Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

С.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч С.Н /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Н-д холбогдох 2128000000011 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Өмнөговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт “М” шатахуун түгээх станцын хойд талын засмал зам дээр Б.Б, З.Г нартай маргалдан Б.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, З.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь С.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэж, шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 5230000 төгрөг төлсөн, хохирогч З.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхэг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн DVD 2 ширхэг, туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн СD 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нар нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болоод шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгийг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан бодит дүгнэлт хийж чадалгүйгээр С.Н-н гэм буруутай байдалд дүгнэлт хийхдээ түүний эрх зүйн байдлыг дордуулан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн болсон тул хуульд заасан эрхээ эдлэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхнийг дахин С.Н-д холбогдох эрүүгийн хэргийг эрх хэмжээнийхээ хүрээнд бүхэлд нягтлан шалгаж хууль зүйн бодитой дүгнэлтийг хийлгэх, улмаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй.

...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар С.Н-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхэд эргэлзээ төрсөн учир гэрч Ч.П, хохирогч З.Г, Б.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тэр дундаа гэмт хэрэг хаана хэрхэн яаж үйлдэгдсэн гэх гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын нэг болох нөхцөл байдлыг сэргээн дүрслүүлэх, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах зорилготойгоор оролцуулж шаардлагатай тодруулга хийх асуултуудыг асуусан.

Гэтэл гэрч Ч.П, хохирогч З.Г, Б.Б нараас гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн өөрөөр хэлбэл яллагдагч С.Н нь хохирогч Б.Б-г яг ямар байдлаар хэрхэн яаж санаатай хутгалсан гэх идэвхитэй, шууд санаатай үйлдлийг хийсэн талаарх байдлыг дахин дахин тодруулан асуухад хохирогч Б.Б нь өөрөө хүнийг татаж, боож машинаас хүчээр хүч хэрэглэн буулгаж унагасан үйлдлээ, хохирогч З.Г нь хэргийн болсон зарим нөхцөл байдлыг мэдэж байгаа боловч хэрэгт өмнө нь байцаалт авсан мэдүүлэгтээ хэргийн байдлыг бүрэн дүүрэн мэдэж байгаа юм шиг мэдүүлэг өгсөн нь өөрөөр хэлбэл 2021.01.12-ны өдөр хх-ийн 42 дугаар талд гэрчээр мэдүүлэг өгөхдөө:... би машинаас жаахан холдоод 2 метр зайтай зогсож байтал Б нөгөө залууг буулгах гээд зүүн ард талын хаалга руу очоод онгойлгох гэхэд нөгөө цагаан куртиктэй залуу зүүн гартаа хутга бариад өөдөөс нь буугаад хажууд нь байсан Б-г хутгалчих шиг болсон гэх мэдүүлгийг өгсөн байдаг боловч уг үйл явдлыг үнэн зөвөөр 2 нүдээрээ харсан эсэхийг дахин тодруулахад С.Н машинаас хэрхэн буусан, Б-г Н машинаас буулгасан эсэх, хутгалчих шиг болсон гэдэг хэлсэн зүйлийг та яг хутгалж байхыг харсан уу гэхэд үгүй гэх мэдүүлгийг шүүх хуралдаан дээр хэлж ярин өмгөөлөгч миний асуултанд хариулснаас үзэхэд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээ өөрөө няцаан үгүйсгэж, хараагүй, үзээгүй, би тэгж бодсон гэх байдлаар тэр дундаа С.Н нь хохирогч Б.Б-г аль гараараа, хаана байж байхад нь хэрхэн хутгалсан үйлдлийг хараагүй гэдгээ П-н хувьд С.Н хохирогч Б.Б-г хутгалсан санаатай, идэвхитэй үйлдлийг хараагүй гэх тус тус мэдүүлгийг шүүхийн шатанд хүлээн мэдүүлж хариулсан зэрэг нөхцөл байдлуудаас харвал шүүгдэгч С.Н-г хохирогч Б.Б нь хүчээр машинаас татаж буулгах явцад С.Н-н гарт байсан хутганд өртөн хүнд гэмтэл авсан байхыг үгүйсгэх аргагүй болоод байгаа юм.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие болсон нөхцөл байдалд туршилт хийлгэсэн. Туршилтын явцаас харахад С.Н нь шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн идэвхитэй үйлдэл хэрхэн яаж Нандинхүү үйлдээд байгаа юм гэдэгт онцгойлон анхаарч үзээгүй байна. Ингэхээр хэрэгт авагдсан хэрэг болох үед байсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг бодитойгоор бүрэн дүүрэн мэдүүлж чадаагүй, гэрчилж чадаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж, шүүгдэгчийг буруутган хэргийг шийдвэрлэсэнд гомдол байгаа болно.

Анхан шатны шүүх С.Н-н үйлдсэн гэмт хэргийг тухайн хэрэг учрал болсон нөхцөл байдлыг бодитойгоор бүрэн дүүрэн дүгнэж чадаагүй, мөн түүний эрх зүйн байдлыг хэт дордуулан хэргийг шийдвэрлэж ял халдаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Иймд С.Н-н гэм буруутай байдалд эргэлзээ төрж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэдэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах буюу С.Н-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйчлүүлж, оногдуулах ял шийтгэлд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нартай маргалдсаны улмаас биед нь санаатайгаар гэмтэл учруулсан болох нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү. өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-н хорих ялаас 2 жил хасагдах үндэслэлтэй байна. Мөн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн хүрээнд хангалттай нотлогдсон. Нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Надад цаашдаа сурч боловсрох, ажиллах гээд их зүйл байгаа. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүйгээр гаргасан алдаагаа ухамсарлаж хичээж ажиллахаа амлаж байна. Хохирогчийн биеийн байдалд өөрийнхөө чадах чинээгээрээ санаа тавьж, анхаарах болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шийтгэх тогтоолын 5 дугаар хуудсанд дурдсанаар шүүгдэгчийг Буяндэлгэртэй маргалдан улмаар зэвсэг хэрэглэн бие махбодод гэмтэл учруулсныг болгоомжгүй гэж үзэх үндэслэлгүй. Харин бусдын эрх чөлөөнд халдахдаа хууль бус гэдгийг ухамсарлаад хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үр дагаврыг зориуд бий болгосон. Өөрийн үйлдлийг ухамсарласан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Шүүх хуралдааны явцад туршилт хийлгүүлсэн. Тэр туршилтад тухайн машинд яаж суусан, шүүгдэгчийг хоолойг нь боож машинаас татаж буулгахад шүүгдэгч хутгаа зүүн гартаа доор барьсан байсан хутганд хохирогч өртсөн байсан гэж үр дүн гарсан. Шүүгдэгчийн зүгээс идэвхтэй үйлдэл хийгээгүй байсан. Тэгэхээр шүүх хохирогчийн болон бусад оролцогч нарын мэдүүлгүүдийн ялгааг арилгаагүйгээр дүгнэсэн гэж үзэж байна.

   Анхан шатны шүүх эргэлзээтэй байдлаар хэргийг дүгнэсэн. Хэрэв эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалттай. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь хэсгүүдэд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...Гэртээ  гал түлэх гэж мод зорж байсан хутгаа хармаалсан байснаа мартаад тэр чигээрээ гараад явсан байсан. ...Би хутга барьсан байдалтай байсан. ...Тэгээд Б.Б намайг боож З.Г миний нүүр рүү цохиж, өшиглөсөн тэр үед надад хэцүү үхэх гэж байгаа мэт мэдрэмж төрөөд болъё гэж сул дуугаар хэлсэн. Тэгээд хутгаа хаяхад гэрч эмэгтэй ирж хутгыг авсан. Улсын яллагчаас: Хийсэн гэмт хэрэг болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж байна гэж ойлгож болох уу гэж асуухад шүүгдэгчээс: Хүнд гэмт хэрэгт холбогдсон. Санаатай үйлдэл хийгээгүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Машинаас буугаад З.Г, Б.Б нарыг хутгалах, хутгатай гараараа далайх идэвхитэй үйлдэл хийсэн үү гэж асуухад шүүгдэгчээс: Хийгээгүй. Намайг машинаас татаж буулгасан учраас надад тийм боломж байгаагүй гэсэн мэдүүлгийг, мөн шүүх хуралдаанд хохирогч Б.Б-н өгсөн ...Тухайн үед би их согтолттой байсан. Нэг мэдэхэд цагаан куртиктэй залуутай барилцаад зогсож байсан. Тэгээд хэвлий хэсэгт час хийх шиг болсон. Тэр залуугаас холдоод цамцаа сөхөөд харахад гэдэс цувсан байсан гэсэн, мөн шүүх хуралдаанд хохирогч З.Г-н өгсөн ...С, Б бид 3 шөнийн 4 цаг хүртэл пиво уучихаад Ч.П-г гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад М шатахуун түгээх газрын хажууд С.Н цагаан куртиктэй алхаж байсан. Эхлээд өнгөрөөд явсан. Өвлийн хүйтэнд хүргээд өгье гэж Б.Б-с асуухад Б.Б за тэгье гээд эргэж очиж авсан. Машинд суулгаад хаа хүрэх вэ гэж асуухад цогцолборын арын байр гэж хэлсэн. Аль цогцолбор вэ гэж асуухад зүгээр дуугүй яв та нар уусан юм уу гэж асуусан. Би хөлдөж үхэх гэж байхад чинь аварлаа шүү пизда минь гэж хэлээгүй. Маргалдаад яах вэ дээ маргалдах гэж байгаа бол буучихгүй юу даа гэж хэлэхэд араас уцаарлаж, уурлаад байсан. Б.Б буугаад С.Н-г буулгах гэж очиход Б.Бийг хутгалчих шиг болсон. Тэгээд би очоод цамцыг нь сөхөөд харахад гэдэс нь унжчихсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд миний өмнөөс дайрсан. Би биеэ хамгаалахын тулд С.Н-тэй зодолдсон. Зодолдож байгаад хутгатай гарыг нь барьж аваад дарсан. Би Б.Бийг хутгыг нь аваатах гэж хэлэхэд Б.Б ирж хутгыг авсан. С.Н-н араас боож машиндаа хүчээр суулгаад хаалгыг нь дарж байхад эмнэлэг, цагдаа ирсэн. Б.Б-г хутгалчихаад над руу хутгаараа чичилж дайрсан учраас зодолдсон. Би өөрийгөө хутгалуулахаас хамгаалсан  /хх-213-216/ гэсэн мэдүүлгүүдтэй харьцуулан үзэхэд шүүгдэгч С.Н нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэхээр байна.

Гэтэл Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай яллах дүгнэлтэд С.Н-н үйлдлийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  зүйлчилсний дагуу дээрх гэмт хэрэгт буруутайд тооцож С.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “шүүгдэгч С.Н-н хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн нас, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирогч нарт учруулсан хор уршигаа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял ...шийтгэж шийдвэрлэв” гэж дүгнэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаарх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн заалтыг хэрэглэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/54 шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Н-д холбогдох 2128000000011 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч С.Н-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ТӨМӨРБААТАР                      

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                               Н.НАСАНЖАРГАЛ