Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00636

 

 

 

 

 

 

 

 

2023 03 24 210/МА2023/00636

 

 

 

Л.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.О ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш д холбогдох, тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Л.О миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн бөгөөд өөрийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн ***дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ш ийн даргын 2022 оны 05 сарын 12-ны өдрийн *** тоот "Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай" тушаалаар 97,200,000 төгрөгийг өөрийн харилцах дансаар тэтгэмж гэсэн утгатай шилжүүлэн авсан болно.

2021 оны 07 сарын 02-ны өдрийн шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална гэж, 103.1.1-д "дундаж цалин хөлс тодорхойлох журам" гэж тус тус заасан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн *** дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.3-т "Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно" гэж, 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж, 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн Шүүгчийн нийгмийн баталгаа" гэсэн хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед олгох 36 сарын тэтгэмжийг үндсэн цалин буюу албан тушаалын цалингаар олгож байсан байдаг. Хууль тогтоогч ижил утгатай гэж үзэж байсан бол тэтгэмжийн заалт хэвээр байх бөгөөд хуульд ...түүний авч байсан сарын дундаж цалингаар... гэж оруулсан нь шүүгчийн албан тушаалыг тодорхой хязгаартайгаар хашиж байсан гэх үндэслэлээр нийгмийн баталгааг тусгайлан үзүүлж байсан гэж дүгнэхээр байна.

Мөн хуулийн 10 дугаар бүлэг Шүүгчийн хараат бус байдал түүнийг хангах баталгаа гэсэн хэсгийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан нь шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад хамаарчээ.

Дээрх заалтуудыг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн *** дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д нийцүүлж хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай байна.

Ш ийн даргын тушаалаар олгосон нэг удаагийн тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Иймд төрийн алба хаасан хугацааны цалин, нэмэгдлийг оруулж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлан сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцвол 4,445,000 төгрөг бөгөөд 36 сарын тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг авахаар байх тул Ш өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Л.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул Ш 2022 оны 03 сарын 31-ний өдөр түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 05 сарын 04-ний өдөр 55 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасан бөгөөд Ш уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид 97,200,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "...сарын дундаж цалин..." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *** дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: Докторын зэргийн, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...авч байсан сарын дундаж цалин..." нь Улсыг Их Хурлын 2015 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш өөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч Ш өөс 473,850 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны *** тоот тушаалд заасан нэр томьёо нь цалин хөлс буюу үндсэн цалин, нэмэгдэл цалинг бүхэлд нь багтаасан ойлголт байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт цалин хөлс гэж тодорхойлж, тухайлан заагаагүй бөгөөд авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж тодорхой заасан.

4.б. Анхан шатны шүүх Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй гэж заасан байтал уг журмын 1.3-т заасныг үндэслэсэн нь буруу бөгөөд уг журмыг шүүгчийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой харилцаанд баримтлахгүй юм.

4.в. Шүүгчийн албан тушаалын цалингийн нэмэгдэл болон нэг удаагийн тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас бодож сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгох хуулийн зохицуулалттай байна. Үүнээс үзвэл албан тушаалын цалин буюу цалин нь түүнээс сар бүр бодож олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлэхээр байна.

4.г. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заажээ. Дээрх нэмэгдлийн хувь, хэмжээ, түүнийг олгох журмыг Улсын Их Хурлаас 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан. Тус тогтоолын 2 дахь заалтаар докторын зэргийн нэмэгдлийн хувийг тогтоосон бол шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журмыг тогтоолын 1 дүгээр хавсралтаар, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тогтоолын 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлийг нэмэгдүүлэн тооцож олгох үндэслэлгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Ш өөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2015 оны Улсын Их хурлын 101 тоот тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгч нарын цалин хөлсийг тогтоосонд маргахгүй. Тэтгэмж олгох асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг хамаарна гэж үзэж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалин гэдгээр шаардаж байна. Сар бүр авч байсан нэмэгдлүүд нийлээд сарын дундаж цалинг тодорхойлдог учраас ийнхүү тооцох нь хууль зүйн үндэслэлтэй. Үндсэн цалингаас буюу бусад төрийн үйлчилгээний албан хаагчтай нийцүүлж тооцсон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. 2019 оны 01 сарын 09-ний өдрийн *** тоот тогтоолд төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль, эсхүл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй. Хэрэв энэ зохицуулалтыг баримталсан бол шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хэрэгжүүлэх боломжтой байсан. Амьдралд нэг удаа олдож буй эдийн засгийн боломжийг Ш ийн санхүүгийн мэргэжилтний харах өнцгөөс тодорхойлж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ш д холбогдуулан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хуульд авч байсан сарын дундаж цалингаас нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байтал хариуцагч үндсэн цалингаас тооцож, эрх зүйн байдлыг дордуулсан... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалингаас тооцсон нь зөв, нэмэгдлээс тооцох үндэслэлгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

4.   Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь Ш буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасан байна.

Иймд зохигчдын хооронд үүссэн маргааныг хувийн эрх зүйн маргаанд хамааруулан үзэх боломжгүй, уг маргаан нь нийтийн эрх зүйн маргаанд илүүтэйгээр хамаарч байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас өөрийнх нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субьектив эрх зөрчигдсөн гэж үзэж, сэргээлгэхээр шүүхэд ханджээ.

 

5. Гэтэл анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан ...хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зохигчдын хооронд үүссэн маргаан, давж заалдах гомдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ш д холбогдох, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.О ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 473,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР