Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2023/00242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГБ ХХК-д холбогдох

Эрдэм түм ХХК-ийн гүйцэтгэгчийн үүрэг ГБХХК-ид шилжсэн тул 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15/14 дугаарт гэрээнээс татгалзаж, ГБХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж,  Б.Намнансүрэн,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Эрхбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.О нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тодорхойлж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дээр Улаанбаатар Төмөр замын Замын-Үүд зангилаа, Зам-Үүд өртөөний ажилчдын 66 айлын орон сууцыг барих хөтөлбөрийн хүрээнд миний бие нь Эрдэм түм ХХК-тай 2014 оны 07 сарын 09-ний өдөр байр захиалан бариулах тухай гэрээ бичгээр байгуулсан.

Энэ гэрээгээр 70,61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан ба урьдчилгаа 30 хувийн төлбөр 16,064,700 төгрөгийг гэрээнд зааснаар Худалдаа хөгжлийн банкны 454045574 тоот дансанд 2014 оны 07 сарын 06-ны өдөр төлсөн юм. Энэ 454045574 тоот данс нь байр захиалсан иргэдийн нэг болох Бадамгаравын данс бөгөөд тэрээр урьдчилгаа төлбөрийг цуглуулж Эрдэм түм ХХК-д өгөхөөр тохиролцсон тул түүний дансанд төвлөрүүлсэн юм.

Гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 09 сард багтаан ашиглалтад өгөхөөр заасан боловч өнөөдрийн байдлаар барилга ашиглалтанд орох байтугай баригдаагүй төмрөн карказан байдалтай байж байна. Эрдэм түм ХХК-ийн захиралтай утсаар ярихад манай компани одоо хамааралгүй болсон барилгын ажлыг ГБХХК-д шилжүүлэн өгсөн тул энэ компаниас лавлаарай гэдэг.

ГБХХК-ийн захирал Г.Эрхбаяртай уулзахаар манай компани үргэлжлүүлэн барих хөрөнгө оруулагч хайж байгаа, банкны зээл хөөцөлдөж байгаа гэсээр өнөөдрийг хүрлээ. Байрны урьдчилгаа шилжүүлсэн данс нь ГБХХК-ийн захирал Г.Эрхбаяр, иргэн Бадамгарав нарын дундын эзэмшлийн данс бөгөөд урьдчилгааг 1, 2 дугаар гарын үсгээр зарцуулсан байдаг.

Улаанбаатар Төмөр замын Замын Үүд зангилааны комиссын 2015 оны 09 сарын 24-ний өдрийн хуралдаанаар Замын Үүд зангилаа болон Эрдэм түм ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 06 сарын 24-ний өдрийн 03 тоот Орон сууцны барилга захиалан бариулах гэрээ-г цуцалж, тус гэрээний үүргийг ГБХХК-д шилжүүлэхээр заасан байдаг. Улмаар ГБХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авсан.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй, цаашид баригдах эсэх талаар ГБХХК-ийн захирал Г.Эрхбаяраас асуухад барилгын барина, хөрөнгө оруулалт татна, хохиролгүй болгож өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Энэхүү орон сууцны барилгад Замын үүд зангилаа, Замын үүд өртөөний нийт 52 иргэн захиалга өгч хохироод байгаа бөгөөд зарим иргэд шүүхэд хандаж хохирлоо ГБХХК-иас гаргуулж авсаар байгаа юм.

Тухайлбал иргэн Э.Рэнцэнсамбуу нь урьдчилгаа төлбөрөө гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хангасан байдаг.

Нэгэнт Эрдэм түм ХХК-ийн барилга барих үүргийг ГБХХК шилжүүлэн авсан нь нотлогдож байгаа тул Эрдэм түм ХХК, Улаанбаатар Төмөр зам нь гэрээний үүрэгт хамааралгүй тул хэргийн оролцогчоор оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн тухайн барилгын өмчлөх эрх ГБХХК болон урьдчилгаа төлбөр төлсөн 52 иргэн өмчлөгчөөр бүртгэгдсэн Ж.О нэрсийн жагсаалтад нэг дүгээрт байгаа юм.

Иймд Эрдэм түм ХХК-ийн гүйцэтгэгчийн үүрэг ГБХХК-ид шилжсэн тул 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15/14 дугаарт гэрээнээс татгалзаж, ГБХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн барилгын өөрт оногдох хэсэг болох 0,03 хувийг ГБХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

2. Хариуцагч ГБХХК татгалзалын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Манай компани нь 2014 оны 03 дугаар сарын 3-ны өдөр Эрдэм түм ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод байрлах Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах 01/14 дугаартай гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр Эрдэм түм ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч, Гарьдын бүрд" ХХК нь хөрөнгө оруулагч гэж, талуудын эрх хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан билээ. Тухайлбал Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, захиалагч буюу орон сууц захиалагч төмөр замын ажилчидтай гэрээ байгуулах, захиалагчийн төвлөрүүлсэн урьдчилгааг баталгаа болгон банкны богино хугацаат зээлээр хэрэгжүүлж, зээлийн эргэн төлөлтийг хариуцах, барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга угсралтын ажилд зарцуулж барилгыг 2014 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах зэрэг үүргийг Эрдэм түм ХХК хүлээсэн.

Харин ГБХХК нь гэрээний 1.2-т заасны дагуу Эрдэм түм ХХК-ийн тооцоолж гаргаж ирсэн төслийн эхний үе шатны санхүүжилтэд шаардлагатай байсан 750 сая төгрөгийн 60 хувь буюу 450 саая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны дотор хийж барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлийг хангаж өгөх үүргийг хүлээсэн болно. Дээрхи гэрээний дагуу 2014 оны 4-р
сарын 15-ны өдөр гэхэд 450 сая төгрөгийг Эрдэм түм ХХК-д шилжүүлж дуусгасан
бөгөөд 2014 оны 4-р сарын 18-ны өдөр гэрээний биелэлтийн явцыг дүгнэсэн актыг
үйлдэж 2 талаас баталгаажуулсан болно.

Эрдэм түм ХХК нь төслийг хариуцан хэрэгжүүлэгчийн хувьд Төмөр замын Замын-Үүд зангилаа болон орон сууцны барилгын байр захиалагч 52 иргэнтэй тус тус гэрээ байгуулсан.

Барилга угсралтын ажил 2014 оны 8-р сард 60%-ийн гүйцэтгэлтэйгээр зогссон бөгөөд Замын-Үүд зангилаа нь 2015 оны 9-р сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэний хамтарсан хурлаар барилга угсралтын ажил удаан зогссон, Замын-Үүд зангилаатай хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгч Эрдэм түм ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан. Мөн хурлаар Замын Үүд зангилааны зүгээс Эрдэм түм ХХК-ийг байр захиалагч иргэдтэй хийсэн гэрээгээ 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дүгнэ гэсэн албан шаардлагыг тавьсан байдаг.

Дээрх хурлаас хойш тус барилгыг цаашид хэн үргэлжлүүлэн гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс Замын-Үүд зангилаа, байр захиалагч нартай хийсэн гэрээ байхгүй, Эрдэм түм ХХК-иас орон сууцыг үргэлжлүүлэн барих эрхийг гэрээ хэлцлээр шилжүүлэн аваагүй тул Ж.Од 16,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Харин ч манай компани нь байр захиалсан 52 иргэн дээр нэмэгдэж 53 дах хохирогч болоод байна. Эрдэм түм ХХК-ийн барьсан байгаа орон сууцны карказ нь манай компаний оруулсан хөрөнгө 450 сая төгрөг буюу 38,7 хувь, 52 иргэний 712 сая төгрөг буюу 61,3 хувь, нийт 1,1742,000,000 төгрөгийн үнэ бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй гэж үлдэх эд хөрөнгөнд бүртгүүлж гэрчилгээ гарсан. Иймд манай компани нь нэхэмжлэгч Ж.О, Эрдэм түм ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.07.09-ний өдрийн 15/14 дугаар Байр захиалан бариулах гэрээ, орлогын ордерын хуулбар, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 3-9, 131/

Хариуцагч талаас нотлох баримтаар: хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.01.11-ний өдрийн 01 дугаар Улаанбаатар төмөр замны Зам-Үүд зангилаагаас ГБХХК-ийн захиарл Г.Эрхбаярт гаргасан хүсэлтийн хуулбар, 2014.03.03-ны өдрийн 01/14 дугаар Оррон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээний хуулбар, 2018.01.17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, Замын-Үүд зангилааны 66 айлын орон сууцны барилгад урьдчилгаа төлсөн ажилчдын нэрсийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018.03.22-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/00904 дугаар шийдвэрийн хуулбар, /хх-ийн 16-17, 25-32, 152, 163-166/

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2013.12.10-ны өдрийн 02 дугаар Орон сууц захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2017.10.16-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ201/13373 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, №БУ-58/2014 дугаар Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбар, 2013.12.12-ны өдрийн 1/13 дугаар Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, 2014.10.25-ны өдрийн №30/14 дугаар УБТЗ-ын Замын үүд 66 айлын орон сууцны захиалагч нарт хүргүүлсэн мэдээллийн хуулбар, 2014.06.24-ний өдрийн 03 дугаар Орон сууцны барилга захиалан бариулах гэрээний хуулбар, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р багт барих төмөр замын ажилчдын 66 айлын орон сууцны дуусаагүй барилгын төсөвт өртгийн гүйцэтгэлийн хуулбар, 2014.07.24-ний өдрийн №25/14 дугаар Улаанбаатар төмөр замын Замын Үүд зангилааны дарга О.Мэндсайханд Эрдэм түм ХХК-иас хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2014.10.25-ны өдөр №30/14 дугаар УБТЗ-ын Замын үүд 66 айлын орон сууцны захиалагч нарт Эрдэм түм ХХК-иас хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2015.09.21-ний өдөр №42.15 дугаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтарт Эрдэм түм ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2015.03.18-ны өдрийн №08/15 дугаар Ган ганжир ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Лхагвадоржид Эрдэм түм ХХК-иас хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тухай албан тоотын хуулбар, 2017.04.28-ны өдрийн №08/18 дугаар ГБХХК-ийн захирал Г.Эрхбаярт Эрдэм түм ХХК-д хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2015.10.24-ний өдрийн гэрээ дүгнэсэн актын хуулбар, ГБХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2017.11.02-ны өдрийн №5/5065 дугаар албан тоотын хуулбар, 2015.09.19-ний өдрийн №07 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар, 2017.12.19-ний өдрийн 15/17 дугаар ГБХХК-ийн хариу тайлбар, 2014.04.18-ны өдрийн Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээний биелэлтийн явц дүгнэсэн актын хуулбар, ГБХХК-ийн улсын бүртгэлийг гэрчилгээний хуулбар, 2014.03.03-ны өдрийн 01/14 дугаар Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээний хуулбар, 2021.05.25-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2021/01344 дугаар шийдвэрийн хуулбар, 2021.08.13-ны өдрийн 1233 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2022.11.17-ны өдрийн 6/11358 дугаар албан тоот, дансны хуулгийн хуулбар, 2014.10.22-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2014.08.29-ний өдрийн №18/14 дугаар Эрдэм түм ХХК-иас Дорноговь аймгийн ЭХБГазарт хүргүүлсэн хүсэлтийн хуулбар, 2014.02.01-ний өдрийн УБТЗ-ын Замын Үүд зангилааны төмөр замын ажилчдын 66 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээний хуулбар, Эрдэм түм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хамтран ажиллах гэрээний хуулбар, ГБХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар, ГБХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ГБХХК-ийн дүрмийн хуулбар, Эрдэм түм ХХК-ийн дүрмийн хуулбар, Дорноговь аймаг, Замын Үүд сум, 02-р хороо, Дашпэлжээпунцоглин хийдийн зүүн талд гудамжийн зураг, 2014.10.03-ны өдрийн 14/772 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Дорноговь аймгийн Замын Үүд сумын 32 айлын орон сууцны төлөвлөлтийн зураг, 2015.03.26-ны өдрийн ГБХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2015.03.26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2015.03.23-ны өдрийн Эрдэм түм ХХК-ийн Дорноговь аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2015.03.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний хуулбар, Б.Одончимэг, Г.Эрхбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Эрдэм түм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ГБХХК-ийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.01.29-ний өдрийн ГБХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2018.01.13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2018.01.17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, Замын-Үүд зангилааны 66 айлын орон сууцны барилгад урьдчилгаа төлсөн ажилчдын нэрсийн жагсаажлтын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2018.01.15-ны өдрийн №1 дугаар ГБХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, 2018.01.15-ны өдрийн ГБХХК-ийн ТУЗ-ын хурлын тэмдэглэлийн хуулбар, 2018.01.15-ны өдрийн итгэмжлэл, 2018.01.15-ны өдрийн №01 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2018.01.15-ны өдрийн №1 дугаар Ганганжир консалтинг ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, 2018.01.15-ны өдрийн Ганганжир консалтинг ХХК-ийн ТУЗ-ын хурлын тэмдэглэлийн хуулбар, Ганганжир консалтинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ганганжир консалтинг ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар, ГБХХК-ийн дүрмийн хуулбар, 2017.02.31-ний өдрийн Б-Т-75 дугаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар төмөр замын даргын тушаалын хуулбар, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.02.21-ний өдрийн №02 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар, 2017.04.14-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ГБХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ГБХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 42-118, 157-158 191-245/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж.О хариуцагч ГБХХК-д холбогдуулан Эрдэм түм ХХК-ийн гүйцэтгэгчийн үүрэг ГБХХК-ид шилжсэн тул 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15/14 дугаарт гэрээнээс татгалзаж, ГБХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... Эрдэм түм ХХК байр захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа 30 хувь болох 16,000,000 төгрөгийг төлсөн ... барилгын үйл ажиллагаа 2014 оны 07 дугаар сард бүрэн зогссон... Эрдэм түм ХХК-ийн үүргийг ГБХХК-ид шилжүүлэх тухай Зангилааны хуралд ГБХХК өөрөө оролцож зөвшөөрсөн тул түүнийг дангаар нь хариуцагчаар татсан ... гэрээнээс татгалзаж байгаа тул 16,000,000 төгрөгийг ГБХХК-иас гаргуулна, тус барилгын өмчлөлд бүртгэгдсэн өөрт оногдох хэсгийг ГБХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ... Эрдэм түм ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж тус барилгад 450,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан... Эрдэм түм ХХК нь хөрөнгө оруулалтгүй болсон мөн банкнаас зээл олгогдохгүй нөхцөл байдал үүссэн гээд барилгын ажлаа бүрэн зогсоосон...Манай компани өөрийн оруулсан хөрөнгийг хэмжээгээр барилгын карказын 38.7 хувьд өмчлөгчөөр бүртгүүлсэн... хөрөнгө оруулагч 52 иргэн мөн адил өмчлөгчөөр бүртгүүлсэн... Эрдэм түм ХХК-иас барилгыг үргэлжүүлэн барьж ашиглалтад оруулах үүргийг гэрээ болон бусад хэлцлээр шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт авагдсан баримтаар Дорноговь аймгийн Замын -Үүд сумын 2 дугаар багийн нутагт байрлах Төмөрзамчдын 66 айлын орон сууцыг захиалан бариулах талаар

Эрдэм түм ХХК, Дорнын гэгээ ХХК, Улаанбаатар төмөр замын Замын Үүд зангилаа хооронд 3 талт,

Эрдэм түм ХХК, ГБХХК-ийн хооронд Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах,

Замын-Үүд зангилаа, Эрдэм түм ХХК-ийн хооронд Орон сууц захиалан бариулах,

Ж.О, гүйцэтгэгч Эрдэм түм ХХК-ийн хооронд байр захиалан бариулах тухай нийт 4 гэрээ тус тус байгуулагдсан байх ба эдгээр гэрээгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

- 2013 оны 12 сарын 10-ны өдөр гүйцэтгэгч талаас Эрдэм түм ХХК, хөрөнгө оруулагч талаас Дорнын гэгээ ХХК, захиалагч талаас Улаанбаатар төмөр замын Замын Үүд зангилаа харилцан тохиролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт газар олголттой 66 айлын орон суурь хийгдсэн барилгыг цааш үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулахаар,

гүйцэтгэгч Эрдэм түм ХХК нь хүлээн авсан барилгын суурин дээр 5 давхар 66 айлын орон сууцыг металл араг бүтээц, хөнгөн бетон дүүргэлт хана бүхий шийдлээр өөрчлөн барьж ашиглалтад оруулах ...66 айлын орон сууцыг 2014 оны 7 сард ашиглалтад оруулна...1 м,кв-ийг 900,000 төгрөгөөр борлуулахаар,

Захиалагч Улаанбаатар төмөр замын Замын Үүд зангилаа нь 66 айл өрхийг сонгон шалгаруулж, банкны байгууллагатай гэрээ байгуулан айл тус бүрээр 30 хувийг төвлөрүүлэн санхүүжүүлэх...Гадна инженерийн хангамжийн шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх,

Хөрөнгө оруулагч Дорнын гэгээ ХХК нь барилга угсралтын ажлын гүйцэтгэл 30 хувь хүрэх үед, 100 хувь борлуулалттай 30 хувь гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг баталгаа болгон банкны зээл болон захиалагчдын үлдэгдэл төлбөрөөр барилгын ажлыг дуустал санхүүжүүлнэ гэж тус тус зааж, эрх бүхий этгээдүүд баталгаажуулан гарын үсэг зурсан байна. /хх43-44/

- 2014 оны 03 сарын 03-ны өдөр 01/14 тоот гэрээгээр ерөнхий гүйцэтгэгч Эрдэм түм ХХК, хөрөнгө оруулагч ГБХХК-ийн хооронд Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээгээр,

Замын-Үүд боомтод Төмөрзамчдын 66 айлын орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах, төсөлд хөрөнгө оруулах, үр дүнд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь хүртэх харилцааг зохицуулахаар тохирч ерөнхий гүйцэтгэгч Эрдэм түм ХХК нь барилгын бүх төрлийн ажил үүргийг гүйцэтгэж, эхний үеийн санхүүжилтэд шаардлагатай 750 сая төгрөгийн 40 хувь 300,000,000 төгрөг гаргах, Хөрөнгө оруулагч ГБХХК барилга барьж худалдан борлуулах төслийн эхний үеийн санхүүжилтэд шаардлагатай 750 сая төгрөгийн 60 хувь буюу 450,000,000 төгрөгийг гаргахаар тохиролцсон байна. /хх28-29/

- 2014 оны 06 сарын 24-ний өдрийн 03 тоот гэрээгээр захиалагч талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх олгосноор Замын-Үүд зангилаа, гүйцэтгэгч талаас Эрдэм түм ХХК-ийн хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ- ээр ... гүйцэтгэгч нь тус сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт баригдах төмөр замын ажилчдын 66 айлын 5 давхар орон сууцыг барих ... гэрээний үнэ 3,613,883, 612 төгрөг, улсын комисст 2014 оны 07 сарын 10-ны дотор хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх56-69/

- 2014 оны 07 сарын 09-ний өдөр 15/14 тоот гэрээгээр захиалагч Ж.О, гүйцэтгэгч Эрдэм түм ХХК-ийн хооронд байр захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Дорноговь аймгийн Замын -Үүд суманд Эрдэм түм ХХК, ГБХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Төмөрзамчдын 66 айлын орон сууцны барилгаас 70,61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа 30 хувийн төлбөр 16,064,700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 454045574 тоот дансанд төлөхөөр тохиролцсон байна. /хх8/

Дээрх гэрээнүүд нь тус тусдаа өөр өөр харилцааг зохицуулсан гэж үзэхээр байх хэдий ч эдгээр гэрээний зүйл нь ижил буюу Замын-Үүд суманд Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулах байх ба гэрээний талууд болох захиалагч төлбөр төлөх, хөрөнгө оруулагч шаардлагатай хөрөнгийг гаргах, гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд барих, ашиглалтад оруулах үүргийг тус тусад тодорхой заажээ.

Гэрээний зүйл болох барилгыг барих, ашиглалтад оруулах, захиалагч нарт хүлээлгэн өгөх үүргийг дээрх гэрээний талуудын гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагч талуудын хэн аль нь биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байх ба уг барилгыг барих үйл ажиллагаа нь 2014 оны 07 дугаар сард зогссон болох нь тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд:

Нэхэмжлэгч Ж.О захиалагч талаас, Эрдэм түм ХХК гүйцэтгэгч талаас 2014 оны 07 сарын 09-ний өдөр 15/14 тоот Байр захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Дорноговь аймгийн Замын -Үүд суманд Эрдэм түм ХХК, ГБХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Төмөрзамчдын 66 айлын орон сууцны барилгаас 70,61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа 30 хувийн төлбөр 16,064,700 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 454045574 тоот дансанд төлөх, захиалагч төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх шилжих, гүйцэтгэгч 2014 оны 09 дүгээр сард багтаан байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үзэхэд захиалагч Ж.О, гүйцэтгэгч Эрдэм түм ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, захиалагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 16,064,700 төгрөгийг 2014 оны 07 сарын 09-ний өдөр гэрээнд заасан дансанд төлсөн болох нь тогтоогдсон. /хх8, 158/

Гэрээний зүйл болох Дорноговь аймгийн Замын Үүд сумын 2 дугаар баг Төмөр замын 66 тоот хаягт байрлах барилга нь 5136 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай 1,162,000,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээгээр 60 хувийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002948 дугаарт бүртгэж, өмчлөгчөөр нь ГБХХК нь 450,000,000 төгрөгийн оруулсан хөрөнгөд 38.7 хувийн, Замын Үүд өртөөний нэр бүхий 52 иргэн 712,000,000 төгрөгийн оруулсан хөрөнгөд 61.3 хувийн хэсгээр тус тус бүртгэгдсэн, нэхэмжлэгч Ж.О нь уг 52 иргэдийн нэрсийн жагсаалтын 1 дүгээрт бичигдсэн болох нь тус тус тогтоогдож байна. /хх205, 214, 220, 244, 245/

Нэхэмжлэгч тал хариуцагч ГБХХК нь орон сууц барих үүргийг Эрдэм түм ХХК-иас шилжүүлэн авсан, түүнийг Эрдэм түм ХХК-тай байгуулсан 2014 оны 07 сарын 09-ний өдөр 15/14 тоот Байр захиалан бариулах гэрээ - ний нэг тал гэж үндэслэлээ тодорхойлсон байдаг.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ ...124 дүгээр зүйлийн 124.1-д ...Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заасан ба хуулийн агуулгаас үзэхэд гэрээний талууд анх гэрээ байгуулсан хэлбэрээр гэрээ хийсэн байхыг зохицуулсан байна.

Ж.О, Эрдэм түм ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 сарын 09-ний 15/14 тоот байр захиалан бариулах гэрээний хариуцлага хэсгийн 4.5-д ...Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломж алдагдсан тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахдаа захиалагчтай тохиролцож, гэрээг бичгээр хийнэ ...6.2...т ...гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх ба энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан зүйл нь маргааны зүйлийг шийдвэрлэхэд хамааралтай байна.

Тухайлбал захиалагч Ж.Огийн өмнө Эрдэм түм ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг ГБХХК-д шилжүүлсэн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу анх хэлцэлд оролцсон этгээд болох нэхэмжлэгч Ж.Отай хариуцагч ГБХХК бичгээр байгуулсан баримтгүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д ...нэхэмжлэгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж түүнийг татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж мэтгэлцэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч тал хариуцагч ГБХХК нь Ж.О, Эрдэм түм ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 15/14 тоот байр захиалан бариулах гэрээний гүйцэтгэгчийн үүрэг гэрээний 6.2-т зааснаар ГБХХК-ид бичгээр шилжүүлсэн талаар нотлоогүй мөн нөгөө талаар энэхүү үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Харин хэрэгт авагдсан

- 2015 оны 09 сарын 19-ний өдөр Зангилааны комисс хуралдаж, тухайн хуралд зангилааг төлөөлж О.Мэндсайхан Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Цэрэндорж, захиалагчийг төлөөлж Ү.Сангидорж, Дорнын гэгээ ХХК, ГБХХК, Эрдэм түм ХХК-ийн төлөөлөгч нарын 42 иргэд оролцоод

Замын-Үүд зангилаа, Эрдэм түм ХХК-ийн 2014 оны 06 сарын 24-ний өдрийн 03 тоот гэрээг цуцлах, байр захиалагч нар, Эрдэм түм ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хууль ёсны дагуу, гэрээний заалтыг үндэслэн дүгнэх асуудлыг шийдвэрлэх,

Зангилааны 66 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулагч нар болох Дорнын гэгээ ХХК, ГБХХК нь захиалагчтай гүйцэтгэгчийн гэрээг шинээр байгуулах санал тавьсан тул дээрх саналыг Замын захиргаанд тавьж шийдвэрлэхээр тогтож 07 тоот тэмдэглэл, /хх74-76, 91-96/

- 2015 оны 03 сарын 18-ны өдөр тухайн барилгын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч талууд болох ГБХХК, Ганганжир ХХК, Дорнын гэгээ ХХК, Эрдэм түм ХХК-ийн төлөөлөгч нар хуралдаж Замын Үүд зангилаа Эрдэм түм ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг ГБХХК-ийн шилжүүлэх...Төмөр замын Замын Үүд өртөөний ажилчдын 66 айлын орон сууцыг дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ГБХХК-ид шилжүүлэхээр тохиролцсон 07 тоот тэмдэглэл, /хх86-87/

-2015 оны 10 сарын 24-ний өдөр Ган ганжир ХХК, Эрдэм түм ХХК, Замын-Үүд зангилгаа гэрээ дүгнэж, ...Замын Үүд зангилаа, Эрдэм түм ХХК-ийн байгуулсан гэрээг ГБХХК руу шилжүүлэх, 66 айлын дуусаагүй барилгын гэрчилгээг ГБХХК-руу шилжүүлэх, банкны зээлийн барьцааг Дорнын гэгээ ХХК хариуцах гэж дүгнэсэн. /хх 88-90/

- 2016 оны 02 сарын 21-ний өдөр Замын Үүд зангилааны орон сууцны комиссын өргөтгөсөн хурал зохион байгуулж уг хуралд Зангилааны дарга О.Мэндсайхан, захиалагчдыг төлөөлөгч Ү.Сангидорж, ГБХХК-ийн төлөөлж Г.Эрхбаяр нарын нийт 35 иргэн оролцоод

Орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компаниар ГБХХК-ийг сонгож...ГБХХК уг 66 айлын орон сууцыг 2016 оны 03 сарын 15-20 нд эхэлж 2016 оны 09 сарын 02 дотор дуусгах...-аар тохиролцсон 02 тэмдэглэл зэрэг баримтуудаар

нэхэмжлэгч Ж.Огийн өмнө Эрдэм түм ХХК-ийн хүлээсэн үүргийг хариуцагч ГБХХК-ийн шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэсэн актаар захиалагч талаас Эрдэм түм ХХК тай байгуулсан гэрээ цуцалж улмаар тухайн компаний үүргийг ГБХХК руу шилжүүлэх талаар эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх хэдий ч захиалагч этгээдтэй ГБХХК дээрх 4 гэрээний үүрэг яаж шилжсэн тухай бичгээр гэрээ байгуулагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь барилгын нэг хэсэг болох байр захиалан бариулах гэрээнээс татгалзсан хэдий боловч тухайн барилгыг бүхэлд нь гүйцэтгэхээр Эрдэм түм ХХК, Дорнын гэгээ ХХК, Улаанбаатар төмөр замын Замын Үүд зангилаа хооронд 3 талт гэрээ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх олгосноор Замын-Үүд зангилаа, Эрдэм түм ХХК-ийн хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ-ний гэрээний талуудын үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хэнд хэрхэн шилжсэн баримтгүй байх ба тухайн гэрээнүүд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ж.О хариуцагч ГБХХК-ид холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. ГБХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч нэхэмжлэгч Ж.О гэрээнээс татгалзсан төлбөрийг гэрээний талаас нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд зааснаар удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч ГБХХК-ид холбогдох Эрдэм түм ХХК-ийн гүйцэтгэгчийн үүрэг ГБХХК-ид шилжсэн тул 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15/14 дугаарт гэрээнээс татгалзаж, ГБХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН