Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/02691

 

 

 

 

 

 

 

2023 05 29

101/ШШ2023/02691

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ц-д холбогдох,

Орон сууцны үлдэгдэл төлбөр 37,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г,

Хариуцагч Ц.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Шинэхэн сити ХХК-тай 2016-07-01 өдөр ЕО/16/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд бартераар Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **б байр, *** тоот, 67м2 талбайтай, 2 өрөө, 97,150,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2018 онд авсан.

Тухайн үед манай компанид ажиллаж байсан Ц.Ц тус орон сууцыг банкны зээлээр авахаар болж, гэрчилгээг гаргуулан авсан боловч 2018-02-06 өдөр 60,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 37,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. Иймд Ц.Цгаас орон сууцны үллэгдэл төлбөрт 37,000,000 төгрөгийг гаргуулж, Э ХХК-д олгож манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.гэв.

2. Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Ц нь Э ХХК-ийг хамгийн анх 16-18 хүний бүрэлдэхүүнтэй бригад байхаас нь ажиллаж өнөөдрийн байгаа групп болтол нь 2006 оны 06 сараас 2019 оны 09 cap хүртэл тасралтгүй 15 жил зүтгэж уг байгууллагад ажиллаж ирсэн албан хаагч. Тус нэхэмжлэлийг хүлээн авч танилцахад 97,150,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авч 60,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 37,500,000 төгрөгийг төлөөгүй гэсэн байх ба түүнчлэн компаний ажилтан байсан учраас зээлэнд хамрагдах үед нь гэрчилгээг шилжүүлж өгсөн хэмээн худал зүйл бичсэн байна. Бидний хооронд үүссэн харилцааг тодруулж бодит байдлыг дурдвал.

Хамгийн анх Э ХХК-иас 2015 оны 12 сард ажилчдын шинэ жилээр Ц.Ц намайг 2006 оноос хойш хичээл зүтгэлтэй ажилласан гэж үзэж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг Буянт Ухаа-1 хорооллын *** байрны ** тоот хаягт байрлах ЗЗм.кв нэг өрөө орон сууцаар шагнаж энэ үеэс миний бие уг орон сууцанд маргаж буй уг орон сууцыг авах хүртэл амьдарч байсан. Тухайн үед би орон сууцаа томруулах талаар ярьж байхад компаниас бартерт нэг орон сууц орж ирж байгаа та тэр байрыг аваарай гэхэд нь 93,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэсэн юм. Эгоос надад бэлгэлсэн байраа буцаан авч бэлгэлсэн байраа мөнгөн байдлаар 40,000,000 төгрөгөөр үнэлж 2017.12.25-ны өдөр миний хүү Ц.Э-ын данс руу 33,800,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа хэмээн шилжүүлж байсан ба уг төлбөрийг бид буцаагаад сүүлд авсан байрны урьдчилгаа төлбөр болгоод шилжүүлсэн байдаг ба үлдэгдэл 60,000,000 төгрөгийг ХААН БАНК-нс орон сууцны зээл авч шилжүүлснээр бидний хоорондох төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон байх атал 37,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн их хэмжээний мөнгө нэхэж байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Намайг Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын ***-* тоот байраар шагнаад, дараа нь би байраа томруулахаар болоод шагнагдсан байранд 3 жил амьдарч байгаад, миний дараа шагнуулсан Н гэж хүн байранд орсон. Гарын үсэг зурж, гэрээ хийгээгүй боловч шагналын байрыг өгөөд энэ байрыг авсан. 2006 оноос 2019 он хүртэл Э ХХК-д барилгын ажил хийж байсан. Сайн ажиллаа гээд намайг шагнасан байр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 2-6, 40-45, 117-118 дугаар талд авагдсан баримтуудыг,

Хариуцагчаас хавтаст хэргийн 174-176 дүгээр талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар, нэхэмжлэгч талын хүсэлтээр хавтаст хэргийн 30-32, 63-64, 123-134, 201-216 дугаар талд авагдсан баримтуудыг бүрдүүлж, гэрчээр Д.Ааас мэдүүлэг авсан,

Хариуцагч талын хүсэлтээр хавтаст хэргийн 65-93, 190-200 дугаар талд авагдсан баримтуудыг бүрдүүлж, гэрчээр А.Н, Б.У нараас мэдүүлэг авч, өргөмжлөлд үзлэг хийсэн тэмдэглэл бэхжүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц.Цд холбогдуулан орон сууцны урьдчилгаа 37,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж,

Хариуцагч нь Э ХХК нь намайг сайн ажилласан гэж 1 өрөө байраар шагнасан, уг байранд амьдарч байгаад байраа томсгох гээд өөр байр зээлээр авах болж, 1 өрөө байраа компанид буцаан өгч 33,800,000 төгрөгийг байрны үнэд тооцон авч байрны урьдчилгаандаа төлсөн тул уг мөнгийг шагналын байрны мөнгө гэх үндэслэлээр буцаан төлөхгүй гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч Э ХХК-д хариуцагч Ц.Ц, түүний хүү Ц.Э- нь ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, сунгалт хийсэн баримтууд, цалингийн дансны хуулга, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

4. Э ХХК болон Шинэхэн сити ХХК-ийн хоорондын гэрээний үүргийн хүрээнд бартерын Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **б байр, *** тоот хаягт байрлах, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 93,800,000 төгрөгөөр Ц.Ц худалдан авахаар болж, улмаар хүү Ц.Э- нь Хаан банкнаас зээл авч, орон сууцны зээлийн урьдчилгаанд Э ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 33,800,000 төгрөг Ц.Э-ын Хаан банкин дахь дансанд орж үлдэх мөнгийг Хаан банкнаас авсан 60,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөр төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204.....30 дугаартай, дээрх хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Э- гэх лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкнаас ирүүлсэн Ц.Э-ын орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга, зээл авахад бүрдүүлсэн баримтууд, Шинэхэн сити ХХК-иас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч нь Ц.Э-ын дансанд шилжүүлсэн 33,800,000 төгрөгийг зээл авахад нь зориулж Ц.Ц, Ц.Э- нарын хүссэнээр урьдчилгаа мөнгийг бүрдүүлэхэд түр шилжүүлсэн ба банкны шаардлагад нийцүүлэхийн тулд урьдчилгаа мөнгийг шагнал гэж тодорхойлсон гэх боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл хэргийн бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Тодруулбал, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч талын тайлбар нотлогдоогүй, харин хариуцагч талын тайлбар нотлогдож байна. Үүнд:

6. Хариуцагч Ж.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Э ХХК-иас 1 өрөө байраар шагнуулсан болох нь 2015 онд амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж, бүтээн байгуулалтын их үйлсэд оруулж буй хувь нэмрийг тань үнэлж Оны шилдгийн шилдэг ажилтан-аар шалгаруулж компанийн зүгээс өргөмжлөл, Нэг өрөө байраар шагнав. Э ХХК захирал Г.Б гэсэн өргөмжлөлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 174-176 дугаар талд авагдсан гэрэл зураг, Э ХХК-д ажиллаж байсан, гэрч А.Н, Б.У нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ үйл баримтыг хариуцагчийг компаниас орон сууцаар шагнаагүй, түр суулгахаар өгсөн, хариуцагч орон сууцны өмчлөгч болох талаар шаардаагүй, цаашид тогтвор суурьшилтай ажиллавал өмчлөх эрхийг шилжүүлэх байсан, гэвч ийнхүү ажиллаагүй, хүү Ц.Э- нь компанид хохирол учруулсан, өмчлөх эрх шилжүүлээгүй байгаа нь шагнаагүй гэж үзэх үндэслэл болно, барилгын компаниуд тухайн ажилтнаа тогтвортой ажиллуулахаар өмчлөх эрх шилжүүлэхгүйгээр орон сууцанд оруулдаг гэж маргаж байна.

Шагналын гэх орон сууцны өмчлөх эрх хариуцагч Ц.Цд шилжээгүй тул хариуцагч уг орон сууцны эзэмшлийг компаниас заасан этгээдэд хүлээлгэн өгч, 33,800,000 төгрөгийг байрны үнэд компаниас хүү Ц.Э-ын дансанд хүлээн авсан гэж үзлээ.

Учир нь Э ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №67/17 дугаартай тушаалаар талбайн туслах инженер Ц овогтой Э-, түүний ээж засалчин Цэцэгмаагийн Ц нарын гэр бүлд 33,800,000 төгрөгийн байрны урьдчилгаа төлбөр олгожээ. /хх-207/

Иймээс эдгээр баримтаас өөрөөр, нэхэмжлэгч нь хариуцагчид 37,000,000 төгрөг олгосон баримтгүй тул шүүх Э ХХК нь хариуцагч Ц.Ц түүний хүү Ц.Э- нарт шагналын 1 өрөө байрны үнэд 33,800,000 төгрөгийг тушаалаар олгосон байна гэж үзлээ.

Шүүх дээрх тушаалыг банкны зээл гаргах зорилгоор Э ХХК хуурамчаар үйлдсэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарыг учир зүйн дарааллын хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

Э ХХК-д нягтлан бодогч ажилтай Д.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ, ...Ц.Цг байраар шагнагдсан талаар санахгүй байна, компанийн данс хаагдсан байсан тул захирлын хэлснээр хувь хүмүүсийн дансаар 33,800,000 төгрөгийн гүйлгээг хийж Ц.Э-ын дансанд түр байршуулсан, кассын баримт байхгүй, захирал хувь хүмүүс дээр нэг өдрийн гүйлгээ гээд хувь данснаас гарсан мөнгө учраас бүртгээгүй...гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Э ХХК нь Ц.Ц, Ц.Э- нарт байрны урьдчилгаанд өгсөн гэх мөнгө нь авлагаар бүртгэгдсэн баримтгүй, санхүүгийн баримтаар ийм авлагатай болох нь тогтоогдохгүй байна.

Нягтлан бодох бүртгэл нь ажил гүйлгээ гарсан даруй бүртгэгдэх зарчимтай байдаг ба Э ХХК нь хариуцагч Ц.Ц эсхүл түүний хүү Ц.Э-оос авлагатай бол энэ талаар санхүүгийн анхан шатны бүртгэлдээ бүртгэж, холбогдох тайланд тусгагдсан байх учиртай юм.

Гэтэл нэхэмжлэгч тал энэ талаарх санхүүгийн баримтыг шүүхэд гаргаагүй, гэрч Д.Аын ...Урьдчилгаа 37 сая төгрөгийг манай компаниас түр байршуулж хийсэн. Цгаас авлагатай гэсэн бүртгэлтэй байгаа...мэдүүлэг санхүүгийн баримтаар болон бусад баримтаар нотлогдохгүй байна.

Зохигч талууд хэргийн үйл баримтад маргасан ба нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг шүүх тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардсан гэж тайлбарласан.

Хэргийн үйл баримтаар бартерийн байрыг худалдах-худалдан авах харилцаа Д.Г, Ц.Э- нарын хооронд үүссэн ба энэ үүргийн хүрээнд ямар нэг төлбөр тооцооны маргаан үүсээгүй, харин нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр хариуцагч Ц.Цгаас байрны урьдчилгаа төлбөрт Ц.Э-ын данс руу 33,800,000 төгрөгийг шилжүүлж, буцаан шаардах эрх хэрхэн үүсч байгаагаа талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул хариуцагч Ц.Цд холбогдох Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хариуцагч Ц.Цгаас 37,000,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/05296 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ