Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/00541

 








 

 

2023      01         30            182/ШШ2023/00541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШЕЗ-д холбогдох

Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Н.Гэрэлтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

...Миний бие Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн бөгөөд өөрийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар албан тушаалаас чөлөөлөгдсөн. 

ШЕЗийн даргын 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 103 тоот "Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай" тушаалаар 97,200,000 төгрөгийг өөрийн харилцах дансаар тэтгэмж гэсэн утгатай шилжүүлэн авсан болно. 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д Цалин хөлс үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ", хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Хөдөлмөрийн Засгийн газрын гишүүн асуудал эрхэлсэн цалин хөлсний талаар дараах журмыг батална, 103.1.1-д " дундаж цалин хөлс тодорхойлох журам",... гэж тус тус заасан байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн A/192 дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.3-т "Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал дундаж цалин хөлсийг урамшуулал орно", журмын 2.1.1-д "нэг сарын тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг Хөдөлмөрийн тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана", 2.3-д тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно" гэжээ. 

Түүнчлэн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн Шүүгчийн нийгмийн баталгаа" гэх хэсэгт "Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед олгох 36 сарын олгож байсан тэтгэмжийг үндсэн цалин буюу албан тушаалын цалингаар байдаг. Хууль тогтоогч ижил утгатай гэж үзэж байсан бол тэтгэмжийн заалт хэвээр байх бөгөөд хуульд "... түүний авч байсан сарын дундаж цалингаар гэж оруулсан нь шүүгчийн албан тушаалыг толдорхой хязгаартайгаар хашиж  байсан гэх үндэслэлээр дүгнэхээр байна. 

Нийгмийн баталгааг тусгайлан үзүүлж байсан гэж мөн хуулийн 10 дугаар бүлэг "Шүүгчийн хараат бус байдал түүнийг хангах баталгаа" хэсгийн 46 зүйлийн 46.2-д "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон, ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын нэмэгдлээс бүрдэнэ", 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан нь шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад хамааржээ. 

Дээрх заалтуудыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д нийцүүлж хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай байна. 

ШЕЗийн даргын тушаалаар олгосон нэг удаагийн тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд төрийн алба хаасан хугацааны цалин, нэмэгдлийг оруулж Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлан сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцвол 4,445,000 төгрөг бөгөөд 36 сарын тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг авахаар байх тул ШЕЗөөс гаргуулж өгнө үү гэв. 

2. Хариуцагч ШЕЗ татгалзлалын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

...Нэхэмжлэгч Л.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: 

Л.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан бөгөөд ШЕЗ хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн"...сарын дундаж цалин.." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. 

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. 

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. 

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан Тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. 

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан. 

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 

36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ Улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022.04.11-ний өдрийн 51 дугаар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, 2022.12.20-ны өдрийн 1063 дугаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын тодорхойлолт, сүүлийн 3 жилийн цалингийн судалгаа, 3 сарын цалингийн судалгаа, 2022.05.12-ны өдрийн 103 дугаар Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай ШЕЗийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 3-7, 13/

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл, 2022.05.12-ны өдрийн 103 дугаар Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай ШЕЗийн даргын тушаалын хуулбар, 2022.03.31-ний өдрийн 80 дугаар Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлэх тухай ШЕЗийн тогтоолын хуулбар /хх-ийн 9, 14-15, 16, 20-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлохдоо...Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ гэж, ...Монгол улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин нь үндсэн цалин болон нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...мөн өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан... хариуцагч тал тэтгэмжийг олгохдоо нэмэгдлийг хасаж тооцсон тул онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон...Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан байна. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй харин сарын дундаж цалингийн хэмжээ гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томьёолсон...үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй гэж маргажээ.

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.О нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан ба шүүгчийн албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэлтөрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700,000 төгрөг гэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмэгдлийн хэмжээ тус бүрийг тогтоосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Л.Оийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

ШЕЗийн даргын 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 103 тоот тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Л.От албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 97,200,000 төгрөгийг олгожээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичигт цалин, цалин хөлс, сарын дундаж цалин гэх нэр томьёог Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр бөгөөд хэл зүйн утгын хувьд хоршоо үг гэж, дундаж цалин гэдэг нь ямар нэгэн тодорхой хугацаанд ажилтны авсан цалин хөлсний хэмжээ гэж, Дундаж цалинг тодорхойлох нь ээлжийн амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцох, тэтгэвэр тэтгэмжийг хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой гэж, Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн эрх зүйд ажилтанд ажил олгогчоос олгосон үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллын цогц гэж тус тус тайлбарлажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4...д Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1...д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно... гэж, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан.

Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нар нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь ...албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс... зэргээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч нь албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1,080,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 675,000 төгрөг, нийт 160,380,000 төгрөгийн тэтгэмж авахаас 97,2000,000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцож олгосон гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хариуцагч ШЕЗөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 473,850 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН