Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00842

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00842

 

 

 

 

 

Ч.И, Ж.Ц нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаар шийдвэртэй Ч.И, Ж.Ц нарын нэхэмжлэлтэй ШЕЗ-д холбогдох Ч.И-д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж.Ц-д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, О.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ч.И нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаартай зарлигаар, Ж.Ц нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай зарлигаар тус тус өндөр насны тэтгэвэрт гарсан. Зарлиг гарсны дараа ШЕЗийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн165 дугаартай Нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалаар Ч.И, Ж.Ц нарт тус бүрд нь нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөгийг тус тус харилцах дансанд шилжүүлсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47дугаар зүйлийн 47.9-т ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож, нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр зохицуулагджээ. Дээрх хуулийн заалт нь мөн хуулийн 10 дугаар бүлэг "Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа", 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын нэмэгдлээс бүрдэнэ, 47 дугаар зүйл "шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад хамаарах болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.3-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэжээ. ШЕЗ-ийн даргын тушаалаар төсөвлөж, бидэнд олгосон тэтгэмж нь зөвхөн шүүгчийн албан тушаалын буюу үндсэн цалингаас тооцож олгосон байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалин зэргийг оруулж тооцоогүй байна. Бид энэ талаар ШЕЗ-ийн эрх бүхий албан тушаалтнууд амаар болон бичгээр хандсан боловч, тэтгэмжийн зөрүүг олгоогүй тул ШЕЗ-ийн даргад хандаж,бичгээр хариу авсан болно.

ШЕЗ-ийн 2019 оны 07 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд ...Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь энэ эрхийг эдлээгүй харин Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалингийн бодож олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар Ч.И-д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж.Ц-д 69,516,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ...Ч.И, Ж.Ц нар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 158, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг ШЕЗ зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин..." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин, "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

Албан тушаалын цалин гэдэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин..." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл, тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгч дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ... авч байсан сарын дундаж цалин ... гэдэг нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хариуцагч ШЕЗ-өөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарт олгож, нэхэмжлэгч Ч.И-гийн шаардлагаас 6,720,000 төгрөг, Ж.Ц-ийн шаардлагаас 6,336,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 947,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин" гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлийг баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул Чингэлтэй дүүргий Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ШЕЗ нь нийтийн эрх зүйн субьект мөн. Уг нийтийн эрх зүйн субьект болгоныг захиргааны акт гэж үзэхгүй. ШЕЗ нь Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн төсвийг боловсруулж, батлуулахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Тус үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан үндэслэлээр ердийн харьяаллын шүүхэд хандаж зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, шүүхийн төсвийг батлахаар хууль зүйн байнгын хороонд бүртгүүлэхдээ тэтгэвэрт гарсан шүүгч нарын тэтгэмжийг хуульд заасны дагуу төлөөгүйгээс болж маргаан үүссэн. Хариуцагч нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг үндсэн цалингаа бодох ёстой гэж маргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт дундаж цалин, хөлс тодорхойлох журмын 1.3-т зааснаар ажилтны цалин, хөлсний бүрэлдээхүүнд, үндсэн цалин, нэмэгдэл цалин, нэмэгдлийн ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч нар харьяалал зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь хууль журмын дагуу тэтгэмжийг бодоогүй байна, зөвтгөж өгнө үү гэж ШЕЗ-д хандсан. Уг ирсэн хариуг зөвшөөрөхгүй анхан шатны шүүхэд ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Шүүхийн тухай хуульд шүүгчийн тэтгэвэрт гарахад өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон. Хууль тогтоогч нар Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт нэг удаагийн олгох тэтгэмжийг үндсэн цалингаас биш цалин хөлснөөс олгох-оор заасан нь мөн өмгөөлөгчөөр ажиллах эрх нь хасантай холбоотой тус хуулийн заалтыг тогтоосон гэж ойлгогдохоор байна. Гэтэл Шүүхийн тухай хуульд зөвхөн дундаж цалин хөлснөөс гэх боловч Төрийн албаны тухай хууль гэж тусгайлан заагаагүй. Цагдаагийн байгууллагын тухай хуульд цэргийн алба хаагчид тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тэтгэмжийг олгоно, мөн төрийн албаны тухай хуулийг баримтлан, бүх төрлийн нэмэгдлээс бодож цалин хөлс, нэмэгдлийг олгохоор тусгайлан заасан. Иймээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхэд болон өнөөдрийн хуралдаан дээр мөн адил зохигчид хэргийн харьяаллын хувь иргэний бус захиргааны харьяалал гэдэгт маргадаггүй. Тийм учраас нэхэмжлэлд бичээгүй. Шүүхийн практикаас харахад Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвхөн энэ хэрэг бус бүх хэрэгт талууд хэргийн харьяаллын талаар маргаагүй, хэргийн үйл баримтыг зөв, хангалттай тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Хуулиар олгогдсон тэтгэмжийн зөрүүг зөв бодож олгох боломж байхад ШЕЗ олгоогүй нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй тэтгэвэрт гарах гэж байгаа бүх шүүгч нарт хамаардаг. Тийм учраас харьяалал гэж хэрэгсэхгүй болгохгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нар нь хариуцагч ШЕЗ-д холбогдуулан Ч.И-д олгох тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж.Ц-д олгох тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо Ч.И, Ж.Ц нар нь шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. ШЕЗ зөвхөн шүүгчийн албан тушаалын буюу үндсэн цалингаас тооцож нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөгийг олгосон. Онцгой нөхцлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалин зэргийг оруулж тооцоогүй. гэжээ.

Хариуцагч ШЕЗ нэхэмжлэлийг эс зөвшөөрч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй. гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

4. Нэхэмжлэгч Ч.И Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, нэхэмжлэгч Ж.Ц Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 158, 132 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөгдсөн байна.

ШЕЗийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан нэхэмжлэгч Ч.И-, Ж.Ц- нарт албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцон 97,200,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

5. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.

Дээрх заалтын сарын дундаж цалин гэдэгт албан тушаалын цалингаас гадна нэмэгдэл хамаарах эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

Нэхэмжлэгч нар Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3 дахь заалтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалинг цалин, цалин хөлс гэсэн хоёр өөр ойлголтоор тусгасан байх ба хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-д цалин хөлсний бүрэлдэхүүнийг тус тус заасан байна. Харин Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан байх тул үүнд нэмэгдэл хамаарна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон ШЕЗ-ийн даргын тушаал Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг баримтлан хариуцагч ШЕЗ-д холбогдох Ч.И-д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж.Ц-д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ШЕЗөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БЯМБАСҮРЭН