Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/03208

 

 

 

 

 

 

 

2023 06 23

101/ШШ2023/03208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох

 

Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын ** давхарт ** тоот 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Ц миний бие 2010.03.27-ны өдөр М ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн **-р хороонд байршилтай Богдын өндөр орон сууцны барилгын ** давхарт ** тоот 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 273,236,500 төгрөгөөр тооцож, гэрээнд заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа 135,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 138,236,500 төгрөгийг 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бүрэн төлж барагдуулсан. Уг барилга нь 2010 оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1-т Гэрээний дагуу орон сууцыг 2010 оны 05 сарын 01-ний өдөрт багтаан төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд захиалагч талд хүлээлгэн өгнө, 3.1-т захиалагч төлбөрөө гэрээ ёсоор бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж заасан байх боловч М ХХК-ийн зүгээс НӨАТ-ийн асуудлаар шалтаглан одоо болтол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Ц миний нэр дээр гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. 2010.03.27-нд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 3.3-т захиалсан орон сууцтай холбогдох санал гомдлоо гүйцэтгэгч талд тавих эрхтэй гэж заасны дагуу удаа дараа гэрчилгээг гаргуулах хүсэлт тавьж байсан. Одоог хүртэл шийдвэрлээгүй.

Ж.Ц нь хариуцагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 193.1 м.кв байрыг захиалж авсан байдаг. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулсан. Захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагчид өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шаардлага хүргүүлэхэд одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна.

Ж.Цэ нь гэрээ байгуулагдахаас өмнө Баянзүрх дүүрэгт байрлалтай байрнаас авсан. 2010 онд гэрээ байгуулахад Ц гээд өөрийн эгчтэй очиж гэрээ байгуулж байсан. Өмнө авсан байрны захиалгын гэрээнээс гарын үсгийг дуурайж бичсэн эсэхийг мэдэхгүй. Гэрчилгээний хувьд байр 2010 онд ашиглалтад орсноос хойш эзэмшиж, ашиглаж байсан. Хэрэв НӨАТ төл гэж байсан бол эзэмшил ашиглалтад шилжүүлэхгүйгээр маргах байсан байх. НӨАТ гэж заасан талаар асуусан. Б гээд захирал нь таньдаг хүн тул Ц байнга асууж байсан. НӨАТ-ын талаар огт ярьж байгаагүй. Гэрээний загварт ийм зүйл бичигдсэн байгаа. Цгаас НӨАТ нэхэхгүй гэж хэлж байсан. Өмчлөх эрх шилжүүлэхэд НӨАТ хамаарахгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох ёстой тул НӨАТ-ын талаар шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Гэрээнд зааснаар бол нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Бараа бүтээгдэхүүндээ заавал НӨАТ-ын дүнг шингээсэн байх ёстой. Гэтэл график гаргаад энэ дүнг төлөөд байраа өөрийн болго гэсэн байгаа. Хариуцагчийн тухайд захиалагч төлнө гэж заасан байна. НӨАТ хэдэн хувийг төлөх талаар хариуцагч гаргаж өгөөгүй, баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу Хан-Уул дүүргийн **-р хороонд байршилтай Богдын өндөр орон сууцны барилгын ** давхарт ** тоот 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж.Цг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн барьж байгуулан ашиглалтад оруулсан 2010.05.12-ны өдрийн 118/2010 дугаар бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс-ын дүгнэлт бүхий, Хан-Уул дүүргийн **-р хороо, Богдын өндөр 52 айлын орон сууцны ** давхрын ** тоот хаягт байрлах 193,1 м.кв талбай бүхий 5 /тав/ өрөө орон сууцыг худалдан авахаар иргэн Ж.Цэ нь Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г 2010.03.27-ны өдөр байгуулсан. Гэрээнд 193,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,415,000 төгрөгөөр тооцож, 273,236,500 төгрөгийг 2010.04.20-ны дотор төлж барагдуулахаар болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Ж.Ц-гийн ах иргэн Ж.Цэ гэрээ байгуулахдаа Танайхаас өмнө нь байр авч байсан тул байрны үнээ хямдруул гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед манай байрны 1 м.кв тутмын үнэ 1,800,000 төгрөг байсан ба энэ үнэ НӨАТ орсон байхаар бусад иргэдтэй гэрээ байгуулж байсан. Ж.Цэгвын хүсэлтээр 1 м.кв тутмын үнийг НӨАТ орохгүйгээр 1,415,000 төгрөгөөр тооцож, гэрээнд тусгасан ба энэ тухай гэрээний 4.4-т Байрны үнэд НӨАТ ороогүй бөгөөд НӨАТ-ыг захиалагч тал төлнө хэмээн зааснаар 1,415,000 дээр НӨАТ-н 10% болох 141,500% нэмэгдсэнээр 1,556,500 төгрөгт 1 м.кв нь тооцогдох юм байна хэмээн захиалагч тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан. Учир нь Монгол улсад 1998.01.06-ны өдрөөс НӨАТ-ын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба манай компани.... НӨАТ төлөгч байгууллагаар бүртгүүлсэн тул борлуулалтын орлогоос НӨАТ-ын төлбөрийг улсад төлөх үүрэг хүлээдэг. Тухайн үед НӨАТ-ын тухай хууль мөрдөгдөөд удаагүй байсан тул одоогийнх шиг НӨАТ-тэй тогтсон үнэ мөрдөгддөггүй, худалдагч худалдан авагч талууд харилцан тохиролцсоноор эхнээсээ НӨАТ нэмсэн үнээр авах, НӨАТ-ын үнийг эхнээсээ хасаж тооцуулах, НӨАТ-ыг худалдагч тал хасаж, худалдан авагч тал НӨАТ-ын төлбөрийг худалдан авалт дээр нэмж төлөх зарчмаар борлуулалт хийгддэг байсан.

Иймд Ж.Цэ нь манай байгууллагад орон сууцны борлуулалтын 273,236,500 төгрөгийн үнийн дүнгийн НӨАТ болох 10% буюу 27,323,650 төгрөгийг төлснөөр тухайн орон сууцны өмчлөх эрх захиалагч талд шилжих эрхтэй болно. /Гэрээний 2.5/ Нэхэмжлэгч тал 12 жилийн туршид НӨАТ төлөх үүргээс санаатай зугтаж ирсний хувьд гэрээний 3.6-д зааснаар манай талд зохих ёсны алдангийг төлөх ёстой. Гэтэл захиалагч тал болох Ж.Цэтай орон сууц ашиглалтад орсноос хойш 2-3 удаа холбогдож, зохих ёсны НӨАТ-ын төлбөрөө төлөхийг шаардахад төлнө гэсээр ирсэн боловч, 2022 оны өвлөөс эхлэн Ж.Цэгвын дүү гэгч Ж.Цгийн дүү гэж өөрийгөө танилцуулсан этгээд манай компани дээр ирэн Орон сууцыг өөрсдийн нэр дээр бүртгүүлэх-ийг шаардсан. бидний зүгээс гэрээнд заасны дагуу НӨАТ болох 27,323,650 төгрөгийг төлөхийг шаардахад 50% болгож төлье гэсэн тул манай талаас зөвшөөрөөгүй. Ийнхүү нэхэмжлэгч тал дээрх төлбөрийг төлөхгүй байсаар ХУД-ийн Үл хөдлөх хөрөнгийн Бүртгэлийн хэлтэст хандан бичиг гаргаж өгөхийг шаардсаар дахин манай талд хандсан.

Ингэхдээ орон сууц захиалгаар бариулах гэрээгээ авчирсан бөгөөд тухайн гэрээнд манай талын иргэн Ж.Цэтай байгуулсан гэрээний нэрийг гараар Ж.Ц болгон өөрчилсөн байсан. Манай талаас:

1-т НӨАТ-өө төл, 2-т гэрээг засварлан захиалагчийн нэрийг өөрчилсөн байгааг хэлэхэд Ж.Цэ нь нас барсан, Ж.Ц нь захиалагчийн төрсөн дүү гэдгийн та мэдэж байгаа биз дээ, тэгээд ч тэр байранд Ж.Ц амьдарч байсан. Байрны мөнгийг ч Ж.Ц төлсөн гэсэн. Манай гүйцэтгэх захирал А.Г тухайн үед ийм асуудал байж хэрхэвч болохгүй манай талын гэрээнд Ж.Цэ гэсэн байгаа тул захиалагч нас барсан ч гэсэн түүний хууль ёсны өв залгамжлагч зохих хуулийн дагуу манайд хандсанаар асуудлыг шийдэх ёстой байх. Бид ч бас захиалагч талын хууль ёсны төлөөлөгчид гэрээгээ үзүүлэн ямар учраас өмчлөх эрх өдийг хүртэл саатсаныг тайлбарлах ёстой гэсэн.

Бид хэдийгээр Ж.Ц нь Ж.Цэгвын төрсөн дүү гэдгийг мэдэх боловч бүх зүйл хууль ёсны дагуу явагдаж ёстойг анхааруулан ядаж тэр Ж.Ц гэгч өөрөө ирэх эсвэл утсаар ярих ёстойг сануулсан атал Ж.Ц нь өдийг хүртэл манай талтай 1 ч удаа утсаар холбогдоогүй, ирж уулзаагүй. Захиалагч талд хадгалагдаж буй гэрээ, манай талын гэрээ 2-т манай талын гэрээг баталсан болон гэрээ байгуулсан ажилтны гарын үсэг байдаг боловч тухайн үед захиалагч талаас гэрээнд дараа нь гарын үсэг зурна хэмээгээд зураагүй, 2 гэрээ 2 өөр бичгийн хэвээр бичигдсэн байгаа нь манайд тухайн үед ажиллаж байсан ня-бо болох Л.А манай талд үлдэх гэрээг, гүйцэтгэх захирал А.Г захиалагч талд үлдэх гэрээг тус тус бичиж, үйлдсэн. Учир нь тухайн үед гэрээний загварт бичиж, бөглөх зүйлийг гараар бичдэг энэ нь цаг хугацаа шаарддаг ажил тул манай талаас 2 ажилтан зэрэг гэрээг бөглөсөн байдаг. Иймд иргэн Ж.Цэтай манай талын байгуулсан гэрээнд иргэн Ж.Ц огтхон ч хамааралгүй тул нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй байна.

Захиалагч болох Ж.Цэгвын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл өв залгамжлагч мөн эсэхээ нотолсон тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний харилцаанд оролцох эрхтэй болно. Захиалагч тал гэрээнд заасны дагуу НӨАТ болон 2010.04.20-ноос тухайн төлбөр төлөгдөх өдрийг хүртэлх алдангийг манай талд төлөх ёстойг анхаарна уу. Манай талаас захиалагч талын хүсэлтийн дагуу ХУД-ийн Бүртгэлийн хэлтэст хандан бүрдүүлэх ёстой материалуудыг ном журмын дагуу бүрдүүлэн, захиалагч талын албан ёсны төлөөлөгч, НӨАТ болон алдангийг төлсөн тохиолдолд, Үл хөдлөх хөрөнгийг захиалагчийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

Гэрээний талаар нэхэмжлэгч тал дурдлаа. Гэрээний 4.4-т байрны үнэд НӨАТ ороогүй гэсэн байгаа. Захиалагч тал төлнө гэсэн байгаа. Манайхаас гуйгаад 1,415,000 төгрөг болгож авсан. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсний дагуу манай компани НӨАТ төлдөг. Гэрээ байгуулах үед буюу 2010 онд НӨАТ тогтож мөрдөгдөж эхлээгүй байсан. НӨАТ-ийг худалдан авагч тал хариуцна гээд гэрээний 4.4 дүгээр зүйлд бичсэн байгаа. 27,323,650 төгрөгийг захиалагч тал буюу нэхэмжлэгч төлөх ёстой. М компанийн зүгээс одоог хүртэл НӨАТ-ын асуудлаар шалтаглан өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байна гэсэн байна. Одоог хүртэл байр манай компанийн нэр дээр байгаа. Бид тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа. Гэрээний 3.1-т захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд гэж байна. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу төлбөрөө дутуу төлсөн байхад өнөөдрийг хүртэл таньдаг хүн гээд шаардаад явж байгаа. НӨАТ-ын мөнгө 2013 оноос хойш 2023 оны 06 дугаар сарын 27 хүртэл 4770 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэрээ ёсоороо бол 130,333,810 төгрөг болж байгаа хэдий ч бид үүнийг нэхээгүй. Зөвхөн НӨАТ-ын мөнгөө төлөөд өг гэж байгаа. Ц, Цэ 2 хоёулаа өмнө нь манайхаас байр авч байсан. Ц аминчлан гуйгаад Х гэдэг хүн элэгний эмнэлэг ажилладаг хүн байдаг, санхүүг нь барьдаг, өөрийн нэр дээр байр авахгүй байх шалтаг байгаа тул Цэгвын нэр дээр байр авъя гэхээр нь бид нар за тэгье гээд гэрээ хийхэд шаардагдах нөхцөлийг тайлбарлаж өгсөн. Цэ гэрээ хийх юу болсон бэ гэхэд Ц гэрээг нь авч очоод гарын үсэг зураалахаар болоод манай захирлаар гарын үсэг зуруулаад тамга даруулаад аваад явсан. Ийм л зүйл болсон. Ц гэдэг хүн хаяг регистр бүх зүйлийг өөрөө бичсэн гэдэг нь тогтоогдсон. Өмчлөгч нь хэн байх нь хамаагүй ч төлбөрөө л төлсөн байх ёстой. 13 жил өнгөрсөн ч гэсэн 27,323,650 төгрөгийг төл л гэж хэлж байгаа. Ц, Цэ нарын гэрээний драфт яг ижил байгаа. Хамтран амьдрагч гэж нэг хүн хүрч ирээд агсам согтуу тавьсан.

Гэрээнд Ц, Цэ хэн ч байсан гэрээний загвар ижил байгаа. Сүүлд уулзаад манай гэрээний загвар ийм болсон гэж 13 жил ямар учиртай яваад байсан нь харагдаж байна. Манай талаас энэ байрны татварыг төлөөд яваад байсан нь манайд алдагдалтай байна. Цэас НӨАТ төлөх талаар би шаардаж байсан. Ер нь бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг бичсэн заалтыг бариад байна. Зөвхөн үүнийг барих байсан бол бусад заалтуудын хэрэг байхгүй байх. 10 жилийн хугацаанд яагаад НӨАТ төлүүлэх шаардлага тавиагүй вэ гэдэг асуудал гарч ирж байна. Үүнд бол өмчлөх эрх нь шилжээгүй, мөн танилууд тул НӨАТ-ын мөнгөө төлсний дараагаар өмчлөх эрх шилжүүлнэ гэдэг шаардлагыг манай зүгээс тавьж байсан. Татвар төлсөн эсэхээ баримтжуул гээд байна. Тухайн жилдээ борлуулалт хийсэн тул татвараа төлсөн байж таараа. НӨАТ-ыг захиалагч төлнө гэдэг заалт байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 3-10, 35-36, 38, 113-115 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас 13-16, 25-31, 116-117, 121 дүгээр талд авсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр гэрчээр Л.Аюушжавыг асуух ажиллагааг хийж /хх-69-71/, шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан /хх-79-102/ байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын ** давхарт ** тоот 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Орон сууц захиалгаар бариулах 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр, гүйцэтгэгч М ХХК нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Богдын өндөр барилга, ** давхар ** тоот, 193.1 м2, 5 өрөө орон сууцыг нэгж м.кв-н үнэ 1,415,000 төгрөг, нийт 273,236,500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, захиалагч Ц.Ц нь 2010.03.17-нд 135,000,000 төгрөг, 2010.04.20-нд 138,236,500 төгрөгийг төлөх, гэрээний нэмэлтээр тус байрны зоорийн давхарт байрлах №15 тоот автомашины зогсоолыг 14,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.

4. Хариуцагч М ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч Ж.Ц-д 2010 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны үнэ 273,236,500 төгрөгийг төлж, одоог хүртэл орон сууцаа эзэмшиж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. Харин талуудын хооронд нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг гэрээнд зааснаар захиалагч төлнө гэсэн үндэслэлээр М ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Ж.Цгийн нэр дээр шилжүүлэхгүй байгаа нь маргааны үндэслэл болжээ.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаарджээ.

Гэрээний 4.4-т Байрны үнэд НӨАТ ороогүй бөгөөд НӨАТ-ыг захиалагч тал төлнө гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг НӨАТ-ын 27,323,650 төгрөгийг одоо ч гэсэн төлбөл орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ гэх боловч нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөхгүй, улмаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан 20,000,000 төгрөгөөр эвлэрэх саналыг хүлээж аваагүй.

Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 82 дугаар зүйлийн 82.1. хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба орон сууцны эзэмшил шилжүүлэх, орон сууцны төлбөрийг төлсөн үйл баримтууд гэрээ байгуулсан жилдээ буюу 2010 онд болж өнгөрсөн талаар зохигчид тайлбарлаж байна.

Гэрээ байгуулсан 2010 оноос хойш 13 жил өнгөрсөн энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагч М ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын ** давхарт ** тоот 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ж.Ц-д холбогдох Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын ** давхарт ** тоот 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+1,524,200=/ 1,594,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ