Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00536

 

 

 

 

 

       2023          03            13                                      210/МА2023/00536

 

 

 

А.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/00242 шийдвэртэй

А.Б гийн нэхэмжлэлтэй, “В” ХХК-д холбогдох

“Г” ХХК-ийн  үүрэг “В” ХХК-д шилжсэн тул 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 15/14 тоот гэрээнээс татгалзаж, “В” ХХК-аас орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б , түүний өмгөөлөгч Н.Нямдорж, хариуцагчийн төлөөлөгч Г.Э , түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие “Г” ХХК-тай 2014 оны 07 сарын 09-ний өдөр байр захиалан бариулах тухай гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, Зам-Үүд өртөөний ажилчдын 00 айлын орон сууцны 00,00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан урьдчилгаа 30 хувийн төлбөр 16,064,700 төгрөгийг төлсөн.

Гэрээгээр гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 09 сард багтаан ашиглалтад өгөх үүрэгтэй боловч барилга баригдаагүй төмөр карказ байдалтай байна. “Г” ХХК-ийн захирал“барилгын ажлыг “В” ХХК-д шилжүүлэн өгсөн гэдэг. “В” ХХК-ийн захирал Г.Э манай компани үргэлжлүүлэн барих хөрөнгө оруулагч хайж байгаа, банкны зээл хөөцөлдөж байгаа гэсээр өнөөдрийг хүрлээ.

Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилааны комиссын 2015 оны 09 сарын 24-ний өдрийн хуралдаанаар Замын-Үүд зангилаа болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 06 сарын 24-ний өдрийн  Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, тус гэрээний үүргийг “В” ХХК-д шилжүүлж, “В” ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүлээн авсан.

1.2. “Г” ХХК-ийн барилга барих үүргийг “В” ХХК шилжүүлэн авсан тул “Г” ХХК, Улаанбаатар төмөр зам нь гэрээний үүрэгт хамааралгүй юм. Мөн тухайн барилгын өмчлөгчөөр “В” ХХК болон урьдчилгаа төлбөр төлсөн 52 иргэн бүртгэгдсэн.

Иймд “Г” ХХК-ийн  үүрэг “В” ХХК-д шилжсэн тул 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 15/14 тоот гэрээнээс татгалзаж, “В” ХХК-аас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулж, тухайн барилгын өөрт оногдох хэсэг болох 0,03 хувийг “В” ХХК-д шилжүүлэхэд татгалзахгүй гэжээ.   

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь 2014 оны 03 сарын 03-ны өдөр “Г” ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод байрлах Төмөр замчдын 00 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах  гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “Г” ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч, “В" ХХК нь хөрөнгө оруулагч болж талуудын эрх, үүргийг  тодорхой заасан.

Гэрээний 1.2-т зааснаар “В” ХХК нь “Г” ХХК-ийн тооцоолсон төслийн санхүүжилтэд шаардлагатай 750,000,000 төгрөгийн 60 хувь 450,000,000 төгрөгийг 2014 оны 04 сарын 15-ны өдрийн дотор “Г” ХХК-д шилжүүлж, 2014 оны 04 сарын 18-ны өдөр гэрээний биелэлтийн явцыг дүгнэсэн акт үйлдэж 2 талаас баталгаажуулсан.

“Г” ХХК нь төслийг хариуцан хэрэгжүүлэгчийн хувьд Төмөр замын Замын-Үүд зангилаа болон орон сууцны барилгын байр захиалагч 52 иргэнтэй тус тус гэрээ байгуулсан.

2.2. Барилга угсралтын ажил 2014 оны 08 сард 60 хувийн гүйцэтгэлтэй зогссон. Замын-Үүд зангилаа нь 2015 оны 09 сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэний хамтарсан хурлаар барилга угсралтын ажил зогссон, Замын-Үүд зангилаатай хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан.

Мөн хурлаар Замын-Үүд зангилаа “...“Г” ХХК-ийг байр захиалагч иргэдтэй хийсэн гэрээгээ 2015 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар дүгнэ” гэсэн албан шаардлагыг тавьсан. Дээрх хурлаас хойш тус барилгыг цаашид хэн үргэлжлүүлэн гүйцэтгэх нь тодорхойгүй манай компани Замын-Үүд зангилаа, байр захиалагч нартай гэрээ байгуулаагүй, “Г” ХХК-аас орон сууцыг үргэлжлүүлэн барих эрхийг гэрээ, хэлцлээр шилжүүлэн аваагүй тул А.Б д 16,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

2.3. “Г” ХХК-ийн барьсан орон сууцны карказ нь манай компаний оруулсан хөрөнгө 450,000,000 төгрөг буюу 38,7 хувь, 52 иргэний 712,000,000 төгрөг буюу 61,3 хувь, нийт 1,1742,000,000 төгрөгийн үнэ бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гарсан. Иймд манай компани нь нэхэмжлэгч А.Б , “Г” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “В” ХХК-нд холбогдох “Г” ХХК-ийн гүйцэтгэгчийн үүрэг “В” ХХК-нд шилжсэн тул 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 15/14 тоот гэрээнээс татгалзаж, “В” ХХК-аас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрт дүгнэхдээ 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Замын-Үүд зангилааны комиссын хурлын тэмдэглэл, орон сууц захиалагч нийт 42 иргэн оролцсон хурлын тэмдэглэл, мөн 2015 оны 03 сарын 18-ны өдрийн “В” ХХК, “Д” ХХК, “Е” ХХК, “Г” ХХК-ийн оролцсон хурлын тэмдэглэлээр дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “В” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн 07 тоот тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Б гийн өмнө “Г” ХХК-ийн хүлээсэн үүргийг хариуцагч “В” ХХК шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй.

4.2. “Г” ХХК-ийн орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг “В” ХХК шилжүүлж авсан талаар хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Энэхүү хурлын тэмдэглэлүүдийг үндэслээд дуусаагүй барилгын 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ “Г” ХХК-ийн нэр дээр байсныг “В” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх дүгнэхгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

4.3. 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх 2014 оны 10 сарын 22-ны өдөр бүртгэгдэж, 2015 оны 09 сарын 19-ний өдөр, 09 сарын 24-ний өдрийн Замын-Үүд зангилаа комиссын хурлаар Замын-Үүд зангилаа болон “Г” ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 24-ний өдөр байгуулагдсан 03 тоот орон сууцны барилга захиалан бариулах гэрээг цуцалж, тус гэрээний үүргийг “Г” ХХК-аас “В” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай компани уг барилгад 450,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж гэрээ байгуулсан. Явцын дунд Монгол Улсад хямрал болж, барилгын ажил зогссон. Ийнхүү “Г” ХХК-тай Улаанбаатар төмөр зам гэрээ цуцалсан. Үүнээс хойш тухайн барилгыг хэн гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй орхигдсон.

Манай компани дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр 38,7 хувийг эзэмшдэг. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан 2015 оны 03 сарын 18-ны өдөр болон 09 сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд “Г” ХХК нь “В” ХХК-д эрх, үүрэг шилжүүлсэн зүйлгүй.

Тус барилгыг “В” ХХК барих эсэх нь Улаанбаатар төмөр зам болон Замын-Үүд зангилаагийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсгийг баримталсан нь үндэслэл бүхий болсон.

5.2. Нэхэмжлэгч Э.Р-ийн “В” ХХК болон “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь өөр асуудал бөгөөд тус хэргийн магадлалд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай асуудал яригдсан. Төлбөрийг “В” ХХК руу шилжүүлсэн асуудал байдаг. Ийнхүү үйл баримт өөр байхад энэхүү хэргийг шийдвэрлэсэн асуудлыг одоогийн хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг баримталж дахин нотлохгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

5.3. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй. Учир нь дуусаагүй барилгын гэрчилгээний 38,7 хувь нь “В” ХХК-ийн нэр дээр, 61,3 хувь нь 52 иргэний өмч гэж гэрчилгээ гарсан. 52 иргэд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн, “В” ХХК 450,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Бүгд тухайн барилгыг баригдаж дуусна гэж хөрөнгө оруулалт оруулсан.

Гэтэл “Г” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлийн улмаас “В” ХХК нь 450,000,000 төгрөг, 52 иргэн адилхан хохирсон. Уг асуудалд шүүхээс удаа дараа Улаанбаатар төмөр зам болон “Г” ХХК-ийг татаж оруулах тухай тухай нэхэмжлэгчээс асуухад “В” ХХК-тай учраа олно гэж тайлбарласан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан “Г” ХХК-ийн үүрэг “В” ХХК-д шилжсэн тул 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 15/14 тоот гэрээнээс татгалзаж, тус компаниас орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч компани эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. 2013 оны 12 сарын 10-ны өдөр гүйцэтгэгч “Г” ХХК, хөрөнгө оруулагч “Е” ХХК, захиалагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа нарын хооронд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт газар олголттой 00 айлын орон сууцны суурь хийгдсэн барилгыг цааш үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулахдаа,

гүйцэтгэгч нь хүлээн авсан барилгын суурин дээр 5 давхар 00 айлын орон сууцыг металл араг бүтээц, хөнгөн бетон дүүргэлт хана бүхий шийдлээр өөрчлөн барьж ашиглалтад оруулах ...00 айлын орон сууцыг 2014 оны 7 сард ашиглалтад оруулна...1 м,кв-ийг 900,000 төгрөгөөр борлуулах, барилгын гадна тохижилтын ажлыг хамт хийж гүйцэтгэх,

захиалагч нь төмөр замын ажилтнуудаас шаардлага хангасан 00 айл өрхийг сонгон шалгаруулж, банкны байгууллагатай гэрээ байгуулан айл тус бүрээр 30 хувийг төвлөрүүлэн санхүүжүүлэх ...гадна инженерийн хангамжийн шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх,

хөрөнгө оруулагч нь барилга угсралтын ажлын гүйцэтгэл 30 хувь хүрэх үед, 100 хувь борлуулалттай 30 хувь гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг баталгаа болгон банкны зээл болон захиалагчдын үлдэгдэл төлбөрөөр барилгын ажлыг дуустал санхүүжүүлэхээр харилцан тохиролцож, эрх бүхий этгээдүүд баталгаажуулан гарын үсэг зуржээ. /1хх43-44 дүгээр тал/

 

3.2. Үүний дараа “Г” ХХК, “Е” ХХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 12-ны өдөр 1/13 тоот хамтран ажиллах гэрээ, “Г” ХХК, “В” ХХК-ийн хооронд 2014 оны 03 сарын 03-ны өдөр 01/14 тоот Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ, Замын-Үүд зангилаа, “Г” ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 24-ний өдөр 03 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ тус тус байгуулагдсан байна. /1хх 50, 56-62, 104-107 дугаар тал/

Улмаар “Г” ХХК, А.Б нарын хооронд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 15/14 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Г” ХХК, “В” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Төмөр замчдын 00 айлын орон сууцны барилгаас 00,00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа 30 хувийн төлбөр 16,064,700 төгрөгийг “Хбанк” ХХК-ийн 0000 тоот дансанд төлөх, захиалагч төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх шилжих, гүйцэтгэгч 2014 оны 09 сард багтаан байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ. 1хх 4-7 дугаар тал

3.3. Анхан шатны шүүх захиалагч А.Б , гүйцэтгэгч “Г” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, захиалагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 16,064,700 төгрөгийг 2014 оны 07 сарын 09-ний өдөр төлсөн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна. /1хх8, 158 дугаар тал/

 

4. Дээрх гэрээний гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох барилгыг барих, ашиглалтад оруулах, захиалагч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Учир нь шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжтой юм.

4.2. “Г” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг төмөр замын 66 тоот орон сууцны зориулалттай 5136 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 10 сарын 22-ны өдөр бүртгэгдэж гэрчилгээ авсан байна. /1хх 233 дахь тал/

4.3. Тухайн барилгын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч талууд болох “В” ХХК, “Д” ХХК, “Е” ХХК, “Г” ХХК-уудын төлөөлөгч нар 2015 оны 03 сарын 18-ны өдөр хуралдаж Замын-Үүд зангилаа болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг “В” ХХК-д шилжүүлэх, Төмөр замын Замын-Үүд өртөөний ажилчдын 00 айлын орон сууцны дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “В” ХХК-д шилжүүлэх зэрэг асуудлыг  тохиролцжээ. /1хх 86-87 дахь тал/

Улмаар “В” ХХК 2015 оны 03 сарын 26-ны өдөр тухайн дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. /1хх 89 дэх тал/

4.4. Үүний дараа 2015 оны 09 сарын 19-ний өдөр зангилааны комисс хуралдаж, тухайн хуралд зангилааг төлөөлж О.М, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Ц, захиалагчийг төлөөлж Ү.С, “Е” ХХК, “В” ХХК, “Г” ХХК-ийн төлөөлөгч нарын 42 иргэд оролцож, Замын-Үүд зангилаа, “Г” ХХК-ийн 2014 оны 06 сарын 24-ний өдрийн 03 тоот гэрээг цуцлах, байр захиалагч нар болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хууль ёсны дагуу, гэрээний заалтыг үндэслэн дүгнэх асуудлыг шийдвэрлэх, Зангилааны 00 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулагч “Е” ХХК, “В” ХХК нь захиалагчтай гүйцэтгэгчийн гэрээг шинээр байгуулах санал тавьж, уг саналыг Замын-Үүд зангилааны захиргаанд тавьж шийдүүлэхээр шийдвэрлэжээ. /хх74-76, 91-96 дахь тал/

4.5. 2015 оны 10 сарын 24-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар “Д” ХХК, “Г” ХХК, Замын-Үүд зангилгаа нь Замын Үүд зангилаа, “Г” ХХК-ийн байгуулсан гэрээг “В” ХХК руу шилжүүлэх, 00 айлын дуусаагүй барилгын гэрчилгээг тус компанид шилжүүлэх, банкны зээлийн барьцааг “Е” ХХК гаргахаар шийдвэрлэсэн байна. /1хх 88 дахь тал/

4.6. Мөн 2016 оны 02 сарын 21-ний өдөр Замын-Үүд зангилааны орон сууцны комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж уг хуралд Зангилааны дарга О.Мэндсайхан, захиалагчдыг төлөөлөгч Ү.С, “В” ХХК-ийг төлөөлж Г.Э нарын нийт 35 иргэн оролцож, “...Орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компаниар “В” ХХК-ийг сонгож...”Гарьдын бүрд” ХХК уг 00 айлын орон сууцыг 2016 оны 03 сарын 15-20-нд эхэлж мөн оны 09 сарын 02 дотор дуусгах...”-аар тохиролцжээ. /2хх 5-9 дахь тал/

Дээрх хурлын тэмдэглэлүүд, гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтуудыг харьцуулвал нэхэмжлэгч А.Б гийн өмнө “Г” ХХК-ийн хүлээсэн үүргийг хариуцагч “В” ХХК шилжүүлэн авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

5. “В” ХХК, “Д ” ХХК болон Замын-Үүд өртөөний дарга нарын хооронд 2018 оны 01 сарын 17-ны өдөр  үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “В” ХХК-ийн оруулсан 450,000,000 төгрөгийн хөрөнгөд тухайн барилгын 38.7 хувийг, Замын-Үүд өртөөний нэр бүхий 52 ажилтны оруулсан 712,000,000 төгрөгийн хөрөнгөд барилгын 61.3 хувийг тус тус бэлэглэхээр тохиролцож, уг гэрээний үндсэн дээр 2018 оны 02 сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. /1хх 26, 30-31 дэх тал/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөх эрх хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр үүсдэг ба зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг барилгад хөрөнгө оруулсан үйл баримтаар  талуудын хооронд дундын өмчлөлийн харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг төмөр замын 00 тоот 5136 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч болсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл гэрээг цуцалж, орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг гаргуулж, тухайн барилгын өөрт ногдох хэсэг болох 0.03 хувийн үнийг гаргуулах гэсэн агуулга илэрхийлсэн байна.

 

Дундын өмч бий болсон тохиолдолд дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зохицуулсан.

 

Нэхэмжлэгч А.Б гийн нэхэмжлэл нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг гаргуулах агуулгатай боловч уг өмчлөлийн зүйл нь салгаж болохгүй, иж бүрдэл хөрөнгө байх тул энэ хөрөнгөд оруулсан 16,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дэх 52 ажилтан дотор  нэхэмжлэгч А.Б орсон тул хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 16,000,000 төгрөгийг авч, гэрээнээс гарах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан гэж шаардах эрхийг тодорхойлно.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгийн эрх зүйн харилцаа үүссэн тул мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “В” ХХК-аас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б д олгож шийдвэрлэлээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Г” ХХК-ийг оролцуулах ёстой байсан гэх үндэслэлгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахаас өмнө “Г” ХХК нь гэрээнээс татгалзаж гарсан тул хариуцагч биш талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/00242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “В” ХХК-аас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 237,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ