Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.Н,

Өмгөөлөгч: Ц.Б,

Хохирогч: Б.Б, З.Г,

Өмгөөлөгч: Э.Н,

Гэрч: Ч.П,

Иргэдийн төлөөлөгч: Т.Э,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ын Нд холбогдох 21280000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

  Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Ө аймгийн Д сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мон-Суль” шатахуун түгээх станцын хойд талын засмал дам дээр Б.Б, З.Г нартай маргалдан Б.Бийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, З.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Нг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 11 цагийн үед Э гэдэг дүүтэйгээ чаталж байгаад уулзаж тамхи авч татахаар гарч алхаад таксины зогсоол дээр ирсэн боловч такси байгаагүй. Тэгээд би Э рүү таксины зогсоол дээр такси байхгүй байна би хойшоо алхаж байя өөдөөс алхаж байгаарай гэж чат биччихээд хойшоо алхаж явахад такси гэсэн синтпортой цэнхэр өнгийн авто машин намайг өнгөрч яваад Хайрханы зогсоолоос буцаж эргэж намайг авсан. Тэгээд суухад хаачих вэ гэж асуусан.  Би 5 дугаар сургуулийн хажуу талын байр орно би заагаад өгье. Би байршлаа сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. Би машины зөв талын ард талын суудалд суусан. Зөв талын урд талд сууж байсан хохирогч З.Г эргэж хараад хөлдөж үхэх гэж байхад чинь аварлаа шүү пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр архи уусан байгаа юм уу гэсэн чинь уусан байна гэж хэлсэн. Уусан байж машин барьж болохгүй ш дээ гэж хэлэхэд над руу уурлаад байсан тэгэхээр нь би айсандаа та хэд яагаад байгаа юм бэ гэхэд машинаа зогсоогоод пиздакыг буулгаад хаячихъя гэж хэлсэн. Би хутга барьсан байдалтай байсан. Тэр үед гэрч эмэгтэй машинаас шууд буугаад гүйгээд явсан. З.Г бас машинаас буусан. Би айгаад бууж чадахгүй сууж байхад Б.Б ирж миний зөв талын хаалгыг татаж онгойлгоод намайг татаж газар унагаасан. Би босож ирээд яагаад байгаа юм бэ гэхэд дахиж барьж аваад намайг дахиж газар унагаасан. Тэгээд Б.Б намайг боож З.Г миний нүүр рүү цохиж, өшиглөсөн тэр үед надад хэцүү үхэх гэж байгаа мэт мэдрэмж төрөөд болъё гэж сул дуугаар хэлсэн. Тэгээд хутгаа хаяхад гэрч эмэгтэй ирж хутгийг авсан. Б.Б миний бие ийм болсон байна гэхэд гэдэс нь зүсэгдсэн байсан. З.Г гэрч эмэгтэйг түргэн тусламж дууд гэж хэлээд гэрч эмэгтэй түргэн тусламж дуудсан. Тэгээд нар над руу дайраад байж байхад түргэн болон цагдаагийн машин ирсэн чинь гэрч эмэгтэй хөөе боль гэж хэлээд больсон. Би Бийн эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлс гэж 5.230.000 төгрөг төлж  хохирлыг барагдуулсан байгаа. Би маш их харамсаж байна. Хохирогч З.Г, Б.Б нараас уучлалт гуйж байна. Намайг уучлаарай.

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би их согтолттой байсан. Нэг мэдэхэд цагаан куртиктэй залуутай барилцаад зогсож байсан. Тэгээд хэвлий хэсэгт час хийх шиг болсон тэр залуугаас холдоод цамцаа сөхөөд харахад гэдэс цувсан байсан. Хажууд байсан хүүхэн түргэн тусламж, цагдаа дуудсан. Гэдсээ хараад ухаан балартаад сонин болсон. Нэг мэдэхэд хагалгаанд орж байсан. С.Н эмнэлгийн төлбөр, эм тарианы төлбөр гэж 1.730.000 төгрөг төлсөн. Өөрсдөө тохиролцож 3.500.000 төгрөг өгсөн. Нийт 5.230.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Хохирогч З.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: С, Б бид 3 шөнийн 4 цаг хүртэл пиво уучихаад Ч.Пг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад Мон-Суль шатахуун түгээх газрын хажууд С.Н цагаан куртиктэй алхаж байсан. Эхлээд өнгөрөөд явсан. Өвлийн хүйтэнд хүргээд өгье гэж Б.Бээс асуухад Б.Б за тэгье гээд эргэж очиж авсан. Машинд суулгаад хаа хүрэх вэ гэж асуухад цогцолборын арын байр гэж хэлсэн.  Аль цогцолбор вэ гэж асуухад зүгээр дуугүй яв та нар уусан юм уу? гэж асуусан. Би хөлдөж үхэх гэж байхад чинь аварлаа шүү пизда минь гэж хэлээгүй. Маргалдаад яах вэ дээ маргалдах гэж байгаа бол буучихгүй юу даа гэж хэлэхэд араас уцаарлаж, уурлаад байсан. Б.Б буугаад С.Нг буулгах гэж очиход Б.Бийг хутгалчих шиг болсон. Тэгээд би очоод цамцыг нь сөхөөд харахад гэдэс нь унжчихсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд миний өмнөөс бас дайрсан. Би биеэ хамгаалахын тулд С.Нтэй зодолдсон.  Зодолдож байгаад хутгатай гарыг нь барьж аваад дарсан. Би Б.Бийг хутгийг нь аваатах гэж хэлэхэд Б.Б ирж хутгийг авсан. С.Нгийн араас боож машиндаа хүчээр суулгаад хаалгыг нь дарж байхад эмнэлэг, цагдаа ирсэн. Одоо надад гомдол санал байхгүй.

Гэрч Ч.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 3 найзындаа сууж байгаад намайг гэрт хүргэж өгөх гэж явсан. Тухайн үед Хайрхан дэлгүүрийн засмалаар хойшоо явж байхад нэг цагаан куртиктэй хүн гар өргөөд явж байхыг хараад хэтэрч хайрхан дэлгүүрийн машины зогсоол руу ороод эргэж тэр хүнийг очиж авсан. Хаана хүрэх вэ гэхэд цогцолборын арын байр гэж хэлсэн. Тухайн үед машинд та гурав уучихсан юм уу, та гурав гурвуулаа явж байж намайг дээрэлхэх гээд байгаа юм уу гэсэн байдалтай өндөр чанга дуугаар ярьж эхэлсэн. Тэр үед машинаа зогсооход С.Н би такси бариад явмаар байна пиздануудаа гээд хутга гаргаж ирсэн. Би машины арын суудалд сууж явсан. Би хутга гэж хэлээд машинаас буусан. Буугаад би Мон-Суль колонкын хажууд очиж зогсоод цагдаа дуудсан. Би хутганаас нь айгаад ойртож чадаагүй. Цагдаа дуудчихаад нэлээн холоос харж байгаад хохирогч Б.Бийг машин налаад сонин байхаар нь би очсон. Б.Б цамцаа сөхөөд харахад гэдэс нь цувчихсан байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Тухайн үед З.Г шүүгдэгчийг дарж хутгийг аваарай гэж хашхирахад Б.Б хутгийг авч байхыг би харсан. С.Нг машинд оруулсан дараа би машин дээр очиж хохирогч нартай машины хаалгыг гаднаас нь гурвуулаа дарж байхад цагдаа, түргэн тусламж ирсэн.

Иргэдийн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Нд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас С.Н Б.Бийн биед хүнд гэмтэл учруулсан, З.Г-ыг зодсон байна. Аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас энэ хэрэг гарсан байна. Хохирогч нар болон шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол энэ хэрэг гарахгүй байсан байх гэж бодож байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний ааш зан ямар байдаг билээ, маргалдсаны улмаас энэ гэмт хэрэг гарчээ. С.Н миний бага хүүгээс дүү юм байна. Дөнгөж эцэг, эхийн гараас гарсны дараа нийгмийн харилцаанд оролцох явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас ийм хэрэгт орсон байна. Нөгөө талаас хохирогч нар С.Нгээс насны хувьд ах харагдаж байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь энэ гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэртээ байсан бол энэ хэрэг үйлдэгдэхгүй байсан байна. Өнөөдрийн хэрэгт хохирогч, шүүгдэгчээр оролцож байгаа 3 залууг хараад харамсаж суулаа. С.Нг гэрээсээ санаатай хутга авч гарч хохирогч нарын алъя гэсэн санаатай байгаагүй гэж ойлгож байна. Өөрийнх нь мэдүүлж байгаагаар сэтгэл санааны хямралтай байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн тааралдсан хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас муудалцаж энэ хэрэг гарсан байна. Санамсаргүй үйлдэгдсэн хэрэг байна гэж хувь хүний хувьд дүгнэж байна. Залуу хүн алдаж болно алдаан дээрээ суралцаж дахиж алдахгүй байх ёстой. Хохирогч Ч.Пд хэлэхэд эмэгтэй хүн байж 2 архи уусан найзаараа тээврийн хэрэгсэл жолоодуулаад явуулж байгаад харамсаж байна. Хэрвээ би Ч.Пгийн оронд байсан бол энэ айлдаа хоноё гэж хэлээд энэ аюулаас гэтэлгэх байсан. Цаашдаа энэ залуучууд амьдралдаа алдах эрхгүй байхаар ойлгосон байх гэж бодож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 19 цагийн үед Г руу залгаад “би маргааш ажилдаа явна. Хэдэн пиво уух уу” гэсэн чинь Г “тэгье, чи С-ийн гэрт яваад оч” гэсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа С-ийн Дундсайханд байдаг гэрт нь өөрийнхөө 90-30 ӨМЭ улсын дугаартай авто машинаараа очсон. Тэгээд Г, С бид гурав буцаж гараад Бд байх Баянбулаг гэдэг дэлгүүрээс 4 ширхэг 2.5 литрийн том пиво аваад буцаад С-ийн гэрт нь очиж С, Г, бид гурав ууж эхэлсэн. Тэгээд нэг их удалгүй Г-ын найз гээд нэг эмэгтэй ирсэн. С, Г, бид гурав юм ярингаа тухайн пивоо ууж дуусгачихаад гэррүүгээ харьцгаахаар болоод би өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн 90-30 ӨМЭ улсын дугаартай улсын дугаартай Тоуоta aqua маркийн авто машиныг жолоодоод Г урд талын зорчигчийн суудал дээр суугаад, Г-ын найз эмэгтэй ард талын суудал дээр суугаад С-ийн гэрээс нэлээн шөнө гарсан. Би цаг хараагүй. Би нэлээн их пиво уучихсан байсан болохоор С-ийн гэрээс гараад тасарчихсан. Тэгээд нэг ухаан орсон чинь нэг цагаан хувцастай намхандуу залуутай засмал зам дээр барилцаад авсан чинь миний баруун талын хэвлий хэсэгт халуун оргиод явчихаар нь би тэр залуугаас холдсон чинь Г тэр залуутай зодолдоод байсан. Тухайн үед би машин түшээд зогсож байгаад цамцаа сөхөөд харсан чинь гэдэс цувчихсан байсныг хараад ухаан балартчихсан. Миний хамгийн сүүлд санаж байгаагаар хамт явж байсан хүүхэн эмнэлэг цагдаа дуудаж байсныг санаж байна. Тэгээд нэг ухаан орсон чинь хагалгаанд орчихсон гээд гадаа нартай, би эмнэлэгт хэвтэж байсан. Би хэвлийдээ хутгалуулсан, баруун мөрөн дээрээ зүсүүлээд 1 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй. Нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 27-28-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: С-ийн гэрээс нэлээн согтуу машинаа унаад гарсанаа санаж байгаа. Тэгээд нэг ухаан орсон чинь нэг цагаан хувцастай намхандуу залуутай /яг хаана ямар зам дээр гэдгээ мэдэхгүй байна/ ямар ч байсан засмал зам, машиныхаа хажууд барилцаад авсан чинь миний баруун талын хэвлий хэсэгт халуун оргиод явчихаар нь би тэр залуугаас холдсон чинь Г тэр залуутай зодолдож эхэлсэн. Би машинаа налж зогсоод цамцаа сөхөөд харсан чинь миний гэдэс цувчихсан байсныг хараад ухаан балартчихсан. Хамт явж байсан хүүхэн эмнэлэг цагдаа дуудаж байсныг санаж байна. Тэгээд нэг ухаан орсон чинь хагалгаанд орчихсон гээд гадаа нартайд би эмнэлэгт хэвтэж байсан. Би өөрөө бол санахгүй байна. Г надад хэлэхдээ “Мон-Суль” шатахуун түгээх станцын хойд талын 4 замын уулзвар дээр тухайн хэрэг болсон гэсэн. Өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө уулзсан. Өөрийгөө Н гэж байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээ, эм тариа, гаднаас авсан уураг зэргийг бүгдийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг Нтэй тохиролцсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. /хх-ийн 30-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний үдээс хойш 16 цагийн үед ажлаасаа буюу “*******” ХХК-д 7 хоног ажиллаад ажлаасаа буугаад дөнгөж гэртээ ирээд байж байтал Б над руу 19 цагийн үед залгаад “би маргааш ажилдаа явлаа. Ганц нэг пиво уух уу” гэхээр нь би зөвшөөрөөд Б бид хоёр С-ийн Дундсайханд байдаг гэрт нь уулзахаар тохирсон. С, Б бид 3 элдэв юм ярингаа пивоо ууж дуусгачихаад гэррүүгээ харьцгаахаар болоод Б өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн 90-30 ӨМЭ улсын дугаартай Toyota aqua маркийн авто машиныг Б унаад, би урд талын зорчигчийн суудал дээр суугаад харин П ард талын суудал дээр суугаад 04 цаг болж байхад С-ийн гэрээс хөдлөөд Удирдлагын ордны ард талд байх мөсөн дээр очиж гулгахаар явтал Удирдлагын ордны ард талд мөс байгаагүй болохоор нь Пг гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал МТ шатахуун түгээх станцаас жаахан хойд талд буюу “Мон-Суль” шатахуун түгээх станцын замын эсрэг талд шахуу явган хүний замаар цагаан өнгийн куртиктэй залуу гараа өргөөд ганцаараа алхаж байсан чинь Б тэр залууг өнгөрөөд явчихаар нь би Бт “энэ залууг хүргээд өгчих үү” гэж яриад, эргэж очоод тэр цагаан куртиктэй залууг ард талд Пгийн хажууд суулгаад хаа хүрэх юм бэ гэсэн чинь цогцолборын арын байранд очно гэхээр нь машинтайгаа урагшаа жаахан яваад дөрвөн замын уулзварын баруун талаар шороо руу буугаад эргэж зам руу ороод эргэж гарч ирж зогсоод яг хаашаа юм, аль цогцолбор юм, хаашаа эргэх юм бэ гэтэл “та нар уучихсан байгаа юм уу” гэхээр нь уусан гэсэн чинь “та нар ингэж согтуу байж машинтай явж болж байгаа юмуу. Зүгээр дуугүй яв” гэх зэргээр зандраад хэрүүл хийгээд байхаар нь “чи буучихгүй юу тэгвэл” гэсэн утгатай юм хэлсэн чинь ална шүү пиздакуудаа гэхэд нь П “хутга байна хөөе” гээд буучихаар нь Б бид хоёр ч бас хамт буусан. Би машинаас жаахан холдоод буюу ойролцоогоор 2 метр орчмын зайтай зогсож байтал Б нөгөө залууг буулгах гээд зүүн ард талын хаалга руу очоод онгойлгох гэхэд нөгөө цагаан куртиктэй залуу зүүн гартаа хутга бариад бууж ирэнгүүтээ хажууд нь байсан Бийг хутгалчих шиг болонгуут нь би тэр залуугийн хутгыг булааж авах гээд очтол надруу хутгаа чичлээд дайраад байхаар нь би шууд очоод тэр залуугийн хутга барьчихсан зүүн гарыг нь баруун гараараа бариад унагаах гэхэд миний нүүр рүү баруун гараараа цохьчихоор нь би ч гэсэн тэр залууг зүүн гараараа цохиод бас тонгойлгож байгаад өшиглөх гэж оролдсон. Ер нь бол тэр хутгатай цагаан куртиктэй залуу бид хоёр засмал замаас авахуулаад шороо хүртэл нэлээн их зодолдсон. Тэгж байгаад би тэр залууг машины ард талд газар шороон дээр доороо оруулаад унагаагаад Б тэр залуугийн гараас хутгыг нь авангуутаа цамцаа сөхөөд харсан чинь баруун талын хэвлийн хэсгээс нь бага зэрэг цус гарчихсан уг шархнаас нь гэдэс нь унжаад гарчихсан байсан. Тэгээд би нөгөө залууг газар дараад хэвтэж байсан чинь тэр залуу өөдөөс эсэргүүцээд надтай зодолдоод байхад Б тэр залуугийн араас нь хүзүүнээс нь боож босгоод Б бид хоёр тэр цагаан куртиктэй залууг машинд хүчээр чихэж суулгаад ард талын хоёр хаалгыг Б бид хоёр дараад П урд талын хаалгыг гаднаас нь дарсан. Тухайн үед би Бээс хутгыг нь аваад гартаа бариад байж байтал эмнэлэг ирчихээр нь би эмчид “энэ хутгаар Бийг хутгалсан” гэж хэлээд хутгалсан хүн нь машин дотор байна гэсэн. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа цагдаа нар ирсэн. Удалгүй Бийг эмнэлэг машиндаа суулгаад хөдлөх гэж байхад цагдаа нар П бид хоёрыг Бийн машинд суулгаад нэг цагдаа Бийн машиныг жолоодоод бид нар хамт хөдлөөд цагдаа дээр ирсэн. Надад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн эсвэл нөлөөлөх гэж оролдсон зүйл байхгүй. Тухайн хэрэг гарсанаас хойш би Нтэй уулзаагүй, холбогдоогүй. Тухайн үед надад үүссэн байсан гэмтлүүд 2-оос 3 хоногийн дараа бүрэн арилсан учраас одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй, мөн сорви болон гэмтэл байхгүй учраас надад гомдол санал байхгүй. /хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч Ч.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед би найз залуу Гтай яриад Дундсайхны 4-18 тоотод байдаг С гэдэг найзындаа уулзахаар болсон. Тэгээд би гэрээсээ таксидаад С-ийн гэрт очтол Г, Б нар пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд бид нар юм яриад С, Г, Б нар 4 ширхэг 2.5 литрийн том пиво уугаад жаахан юм ярьж байгаад харьцгаахаар болоод 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед С-ийн гэрээс Б өөрийнхөө цэнхэр өнгийн Аqua маркийн суудлын авто машинаа жолоодоод Г урд талын суудал дээр суугаад харин би арын суудал дээр суугаад Удирдлагын ордны ард талд байх мөсөн дээр очиж гулгахаар явтал Удирдлагын ордны ард талд мөс байгаагүй учраас намайг гэрт хүргэж өгөхөөр явж байтал “Мон-Суль” шатахуун түгээх станцын хойд талын 4 замын уулзварын баруун талын явган хүний зам дээр цагаан куртиктэй залуу гараа өргөөд ганцаараа алхаж байхад нь Б зогсоод хүргээд өгчихье. Хаана хүрэх юм бэ гэсэн чинь цогцолборын хойд талын байранд очно гэхэд Б суучих гэсэн. Тэгээд тэр залуу миний хажууд урд талын зорчигчийн суудлын ард талд суухаар нь уг дөрвөн замын баруун талаар шороо руу буугаад эргэж зам руу орох гэж зогсоод Б, Г бид гурав яг хаашаа явах юм бэ, аль цогцолбор юм, хаашаа эргэх юм гэтэл “та нар яагаад байгаа юм. Уучихсан байгаа юм биш үү” гээд сонин харьцаад эхлэхээр нь “за за чи буучих” гэсэн чинь “ална шүү та нарыг” гэхээр нь би хажуудаа сууж байсан залууг харсан чинь баруун гартаа урт хутга барьчихсан байхаар нь би шууд айгаад машинаас буучихсан. Бараг надтай зэрэгцээд Б, Г хоёр ч бас машинаас буусан. Тэгээд би машинаас буугаад машины ард талаар тойрсон чинь нөгөө залуу хутгаа бариад буугаад ирсэн. Харин Б тэр залуугийн яг урд нь зогсож байгаад цагдаа дууд гээд надад хэлсэн чинь тэр залуу “дууд чи дууд та нар өөрсдөө согтуу явж байгаа биздээ” гээд чанга хашгирахаар нь би ер нь яаж ч мэдэхээр юм байна гэж бодоод засмал замын эсрэг тал буюу ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарахаар гүйж байхдаа би эргэж хартал нөгөө хутга барьсан байсан цагаан куртиктэй залуу Б, Г хоёр руу хутгаа чичлээд дайраад байсан. Тэгээд би замын нөгөө талд гарчихаад эргээд хартал Г тэр залууг доороо оруулаад дарчихсан хутгыг нь аваарай хутгыг нь аваарай гээд орилолдоод байсан. Би шууд тэд нар дээр гүйгээд очтол Г нөгөө хутгатай байсан залууг доороо оруулаад хоёр гарыг нь бариад дарчихсан, Б тэр залуугийн гараас хутгыг аваад гартаа бариад машинаа налаад зогсож байснаа цамцаа сөхөөд гэдсээ хартал баруун талын ташааны дээд талаас нь цус болон гэдэс нь гарчихсан байхаар нь би шууд түргэн болон цагдаа дуудсан. Тэгээд Б, Г бид гурав нөгөө хутгатай байсан залууг машинд хүчээр суулгаад ард талын хоёр хаалгыг Б, Г хоёр дараад би урд талын хаалгыг гаднаас нь дараад байж байтал удалгүй эмнэлэг ирээд Бийг машиндаа суулгаад хөдлөх гэж байхад цагдаа нар ирээд нөгөө хутгалсан залуутай хамт, Г бид хоёрыг аваад явсан. /хх-ийн 38-39-р хуудас/

Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед гэртээ Нтэй чатлаад байж байтал Н ахынхаа машиныг унаад яваад очъё. Гэрт түлээ нүүрс байхгүй байна. Хамт явж түлээ нүүрс аваатахъя гэхээр нь би “за тэгье, тэгье” гээд Н намайг гэрээс ахынхаа приус-30 маркийн авто машинтай ирж аваад бид хоёр Солонго дэлгүүрээс 2 шуудай мод, 2 ширхэг бэлэн гоймон аваад Нгийн Нанзадад байдаг гэрт очоод гал түлчихээд намайг гэртээ үлдээгээд ахынхаа машиныг өгчихөөд ирье гэж яваад удалгүй ахынхаа машиныг өгчихөөд буцаад гэртээ хүрч ирээд бид гоймонгоо идчихээд байж байтал манай найз Доржнамжаа хүрч ирээд бид нар жаахан юм ярьж байгаад Н худалдааны төвд үлдээд Доржнамжаагаар хүргүүлээд гэртээ харьсан. Тэгээд гэртээ байж байтал 23 цагийн үед шиг санагдаж байна. Н байрны чинь гадаа ирчихсэн байна гараад ир гэхээр нь би гараад очтол нэг хөх өнгийн приүс-20 маркийн такситай ирээд бид хоёр замаараа Арслан хотхоны доод талд байдаг дэлгүүрээс 20 орчим лааз пиво аваад Нгийн гэрт нь очиж юм ярингаа авсан пивоноосоо би 3 лаазыг Н 4 лааз пиво уугаад Н согтоод ойрхон ээж нь нас барчихсан болохоор тэр тухай яриад, бас ах нь найзуудтайгаа архи уугаад байна. Бэр эгч чат бичээд байна гээд согтуурхаад уйлаад байсан. Тэгээд би болиочдээ гээд утсыг нь авчихсан. Тэгтэл чи миний утсыг өгчихөөч дээ гээд байхаар нь би утсыг нь өгчихсөн. Тэгсэн чинь над руу уурлаад “чи намайг яагаад дээрэлхээд байгаа юм” гээд над руу агсраад дайраад байхаар нь “хэн чамайг дээрэлхсэн юм бэ. Чи болохгүй шүү дээ” гэсэн чинь үгийн зөрүүгүй миний хамран тус газар мөргөчихсөн чинь миний хамраас цус гараад би цусаа тогтоох гэж байтал намайг нэг удаа гараа зангидаж байгаад цохиод тэгээд би болиулах гэсэн чинь над руу галзуу хүн шиг дайраад байхаар нь би маргааш хоёулаа уулзана шүү гээд би шууд тэндээс гараад гэррүүгээ явчихсан. Тэгээд намайг гэр рүү явж байхад надруу залгаад андаа хоёулаа уулзъя гээд байхаар нь би одоо чамтай ярих юм байхгүй маргааш л хоёулаа уулзъя гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа залгахаар нь би утсаа аваагүй. Гэртээ ирээд унтаад өгсөн. Тухайн үед цаг 02 цаг болж байсан. Тэгээд удалгүй намайг гэртээ байж байхад 80090270 гэсэн дугаар залгахаар нь би утсаа авсан чинь Н миний утасны цэнэг дуусчихсан байна. Би таксины дугаараас залгаж байна. Гадаа чинь ирчихсэн байна, гараад ир гэхээр нь “үгүй үгүй би гарахгүй” гэж утсаа тасалсан. Тэрнээс хойш дахиад хэд хэдэн удаа залгахаар нь би аваагүй унтаад өгсөн. /хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн шөнө нэг 20 орчим насны залуу замаар гараа өргөөд явж байхаар нь би аваад хаа хүрэх  вэ гээд хүргэж өгсөн. Тухайн үед би яг хаана хүргэж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан надад “ах энэ хавиар хутгатай хүн явж байгаа шүү, болгоомжтой яваарай. Замаас хүн гар өргөвөл авах хэрэггүй шүү” гэж хэлсэн. Тухайн шөнө цаг 03 цаг өнгөрч байхад тэр залуу нэлээн халамцуухан байсан болохоор нь би тоогоогүй юм. /хх-ийн 48-р хуудас/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01-ээс 02 цагийн үед гэртээ утсаараа тоглож байтал нэг танихгүй дугаар залгахаар нь утсаа автал манай багын найз Н жаахан согтуу байрын дуугаар хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байна гэсэн чинь би Утай уулзах гээд гэрийнх нь гадаа ирсэн чинь гарч ирэхгүй байна гэхээр нь “чи наанаа юу хийгээд байгаа юм. Гэррүүгээ хариач. Машинтай явж байгаа юм уу” гэсэн чинь үгүй такситай явж байна гэхээр нь би чамайг очоод хүргээд өгөх юм уу гэсэн чинь за гээд Уйн байрны гадаа хүлээхээр тохиролцоод “наад ярьж байгаа утас чинь хэний утас юм” гэхэд хүний утас гэсэн. Тэгээд би гэрээсээ гарч машинаа унаад Уйн гэрийн гадаа шинэ Дад байдаг Цогжавхлан дэлгүүрийн хажууд байдаг JB тауны гаднаас Нг аваад Нанзадад байдаг гэррүү нь оруулж өгчихөөд “юу болсон юм, яагаад архи уусан юм” гэсэн чинь Утай уулзаж ууж байгаад жаахан маргалдаад У яваад өгсөн гэсэн. Тэгээд би “за за чи одоо унт унт” гэсэн чинь Н надаас тамхи асуусан. Тухайн үед надад тамхи байгаагүй. Тэгтэл Н надаас хамт тамхинд явчихаад ирье гэхээр нь би “чи одоо согтуу байж тамхиар яадаг юм. Гадаа байгаа варианы шилтэй акуркнуудаа татахгүй юу” гэж тоглоом хийчихээд гэртээ очоод амарсан. Тэгээд маргааш нь манай найз Жаргал-Эрдэнэ над руу залгаад Н өчигдөр эрүүлжүүлэхэд хоносон байна. Одоо цагдаа дээр байгаа юм байна гэхээр нь цагдаагийн газарт ирж Нтэй уулзсан. Өөр зүйл мэдэхгүй. /хх-ийн 50-51-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бийн биед баруун мөрөнд шарх, хэвлийн ханын баруун доод хэсэгт байрлалтай арьс, өөхөн эд, булчин, гялтанг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Бийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 62-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Г-ын биед толгой, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. З.Г-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 68-69-р хуудас/

Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед гэртээ У гэдэг найзтайгаа хамт хүний 4 лааз пиво уугаад би жаахан согтоод 01 цагийн үед Утай үл ялих зүйлээс болж муудалцаж нүүрэнд нь нэг мөргөчихсөн чинь У гэррүүгээ яваад өгсөн. Тэгээд би удалгүй Уйн араас фэйсбүүкээс таксины зар харж байгаад гэртээ такси дуудсан чинь саарал өнгийн приүс-20 маркийн авто машин ирээд би тэр таксигаараа шинэ Дад байдаг Уйн гэрийнх нь гадаа очоод утсаараа залгаж дуудах гэсэн чинь миний утасны цэнэг дуусчихсан байсан. Тэгээд би тэр таксины жолооч ахын утсыг гуйгаад 2 билүү 3 минут ярьсан чинь таксины ах уурлаад “боль хөөе утас аваад ир, мөнгөө өг” гэхээр нь “өгнө өө, ах аа санаа зоволтгүй” гэсэн чинь “чи боль хурдал, зүгээр мөнгөө өгөөтөх” гэхээр нь би халаасаа ухсан чинь мод зорж байсан хутгаа халаасандаа хийгээд гарчихсан байхаар нь хутгаа гаргаад би мөнгийг чинь өгнө шүү дээ гээд чичээд айлгасан чинь тэр таксины жолооч ах “за ахын дүү тайвшир, утсаар ярь ярь” гэхээр нь би Б гэдэг найз руугаа залгасан чинь намайг юугаа хийгээд яваад байгаа юм. Би очоод хүргээд өгье гэхээр нь жолооч ахад таксины мөнгийг шилжүүлээд тэндээ буугаад үлдсэн. Тэгээд удалгүй Б ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Би гэрээсээ Э гэдэг дүүгийндээ очиж тамхи авч татахаар гарсан. Тухайн үед цаг барагцаагаар 03 цаг болж байсан байх. Цаг хараагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Тэгээд би таксины зогсоол руу алхаад очтол такси байгаагүй. Би 5 дугаар сургуулийн хажуу талын байрны нэгэнд нь байдаг Эгийн гэр рүү такси барихаар гараа өргөөд алхаад явж байтал Голомт банкны урд нэг цэнхэр өнгийн Аquа маркийн такси гэсэн шар танихтай авто машиныг нэг эрэгтэй жолоодчихсон, урд талын суудал дээр нь нэг эрэгтэй суучихсан харин ард талд нэг эмэгтэй хүн суусан нийт 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй машин зогсохоор нь би машины зөв талын буюу урд талын зорчигчийн ард талд суусан чинь хаана очих юм гэхээр нь би 5 дугаар сургуулийн хажуу талын байр орно би заагаад өгье гэсэн чинь “чамайг өрөвдөөд авлаа шүү, пизда минь” гэхээр нь би “та хоёр согтуу байгаа юмуу” гэсэн чинь хоёр залуу нь над руу уурлаад байсан. Яг юу гэж уурласныг сайн санахгүй байна. Миний зарим нэг үйлдэл бол бага зэрэг орж гараад байсан. Тэгээд надруу уурлаад байхаар нь халааснаасаа хутгаа гаргаж ирээд та хоёр яагаад байгаа юм гэсэн чинь тухайн үед явж байсан Мон-Суль шатахуун түгээх станцын хойд талын 4 замын уулзварын ертөнцийн зүгээр зүүн талд байх шороон зам руу ордог засмал зам руу машинаа шахаж зогсоогоод тэр гурав гурвуулаа буусан. Тэгээд хоёр эрэгтэй нь миний талын авто машины хаалгыг нээгээд намайг чирээд газар унагааж буулгаад жолооч нь намайг хэвтэж байхад миний араас миний хүзүүг бооход урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан залуу нь миний нүүр рүү цохиж өшиглөсөн. Тухайн үед би зүүн гартаа хутга барьчихсан байсан болохоор хутгатай зүүн гараараа хамаагүй савчиж далайгаад байсан. Намайг огт тавихгүй байхаар нь би “за за болъё оо” гээд хутгаа хаясан чинь намайг боохоо больчихсон. Тэгээд бид гурав унаж ойчоод унаж ойчоод зодолдож байгаад салсан чинь надад Б гэдэг залуу “хөөе энэ ийм болчихсон байна” гээд цамцаа сөхөөд гэдсээ харуулсан чинь зүсэгдчихсэн байсан. Тэгээд урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан Г гэж залуу нь эмэгтэйгээ түргэн дууд гээд тэд нар түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэх хүртэл тэд нар надруу дайраад байсан. Түргэн болон цагдаагийн машин яг хамт ирсэн чинь тэнд байсан эмэгтэй нь хөөе боль боль цагдаа ирж байна гээд бид нар муудалцахаа болиод түргэн ирээд хутгалуулсан жолоочийг нь авч яваад, харин намайг цагдаа нар авч яваад эрүүлжүүлсэн. Би Бийн хохирлыг барагдуулж байгаа. Одоогоор эмчилгээний зардал, хувиасаа гаргасан эмний мөнгө гэж 1.726.000 төгрөг өгчихөөд байгаа. Цаашид гарах бүх зардлыг нь төлж барагдуулна. /хх-ийн 76-77-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 16-19-р хуудас/

Ө аймгийн Д сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 85-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар хх-ийн 86-р хуудас/

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 87-р хуудас/

Primary energy ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 88-р хуудас/

Хохирогч Б.Бийн хохирол төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/

Амтай онги ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 97-р хуудас/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 98-102-р хуудас/

Сургууль төгссөн тухай мэдээллийн хуулбар /хх-ийн 103-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 104-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 127-129, 134-138-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Ө аймгийн Д сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мон-Суль” шатахуун түгээх станцын хойд талын засмал дам дээр Б.Б, З.Г нартай маргалдан Б.Бийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, З.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан тул шүүгдэгч С.Нг зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бийн биед баруун мөрөнд шарх, хэвлийн ханын баруун доод хэсэгт байрлалтай арьс, өөхөн эд, булчин, гялтанг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Бийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 62-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч С.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Г-ын биед толгой, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. З.Г-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 68-69-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...С.Нг гэрээсээ санаатай хутга авч гарч хохирогч нарын алъя гэсэн санаатай байгаагүй гэж ойлгож байна. Өөрийнх нь мэдүүлж байгаагаар сэтгэл санааны хямралтай байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн тааралдсан хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас муудалцаж энэ хэрэг гарсан байна. Санамсаргүй үйлдэгдсэн хэрэг байна гэж хувь хүний хувьд дүгнэж байна... гэх дүгнэлтийг гаргав.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч нь энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэх дүгнэлтийг гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон туршилтын ажиллагааны үйл явц зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Н нь хохирогч Б.Бтэй маргалдан улмаар зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй буюу зэвсэг хэрэглэн /хутга барьж/ бусдын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл нь хууль бус гэдгийг ухамсарлаж байгаа үйлдэл, үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг бий болгосон ба энэ үйлдлээ хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч С.Н нь зэвсэггүйгээр /хутга/ авто машинаас бууж асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан ба зэвсэг /хутга/ барьж буун хохирогчтой барьцалдаж, зууралдах үйлдэл гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж шүүх үзэв.

Түүнчлэн шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн туршилт хийх тухай хүсэлтийг хангаж туршилтын ажиллагааг явуулсан ба уг ажиллагаагаар шүүгдэгч С.Н нь тухайн хэргийн үйл явдлыг тодорхой хэлэхгүй, ямар байдлаар болгоомжгүйгээр үйлдсэн талаараа тодруулж хэлдэггүй, хэд хэдэн байдлаар дүрслэн үзүүлж, сайн санахгүй байна гэх тайлбарыг гаргав.

Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь зэвсэг хэрэглэсэн /хутга барьсан/ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгохоор хуульчилсан тул болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх эрх зүйн үндэслэл болон хуулийн зохицуулалт байхгүй юм. 

Иймд Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Н нь гэмт хэргийн улмаас хохирол хор уршгийн төлбөрт хохирогч Б.Бт 5.230.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн: “...хохирол төлбөр төлөгдсөн. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бийн хохирол төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолтод: Б.Б миний бие С.Нгээс хохирол төлбөрт эмчилгээ, эм тариа, хагалгааны зардалд 1.730.000 төгрөг, цаашид эмчлүүлэх төлбөрт 3.500.000 төгрөг, нийт 5.230.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид С.Нгээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг гомдол саналгүй учир оногдуулах ял шийтгэлийн хувьд бага хэмжээгээр оногдуулж өгнө үү... /хх-ийн 96-р хуудас/ гэснээр, хохирогч З.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр шүүгдэгч С.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Нгийн хувийн байдал нь: эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй”  /хх-ийн 104-р хуудас/ гэснээр, Ө аймгийн Д сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: С.Н нь Д сумын 8 дугаар баг Нанзад 8-2 тоотод ам бүл 3-уул оршин суудаг болно. /хх-ийн 84-р хуудас/, Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбарт: Ө аймгийн Д сумын 3 дугаар сургуулийн улсын шалгалтын комиссын 2016 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэн бүрэн дунд боловсролын үнэмлэх олгов. /хх-ийн 85-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 86-р хуудас/, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, Primary energy ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21/003 дугаартай тодорхойлолтод: С.Н нь тус компанид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ШТС-ийн түгээгчээр ажилладаг болохыг тодорхойлов. /хх-ийн 88-р хуудас/, Амтай онги ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолтод: С.Н нь “Амтай онги” ХХК-ийн “Онги” ресторанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зөөгчөөр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааны чадвартай, соёлч боловсон үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн сайн ажилчин байсныг тодорхойлов. /хх-ийн 97-р хуудас/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 98-103-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т 1.4 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заажээ.

Шүүх шүүгдэгч С.Нгийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн нас, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан буюу хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэргийн зүйл ангийг хорих ял дээр нэмж нэгтэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоох нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах үндэслэл болно гэж үзэн шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн DVD 2 ширхэг, туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн С-ын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
  4. Шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  7. Шүүгдэгч С.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт 5.230.000 /таван сая хоёр зуун гучин мянга/ төгрөг төлсөн, хохирогч З.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн DVD 2 ширхэг, туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн CD 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  9. Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Т.ДЭЛГЭРМАА

                                                              ШҮҮГЧИД                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                                        Б.ВОЛОДЯ