Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/03139

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 20 101/ШШ2023/03139 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

 

303,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Н СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу Н СӨХ Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруу ** дугаар байрны оршин суугчдын 2013 оны 04 дүгээр сарын 14-ний Бүх гишүүдийн хурал, Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013 оны 06 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга 016/9...........4 дугаартай гэрчилгээ олгож, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тус сууц өмчлөгчдийн холбооны суугч, өмчлөгч н.Б нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй хуримтлал үүсгэж, төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тодорхой нөхцөл шалтгаангүйгээр төлөхгүй өнөөдрийг хүртэл хууль бус үйлдэл гаргаж байна.

 

Сууц өмчлөгчийн нэр

 

Хаалганы дугаар

СӨХ-н нэхэмжлэл үүссэн он, сар

 

Мөнгөн дүн

 

1

 

н.Б

 

*** тоот

 

2022 оны 05 сар

2023 оны 04 сар

 

303,600

 

 

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148.2.3 дахь заалт, 149.1.2 дахь заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 болон 13.3 дахь заалт, 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж сууц өмчлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаагаас тус байрны 242 суугч өмчлөгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Н сууц өмчлөгчдийн холбоо санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж, хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна.

Баянзүрх дүүргийн Н СӨХ нь 243 өрхтэй. Айл өрхөөс авч байгаа төлбөр 16,000 төгрөгөөс 23,000,000 төгрөгийн төлбөр сард төлдөг. СӨХ-д нэмэлт орлого 745,000 төгрөг ордог. Б нь **-р байрны *** тоотод байдаг сард 25,300 төгрөг төлөх ёстой. 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл төлбөрөө төлөөгүй. Сар бүр СӨХ-ны мэдэгдлийг өгч байгаа боловч төлөхгүй байгаа. Төлөөгүй хугацааны төлбөрийг барагдуулахыг шаардаж байна.

СӨХ-ны төлбөрийг яагаад нэмсэн талаар Б нь танилцаагүй тул ийм зөрүүтэй зүйл яриад байна. Би өөрийн хүслээр СӨХ-ны дарга болоогүй. Лифтний мөнгөө 3 сар төлөөгүй. Татварын хэлтэст 12,000,000 төгрөгийн өртэй байхад нь би ажлаа авсан. Өмнө авч байсан мөнгө нь хаана ч хүрэхгүй байсан тул мөнгөө нэмсэн. Одоо СӨХ-ны төлбөр 95 хувьтай явж байгаа. Ажлаа өгөх талаар 2 удаа хэлсэн. Би амьдрах орчныг сайжруулах гэж ажиллаж байгаа. Тайлангаа сар бүр тавиад явж байгаа. Лифтний засварт мөнгө өгөөд явж байгаа.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 148.2, мөн хуулийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу Их тойруу ** дугаар байрны *** тоот сууч өмчлөгч н.Б-аас сууц өмчлөгчийн холбооны төлбөр болох 303,600 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Н СӨХ-ны 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 303600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Миний бие Б.Б нь 2012 оноос эхлэн энэ байранд оршин сууж ирсэн, анхны оршин суугчдын нэг бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа СӨХ-ийн төлбөр хийхээс татгалзаж байсан удаагүй юм. Харин 2022 оны 2 дугаар сараас эхлэн Н Сууц өмчлөгчдийн холбоог Ш.Ц гэх хүн өөрийгөө өргөмжлөн СӨХ-ны дарга болсон гэж ярих болсон. Гэтэл уг хүн нь Н СӨХ-ны даргаар хэрхэн яаж сонгогдсон нь ойлгомжгүй, дарга болох шалгуурыг зөрчиж, өөрийгөө тухайн СӨХ-ийг удирдах, төлөөлөх эрх бүхий хүн гээд байгаа нь хууль болон журмын хүрээнд боломжгүй юм.

Учир нь оршин суугчдын саналаар, СӨХ-г төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн олонхын саналаар сонгогдох ёстой бөгөөд оршин суугчид таньж, мэдэхгүй Удирдах Зөвлөлийн гишүүдээр өөрийгөө сонгогдсон гэж үзүүлж, СӨХ-д төлөөлөх эрх бүхий этгээд гэж өөрийгөө үзэж байгаа нь үндэслэлгүй болно. Үүнийг нотлох баримтууд байгаа. Мөн оршин суугчдын дунд судалгаа авсан болно. /Судалгаа хавсаргав/

Мөн СӨХ-ны дарга гэх энэ хүн оршин суугчдын санаа бодлыг ер хүлээж авдаггүй, Их тойруу ** дугаар байр групп дээр санаа бодлоо бичихээр хариу өгдөггүй, уян хатан амьдралд ойр шийдвэр гаргадаггүй байдал нь даамжирч, талцаад хараал урсгасан комментуудаар дүүрээд дуусдаг. 4 дүгээр сараас эхлэн байрны төлбөр нэмэх асуудлаар хурал хийсэн ч ирц бүрдээгүй байхад хүчээр, өөрөө дур мэдэн нэмсэн.

Оршин суугчдад өөрөө таалагдах гэж элдэв ажил хийдэг ч тэр нь иргэд, суугчдын амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөн, хүмүүсийн эрүүл мэндэд маш их хохирол учруулсан үйл явдал болж төгсдөг нь үнэхээр харамсалтай.

Үүнийг нотлох баримт нь: Байрны зүүн хойд талын гадна талбайд хогны машин л оруулна бусад машин оруулахгүй гэж тороос татсанаар гэртээ орох гэж явсан охин тороос дээр годройтон унаж урд талын үүдэн 2 шүдээ гэмтээн 3 сар эмчлүүлсэн.

Нэг шүд нь насан туршдаа эргэж сэргэхгүй, хиймэл шүдтэй явахаар болж үхэжсэн гашуун түүх, амьдралаас тасархай үйлдлүүд нь хүүхдийн эрүүл амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.

Миний мөнгөө төлөхгүй байгаа учир шалтгаан нь хууль ёсны томилгоогоор Н СӨХ-ны дарга болоогүй. Оршин суугчдын санаа бодлыг сонсож байрны мөнгө нэмэх асуудлыг шийдвэрлээгүй. Хурлын ирц бүрдээгүй байхад үнэ нэмсэн.

Хүүхэд, оршин суугчдад хор нөлөөтэй ажил их хийдэг. Онлайн цахим группэд ямар ажил хийх гэж байгаа, юунаас анхаарах зэрэг сэрэмжлүүлэг, анхааруулга, мэдээлэл юу ч өгдөггүй, оршин суугчдын өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байгаа ямар төлбөрүүд хийгдээд хэдэн төгрөг үлдсэн зэрэг санхүүгийн мэдээлэл шилэн байх ёстой, сар бүрийн шилэн мэдээлэл ер тавьдаггүй. Ингэж харилцан уялдаа холбоогүйгээр дур мэдэн ажил хийснээс иргэд, суугчдын амьдрах эрх эрүүл мэнд маш ноцтой зөрчигддөг. Зан харьцаа маш муу, харьцсан хүн бүхэнтэй хэрэлдэж явдаг. Оршин суугчид өөртэй нь харьцахаас залхдаг, хурдан болиосой, байрныхаа оршин суугч, хүүхдэд ээлтэй, зан харилцааны өндөр соёлтой хүн болгох юмсан гэж боддог. Цэвэрлэгээ үйлчилгээ маш муу. Хог нь 4 давхар хүртэл дүүрч, өмхийрдөг.

Хогоо яаралтай ачуулахгүй бол өмхийрөөд, ийм муухай үнэрт амьдрахад хэцүү байгааг хэлэхдээ, лифтний асуудлыг өөрт нь хэлж байсан. 4 давхраас эхлэн лифт явж эхэлдэг. Чи дур мэдэн 4-12 давхар хүртэл бүх айлыг харьцуулахгүйгээр 6500 болгож төлбөр нэмсэн байна. 4 давхар хамгийн эхний лифт явдаг зорчих талбар, тог бага иддэг тул лифтээр зорчих үнийг бууруулмаар байна хэлсэн. Мөн өглөө 7:40 гэж лифтэнд суух гэхээр дээшээ шууд 14 давхарт очиж зогссоор 4 давхарт ирэхдээ дүүрэн ирдэг, сигнал нь дуугараад байхаар орж болохгүй, хий дэмий хүлээсээр, шатаар явган буудаг. Чи үнэмшихгүй бол өөрөө 07:40 гэхэд лифтэнд сууж үзэж болно гэхэд Ш.Ц Би тэр лифтэнд чинь сууж чадахгүй ээ гэж хариулахаар нь Чамайг ер нь хэн сонгосон юм. Бид нар чамайг СӨХ-ны дарга болгоогүй. Чи өөрөө сайн дураараа дарга болохоо больчих тэгэх үү гэж хэлээд явсан. Миний саналаар 4 давхар 2000 төгрөг, 5 давхар 3000 төгрөг, 6 давхар 4000төгрөг, 7 давхар 5000 төгрөг, 8-12 давхар нийтдээ 6000 төгрөг авдаг байх нь хамгийн оновчтой мөнгөн дүн юм.

Оршин суугчдын өгсөн мөнгөөр цалинждаг бол, бидний санаа бодлыг сонсож ажиллах ёстой. СӨХ нь аливаа шийдвэрийг суугчдын санаа бодолд үндэслэн гаргадаг, түүнийгээ ажил хэрэгтээ тусгаж ажилладаг байх нь хамгаас чухал.

Их тойруу ** дугаар байрны Н СӨХ-ны удирдах зөвлөлийг оршин суугчид бид өөрсдийн саналаар сонгодог, тэр сонгосон хүмүүс маань энэ СӨХ-ны даргыг албан ёсоор сонгох ёстой хуулийн зохицуулалт байдаг. Шударга үнэн томилгоогоор оршин суугчдаас томилогдоогүй, эрхзүйн чадамжгүй энэ хүнийг хууль ёсны төлөөлөгч болох боломжгүй байгааг харгалзан, энэ асуудлыг дүрэм, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэг ч удаа удирдах зөвлөл ийм асуудал шийдлээ гэж хэлээгүй. Оршин суугчдын группт санаа бодлоо хэлэхээр шууд блок хийдэг. Оршин суугчдын санаа бодлыг сонсож чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй. Орцны гэрэлтүүлэг, лифтэнд сар бүр 6,650 төгрөг авдаг юм бол яагаад хуримтлал байхгүй байна. Оршин суугчдын хурал ирц бүрдээгүй байхад өөрөө сард 10,000,000 төгрөг байсныг 2022 оны 04 дүгээр сараас 25,300 төгрөг болгож нэмсэн. Хуучин дарга нь байнга оршин суугчидтайгаа уулздаг байсан. Ийм хүнд нөхцөлд тайван амьдрах боломж бүрдэхгүй байгаа тул төлөх боломжгүй.

Эрх ашиг нь юу вэ гэхээр СӨХ-ны дарга болох хүн биш байсан. Оршин суугчид энэ даргад дургүй. Будаг хийхдээ хүртэл хэлэхгүйгээр хүүхэд хордуулдаг. Үүнээс болоод хүүхдийн нь харшил хөдөлсөн. Би байраа худалдаж авсан байж яагаад СӨХ-ны даргад хөөгдөх ёстой гэж, яагаад группт хийх гэж байгаа ажлын талаар хэлж болохгүй байгааг ойлгохгүй байна. Өөрийн орцоо зассан юм байна. Манай хоёрдугаар орцыг огт засаагүй. Шилэн данс байгаа юм бол тэр нь хаана байгаа юм. гэв.

 

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 3-12 тал, 36-40 хүртэлх нотлох баримтуудыг,

Хариуцагч тал хавтаст хэргийн 18, 19, 26-27, 29-34 дугаар тал хүртэлх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч Б.Бд холбогдуулан СӨХ-ийн төлбөр 303,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нь СӨХ-ийн удирдах зөвлөл, СӨХ-ийн дарга нь хуулийн дагуу сонгогдоогүй, эрх зүйн чадамжгүй, оршин суугчдын тайван амьдрах эрхийг зөрчсөн ажил хийдэг, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар маргажээ.

4.Нэхэмжлэгч Н СӨХ нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу, ** дугаар байрны СӨХ-ны үйл ажиллагаа хариуцан ажилладаг, СӨХ-ийн захирлаар Ш.Ц бүртгэлтэй болох нь Н СӨХ-ны гэрчилгээний хуулбараар, хариуцагч нь уг орон сууцны *** тоот орон сууцны өмчлөгч болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг эрх зүйн чадамжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу ** дугаар байр, *** тоот орон сууцны СӨХ-ны төлбөрийг 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал 12 сарын хугацаанд төлөөгүй, 303,600 төгрөг хуримтлагдсан болох нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан Их тойруу ** байрны *** тоот СӨХ-ны хуримтлагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Н Сууц өмчлөгчдийн холбооны Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс үзэхэд СӨХ-ны үнэ, тарифийг хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоосон тарифаар СӨХ-ийн төлбөрийг шаарджээ.

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

6. Хариуцагч нь СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын сонгогдсон талаар, мөн СӨХ-ны үйл ажиллагаатай маргаантай байгаа, лифтний тарифийг ялгамжтай байдлаар авах ёстой, 4 давхраас эхлээд лифт явдаг тул 4-12 давхрын айлуудыг лифтний тог зарцуулалтаар үнийг бууруулмаар байна, өглөөдөө лифтэнд сууц багтдаггүй зэрэг асуудал нь нийт оршин суугчдийн хурлаар шийдвэрлэх асуудал ба энэ үндэслэлээр СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.Баас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 303,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303,600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 9,758 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Б.Баас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 303,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 9,758 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ