Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 6

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “******* сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Манай “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын Баясах багийн нутаг дэвсгэрт 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зангат уул -1 гэх газарт ашигт малтмал ашиглах ашиглалтын MV-016952 дугаар гэрчилгээг Ашигт малтмалын газраас авсан юм. 2014 онд манай компанийн зүгээс тус газар олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх нөхөн олговор олгохтой холбогдсон асуудлыг судлуулахаар судалгааны хэсэг томилж, тухайн бүс нутагт суурьшиж буй иргэдийн талаар судалгаа явуулсан. Энэ ажлын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын Засаг даргад хандан хамтарсан ажлын хэсэг томилуулах тухай албан бичиг хүргүүлсэн бөгөөд тус албан бичгийг Засаг даргын орлогч н.Мөнхбаяр хүлээн аваад Баясах багийн Засаг даргад нэрсийг гаргаж өгөхийг даалгасан юм.

 

D:\Захиргаа\Ч.БАЯРМАА\Шийдвэр төсөл\Жавхлан т орд.docx

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Баясах багийн Засаг дарга Д.Айлтгүй нь ашиглалтын бүсэд оршин суугаа 10 гаруй өрхийн нэрсийг гаргаж өгсөн бөгөөд эдгээр айлууд нь тухайн газраа Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээгүй байсан. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс дээрх иргэдэд зохих ёсны нөхөн олговрыг олгосон.

Ашиглалтын бүсэд байсан айлуудад нөхөн олговор олгох сургаар Б.******* нь би нөхөн олговор авах ёстой гэх үндэслэлгүй шаардлагыг манайд тавьсан бөгөөд бид иргэн Б.******* нь манай уурхайн ашиглалтын бүсэд газар эзэмшдэг талаар Баясах багийн Засаг дарга болон сумын газрын даамлаас тодруулахад ямар нэгэн газар эзэмшдэггүй бөгөөд манай уурхайн ашиглалтын бүсээс гадна нөхөр Цогтбаатарын нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өвөлжөөний газар эзэмшдэг нь тогтоогдсон.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.******* нь нэхэмжлэл гаргаж манай компаниас нөхөн олговрын мөнгө шаардсан байна.

Тус нэхэмжлэлдээ ******* сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх авсан талаар дурдсан бөгөөд тус иргэний хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээний хуулбараас маргаан бүхий захиргааны актыг анх мэдсэн.

******* сумын Засаг даргын 2014 оны 11-р сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.*******т газар эзэмших эрх олгосон хэсэг нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл манай уурхайн ашиглалтын талбайд тухайн газарт амьдардаггүй, мөн иргэн Э.Доржсүрэнгийн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад түүний хүсэлтийн дагуу эзэмших эрх нь дуусгавар болгосон өвөлжөөний газрыг Б.*******т давхардуулан олгосон нь хууль бус юм.

Энэхүү хууль бус үйлдлийн дагуу үндэслэлгүйгээр Б.******* нь манай компаниас мөнгө нэхэмжилж, уурхайн талбайд газар ашиглах эрхийг зөрчиж байна.” гэв.

Хариуцагч ******* сумын Засаг дарга О.Баттогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* сумын Баясах багийн иргэн Э. Доржсүрэн нь тухайн үед Баясах багийн нутаг Шар хад хэмээх газарт байрлах өвсний чулуун хашааг өмч хувьчлалаар худалдаж авсан байна. ******* сумын Засаг дарга нь Э. Доржсүрэнгийн хүсэлт, Баясах багийн Засаг дарга Д. Айлтгүйгийн тодорхойлолтыг тус тус үндэслэн газар эзэмших захирамж гаргасан байна. Иймд Баясах багийн Шар хад хэмээх газарт байрших өвсний чулуун хашааг                     Э. Доржсүрэнгийн өмч гэж үзэн сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн а/146 тоот захирамжаар Шар хад хэмээх өвөлжөөний зориулалттай газрыг эзэмшүүлсэн байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.*******т олгосон газар нь гэр бүлийн зориулалтаар олгосон газар биш, өвөлжөөний зориулалттай газар байгаа юм. Б.******* гэдэг хүний нөхөр Г.Цогтбаатар өөрийн нэр дээр өмч хувьчлалаар чулуун саравчтай хашааг авсан. Өмч нь байгаа учраас тухайн газрыг олгосон. Нөхөн олговрыг шийдэхдээ газрыг бус дээрхи объектыг үнэлж газрын нөхөн олговор олгох ёстой гэж би ойлгож байна. Өмч хувьчлалаар өмчилж авсан хөрөнгө байрлаж байгаа газрын нь гэрчилгээг гаргахгүй байж болохгүй учраас захирамж гаргасан. Э.Доржсүрэн болон Б.******* нарын өмч байгаа учраас би 2 хүний захирамжийн төсөл боловсруулж, хуульд заасны дагуу Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргасан...” гэв.

                                     

Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч "*******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ХУД-ын иргэний хэргийн шүүхэд 2016 оны 09 сарын 20 өдөр Б.******* нь нэхэмжлэл гаргаж манай компаниас мөнгө нөхөн олговрын мөнгө шаардаж,  анх хууль бус захиргааны актыг мэдсэн гэжээ.

Үнэндээ бол миний газар эзэмших гэрчилгээний эх хувийг 2015 оны 1 сард тус компаний хуулийн зөвлөх *******, нягтлан \санхүү эрхэлсэн захирал ч гэж заримдаа өөрийгөө танилцуулдаг\ Байгал нар гартаа барьж уншиж, үзэж танилцаж байсан

2015 ны 1 сараас хойш газар эзэмших гэрчилгээгээ барьж "Жавхлант-орд" ХХК-ийн том жижиг олон дарга нартай уулзсан. Уурхай нээгдэхээс эхлээд эдгээр дарга нар хуулийн зөвлөхөө дагуулж нутгийн ард иргэдэд худлаа ярьж худал амлаж байгаа.

Захиргааны актыг хууль бус гэж үзэж эрх нь зөрчигдсөн этгээд гуч хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн тул одоо нэхэмжлэгч тал шүүхэд илт худал мэдүүлж хугацаа алдсан асуудлаа зохицуулах арга хаяж байна. Шүүхэд Гангамаа, Дэжид дарга нарын явуулж байсан албан тоотын хуулбарыг хавсаргав.

Доржсүрэн, ******* нарт давхардуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж \ямар ч баримтгүй, нотолгоогүй\ нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Доржсүрэн манайхтай хөрш залгаа айлууд тус тусдаа эд хөрөнгөтэй. Газар эзэмших эрх олгосон захиргааны актын талаар ямар ч маргаан бидний дунд байхгүй.

Манайх өвөлжөөний газар дээрээ хашаа саравчтай эд хөрөнгөтэй өвөлжөөний газар эзэмших гэрчилгээтэй, мал аж ахуйтай байхад нөхөн олговрын мөнгө надад олгоогүй. Өмнөговь аймгийн архивын газраас өвөлжөөний хашаа саравч хувьчилж авсан тухай баримтыг хавсаргав.

"*******” ХХК -ний нэхэмжлэлтэй энэхүү хэргийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.5 мөн хуулийн 34.1.8 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны а/155 дугаар захирамжаар Ишгэн овогт Баттөрийн *******т тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, “Зүүн шар хад” гэх газарт өвөлжөөний зориулалтаар 1500 м2 газрыг эзэмшүүлсэн нь “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “...Манай компанийн уурхайн ашиглалтын талбайд иргэн Э.Доржсүрэнгийн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад дуусгавар болсон өвөлжөөний газрыг хууль бусаар Б.*******т давхардуулан олгосон нь бидний хуулийн дагуу уурхайн талбайд газар ашиглах эрхийг зөрчиж байна...” гэж, гуравдагч этгээд Б.******* “... манайх өвөлжөөний газар дээрээ байх хашаа саравчийг хувьчилж авсан бөгөөд зөвхөн энэ хөрөнгө байрлах газрыг эзэмшиж авсан, нэхэмжлэгч миний газар эзэмших эрхтэй гэдгийг 2015 оны нэгдүгээр сард мэдэж байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргажээ.

            Гуравдагч этгээдийн “...нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэлээ нотлон шүүхэд ирүүлсэн “*******” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/43 тоот, ******* сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/471 тоот албан бичгүүд, өргөдөл зэрэг баримтууд[1] нь хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүхээс үнэлээгүй ба нэхэмжлэгч “...маргаан бүхий захиргааны актыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.******* нэхэмжлэл гаргаснаар мэдсэн...” гэх тайлбарыг шалган[2], “*******” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, тогтоол, хэргийн оролцогчдын тайлбараар маргааны үйл баримт нь  нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд уурхайн ашиглалтын харьяаллын бүсэд байх эд хөрөнгө, түүнтэй холбогдох бусад эрхийн асуудлаар маргадаг нь нотлогддог тул энэхүү шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн эсэхээс илүүтэй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын нутагт 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон MV-016952 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий  “Зангат уул” ордыг эзэмшдэг.

Уг ордын хүнд нөлөөлөх харьяаллын  бүсэд “Шар хад” (Зүүн шар хад, шар хадны худаг гэх зэргээр зарим баримтуудад бичигддэг)-ны өвөлжөө хамаардаг бөгөөд уг өвөлжөөнд байх тэжээлийн агуулахыг Э.Доржсүрэн, чулуун саравчтай хашааг Б.*******ийн нөхөр Г.Цогтбаатар нар өмч хувьчлалаар авсан нь хариуцагчийн тайлбар, гэрч Э.Доржсүрэнгийн мэдүүлэг, ******* сумын Баясах багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогддог ба сумын Засаг дарга хоёр хүний өмчлөлийн эд хөрөнгө байрлах тухайн газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжаар Б.*******т, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн а/146 дугаар захирамжаар Э.Доржсүрэнд тус тус эзэмшүүлжээ.

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн газрын мэдээллийн сангийн лавлагаагаар дээрх хоёр газар ямар нэгэн байдлаар давхцалгүй, мөн Э.Доржсүрэнгийн газар эзэмших эрх сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн а/01 дугаар захирамжаар (Б.*******т газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш) дуусгавар болсон нь тогтоогдож байх тул “...Э.Доржсүрэнгийн эзэмшиж байгаад дуусгавар болсон өвөлжөөний газартай давхцуулан олгосон...” гэх нэхэмжлэлд дурдсан үндэслэл батлагдахгүй байна.

“...Б.*******т газар эзэмшүүлсэн шийдвэр гарснаар уурхайн талбайд үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдөж байгаа, хууль ёсоор газар эзэмшдэг гэж Б.******* манай компаниас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна.” гэж зааснаар уурхайн харьяаллын бүсэд байх өвөлжөөг нүүлгэн шилжүүлэх үүрэг нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байх бөгөөд нэгэнт тухайн өвөлжөөний газар харьяаллын бүсэд байгаа тохиолдолд талууд нөхөн төлбөр зэрэг бусад асуудлаа шийдвэрлэх нь маргаан бүхий захиргааны актын үйлчлэлээс үл хамаарах тул энд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, зүй ёсны  ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан “*******” ХХК-иас Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “******* сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийн Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 52, 54, 55 дахь тал

[2] Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн баримт хэргийн 42-45 дахь талд, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын 2016.11.24-ний өдрийн 5-1722 тоот албан бичиг 8 дахь талд авагдсан.