Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01758

 

 2023 09 15 210/МА2023/01758

 

Н СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03139 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 303,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сууц өмчлөгч Б.Б нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй хуримтлал үүсгэж, төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Б.Б нь сард 25,300 төгрөг төлөх ёстой. 2022 оны 05 сараас 2023 оны 04 сар хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу Б.Б-аас сууц өмчлөгчийн холбооны төлбөрт 303,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2012 оноос эхлэн энэ байранд оршин сууж байгаа. Энэ хугацаанд нэг ч удаа СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзаж байгаагүй. Харин Ш.Ц 2022 оны 02 сараас эхлэн Н СӨХ-ны даргаар сонгогдсон гэх боловч хэрхэн сонгогдсон нь ойлгомжгүй, дарга болох шалгуур зөрчсөн. Өөрийгөө тухайн СӨХ-г удирдах, төлөөлөх эрх бүхий хүн гэдэг боловч хууль болон журмын хүрээнд энэ нь боломжгүй юм. Мөн оршин суугчдын санаа бодлыг хүлээж авдаггүй, Их тойруу ***  дугаар байр фейсбүүк групп дээр санаа бодлоо бичихээр хариу өгдөггүй, амьдралд ойр шийдвэр гаргадаггүй байдал нь талцалд хүргэдэг. 2022 оны 04 сараас эхлэн байрны төлбөр нэмэх асуудлаар хурал хийсэн ч ирц бүрдээгүй байхад хүчээр, өөрөө дур мэдэн төлбөрийг нэмсэн. Түүнчлэн, түүний хийсэн ажил нь иргэд, суугчдын амгалан тайван амьдрах эрхийг зөрчдөг, хүмүүсийн эрүүл мэндэд маш хохиролтойгоор дуусдаг. Жишээлбэл, байрны зүүд хойд талын гадна талбайд хогны машин оруулна гэж тросс татсанаар гэртээ орох гэж явсан охин маань тросс дээр унаж урд талын үүдэн 2 шүдээ гэмтээн 3 сар эмчлүүлсэн. Нэг шүд нь насан туршдаа эргэж сэргэхгүй, хиймэл шүдтэй явахаар болж үхэжсэн. Энэ мэтчилэн хүүхэд, хүмүүст хохиролтой, хор нөлөөтэй олон ажил хийсэн. Мөн санхүүгийн мэдээллийг сар бүр танилцуулдаггүй, зан харьцаа төдийгүй байрны цэвэрлэгээ үйлчилгээ маш муу байдгаас гадна хийсэн, шийдсэн асуудлаа танилцуулдаггүй. Ш.Ц нь хууль бусаар тус СӨХ-ны дарга болсон, шударга, үнэн томилгоогоор сонгогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Б.Б-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 303,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,758 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Ш.Ц өөрөө дур мэдэн Н.Н гэдэг хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр 2022 оны 04 сарын 08-ны өдрийн хуралд нэр дэвшүүлээд өөрөө сонгосон шийдвэр гаргасан. Оршин суугчид энэ хүний талаар ярьсан, хэлэлцсэн, дэмжсэн тухайн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд дурдагдаагүй болохоор Н.Н нь хүчин төгөлдөр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүн биш юм.

4.2.  Бүх гишүүдийн хурал 51 хувийн ирцтэй байж төлбөр нэмэх болон бусад тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байхад 10 гаруй хүн суугаад л шийдвэрлэдэг нь хууль зөрчсөн үйлдэл юм.

4.3.  Байрны зүүн хойд талд тросс татсан асуудал, тэр тросс дээр миний охин гэрлүүгээ орох гэж яваад цементэн дээр ойчиж, шүд нь гэмтэж насан туршдаа хиймэл шүдтэй явах болсон гашуун түүхийг Удирдах зөвлөл гэх энэ 2 хүн мэдэхгүй байсан. Би өөрөө ярьж Н.Б гуайд мэдэгдсэн.

4.4.  Хурлын ирц бүрдээгүй. Ш.Ц нь СӨХ-ны даргын мөрийн хөтөлбөр байхгүй, бидэнд танилцуулаагүй, харилцааны асар соёлгүй, хүнтэй харилцахдаа дандаа хэрэлдэж явдаг, тушааж, доромжилж харьцдаг, өөрөө ганцаараа шийдвэр гаргаж, оршин суугчид түүнийг нь зөвшөөрөхгүй байхад түүнийгээ хэрэгжүүлэх гэж муйхарлан зүтгэдэг учир оршин суугчид түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байдлаас хуралдаа ирдэггүй, оршин суугчдад таалагдах гэж хийсэн зүйлүүд нь хүнд гай хор болдог.

4.5.  Удирдах зөвлөлийн гишүүнд хэн хэн байдгийг нь оршин суугчид мэддэггүй, СӨХ-ны дарга танилцуулдаггүй. Өнөөдрийн байдлаар Удирдах зөвлөлийн дарга байдаггүй, холбогдох гэхээр утасных нь дугаар худал бичсэн байдаг.

4.6.  Оршин суугчдад хийсэн гэрээг танилцуулдаггүй. Санхүүгийн шилэн данс байдаггүй.

4.7.  Удирдах зөвлөлийн дарга бүх гишүүдийн хуралд тайлан тавьдаггүй, хуралд оролцож байхад ийм үйл ажиллагааг харж байгаагүй.

4.8.  Одоо ч Хяналтын зөвлөл гэж хүн байхгүй, нөхөн сонгууль хийсэн протокол байхгүй, 3 хүн байх ёстойгоос 2 хүн байсан нь хамтарч ажиллахаас татгалзсан. Энэ нь СӨХ-ны үйл ажиллагаа эрх бүхий СӨХ биш гэдгийг нотолж байна.

4.9.  Оршин суугчдын ирц бүрдээгүй байхад СӨХ-ны төлбөрийг өөрийн дураар айл бүрд 10,000 төгрөг шууд нэмсэн нь СӨХ-ны хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Иймд СӨХ-ны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Ц-ыг даргаар ажиллах эрх зүйн чадамжгүй байдлыг нотлох баримт болох СӨХ-ны материалыг Баянзүрх хөгжлийн төв-өөс шүүхийн журмаар гаргуулж, үзлэг хийлгүүлж хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангаж гомдол барагдуулж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь намайг Н СӨХ-ны даргын ажлыг авснаас хойш надад холбогдуулан цагдаа, прокурорын газруудад гомдол гаргасан. 2013 оны 04 сард Н СӨХ-ны Удирдах зөвлөл байгуулагдсан бөгөөд холбогдох баримт бичгүүд хуульд заасан шаардлага хангасан. Тухайн баримтуудтай Б.Б танилцсан. 2022 оны 01 сарын 15-ны өдөр өмнөх захирал ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг 45 хоногийн хугацаанд зохион байгуулсан боловч материал ирүүлсэн хүн байгаагүй. Миний бие СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хуралдан намайг санал болгож, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон. Би ажлаа хүлээж авснаас хойш хуульд заасны дагуу оршин суугчдын хурлыг танхимаар болон цахимаар зохион байгуулсан. Тухайн хуралд хариуцагч Б.Б ирээгүй. Мөн Хяналтын зөвлөл 3 гишүүнтэй байсан ба өнөөдрийн байдлаар 1 гишүүнтэй ажиллаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч Б.Б-т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 303,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Баянзүрх дүүргийн Засаг даргаас Н СӨХ-г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэж, *** дугаартай гэрчилгээг 2013 оны 06 сарын 03-ны өдөр олгожээ.

Улмаар, Баянзүрх дүүргийн Засаг даргаас Н СӨХ-г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэж, 125 дугаартай гэрчилгээг 2022 оны 04 сарын 05-ны өдөр шинэчлэн олгосон байна.

Дээрх гэрчилгээнд Ш.Ц-ыг Удирдах зөвлөлийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 2 тоот тогтоолоор томилсныг 2022 оны 04 сарын 05-ны өдөр бүртгэсэн талаар тэмдэглэгээ хийгдсэн байна.

Иймд Ш.Ц-ыг тус СӨХ-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

 

4.   Хариуцагч Б.Б нь Н СӨХ-ны харьяалдаг 30 дугаар байрны оршин суугч болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Сууц өмчлөгч Б.Б нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх үүрэгтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Сууц өмчлөгч Б.Б нь 2022 оны 05 сараас 2023 оны 04 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал болох 303,600 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан хуримтлагдсан төлбөрийн тооцоолол гэсэн баримтаар тогтоогдсон. Хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд хариуцагч Б.Б-аас 303,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н СӨХ-нд олгож шийдвэрлэх нь өмнө дурдсан хуулийн зохицуулалтад нийцнэ.

Анхан шатны шүүх нарийвчилсан харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.   Хариуцагч Б.Б-ын татгалзал, давж заалдах гомдол нь Н СӨХ-ны дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, гүйцэтгэх захирал Ш.Ц-ын биеэ авч явах байдал, зан харилцаатай холбоотой байна.

Дээрх асуудлууд нь сууц өмчлөгчийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, аливаа сууц өмчлөгч нь бусад сууц өмчлөгчдийн зардлаар санхүүжүүлсэн жижүүр, цэвэрлэгээ, орцны гэрэлтүүлэг, лифт г.м ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй юм.

 

6.   Хариуцагч Б.Б нь давж заалдах гомдолдоо нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах, үзлэг хийлгүүлэх тухай дурджээ.

Давж заалдах шатны шүүхэд нотлох баримт бүрдүүлэх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй байдаг.

Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03139 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1... гэсний дараа ...148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус... гэж нэмж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 9,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР