Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01810

 

2023 09 25 210/МА2023/01810

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02177 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие М ХХК-ийн Хяналт захиргааны газарт хуульч албан тушаалд 2012 оны 11 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2022 оны 02 сарын 23-ны өдөр М ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Э, Н.Т нар нэр бүхий ажилтнуудыг дуудаж ажлаас халсан талаар мэдэгдсэн. 2022 оны 03 сарын 25-ны өдөр М ХХК-ийн гүйцэтгэх захирлын *** дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан бөгөөд надад 2022 оны 03 сарын 29-ний өдөр мэдэгдэж, тушаалыг гардуулсан болно. 2022 оны 03 сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалын үндэслэх хэсэгт М-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, М-ны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.4, 10.13.6, 10.13.8, 11.2-т заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тушаалын тушаах хэсэгт намайг ямар зөрчлөөр ажлаас халж буйг бичээгүй. Үндэслэл шалтгааныг 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс хойш М-ны удирдлагуудаас тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие М-нд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Тушаалын үндэслэл болсон М-ны хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 03 сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд намайг ажлаас халах тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журмын 10.3.4, 10.13.6, 10.13.8 дахь заалтууд нэмэгдсэн нь намайг болон бусад ажилтнуудыг хоморголон ажлаас халахын тулд дээрх журмыг шинэчлэн баталсан гэж үзэж байна. Иймд Б.Ч намайг М-ны Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 80,068,003 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг дааргаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Б.Ч-ийг 2022 оны 03 сарын 25-ны өдөр *** дугаар тушаалаар ажлаас халсан. Монгол улсын хаөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл 1 сарын хугацаанд нийт тасалсан, хоцорсон цаг нь ажлын 2 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцохоор заасан. Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан буюу 2022 оны 03 сарын 09-ний өглөө 08 цаг 26 минутад ажилдаа ирж бүртгүүлчихээд буцаад явж, орой 18 цаг 05 минутад ирж бүртгүүлчихээд мөн адил буцаад явсан. Мөн 2022 оны 03 сарын 10-ны өдөр 11 цаг 20 минутад ажлаас гарч явсан. Уг өдөр эргэн ирж 16 цаг 05 минутад бүртгүүлчихээд явсан. 2022 оны 03 сарын 11-ний өдөр 09 цаг 21 минутад ажлаас явж, 16 цаг 56 минутад дахин ирж бүртгүүлчихээд ажлаас явсан байдаг. Өглөө оройдоо ирж зөвхөн бүртгүүлсэн, ажлаа тасалсан ноцтой зөрчил гаргасан тул Б.Ч-ийг ажлаас чөлөөлсөн. Иймд гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 25-ны өдөр *** дугаар тушаал нь хууль, журамд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар Б.Ч-ийг М ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах хуульч ажилд нь эгүүлэн тогтоож, М ХХК-аас 80,068,003 төгрөгийг гаргуулж Б.Ч-т олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг М ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар М ХХК-аас 628,490 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1 дэх дүгнэлт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Ч-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13, 10.13.4, 10.13.6, 11.2-т тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалын үндэслэлд заасан зөрчлүүдийг Б.Ч-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.2.3, 6.3.4-т тус тус ноцтой зөрчлийг нэрлэн заасан. Нэхэмжлэгч Б.Ч--ийн ажил тасалж байгаа үйлдэл нь дээр дурдсан хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарч байгаа тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх ажлаас чөлөөлсөн тушаалд зайлшгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлах ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2 дахь дүгнэлт мөн адил үндэслэлгүй. Учир нь Б.Ч банкны хуулийн хэлтэст ахлах хуульчийн ажлын байранд ажилладаг байсан бөгөөд нууцын ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгэдэг байсан. Б.Ч-ийн 2022 оны 01 сараас 03 сарыг дуустал хугацаанд олгосон цалингийн мэдээлэлд ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлсөнд 900,000 төгрөг тусгагдсан байдаг бөгөөд 2022 оны 02 сарын 25-ны өдөр банкны нууцын зэрэглэлтэй материалыг Б.Ч-оос хүлээн авсан нь хуульчийн ажлын байрны тодорхойлолтод заасан заасан ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй юм. Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй.

4.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3 дахь дүгнэлт үндэслэлгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 6.8-д зааснаар Б.Ч 2023 оны 03 сарын 07, 09, 10, 11-ний өдрүүдэд ажлын цагаар ажлын байрандаа байгаагүй нь камерын бичлэг болон захирлуудын зөвлөлийн хурлаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгч нь ажлын байрандаа байгаагүйтэй маргадаггүй. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 сарын 23-ны өдөр ажлаас халагдсан, 2023 оны 02 сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Б.Ч нь хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс буюу ажлаа хүлээлгэж өгсөн гэх 2023 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 сарын 25-ны өдрийг ажлаас халагдсантай адилтгаж үзэж байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч нийтдээ 4 үндэслэлээр гомдол гаргасан байна.

5.1.  Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн харилцагч шууд зогсоох ноцтой зөрчил гэж ажлаас халсан. Тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг дурдаагүй. Мөн тушаалын тушаах хэсгийн 1-д ямар зөрчлөөр ажлаас халж байгааг бичээгүй тул шүүх тушаалын тушаах болон үндэслэх хэсэг хоорондоо таарч тохирох ёстой гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.

5.2.  Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4-т заасан заалт нь хөдөлмөрийн гэрээнд байсан гэж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил байхыг хэлнэ. Үйлдэл тухай бүрийг талууд нэрлэн заасан байвал зохино гэж талууд маргасан. Хөдөлмөрийн дотоод журамд 2022 оны 03 сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар ажилтанд танилцуулаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажилтныг ямар зөрчилд буруутгаж байгаа болон ямар зөрчлөөр ажлаас халж байгаа талаар тайлбар мэдүүлэг аваагүй. Энэ байгууллагын ёс зүйн дүрэм болон ёс зүйн сахилгын хорооны ажиллах журмаар хэлэлцүүлэх ёстой, ажилтнаас тайлбар авах ёстой. Гэтэл хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах журмаар ажилтныг ажлаас халах зорилгоор 2022 оны 03 сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

5.3.  Б.Ч-ийг 2022 оны 03 сарын 07, 09, 10, 11-ний өдрүүд буюу нийт 4 удаа ажлын цагаа бүртгүүлээгүй гэсэн үндэслэлийг ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэд хэдэн нотлох баримтуудыг гаргаж өгдөг. 2022 оны 02 сарын 23-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад М ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Э, Н.Т нар нэр бүхий 18 ажилтнуудыг дуудаж ажлаас халсан талаар мэдэгдсэн. Энэ үйл явц нь бичлэгт бүрэн тусгагдаж үзлэгээр бэхжигдсэн. 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эдгээр хүмүүсийг ажлаас халж байгаа талаар мэдэгдэж 2022 оны 02 сарын 25-ны өдрөөс энэ хүмүүсийн бүх компьютер, оффис, бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хурааж авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д зааснаар ажил олгогч нь дараах үндсэн үүрэгтэй. Энэ үүрэг дотор ажлын байраар хангах, тоног төхөөрөмжөөр хангах, ажил үүргээр хангах үүргийг биелүүлээгүй буюу эдгээр 18 хүмүүсийг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Энэхүү үйл баримт нь ажил тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар цаг бүртгэлийн тусгайлсан журамтай. Хүний нөөцийн алба нь цаг бүртгэлийнхээ тайланг гаргаж явуулдаг. Үзлэг дээр нэхэмжлэгчийн орж гарсан дүрс гаргаж өгсөн. Гэтэл хөдөлмөрийн дотоод журмаар гадуур ажиллаж байгаа тохиолдолд гадуур ажилладаг. Энэ хүнийг ажил хийх хэрэггүй гэж хэлж ажил үүрэг гүйцэтгүүлээгүй нөхцөл байдлыг гэрч Н.А, Н.Э нар мэдүүлгээрээ нотолдог. Бид нар энэ хүмүүсийг ажиллах хэрэггүй гэж хэлээд тоног төхөөрөмж, программыг нь хурааж авсан нь үнэн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Ажил тасалсан нь тогтоогдохгүй байна гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

5.4.  Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасныг үндэслэж 30 хоногийн дотор маргаан гаргах ёстой байсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхэлж тоолсон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар ажил хүлээлцэхээс өмнө ажлаас халагдсан тушаалыг гардуулж өгөх үүрэгтэй. 2022 оны 02 сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн гэх баримт бичгүүдээр ажлаас халсан гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5-д зааснаар зөрчлийг хэзээ илрүүлсэн, илрүүлснээс хойш 1 сар гэж үзнэ. Захирлуудыг зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад 2022 оны 03 сарын 07, 09, 10, 11-ний өдрүүд ажил тасалсан гэсэн өгүүлбэр нэг ч байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн болон найруулгын өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, Хуулийн хэлтсийн Ахлах хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 80,068,003 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 27/

 

3.   Нэхэмжлэгч Б.Ч нь М ХХК-тай 2012 оны 11 сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ анх байгуулан ажилд орж, улмаар 2021 оны 09 сарын 17-ны өдрөөс Хуулийн хэлтсийн Ахлах хуульчаар ажилласан байна. /хх 1, 10, 50-52/

 

4.   М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар Б.Ч-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4, 10.13.6, 10.13.8, 11.2-т заасныг тус тус үндэслэжээ. /хх 4/

Хэдийгээр дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталсан байх боловч Б.Ч-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа тухайгаа ажил олгогч тушаалдаа тодорхой дурдаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байх шаардлагыг хуулиар тогтоожээ.

Иймд ...хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй асуудлыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу зохицуулахаар заасан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

4.2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан чухам ямар үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож буй тухайгаа ажил олгогч тушаалдаа тодорхой дурдаагүйгээс хожим маргаан үүсэхэд сахилгын зөрчил болон ноцтой зөрчлийг ажил олгогч өргөжүүлж мэтгэлцэх, сахилгын зөрчил болон ноцтой зөрчлийн талаар баримт, материал нөхөн бүрдүүлэх боломжийг ажил олгогчид бий болгох үр дагавартай.

 

5.   Хариуцагч нь ...ажилтан Б.Ч өглөө оройдоо ирж зөвхөн бүртгүүлчихээд гарч байсан, ажлаа тасалсан ноцтой зөрчил гаргасан... гэж тайлбарлах боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан видео бичлэг, түүнд хийгдсэн үзлэгээр ажилтан Б.Ч ажлаа тасалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Учир нь, дээрх бичлэг нь ажлын бүтэн цагийн бичлэг бус харин тасдаж авсан бичлэг байна. /хх 144-153/

Түүнчлэн, хариуцагчийн дээрх тайлбар, татгалзал нь байгууллагын зүгээс ажилтан Б.Чт 2022 оны 03 сарын цалинг бүтэн олгосон үйл баримтаар няцаагдаж байна.

 

6.   Хариуцагч нь ажилтан ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргасан атлаа ...Хөгжлийн банкны эрх ашгийг хангалттай хамгаалан ажиллаж чадаагүй... гэсэн агуулгатай 2022 оны 02 сарын 23-ны өдрийн Хурлын тэмдэглэл-ийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь өөр хоорондоо зөрчилтэй, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. /хх 56-58, 144-153/

Ажил олгогч нь ...ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн... гэж ажилтанд өөрт нь танилцуулсан атлаа өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.

 

7.   Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ч-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, үр дагаврыг шийдвэрлэсэн нь зөв байх боловч ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо нэхэмжлэгч биечлэн хөдөлмөр эрхлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Ажилтан ажил үүргээ хийж гүйцэтгэсэн тохиолдолд нэмэгдэл, урамшуулал тооцогдох тул хөдөлмөрийн гэрээнд дурдагдсан үндсэн цалин 3,000,000 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох нь зүйтэй.

Ийнхүү тооцоход 3,000,000 : 21.5 х 318 = 44,372,093 төгрөг гарч байх тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

8.   Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр цахим хэлбэрт шилжсэн байсан тул шийдвэрийн ...дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасан... хэсэгт найруулгын өөрчлөлтийг оруулна.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02177 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...80,068,003 /наян сая жаран найман мянга гурван/ төгрөгийг... гэснийг ...44,372,093 төгрөгийг... гэж, ...дэвтэрт зохих бичилт хийхийг... гэснийг ...баталгаажилт хийхийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар М-ны гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР