгууллагад нь удаа дараа хэлж, мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би норж гэмтсэн, дахин ашиглах боломжгүй 133 ширхэг номыг түрээсийн төлбөр төлөх зорилгоор бусдад худалдах гэж байсан юм. Гэтэл Ц.С-ын хариуцлагагүй байдлаас болж ус алдаж, би номуудаа бусдад худалдах боломжгүй болж хохирч байна. Уг 133 ширхэг ном бол манай гэр бүлийн цуглуулга буюу номын сангийн номууд байгаа. Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис 26 ширхэг, Монгол ардын үлгэр 2 ширхэг, Бөгжний эзэн, Нарниа: Үүрээр аялагч гэх мэт 70 төрлийн 133 ширхэг ном байсан юм. Энэ номуудаа би өөрөө явж судлан нийт 1 682 000 төгрөг гэж тогтоосон. Мөн энэ талаар шинжээч томилуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлт миний нэхэмжилсэн дүнтэй ойролцоо гарсан байна лээ. Иймд надад учирсан хохиролд 1 682 000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ын ажил олгогч буюу ОСНААУГ ОНӨААТҮГ-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь хэрэглэгчийг халуун, хүйтэн ус, дулаанаар хангах ба засвар үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийдэг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу орон сууцны дотор өмчлөл нь манай эзэмшилд байдаг тул заавал гэрээний үндсэн дээр ажилладаг. Манай дуудлагын засварчин 24 цаг гараад 48 цаг амардаг ба тухайн өдөр Ц.С- нь өр барагдуулах журмаар ажиллаж байсан байдаг. Гэхдээ тус 48 дугаар байранд биш байдаг. Харин Ц.С- яаж яваад 48 дугаар байрны 80 тоотын айлд засвар хийх очсоныг бид мэдэхгүй байна, энэ хүн хувиараа тохирсон байх. Харин ус алдсан дуудлага нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үүрийн 05.30 цагт ирсэн нь дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг. Үүний дагуу дуудлагын инженер Эрдэнэ-Очир очиж арга хэмжээ авсан. Энэ хохирлыг манай байгууллагаас биш харин СӨХ-ноос нэхэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өдөр би айл өрхүүдийн өр барагдуулах ажлаар явж байсан. Гэхдээ 48 дугаар байранд ажиллаж байсан. Гадаа явж байхад 48 дугаар байрны 80 тоотын эмээ манайд ус алдчихлаа, чи янзлаад өг, дуудлага өгөөд хүн ирсээр байтал хугацаа алдах гээд байна гээд гуйсан. Тийм учраас би тус айлын ус алдсан гэмтлийг засах зорилгоор подвальд байдаг усны хаалтыг хаасан. Янзалж дуусаад нээхэд усны хаалт нэлээд хуучирч муудсан байсан учир хаагдахгүй, ус шүүрсэн, түүнийг нь би түр аргацаагаад, 1 дэх өдөр хүртэл тэсэх байх гэж бодсон. Тэгээд ээлжийн ажилтан Эрдэнэ-Очирт хэлсэн. Тухайн үед хариуцлагагүй хандсан нь миний буруу. Би уг нь нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулаад өгье гэж хэлсэн, номуудыг нь авсан, ажил дээр байлгаж байгаад гэртээ аваачсан боловч гэрт хулгай ороод аваад явсан. Үлдсэн 23 ширхэг номыг буцаагаад өгсөн. Би уг нь боломжоороо мөнгийг нь төлье гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 1,617,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 64,280 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ц.С-од холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2- Ц.Э-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 41,862 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 40 833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Ц.Э-т учирсан гэм хорын хохиролд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь ямар ч гэм буруу байхгүй гэж үзэж байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч Ц.Э- нь ямар ч зөвшөөрөл аваагүй Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Төмөр замын 48 дугаар байрны 6 дугаар орцын В1 давхрын шалан дээр 133 ширхэг номыг хадгалжээ. Тухайн байрны В1 давхрыг Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцан эзэмшиж бусдад түрээслэх гэх мэт үйл ажиллагааг явуулдаг байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь 48 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байхгүй бөгөөд зөвхөн оршин суугч айл өрхүүдтэй гэрээ байгуулан ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, дуудлага ирүүлсэн тохиолдолд төлбөртэй засвар үйлчилгээ хийж өгөх үүрэг хүлээдэг юм.

2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус газрын "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9"-ийн сантехникч Ц.С-ыг 48 цагийн амралттай байх хугацаанд салбараас нь "Өр авлага барагдуулах" багийн ажилд оролцуулахаар өдрийн 12 цагт дуудан ирүүлжээ. Гэтэл тухайн багийн ажлын дараа сантехникийн засварчин Ц.С- засвар хийлгэх дуудлага өгөөгүи айлд засварын ажил сайн дураар хийх явцад босоо шугамын хаалтад гэмтэл учруулсан улмаас ус шүүрч шалан дээр байсан Ц.Э-ын ном норох шалтгаан болжээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан "ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ". гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж гомдол гаргаж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00961 дугаар шийдвэрийн тус газар холбогдох хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулах гомдлыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ, Ц.С- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 682 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас ус алдан миний 133 ширхэг ном норж гэмтэн, ашиглах боломжгүй болсон” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  ОСНААУГ ОНӨААТҮГ-ын харъяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 9”-ийн ажилтан Ц.С-ын буруутай үйл ажиллагааны улмаас ус алдаж Л.Цэндийн түрээсэлж байсан оёдлын газарт тавьсан 133 ном норж гэмтсэн, нэхэмжлэгч Ц.Э- хариуцагч Ц.С-од усанд норж гэмтсэн 133 ширхэг номыг хүлээлгэн өгсөн,  хариуцагчийн гэрээс дээрх номууд алдагдаж, үлдсэн 23 ширхэг номыг нэхэмжлэгчид буцааж өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх 91 дүгээр тал/

 

            Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Ц.С- тухайн өдөр өр төлбөр барагдуулахаар ажиллаж байсан, хувиараа тохирч ажилласан байх, СӨХ манайхтай гэрээ байгуулаагүй” гэж тайлбарласан байна.

Хэргийн 79-83 дугаар талд Ц.Э-ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авагдсан байх бөгөөд Ц.Э- нь ОСНААУГ ОНӨААТҮГ-т дуудлагын засварчнаар ажиллаж байсан болох нь тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Ц.С-ын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 48 дугаар байрны 80 тоот айлын ус алдсан гэмтлийг засах зорилгоор тус байрны подвальд байрлах хүйтэн усны шугамын крантыг резинэн бээлийгээр засаж, түр хугацаанд тогтоож орхисон буруутай үйлдлийн улмаас ус алдаж нэхэмжлэгч Ц.Э-ын ээж, гэрч Л.Цэндийн оёдлын үйл ажиллагаа явуулж байсан өрөөнд байсан нэхэмжлэгч Ц.Э-ын нэр бүхий 70 төрлийн 133 ширхэг ном норж гэмтсэн, дахин ашиглах боломжгүй болсон үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

            2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар норж гэмтсэн 70 төрлийн нэр бүхий номын үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар тооцсоноор нийт 1 617 720 төгрөгөөр үнэлгээг тогтоосон, дээрх үнэлгээг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй байна. /хх 130-145 дугаар талд/

 

             Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч Ц.Э- нь ОСНААУГ ОНӨААТҮГ, Ц.С- нарыг хариуцагчаар татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогч байгууллага буюу ОСНААУГ ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийг 1 дэх заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00961 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 1 617 720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-т олгож нэхэмжлэлээс үлдэх 64 280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаас  “... хуулийн” гэж давхардуулан бичсэнийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО