Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/00540

 








 

2023      01         30            182/ШШ2023/00540

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ч.И,

 

Нэхэмжлэгч: Ж.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШЕЗ-д холбогдох

Ч.И-д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж.Ц-д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, О.Золтуяа, О.Должиндэмид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

...Ч.И нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны едрийн 158 дугаар зарлигаар, Ж.Ц нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар зарлигаар тус тус өндөр насны тэтгэвэрт гарсан билээ. 

Зарлиг гарсны дараа ШЕЗийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн165 дугаар Нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалаар Ч.И, Ж. Цэнгэл нарт тус бүрд нь нэг удаагийн тэтгэмж 97.200.000 төгрөгийг тус тус харилцах дансанд шилжүүлсэн. 

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуулийн 47дугаар зүйлийн 47.9-т ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож, нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр зохицуулагджээ. 

Дээрх хуулийн заалт нь мөн хуулийн 10 дугаар бүлэг "Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа", 46 дугаар зүйлийн 46.2-т шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны ,докторын нэмэгдлээс бүрдэнэ,47 дугаар зүйл "шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад хамаарах болно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.3-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэжээ. 

ШЕЗийн даргын тушаалаар төсөвлөж, бидэнд олгосон тэтгэмж нь зөвхөн шүүгчийн албан тушаалын буюу үндсэн цалингаас тооцож олгосон байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалин зэргийг оруулж тооцоогүй байна. Бид энэ талаар ШЕЗийн эрх бүхий албан тушаалтнууд амаар болон бичгээр хандсан боловч, тэтгэмжийн зөрүүг олгоогүй тул ШЕЗийн даргад хандаж,бичгээр хариу авсан болно. 

ШЕЗийн 2019 оны 07 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд ...Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь энэ эрхийг эдлээгүй харин Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалингийн бодож олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т зааснаар Ч.Ид тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж.Цд 69,516,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ШЕЗ татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах хариу тайлбар гаргаж байна.  

Ч.И, Ж.Ц нар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 209, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 158, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай зарлигуудыг тус тус гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан бөгөөд ШЕЗ хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно. 

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин..." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин, "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй байна. Албан тушаалын цалин гэдэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. 

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин..." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. 

Нэмэгдэл, тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. 

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. 

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгч дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. 

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. 

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин ...гэдэг нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 

36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар ШЕЗийн даргын тушаалын хуулбар, Тэтгэвэрт гарсан шүүгчид олгох тэтгэмжийн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн хуулбар, Ч.Игийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.21-ний өдрийн 165 дугаар Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай ШЕЗийн даргын тушаалын хуулбар, Тэтгэвэрт гарсан шүүгчид олгох тэтгэмжийн хуулбар, 2022.07.05-ны өдрийн 132 дугаар Шүүгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ж.Цийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Игийн цалингийн карт, 2023.01.16-ны өдрийн 01/99 дугаар Ч.И, Ж.Ц нарт Хариу хүргүүлэх тухай ШЕЗийн албан тоот, итгэмжлэл, дансны хуулга, Ж.Цийн цалингийн карт /хх-ийн 3-12, 18-19, 23-25, 31/

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл /хх14, 20-22/зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нар нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү Ч.Ид 69,900,000 төгрөг, Ж.Цд 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нар үндэслэлээ тодорхойлохдоо ...Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.4-д...Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан бөгөөд шүүгчийн цалин нь үндсэн цалин болон нэмэгдлээс бүрдэхээр зохицуулсан...иймд тэтгэмжийг олгохдоо онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг тооцож олгоогүй тул зөрүүг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон...Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан байна. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй харин сарын дундаж цалингийн хэмжээ гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томьёолсон...үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.И нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, нэхэмжлэгч Ж.Ц нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус ажиллаж байсан ба нэхэмжлэгч нар нь шүүгчийн албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэлтөрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр тус тус цалин хөлс авч байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 6, 11/

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700,000 төгрөг гэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмэгдлийн хэмжээг тус тус тогтоосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 158 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Ч.Иг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 132 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Ж.Цийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

ШЕЗийн даргын 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 165 тоот тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Ч.И, Ж.Ц нарт албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 97,200,000 төгрөгийг тус тус олгожээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичигт цалин, цалин хөлс, сарын дундаж цалин гэх нэр томьёог Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр бөгөөд хэл зүйн утгын хувьд хоршоо үг гэж, дундаж цалин гэдэг нь ямар нэгэн тодорхой хугацаанд ажилтны авсан цалин хөлсний хэмжээ гэж, Дундаж цалинг тодорхойлох нь ээлжийн амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцох, тэтгэвэр тэтгэмжийг хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой гэж, Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн эрх зүйд ажилтанд ажил олгогчоос олгосон үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллын цогц гэж тус тус тайлбарлажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4...д Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1...д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно... гэж, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан.

Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нар нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь ...албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс... зэргээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч нар нь албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1,080,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 675,000 төгрөг, нийт 160,380,000 төгрөгийн тэтгэмж авахаас 97,2000,000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцож олгосон гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хариуцагч ШЕЗөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарт олгож, нэхэмжлэгч Ч.Игийн шаардлагаас 6,720,000 төгрөг, Ж.Цийн шаардлагаас 6,336,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 947,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН