Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01749

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01749

 

Ж.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 101/ШШ2023/03208 дугаар шийдвэртэй,

 

Ж.Цгийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ж.Ц миний бие 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “М” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай Богдын өндөр орон сууцны барилгын 07 давхарт - 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 273,236,500 төгрөгөөр тооцож, гэрээнд заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа 135,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 138,236,500 төгрөгийг 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бүрэн төлж барагдуулсан.

1.2. Уг барилга нь 2010 оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон. Гэрээний 2.1-т зааснаар орон сууцыг 2010 оны 05 сарын 01-ний өдөрт багтаан төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд захиалагч талд хүлээлгэн өгөх, 3.1-т захиалагч төлбөрөө гэрээ ёсоор бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж заасан байх боловч “М” ХХК-ийн зүгээс НӨАТ-ийн асуудлаар шалтаглан одоо болтол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Ц миний нэр дээр гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

1.3. Гэрээний 3.3-т захиалсан орон сууцтай холбогдох санал гомдлоо гүйцэтгэгч талд тавих эрхтэй гэж заасны дагуу удаа дараа гэрчилгээг гаргуулах хүсэлт тавьж байсан. Одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна.

1.4. Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдын өндөр 52 айлын орон сууцны 07 давхрын - хаягт байрлах 193.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдан авахаар иргэн Ж.Ц нь орон сууц захиалгаар бариулах гэрээг 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Гэрээнд 193,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,415,000 төгрөгөөр тооцож, 273,236,500 төгрөгийг 2010 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар болсон.

2.2. Ж.Цэрэндагвын хүсэлтээр 1 м.кв тутмын үнийг НӨАТ орохгүйгээр 1,415,000 төгрөгөөр тооцож гэрээнд тусгасан ба энэ тухай гэрээний 4.4-т “Байрны үнэд НӨАТ ороогүй бөгөөд НӨАТ-ыг захиалагч тал төлнө” хэмээн заасан. 

2.3. Ж.Ц манай байгууллагад орон сууцны борлуулалтын 273,236,500 төгрөгийн үнийн дүнгийн НӨАТ болох 10 хувь буюу 27,323,650 төгрөгийг төлснөөр тухайн орон сууцны өмчлөх эрх захиалагч талд шилжих эрхтэй болно.

Нэхэмжлэгч тал 12 жилийн туршид НӨАТ төлөх үүргээс санаатай зугтаж ирсний хувьд гэрээний 3.6-д зааснаар манай талд зохих ёсны алдангийг төлөх ёстой.

2.4. Захиалагч тал болох Ж.Цтай орон сууц ашиглалтад орсноос хойш 2-3 удаа холбогдож, зохих ёсны НӨАТ-ын төлбөрөө төлөхийг шаардахад “төлнө” гэсээр ирсэн боловч, 2022 оны өвлөөс эхлэн Ж.Цэрэндагвын дүү гэгч Ж.Ц гэж өөрийгөө танилцуулсан этгээд манай компани дээр ирж орон сууцыг өөрсдийн нэр дээр бүртгүүлэхийг шаардсан. Бидний зүгээс гэрээнд заасны дагуу НӨАТ болох 27,323,650 төгрөгийг төлөхийг шаардсан. 

2.5. Орон сууц захиалгаар бариулах гэрээгээ авчирсан бөгөөд тухайн гэрээнд манай талын иргэн Ж.Цтай байгуулсан гэрээний нэрийг гараар Ж.Ц болгон өөрчилсөн байсан.

Манай талаас НӨАТ-өө төл, гэрээг засварлан захиалагчийн нэрийг өөрчилсөн байгааг хэлэхэд “Ж.Ц нь нас барсан, Ж.Ц нь захиалагчийн төрсөн дүү гэдгийн та мэдэж байгаа биз дээ, тэгээд ч тэр байранд Ж.Ц амьдарч байсан. Байрны мөнгийг ч Ж.Ц төлсөн” гэсэн. Манай гүйцэтгэх захирал А.Гангаа тухайн үед гэрээнд Ж.Ц гэсэн байгаа тул захиалагч нас барсан ч гэсэн түүний хууль ёсны өв залгамжлагч зохих хуулийн дагуу манайд хандсанаар асуудлыг шийдэх ёстой  гэсэн.

Бид Ж.Цг өөрөө ирэх эсвэл утсаар ярих ёстойг сануулсан атал тэрээр өдийг хүртэл манай талтай нэг ч удаа утсаар холбогдоогүй, ирж уулзаагүй.

Захиалагч талд хадгалагдаж буй гэрээ, манай талын гэрээ 2-т манай талын гэрээг баталсан болон гэрээ байгуулсан ажилтны гарын үсэг байдаг боловч тухайн үед захиалагч талаас гэрээнд дараа нь гарын үсэг зурна хэмээгээд зураагүй, 2 гэрээ 2 өөр бичгийн хэвээр бичигдсэн байгаа нь манайд тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч болох Л.Аюушжав манай талд үлдэх гэрээг, гүйцэтгэх захирал А.Гангаа захиалагч талд үлдэх гэрээг тус тус бичиж үйлдсэн. Учир нь тухайн үед гэрээний загварт бичиж, бөглөх зүйлийг гараар бичдэг энэ нь цаг хугацаа шаарддаг ажил тул манай талаас 2 ажилтан зэрэг гэрээг бөглөсөн байдаг. Иймд иргэн Ж.Цтай манай талын байгуулсан гэрээнд иргэн Ж.Ц огтхон ч хамааралгүй тул нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй байна.

2.6. Манай талаас захиалагч талын хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандан бүрдүүлэх ёстой материалуудыг ном журмын дагуу бүрдүүлэн, захиалагч талын албан ёсны төлөөлөгч, НӨАТ болон алдангийг төлсөн тохиолдолд, үл хөдлөх хөрөнгийг захиалагчийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

2.7. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Цд холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын 07 давхарт - 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+1,524,200=/ 1,594,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Богдын өндөр хотхон нь 2010 онд ашиглалтад орсон, улсын бүртгэлийн байгууллагад орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг 2013 оноос гаргаж өгч, 2013 оноос тус орон сууцны захиалагчид өмчлөх эрхээ бүртгүүлж эхэлсэн. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч “М” ХХК-аас эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг 2013 оноос хойш амаар болон бичгээр шаардаж ирсэн ч хариуцагч нь зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар ч тодорхой хариу өгөхгүй явсаар өдийг хүрсэн.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 онд энэ талаар дахин шаардахад анх “НӨАТ төлөөгүй болохоор өгөхгүй" гэж анх удаа татгалзсан хариуг өгсөн байдаг. Хариуцагч “М” ХХК нь ч нэхэмжлэгчийг өмнө нь энэ талаар хүсэлт гаргаж байсан, хүсэлтийг шийдвэрлэж, ямар нэгэн хариу өгөлгүй явсаар өдийг хүрсэн гэдэгтэйгээ маргадаггүй.

4.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд орон сууцны шилжилт хөдөлгөөний талаарх түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах ажиллагааг гүйцэтгэх боломжтой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Өмчлөх эрх нь туйлын эрх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч 2013 оноос хойш хугацаанд хариуцагчид шаардлага гаргасаар ирсэн үйл баримтад хариуцагч маргадаггүй. Нэхэмжлэгч Ж.Ц нь орон сууцны үнийг бүрэн төлсөн бөгөөд орон сууцыг ашиглалтад орсон цагаас хойш тус орон сууцанд амьдарч байгаа болно.

4.5. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШІ2023/03208 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

2. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын 07 давхарт - 193.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

 

3. Ж.Ц болон “М” ХХК  2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулж, уг гэрээгээр “М” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдын өндөр барилга, 7 давхар -, 193.1 м.кв. талбай бүхий 5 өрөө орон сууцыг  1 м.кв-ыг 1,415,000 төгрөгөөр тооцож нийт 273,236,500 төгрөгийн үнээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Ц.Ц нь орон сууцны үнийг 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 135,000,000 төгрөг, 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 138,236,500 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцожээ. Уг гэрээг талууд бичгээр байгуулж, гэрээнд Ж.Ц, “М” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаяр нар гарын үсэг зурж, компанийн тамгыг даржээ. /хх 6-8 дахь тал/

 

3.1.Хариуцагч “М” ХХК нь Ж.Цтай гэрээ байгуулаагүй, иргэн Ж.Цтай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон Ж.Цтай байгуулсан гэрээг баримтаар гаргаж өгсөн ба уг гэрээнд “захиалагч талыг Ж.Ц” гэж тодорхойлсон боловч уг этгээд гарын үсэг зураагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах учиртай.  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийх шаардлага хангаагүй хэлцлийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар гэрчээр нотлох эрхээ алдах юм. 

Иймд гэрч Л.Аюушжавын “Нэг гэрээг хоёр хүнтэй байгуулахгүй. Би бол Ж.Цтай байгуулсан гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг нотлох баримт болж чадахгүй тул  гэрээг Ж.Цтай байгуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.  

 

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Гэрээний зүйл нь 52 айлын орон сууцны зориулалттай барилгын 7 тоот орон сууц байх бөгөөд нэг бүрийн шинжээр тодорхойлогдох, тухайлсан захиалгаар гүйцэтгэх эд хөрөнгө биш тул ажил гүйцэтгэх гэрээний зүйл гэж тодорхойлох нь учир дутагдалтай болжээ. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Хариуцагч “М” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч Ж.Цгийн эзэмшилд 2010 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны үнэ 273,236,500 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Гэрээний 1.3-т орон сууцны үнийг 273,236,500 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний 3.1-д төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцны эд хөрөнгө өмчлөх эрхийг худалдан авагч тал нь шилжүүлж авах эрхтэй байна.

 

6. Гэрээний 4.4-т зааснаар гэрээний үнэд НӨАТ ороогүй бөгөөд худалдан авагч тал уг татварыг худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон нь нэмэлт үүргийн шинжтэй гэж дүгнэхээр байна. Иймд уг татварыг гэрээний үнэд оруулан тооцоогүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг саатуулан барих эрхгүй. Энэ шийдвэр нь нэмэлт үүргийг шаардахад саад болохгүй болно.

 

7. Хариуцагчаас2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаагүй, зохигчид маргаагүй байхад шүүх хуралдаан даргалагч 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр энэ талаар асууж, шийдвэрт дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ. Учир нь талууд маргааны зүйлийг тодорхойлох бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хэн аль нь маргаагүй тохиолдолд шүүх үйл баримтыг санаачлагаараа тогтоох нь талуудын зарчимд нийцэхгүй юм.

 

8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг Ж.Цд гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагч өөрийн зөрчигдсөн эрхийг зөвхөн үүргийн эрх зүйн хамгаалалтын аргаар сэргээлгэхийг шаардана. Иймд өмчийн эрх зүйн шаардлага болох өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх учиргүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн зохицуулалт нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаатай холбоотой шүүхийн эрх хэмжээ байдаг бөгөөд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна. Анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй тул “орон сууцны шилжилт хөдөлгөөний талаарх түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах ажиллагааг гүйцэтгэх боломжтой байсан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 101/ШШ2023/03208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай, Богдын өндөр орон сууцны барилгын 7 давхарын - 193.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Ж.Цгийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг “М” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс “М” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,524,200 төгрөг гаргуулж Ж.Цд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,594,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА