Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/02177

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 07 181/ШШ2023/02177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУХБ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би МУХБ-ийн Хяналт захиргааны газарт хуульч албан тушаалд 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хяналт шалгалт, тамгын газарт Хууль эрх зүйн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч, 2021 оны 09 сарын 17-ны өдрөөс Захиргаа удирдлага хариуцсан дэд захирлын харъяанд Хуулийн хэлтсийн Ахлах хуульчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад МУХБ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Э, Төгөлдөр нар нэр бүхий ажилтнуудыг дуудаж ажлаас халсан талаар мэдэгдсэн, дээрх мэдэгдэл нь Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр МУХБ-ийн удирдлагуудад 20 гаруй ажилтныг ажлаас чөлөөлөх чиглэлийг өгч, уг чиглэлийн улмаас МУХБ-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлаас халж буй талаар мэдэгдсэн болно. Дээрх уулзалтаар намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй, хэзээ ямар зөрчлөөр ажлаас халж буй нь тодорхойгүй, тайлбар, мэдээлэл авалгүйгээр МУХБны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын хэрэг дээр мэдлэг, чадвар дутагдсан гэдэг тайлбар өгч ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн, үүнээс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, мөн ажлын дотоод систем болох E-оффис-д нэвтрэх эрхийг хураасан болно.

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр МУХБ-ийн гүйцэтгэх захирлын Б-39 дүгээр Б.Чийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан бөгөөд надад 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр мэдэгдэж, тушаалыг гардуулсан болно.

МУХБ-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-39 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт МУХБны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, МУХБны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.4, 10.13.6, 10.13.8, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Тушаалын тушаах хэсэгт намайг ямар зөрчлөөр ажлаас халж буйг бичээгүй, тодорхойгүй, үндэслэл шалтгааныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш МУХБны удирдлагуудаас тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болно.

Миний бие МУХБинд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Тушаалын үндэслэл болсон МУХБны Хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд намайг ажлаас халах тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.4,10.13.6,10.13.8 дахь заалтууд нэмэгдсэн байсан болно. Иймд намайг болон бусад ажилтнуудыг хоморголон ажлаас халахын тулд дээрх журмыг шинэчлэн баталсан гэж үзэж байна.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

МУХБ-д Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зуйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Б.Ч намайг МУХБны хуулийн хэлтсийн ахлах хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 80,068,003 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг дааргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч МУХБ-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Р.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч нь байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Б.Чийг 2022.03.25-ны өдөр Б/35 тушаалаар ажлаас халсан бөгөөд тушаалд Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэдгийг үндэслэсэн. МУХБны Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл 1 сарын хугацаанд нийт тасалсан, хоцорсон цаг нь ажлын 2 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцохоор заасан. Б.Чтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Гэрээнд тусгагдаагүй хөдөлмөрийн харилцаатай холбогдсон бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан бусад журмын дагуу зохицуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй зүйлийг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэж тохиролцсон. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.4-т 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож ажлаас халахаар заасан.

Б.Ч нь 2022.03.09-ний өглөө 08 цаг 26 минутад ажилдаа ирж, бүтргүүлчихээд буцаад явж, 18 цаг 05 минутад ирж бүртгүүлчихээд буцаад явсан байдаг. Мөн 2022.03.10-ны өдөр 11 цаг 20 минутад ажлаас гарч явсан. Уг өдөр эргэн ирж, 16 цаг 05 минутад бүртгүүлчихээд явсан. 2022.03.11-ний өдөр 09 цаг 21 минутад ажлаас явж, 16 цаг 56 минутад дахин ирж бүртгүүлчихээд ажлаас явсан байдаг. Өглөө оройдоо ирж зөвхөн бүртгүүлчихээд ажлаа тасалсан ноцтой зөрчил гаргасан тул Б.Чийг ажлаас чөлөөлсөн. Иймд Гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдөр Б/35 тушаал нь хууль, журамд нийцсэн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Чийг 2023.02.23-ны өдөр ажлаас халаагүй, тэр үед 15 хүнд ажлаас халах мэдэгдэл өгч байсан боловч бүгдийг нь халаагүй. Хамтын гэрээний асуудал ажлаас халсантай ямарч холбоогүй, Б.Ч нь нууцын баримтуудыг түр хариуцаж байсан учраас дараагийн ажилтан ирснээр хүлээж авсан. Мөн Мөнхбат нарын эрүүгийн хэрэгт сайн ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр огт ажлаас халаагүй гэв.

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас МУХБны гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдрийн Б-39 дугаар тушаал, 2018.01.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, 2021.09.17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Тушаал гардуулан өгсөн тухай тэмдэглэл, 2022.03.29-ний өдрийн ажил хүлээлцсэн баримт, Хөрөнгийн эд хариуцагч тайлан, Тойрох хуудас, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2022.04.20-ны өдрийн 2/367 дугаар албан бичиг, Хөгжлийн банкны 20 гаруй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх үүрэг өгөв гэх нийтлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас МУХБны 2022.03.10-ны өдрийн А-21 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, МУХБны захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын товч тэмдэглэлээс, Хамтын гэрээ байгуулах хүсэлт, 2020.08.17-ны өдрийн хурлын тэмдэглэл, МУХБны нууцын зэрэглэлтэй материал хүлээлцсэн акт зэргийг нотлох баримт гаргаж өгсөн,

Шүүхийн журмаар МУХБны 2022.09.13-ны өдрийн 3/1300 дугаар албан бичиг, түүний хавсралт 59 хуудас баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023.02.09-ний өдрийн 02/317 дугаар албан бичиг, түүний хавсралт 1 хуудас, CD-нд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.03.14-ний өдрийн 320 дугаар албан бичиг, түүний хавсралт 12 хуудас зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч МУХБ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад МУХБ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Э, Төгөлдөр нар нэр бүхий ажилтнуудыг дуудаж ажлаас халсан талаар мэдэгдсэн, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй, хэзээний ямар зөрчлөөр ажлаас халж буй нь тодорхойгүй, тайлбар, мэдээлэл авалгүйгээр МУХБны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын хэрэг дээр мэдлэг, чадвар дутагдсан гэдэг тайлбар өгч ажлаас чөлөөлж, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, мөн ажлын дотоод систем болох E-оффис-д нэвтрэх эрхийг хурааж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хууль, эрх зүйн ямарч үндэслэлгүй тушаал гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг, хариуцагч МУХБ нь эс зөвшөөрч, ажлын 3 хоног ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2заасантай нийцсэн байна.

Тодруулбал, МУХБ-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул маргаан шийдвэрлэх боломжгүй болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.04.20-ны өдрийн 2/367 тоот албан бичиг, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 18 хуудас/

Нэхэмжлэгч Б.Ч нь МУХБ-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдрийн Б/39 дугаар Б.Чийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2022.03.29-ний өдөр хүлээн авч, урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос хариу авч, шүүхэд 2022.04.15-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1заасан 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 13 хуудас/

 

2. МУХБ-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдрийн Б/39 дугаар Б.Чийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 78.1.9, 80.1.4, 83.1, 83.3 дахь заалт, МУХБны тухай хуулийн 21.1, 21.5.6, МУХБны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4, 10.13.6, 10.13.8, 11.2, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн Хуулийн хэлтсийн ахлах хуульч Б.Чтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 4 хуудас/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд Б.Чийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлийг ажлын 3 хоног ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан буюу Б.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд өглөө, оройдоо ирж зөвхөн бүртгүүлж ажил тасалсан гэж тайлбарласан.

 

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ...эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан.

 

МУХБ-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдрийн Б/39 дугаар тушаалд Б.Чийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг тодорхой заагаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн заалтыг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийн тушаал эрх зүйн үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

2.2. МУХБ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Э, хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Төгөлдөр нар нь Б.Чт 2023.02.23-ны өдөр ажлаас халахыг мэдэгдэж, 2022.02.25-ны өдөр Б.Чоос ажил үүрэгтэй нь холбоотой баримт материалуудыг хүлээн авч, ажлын дотоод систем болох E-оффис-д нэвтрэх эрхийг хаасан болох нь Б.Чоос шүүхэд гаргаж өгсөн 2023.02.23-ны өдрийн хурлын СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.02.25-ны өдрийн нууцын зэрэглэлтэй материал хүлээлцсэн акт, гэрчүүдийн мэдүүлэг, , нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 141-153, 158-170, 183-189 хуудас/

МУХБ нь 2023.02.23-ны өдрөөс 2023.03.25-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Чийн ажил үүргээ хэвийн явуулах нөхцлийг хангасан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогч МУХБ-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх гэж заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.3. Б.Чийг 2022 оны 03 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

МУХБ нь Б.Чийг 2022 оны 03 дугаар сарын 09-ны өглөө 08 цаг 26 минутад ажилдаа ирж бүртгүүлчихээд буцаад явж, 18 цаг 05 минутад ирж бүртгүүлчихээд буцаад явсан, мөн 2022.03.10-ны өдөр 11 цаг 20 минутад ажлаас гарч явсан. Уг өдөр эргэн ирж, 16 цаг 05 минутад бүртгүүлчихээд явсан. 2022.03.11-ний өдөр 09 цаг 21 минутад ажлаас явж, 16 цаг 56 минутад дахин ирж бүртгүүлчихээд ажлаас явсан гэх тайлбараа нотлохоор шүүхэд СД бичлэг ирүүлсэн. Уг СД-д үзлэг хийсэн тэмдэглэлээр, камерийн бичлэгт дээрхи хугацаанд Б.Ч лифтнээс гарч, лифтэнд орж байгаа байдал харагдана. /хавтаст хэргийн 141-153 хуудас/

МУХБны Хөдөлмөрийн дотоод журам /2018 оны/-ын 6 дугаар зүйл Ажлын цагийн горим, бүртгэл хэсгийн 6.5-д Ажилтан ажилд ирсэн, явсан цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид заавал бүртгүүлнэ, 6.6-д Цаг бүртгэлийн төхөөрөмжийн алдааны улмаас, мөн өөрийн буруугаас ажилд ирсэн, яьсан цага бүртгүүлж чадаагүй бол Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хяналтын камерийн бичлэгийг үндэслэн ажилтны ажилд ирсэн, явсан цагийг тогтооно гэж, мөн 6.9, 6.10-д Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж цаг бүртгэлийн мэдээ, ажлын цаг ашиглалтын тайланг сард хоёр удаа гаргах, уг хэлтсийн нэгтгэн гаргасан цагаар ажилтны цалинг олгохоор тус тус заажээ.

Уг журамд заасны дагуу Б.Чийн ажилд ирсэн, явсан цаг нь цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгэгдсэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж Б.Чийг ажил тасалсан гэж тодорхойлоогүй, Б.Чт 2022 оны 03 сард нийт 19 хоног ажилласнаар тооцож цалинг олгосон байна. /хавтаст хэргийн 127 хуудас/

Мөн дурдсан хугацаанд Б.Ч ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн Б.Ч ажлын 3 хоног ажил тасалсан гэх тайлбар, баримтаар нотлогдохгүй байна.

 

3. Хариуцагч МУХБ нь Б.Чийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4, 10.13.6, 10.13.8, 11.2 дахь заалт болон Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг үндэслэсэн.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёсзүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон, гэж, 10.13.8-д ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, бусдад дарамт шахалт үзүүлсэн гэж, 11.2-д ажилтан нь Журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж тус тус заажээ. /хавтаст хэргийн 28-36 хуудас/

МУХБны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын 2022.03.22-ны өдрийн 2022/№02 дугаар товч тэмдэглэлд Б.Чийг н.Мөнхбат нарын холбогдолтой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажил олгогчийн эрх ашгийг хамгаалан ажиллах үүрэг бүхий төлөөлөгчөөр томилогдон ажилласан боловч сайн ажиллаж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар тодорхойлсон байна. /хавтаст хэргийн 37 хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8 дахь заалт болон н.Мөнхбат нарын холбогдолтой эрүүгийн хэрэгт сайн ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр Б.Чийг ажлаас халаагүй гэж тайлбарлаж байгаа тул шүүх эдгээр үндэслэлд тусгайлсан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б.Чийг хамтын хэлэлцээр байгуулах үйл ажиллагаатай холбоотойгоор ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 130-133, 171-176 хуудас/

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.Чийг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул МУХБ-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдрийн Б/39 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4. Иймд нэхэмжлэгч Б.Чийг МУХБ-ийн Хуулийн хэлтсийн ахлах хуульч ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Б.Чийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч МУХБас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч Б.Чийн сарын дундаж цалинг тодорхойлох /2021 оны 12, 2022 оны 1, 2 сар/-д нэг сард 5,287,509 төгрөгийн цалинтай байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11, 127, 137-138 хуудас/

Ажилгүй байсан хугацааг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажлын 318 хоногоор тооцоход 80,068,003 төгрөг /нэг өдрийн 251,786,17 төгрөгийг х 318 хоног = 80,068,003 төгрөг/ болж байх тул 80,068,003 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч МУХБ-д даалгах үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 80,068,003 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож, 558,290 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Чийг МУХБ-ийн Хуулийн хэлтсийн ахлах хуульч ажилд нь эгүүлэн тогтоож, МУХБ-иас 80,068,003 /наян сая жаран найман мянга гурван/ төгрөгийг гаргуулж Б.Чт олгож, уг олговороос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг МУХБ-д  даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар МУХБ-аас 628,490 /зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА