Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Цолмон |
Хэргийн индекс | 182/2023/00078/И |
Дугаар | 182/ШШ2023/00542 |
Огноо | 2023-01-30 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2023/00542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, Тасганы овоо, өөрийн байранд байрлах, ШЕЗ-д холбогдох
Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Б.Золтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
...Миний бие 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар зарлигаар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, 36 сарын тэтгэмжид 97,200,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан.
Гэтэл дээрх хуульд зааснаар миний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр тэтгэмж олгоогүй, харин 1 сард олгогдох үндсэн цалин болох 2,700,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна.
Миний бие шүүгчээр ажиллах хугацаандаа 65 хувийн нэмэгдэл авч байсан ба энэ дүнгээр тооцож нийт 63,180,000 төгрөгийг ШЕЗөөс нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, өгнө үү гэв.
2. Хариуцагч ШЕЗ татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
...Ж.Э нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗ 2022 оны 198 дугаар тогтоолоор түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан бөгөөд ШЕЗ хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл, "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно, нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Энэ нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан.
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн талаар хуульд заасан бөгөөд энэ нь 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм.Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.
Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг ШЕЗөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, 53 дугаар Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн хуулбар, 2005.05.11-ний өдрийн Ж.Э шүүгчийн Шүүгчийн тангараг, 2022.07.05-ны өдрийн 133 дугаар Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, дансны хуулга, цалингийн карт, 2021 оны цалингийн карт, 2020 оны цалингийн карт, 2019 оны цалингийн карт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-ийн 2-10, 14/
4. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 15, 21-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч ШЕЗд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлохдоо...Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ гэж, ...Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин нь албан тушаалын цалин болон нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...мөн өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан... хариуцагч тал тэтгэмжийг олгохдоо нэмэгдлийг хасаж тооцсон тул онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон...Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан байна. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй харин сарын дундаж цалингийн хэмжээ гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томьёолсон...үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Э нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан ба шүүгчийн албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх/
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700,000 төгрөг гэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмэгдлийн хэмжээ тус бүрийг тогтоосон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Ж.Эийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.
ШЕЗийн даргын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн тоот тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Ж.Эт албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 97,200,000 төгрөгийг олгожээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичигт цалин, цалин хөлс, сарын дундаж цалин гэх нэр томьёог Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр бөгөөд хэл зүйн утгын хувьд хоршоо үг гэж, дундаж цалин гэдэг нь ямар нэгэн тодорхой хугацаанд ажилтны авсан цалин хөлсний хэмжээ гэж, Дундаж цалинг тодорхойлох нь ээлжийн амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцох, тэтгэвэр тэтгэмжийг хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой гэж, Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн эрх зүйд ажилтанд ажил олгогчоос олгосон үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллын цогц гэж тус тус тайлбарлажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4...д Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1...д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно... гэж, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан.
Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзнэ.
Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь ...албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс... зэргээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч нь албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1,080,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 675,000 төгрөг, нийт 160,380,000 төгрөгийн тэтгэмж авахаас 97,2000,000 төгрөгийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг албан тушаалын цалингийн дунджаас тооцож олгосон гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хариуцагч ШЕЗөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч ШЕЗөөс 473,850 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН