Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01561

 

 

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01561

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/02691 дугаар шийдвэртэй,

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц.Ц-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани Ш ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЕО/16/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд бартераар Баянзүрх дүүрэг, **дугаар хороо, **дүгээр хороолол, Э гудамж, *** дугаар байрны *** тоот, 67 м.кв талбайтай, 2 өрөө, 97,150,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2018 онд авсан. Тухайн үед манай компанид ажиллаж байсан Ц.Ц тус орон сууцыг банкны зээлээр авахаар болж, гэрчилгээг гаргуулан авч 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 37,000,000 төгрөгийг төлөөгүй болно.

Иймд Ц.Ц-гаас орон сууцны үллэгдэл төлбөрт 37,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Э ХХК-ийг хамгийн анх 16-18 хүний бүрэлдэхүүнтэй бригад байхаас нь ажиллаж өнөөдрийн групп болтол нь 2006 оны 06 дугаар сараас 2019 оны 09 дүгээр cap хүртэл тасралтгүй 15 жил ажилласан. Анх Э ХХК-аас 2015 оны 12 дугаар сард шинэ жилээр Ц.Ц намайг 2006 оноос хойш хичээл зүтгэлтэй ажилласан гэж үзэж, Хан-Уул дүүрэг Буянт Ухаа-** дүгээр хорооллын ***дугаар байрны ** тоот хаягт байрлах ЗЗ м.кв нэг өрөө орон сууцаар шагнаж энэ үеэс миний бие уг орон сууцанд маргаж буй уг орон сууцыг авах хүртэл амьдарч байсан.

Тухайн үед би орон сууцаа томруулах талаар ярьж байхад компаниас бартерт орж ирж байгаа байрыг аваарай гэхэд 93,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг шийдвэрлэсэн юм. Э ХХК-аас надад бэлэглэсэн байраа буцаан авч, 40,000,000 төгрөгөөр үнэлж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний хүү Ц.Э-ын данс руу 33,800,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа гэж шилжүүлсэн. Уг төлбөрийг бид буцаагаад сүүлд авсан байрны урьдчилгаа төлбөр болгоод шилжүүлсэн, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Хаан банк ХХК-аас орон сууцны зээл авч шилжүүлснээр бидний хоорондох төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон байхад 37,000,000 төгрөгийн үлдэгдэл нэхэж байгааг гайхаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хариуцагч Ц.Ц-гаас 37,000,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/05296 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй. Учир нь:

4.1. Анхан шатны шүүх ...хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч талын тайлбар нотлогдоогүй, харин хариуцагч талын тайлбар нотлогдож байна... гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчээс Ц.Э нь компанид хохирол учруулсан, өмчлөх эрх шилжүүлээгүй байгаа нь шагнаагүй гэж үзэх үндэслэл болно, барилгын компаниуд тухайн ажилтнаа тогтвортой ажиллуулахаар өмчлөх эрх шилжүүлэхгүйгээр орон сууцанд оруулдаг талаар нотлохын тулд гаргасан дараах хүсэлтүүдийг шүүх хүлээж аваагүй. Учир нь: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Р.Эрболдыг гэрчээр асуулгах, хариуцагчаас Р.Э-ын төрсний бүртгэлийн лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 27869 дугаар шүүгчийн Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар хангахаас татгалзсан, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Р.Э-ыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05296 дугаар шүүгчийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар хангахаас татгалзсан, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц.Э БНСУ-д байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа, Ц.Э-ын хаяг тодорхойгүй байх тул БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Виза мэдүүлгийн баримтыг болон Ц.Э-ын БНСУ-д оршин суух хаягийн тодорхойлолтыг гаргуулах хүсэлт гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08495 дугаар шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хангахаас татгалзаж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр Ц.Энхбулагийг оролцуулах, Ц.Э-ын хаягийг тодруулах хүсэлт гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13600 дугаар шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хангахаас татгалзаж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13601 дугаар шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хангахаас татгалзаж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13602 дугаар шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хангахаас татгалзаж, н.Нармандах, н.Улаанхүү нарын мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд хэргийн бодит үнэнтэй холбоотой, Ц.Э хуурамч диплом ашиглаж ажилд орж компани төслөө авч чадаагүй үйл баримтыг тодруулахын тулд шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, хэргийн бодит үнэнийг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хэт нэг талыг барьж Ц.Э-ын нэр дээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тул Ц.Э-ыг хамтран хариуцагчаар оролцуулах нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж улмаар Ц.Э-той холбоотой шүүхийн журмаар баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөнөөс хэргийн бодит үнэн тогтоогдоогүй. Ц.Э-оос болж компани том төслөө алдаж, ажилчдаа орон сууцжуулах бодлого бүр мөсөн зогсож компани төдийгүй бусад ажилчдад их хэмжээний хохирол учруулсан хэргийн бодит үнэн тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлэхээр шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хэт нэг талыг барьж хүсэлтүүдийг хүлээж аваагүй атлаа нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шийдвэр хууль ёсны бегөөд үндэслэл бухий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуүлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцүүлэн үнэлээгүй. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дахь хэсэгт зааснаар Ц.Э-ын оршин суух хаягийг тодруулж өгөх талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргасан. Үүнийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Нэхэмжлэгчээс хариуцагчийг тодорхойлох бөгөөд тухайн этгээдийн оршин суугаа хаягийг мөн нэхэмжлэгч тодорхойлж өгнө. Оршин суугаа хаягийг тодорхойлох гэж шүүх ажиллагаа хийхгүй. Хамтран хариуцагчаар Ц.Э-ыг оролцуулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсныг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн. Хариуцагчийг тодорхойлох эрх нь нэхэмжлэгчид байх боловч Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллагаа явуулах, хоёр улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулах эсхүл элчин сайдын яамаар дамжуулан нэхэмжлэлийн хувийг гардуулах боломжгүй хүсэлт гэж дүгнэж хүсэлтээс татгалзсан. Төлөөлөгч мөн шүүгчээс татгалзсан асуудал яригдсан. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ц.Ц, Ц.Э нар нь ээж, хүү 2 бөгөөд нэхэмжлэл гаргасан байгууллагад ажилладаг байсан. Ц.Ц-г шинэ жилээр 1 өрөө байраар шагнасан. Байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн үйл баримт ансны хуулгаар тогтоогддог гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ 1 өрөө байраар шагнаж байсан, уг орон сууцыг 40,000,000 төгрөгөөр үнэлж буцаан аваад урьдчилгаа хэмээн 33,800,000 төгрөгийг хүү Ц.Э-ын данс руу шилжүүлсэн, маргаж буй орон сууцыг 93,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, Ц.Э-ын данс руу шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг ХААН банкнаас зээл авч 60,000,000 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөргүй гэж тайлбарлан, маргасан байна.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *** дугаар байрны *** тоот, 67 м.кв талбайтай, 2 өрөө, 97,150,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Ц.Ц тус орон сууцыг банкны зээлээр авахаар болж, гэрчилгээг гаргуулан авч 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 37,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан байна.

Э ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажилтан Ц.Ц-г нэг өрөө орон сууцаар шагнасан нь гэрч А.Н /1хх 112-113/, Б.У /1хх 114-115/ нарын мэдүүлэг, өргөмжлөлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар /1хх 218-220/ нотлогдсон байна.

3.2. Нэхэмжлэгч Э ХХК-аас Ц.Ц, Ц.Э нарт 33,800,000 төгрөгийн байрны урьдчилгаа төлбөрийг олгосон нь нэхэмжлэгч компанийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шагнал урамшуулал олгох тухай 67/17 дугаартай тушаал /1хх-207/, Ц.Э-ын дансанд нэхэмжлэгч Э ХХК-аас шагнал /байрны урьдчилгаа/ гүйлгээний утгатай 33,800,000 төгрөгийн орлого орсон дансны хуулгаар /1хх-202/ тогтоогдсон.

3.3. Баянзүрх дүүрэг, **дугаар хороо, **дүгээр хороолол, Э, *** байр, *** тоот хаягт байрлах, 67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 97,150,000 төгрөгт тооцож, нэхэмжлэгч Э ХХК-д шилжүүлсэн бөгөөд Д.Г болон Ц.Э нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээгээр уг 2 өрөө орон сууцыг Ц.Эод шилжүүлж, Ц.Э улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлжээ. /1хх 31, 83-84/

3.4. Ц.Э нэхэмжлэгч Э ХХК-д байрны үнэд 60,000,000 төгрөг шилжүүлсэн нь ХААН банк ХК-ийн гүйлгээний баримтаар тогтоогдсон байна. /1хх-26, 206/

 Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэргийн баримтаас үзэхэд Д.Г, Ц.Э нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, Д.Г нь шаардах эрхээ Э ХХК-д шилжүүлсэн байна. Хариуцагч нь дээрх гэрээний оролцогч биш тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.1. Нэхэмжлэгч талаас иргэн Ц.Э-ын төрсний бүртгэлийн лавлагааг хариуцагч Ц.Цгаас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Мөн шүүгчийн захирамж гарган, иргэн Ц.Э-ыг гэрчээр дуудах, хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оруулах тухай нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн болон гэрчийн оршин суугаа газрын хаяг тодорхой байх, нэхэмжлэгч тал үүнийг бүрдүүлж өгөх ёстой. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2-4в/1723 дугаартай албан бичгээр иргэн Ц.Э нь Монгол улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийн болон гэрчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь зөв.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлгийн баримт, Ц.Э-ын БНСУ-д оршин суух хаягийн тодорхойлолтыг гаргуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух хаягийг шүүхэд өөрөө тодорхойлж гаргах үүрэгтэй ба шүүх хариуцагчаар татагдаагүй этгээдийн хаягийн талаарх лавлагааг гаргуулах боломжгүй гэж дүгнэн, хүсэлтийг хэрэгсэхгүй шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн Ц.Э-ын хаягийг тодруулах зорилгоор иргэн н.Энхбулаг гэх этгээдээс гэрчийн мэдүүлэг авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт нийцэхгүй.

5.3. Хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.Н, Б.У нарыг гэрчээр дуудах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г гэрчээс мэдүүлэг авахад оролцохгүй талаар шүүхэд мэдэгдсэн байна. /1хх-110/

Харин нэхэмжлэгч нь Ц.Ц-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, нэхэмжлэл гаргасан байх тул Ц.Э хуурамч диплом ашиглаж ажилд орж, компани төслөө авч чадаагүй талаарх үйл баримтыг тодруулах зорилгоор иргэн н.Нармандах, н.Улаанхүү нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авах тухай нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхгүй.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно.

Нэхэмжлэгч Э ХХК төлөөлөгч Ц.М-гээс татгалзах талаар шүүхэд бичгээр мэдэгдээгүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлээс татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хүсэлт гаргаагүйд тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв.

 6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/02691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш **хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, **хоног өнгөрснөөс хойш **хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН