Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2019/00961

 

 

 

 

 

   

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2019/00961

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Э /ТЗ71112079/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: О –д гэж товчилно/,

Хамтран хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжны 1240 тоотод оршин суух, Хотон овогт Цогтбаатарын Соронзонболд /ЧГ85082116/ нарт холбогдох

Гэм хорын хохиролд 1,682,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч О-ын төлөөлөгч Д.Гансүх, Б.Сосорбарам, хамтран хариуцагч Ц.Соронзонболд, иргэдийн төлөөлөгч Л.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орой Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв 9-ийн сантехникч Ц.Соронзонболд нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 48 дугаар байрны 6 дугаар орцын B1 давхарт хүйтэн усны шугам хааж, тус байрны 80 тоот айлаас ус алдсаныг засчихаад буцаад крантыг нээхэд ус шүүрч байсан. Үүнийг засахдаа хариуцлагагүй хандаж, технологийн дагуу хийгээгүй. Тухайн үед нь манай ээж Цэнд харж байсан, сайн засахгүй бол наадах чинь шүүрээд байна, ус алдах магадлалтай гэж хэлсэн байдаг, гэтэл тоогоогүй, түр аргацаагаад явсан. Үүнээс болж ээжийн түрээсэлж байсан оёдлын газарт ус алдаж, миний хайрцаглан тавьсан байсан 133 ширхэг ном норж гэмтэн, ашиглах боломжгүй болсон. Тухайн үед Ц.Соронзонболд нь ажил үүргээ гүйцэтгэж явсан, өөрийн буруугаа зөвшөөрөөд миний төлбөрийг төлнө гэж надаас 133 ширхэг номыг авсан, харин мөнгө өгөөгүй, хулгайд алдсан гээд 13 ширхэг л номыг буцаан өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтных нь хариуцлагагүй байдлын талаар би байгууллагад нь удаа дараа хэлж, мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би норж гэмтсэн, дахин ашиглах боломжгүй 133 ширхэг номыг түрээсийн төлбөр төлөх зорилгоор бусдад худалдах гэж байсан юм. Гэтэл Ц.Соронзонболдын хариуцлагагүй байдлаас болж ус алдаж, би номуудаа бусдад худалдах боломжгүй болж хохирч байна. Уг 133 ширхэг ном бол манай гэр бүлийн цуглуулга буюу номын сангийн номууд байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис 26 ширхэг, Монгол ардын үлгэр 2 ширхэг, Бөгжний эзэн, Нарниа: Үүрээр аялагч гэх мэт 70 төрлийн 133 ширхэг ном байсан юм. Энэ номуудаа би өөрөө явж судлан нийт 1,682,000 төгрөг гэж тогтоосон. Мөн энэ талаар шинжээч томилуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлт миний нэхэмжилсэн дүнтэй ойролцоо гарсан байна лээ. Иймд надад учирсан хохиролд 1,682,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Ц.Соронзонболдын ажил олгогч буюу Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас нэхэмжилж байна.

 

 

Хариуцагч О ОНӨААТҮГ, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь хэрэглэгчийг халуун, хүйтэн ус, дулаанаар хангах ба засвар үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийдэг. Яагаад гэвэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу орон сууцны дотор өмчлөл нь манай эзэмшилд байдаг тул заавал гэрээний үндсэн дээр ажилладаг. Манай дуудлагын засварчин 24 цаг гараад 48 цаг амардаг ба тухайн өдөр Ц.Соронзонболд нь өр барагдуулах журмаар ажиллаж байсан байдаг. Гэхдээ тус 48 дугаар байранд биш байдаг. Харин Ц.Соронзонболд яаж яваад 48 дугаар байрны 80 тоотын айлд засвар хийх очсоныг бид мэдэхгүй байна, энэ хүн хувиараа тохирсон байх. Харин ус алдсан дуудлага нь 2017.05.27-ны өдрийн үүрийн 05.30 цагт ирсэн нь дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг. Үүний дагуу дуудлагын инженер Эрдэнэ-Очир очиж арга хэмжээ авсан. Энэ хохирлыг манай байгууллагаас биш харин СӨХ-ноос нэхэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хамтран хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр би айл өрхүүдийн өр барагдуулах ажлаар явж байсан байна нь үнэн. Гэхдээ 48 дугаар байранд ажиллаж байсан. Гадаа явж байхад 48 дугаар байрны 80 тоотын эмээ манайд ус алдчихлаа, чи янзлаад өг, дуудлага өгөөд хүн ирсээр байтал хугацаа алдах гээд байна гээд гуйсан. Тийм учраас би тус айлын ус алдсан гэмтлийг засах зорилгоор подвальд байдаг усны хаалтыг хаасан. Янзалж дуусаад нээхэд усны хаалт нэлээд хуучирч муудсан байсан учир хаагдахгүй, ус шүүрсэн, түүнийг нь би түр аргацаагаад, 1 дэх өдөр хүртэл тэсэх байх гэж бодсон. Тэгээд ээлжийн ажилтан Эрдэнэ-Очирт хэлсэн. Тухайн үед хариуцлагагүй хандсан нь миний буруу. Би уг нь нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулаад өгье гэж хэлсэн, номуудыг нь авсан, ажил дээр байлгаж байгаад гэртээ аваачсан боловч гэрт хулгай ороод аваад явсан. Үлдсэн 23 ширхэг номыг буцаагаад өгсөн. Би уг нь боломжоороо мөнгийг нь төлье гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

                                                                    

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч О ОНӨААТҮГ болон Ц.Соронзонболд нарт холбогдуулж гэм хорын хохиролд 1,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад 1,682,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар О ОНӨААТҮГ-аас гаргуулна гэж тодруулсан.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг О ОНӨААТҮГ-ын харьяа ХҮТ-9-ийн ажилтан Ц.Соронзонболдын буруутай ажиллагааны улмаас миний ээж Л.Цэндийн түрээсэлж байсан оёдлын газарт хайрцаглан тавьсан миний 133 ширхэг ном норж гэмтэн, дахин ашиглах боломжгүй болсон, түрээсийн төлбөр төлөх зорилготой байсан боловч чадаагүй бөгөөд хариуцагч Ц.Соронзонболд нь 133 ширхэг номыг надаас миний хохирлыг барагдуулна гэж хүлээн авсан боловч хулгайд алдсан гээд 23 ширхэг номыг нь өгсөн, энэ 23 ширхэг номыг ашиглах боломжгүй учир уг 133 ширхэг номыг тухайн үеийн ханшаар нь тооцож 1,682,000 төгрөг болсон тул уг хохирлыг ажилтныхаа өмнөөс О ОНӨААТҮГ хариуцах ёстой гэж тайлбарлав.

 

Хариуцагч О ОНӨААТҮГ нь дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд Ц.Соронзонболд тухайн үед өр төлбөр барагдуулах зорилгоор ажиллаж байсан боловч 48 дугаар байранд ажиллаж байгаагүй, тухайн хүнтэй хувиараа тохирч ажилласан байх, тэгээд ч СӨХ нь манайхтай гэрээ байхгүй, ус алдсан дуудлагынх нь дагуу очиж янзалсан гэж,

Хамтран хариуцагч Ц.Соронзонболд нь би тухайн үед 1 дэх өдөр хүртэл тэсэх байх гэж бодоод усны крантыг түр тогтоогоод явсан нь үнэн, уг нь би хохирлыг нь барагдуулья гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөхгүй байсан, номуудыг нь аваад ажил дээрээ байлгаж байгаад зун гэртээ аваачсан боловч гэрт хулгай ороод алдсан, 23 ширхэг ном үлдсэнийг нь би нэхэмжлэгчид буцааж өгсөн гэж тус тус мэтгэлцсэн.

           

Хариуцагч Ц.Соронзонболд нь 2017.03.31-ний өдрөөс О ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9-д дуудлагын засварчнаар ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2017.05.27-ны өдрийн Бямба гарагт борлуулалтын байцаагч Ц.Мягмаржаргалтай хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 48 дугаар байранд өр авлага цуглуулах ажлаар явж байхдаа тус байрны 80 тоотын айлд ус алдсан гэмтлийг засах зорилгоор тус байрны 6 дугаар орцны подваль /B1 давхар/-д байрлах дундын шугамын усны крантыг хааж, буцаан нээх үед ус шүүрсэн байдлыг тогтоох зорилгоор хүйтэн усны крант /винтель/-ийг резинэн бээлийгээр засчээ.

 

Дээрх байдлын улмаас ус алдаж, тус подвальд оёдлын үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч Ц.Эын ээж, гэрч Л.Цэндийн өрөөнд байсан нэхэмжлэгч Ц.Эын хайрцаглан тавьсан “Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис” 26 ширхэг, “Монгол ардын үлгэр” 2 ширхэг, “Бөгжний эзэн”, “Нарниа: Үүрээр аялагч” гэх мэт нийт 70 төрлийн 133 ширхэг ном норж гэмтэн, дахин ашиглах боломжгүй болж, нэхэмжлэгч Ц.Эт хохирол учирсан байна.  

 

Нэхэмжлэгч Ц.Э нь 2017.05.29-ний өдөр ХҮТ-9 орон сууцны контоорын захиргаанд гомдол гаргаж, уг үйлдэлд хариуцагч Ц.Соронзонболд буруутай байдлаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Эын хохирлыг барагдуулахаар норж, гэмтсэн номуудыг түүнээс 2017.05.29-ний өдөр хүлээн авсан байх боловч хохирлыг барагдуулаагүй, номуудыг хулгайд алдсан гэж тайлбарлан, үлдсэн 23 ширхэг номыг буцаан өгчээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, Ц.Эын 2017.05.29-ний өдөр ХҮТ-9 орон сууцны контоорын захиргаанд гаргасан өргөдөл, хариуцагч Ц.Соронзонболдод ном хүлээлгэн өгсөн тухай жагсаалт, гэрэл зураг, Ц.Соронзонболдын 2017.03.31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 23 ширхэг номыг нэхэмжлэгч Ц.Эт буцаан өгсөн тухай хариуцагч Ц.Соронзонболдын 2018.11.15-ны өдрийн баримт, 2019.03.11-ний өдрийн ОНААУГ ОНӨААТҮГ-ын ХҮТ-9-ийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Соронзонболдын ажил үүргээ гүйцэтгэх явцад Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын 48 дугаар байрны 80 тоот айлын ус алдсан гэмтлийг засах зорилгоор тус байрны подваль /B1 давхар/-д байрлах хүйтэн усны шугамын крант /винтель/-ийг резинэн бээлийгээр засаж, түр хугацаанд тогтоож орхисон буруутай үйлдлийн улмаас ус алдаж нэхэмжлэгч Ц.Эын ээж, гэрч Л.Цэндийн оёдлын үйл ажиллагаа явуулж байсан өрөөнд байсан нэхэмжлэгч Ц.Эын нэр бүхий 70 төрлийн 133 ширхэг ном норж гэмтсэн, дахин ашиглах боломжгүй болсон үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.‑д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1.-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 510 дугаар зүйлийн 510.1.-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”  гэж тус тус заажээ.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч Ц.Эт хуулийн дээрх заалтуудын дагуу шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь өөрт учирсан хохирлыг 1,682,000 төгрөг гэж тодорхойлсон, шүүх түүний хүсэлтээр шинжээч томилсон, шинжээчээр томилогдсон Вендо ХХК-ийн 2019.04.19-ний өдрийн дүгнэлтээр норж гэмтсэн 70 төрлийн 133 ширхэг номын зах зээлийн үнэлгээг 1,617,720 төгрөг гэж тогтоосон байх тул хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр буюу 1,617,720 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч О ОНӨААТҮГ-ын ХҮТ-9-ийн дуудлагын засварчин Ц.Соронзонболд өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байх бөгөөд түүний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ц.Эт учирсан 1,617,720 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар О ОНӨААТҮГ хариуцах үүрэгтэй тул хариуцагч О ОНӨААТҮГ-аас 1,617,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 64,280 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ц.Соронзонболдод холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин хариуцагч О ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 2017 оны ХҮТ-9-ийн Рапортын дэвтрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй. Учир нь тус дэвтэрт бичигдсэн 2019.05.27-ны өдөр 05.20 цагт 48 дугаар байрны 6 дугаар орцны подвальд ус алдсан дуулага авсан тухай тэмдэглэл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, өөрөөр хэлбэл 2017.05.27-ны өдрийн дуудлага нь өглөөний 08.04 цагаас 23.00 цаг хүртэл бичигдсэн байх ба, үүний дараа өглөөний 05.20 цаг гэж бичигдсэн байгааг дурдав.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас 1,617,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 64,280 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ц.Соронзонболдод холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эаас тэмдэгтийн хураамжид төлсөн 41,862 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас 40,833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

                         ШҮҮГЧИД                                                      И.АМАРТӨГС

                                                                   

                                                                               Ч.ДАВААСҮРЭН