Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0409

 

  “Жавхлант-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, гуравдагч этгээд Б.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигсүрэн нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Жавхлант-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан “Жавхлант орд” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийн Б.Мөнхчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “...Уг ордын хүнд нөлөөлөх харьяаллын бүсэд “Шар хад” /Зүүн шар хад, шар хадны худаг гэх зэргээр зарим баримтуудад бичигддэг/-ны өвөлжөө хамаардаг ...” гэж хэрэгт авагдаагүй үйл баримт үндэслэж дүгнэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаан бүхий газрыг шар хад гэдгийг гэрч Э.Доржсүрэнгийн мэдүүлэг нотолдог. Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс тухайн маргаан бүхий газарт үзлэг хийхгүйгээр шийдвэрлэсэн. Харин давхардуулж олгосон гэдгээ дарагдуулахын тулд Гурвантэс сумын Засаг даргын захирамжид Зүүн шархад гэж нэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх “ ...тухайн өвөлжөөний газар харьяаллын бүсэд байгаа тохиолдолд талууд нөхөн төлбөр зэрэг бусад асуудлаа шийдвэрлэх нь маргаан бүхий захиргааны актын үйлчлэлээс үл хамаарах тул энд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх зүй ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар “ ...харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” бүрэн эрхтэй буюу хуулиар хүлээсэн үүрэг юм. Гэтэл тус харьяаллын бүсэд үйл ажиллагаа явуулах уурхайн эдэлбэрийн талбайд газар эзэмших эрх олгож байгаа нь компанийн үйл ажиллагаанд саад учруулсан төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасан “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах” эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Жавхлант-Орд” ХХК-иас “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх актаар хариуцагч Гурвантэс сумын Засаг дарга нь иргэн Б.Мөнхчимэгийн газар эзэмших тухай хүсэлт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн түүнд тус сумын 2 дугаар багт байрлах “Зүүн шар хад” гэх газарт 1500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангат уул-1 нэртэй газарт орших 43521.81 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах MV-016952 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “манай компанийн ашигт малтмал ашиглалтын талбайтай давхардуулж, тухайн газарт амьдардаггүй Б.Мөнхчимэгт газар эзэмших эрх олгосон, үүний улмаас Б.Мөнхчимэг нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж, манай компанийн газар ашиглах эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон нөхцөлд шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх учиртай.

Гэтэл нэхэмжлэгчээс “Б.Мөнхчимэг манай компаниас их хэмжээний мөнгө нэхэмжилж, манай компанийн газар ашиглах эрх зөрчигдсөн” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.Мөнхчимэгийн нөхөр Г.Цогтбаатар нь маргаан бүхий газарт байрлах малын саравчтай хашааг өмч хувьчлалаар авсан, улмаар уг газрыг Б.Мөнхчимэг эзэмших хүсэлт гаргасны дагуу хариуцагч Гурвантэс сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “манай компанийн ашигт малтмал ашиглалтын талбайтай давхардуулж газар эзэмших эрх олгосон” гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчээс “олборлолтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгохоор тухайн бүс нутагт суурьшиж буй иргэдийн судалгааг гаргахад Б.Мөнхчимэг байгаагүй, тухайн газарт амьдардаггүй” гэж тайлбарлах боловч энэ байдал нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН