Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0869/З |
Дугаар | 128/ШШ2023/0311 |
Огноо | 2023-03-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0311
2023 03 31 128/ШШ2023/0311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б /РД:ХД/
Хариуцагч: Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нэхэмжлэгч Б.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн Б.Б миний бие Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг үйлдвэрийн албан конторын зориулалтаар эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу орон сууц барихаар холбогдох ажиллагаа хийгдэж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж тооцоо нийлж ирсэн.
Улмаар өөрийн эзэмшил газарт барилга угсралтын үйл ажиллагаа явуулахаар 2019 оны
5-р сард газар зохион байгуулалтын албанд барилга угсралтын зураг төсөл болон холбогдох баримт бичгүүдийг хүсэлтийн хамт гарган өгч байсан боловч албан ёсоор бичгээр хариу өгөөгүй. 2022 оны 07-р сард өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах, барилга угсралтын үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажлын даалгавар авах хүсэлтийг өгсөн.
Гэтэл Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09-р сарын 27-ны өдрийн ******* тоот албан бичгээр "Танд Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг нийслэлийн Засаг даргын 2021 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлэв" гэх хариуг өгсөн.
Миний бие тухайн газрыг эзэмших төлбөрийг жил бүр бүрэн төлж тооцоо нийлж, тухайн газарт хийгдэхээр төлөвлөгдсөн ажилтай холбоотой иргэн, аж ахуйн нэгжүүдтэй холбогдох гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэн зардал гаргаж байсан зэрэг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн шийдвэр гаргаж, миний газар эзэмших эрхийг зөрчиж байна.
Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын 2021 оны A/605 дугаартай захирамжийг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй. Иргэн Б.Б миний бие нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09-р сарын 27-ны өдрийн ******* тоот албан бичгээс Засаг даргын 2021 оны ******* дугаар захирамж гарч, миний газар эзэмших эрхийг Дуусгавар болгосон болохыг мэдэж гомдол гаргаж байгаа тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно. Иймд Засаг даргын 2021 оны 08-р сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Засаг даргад нэхэмжлэл гаргасан. Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай захирамжаар ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр 700 м.кв талбайг үйлдвэрийн албан конторын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ байгуулаад эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулаад хууль ёсоор эзэмшиж байсан. Газар эзэмшүүлэхтэй холбоотойгоор хашаа бариад зураг төсөл гаргуулаад А даалгавар авахаар газрын алба, хот байгуулалтын албанд хандсан болов ч ямар нэгэн хариу ирэхгүй байсан. Газрын нэгдмэл санд Б.Бын газар эзэмших эрхтэйгээр байсан. А даалгавраа дахин шаардахдаа газар зохион байгуулалтын албанд хандахад таны цуцалсан байна гэдэг хариуг хэлсэн. Дараа нь албан ёсоор 2022 оны 09 дүгээр сард гомдол гаргасан. Засаг даргын газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр 4970 тоот албан бичгээр танд Засаг даргын 2018 оны захирамжаар эзэмшүүлсэн газрыг Засаг даргын 2021 оны ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд таны газар эзэмших эрх дуусгавар болсон байна гэсэн хариуг ирүүлсэн. Б.Б энэ газрыг эзэмшээд жил бүр газрын төлбөрийг төлөөд явж байсан. Тухайн газарт төлөгдсөн төлөлттэй холбоотой иргэн аж ахуйн нэгж гэрээ байгуулаад хашаажуулаад өөрөөс нь тодорхой хэмжээний мөнгөн дүн, эрх зүйн үр дагаврыг үүсгэж ажиллаж байсан. Гэтэл Засаг даргаас хуульд заасан үндэслэлгүйгээр 2 жил газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан гэдгийг мэдлээ. Шүүхэд гаргаж өгсөн баримтуудтай танилцахад бид нарт тухайн газрыг эзэмшихэд хэд хэдэн хүндрэлүүд байгаа. Газраа хашаажуулъя гэхээр урд талд нь байдаг М******* ХХК-ийн ажилчид оруулдаггүй. Хойд талдаа газартай тэрэнд нь хашаалсан байгаа. Өөрийнх нь газар руу орохоор гэхээр заавал дамжиж орно. Хашаа барихаар нураадаг, эсвэл аваад явдаг. Барилга баръя А даалгавар өгнө үү, гэхээр одоог хүртэл өгөхгүй төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Орц гарцын асуудлууд үүссэн нөхцөл байдлууд байна.
Б.Бт тухайн газрыг ашиглах боломж олгохгүй байгаа. М******* ХХК-ийн н.Г гэдэг хүн газрыг цуцлуулахаар газар зохион байгуулалтын холбогдох хүмүүстэй хуувилдаж ажиллаж байгааг хүн болгон мэдэж байгаа. газар зохион байгуулалтын албанаас А даалгавар гаргаж өгөөгүй. А даалгавар гаргаж өгсөн гээд шүүхэд гаргаж өгсөн баримт нь манайхтай хамааралгүй 1,9 га газар байгаа. Манайх 0,7 га буюу 700 м.кв газар байгаа. Өөр хүний А даалгаврыг гаргаж өгснөө тэрийгээ бид нарын А даалгаврыг гаргаж өгсөн гээд хуурамч баримт гаргаж өгөөд байгаа юм. Сая шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын мэйл хаягийг харахад 0 минутын өмнө гээд хэзээ явуулсан нь мэдэгдэхгүй байгаа нь шүүхийг хуурсан баримт гаргаж өгсөнд нь харамсаж байна. Б.Бт эдгээр мэдэгдлүүд ирж байгаагүй. Газрын нэгдмэл сан дээрээс харахад газрыг цуцалсан төлөв байгаагүй. Тэгэхээр газар зохион байгуулалтын алба нэг хүнд бодитоор эзэмших боломж олгохгүй байж байгаад цуцлаад өөр хүнд дахин олгож бизнес хийж байна гэж бодож байна. Үнэхээр гомдолтой байна. Тийм учраас энэ захирамжид сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагаа хийсэн бол хувийн хэрэгт нь байх ёстой. Тухайн газартай холбоотой бүхий л мэдээллийг гаргаж өгсөн. Шүүхээс өмнө нь нотлох баримт шаардахад хувийн хэрэг гээд 36 хуудас баримт ирүүлсэн. Дахиад үзлэг хийе гээд шүүхээс баримт шаардахад газар эзэмших эрхийн гэрээ болон төлбөр төлсөн баримтууд ирүүлж байгаа. Өөр баримтууд ирүүлэхгүй байгаа учраас үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй.
Тийм учраас Засаг даргын 2021 оны ******* дугаар захирамж үндэслэл бүхий гарсан учраас энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аргасан нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* угаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Б.Бт нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 8 дугаар хороонд 15 жилийн хугацаагаар 700 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч Б.Б нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4423 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу иргэн Б.Бт мөн хуулийн 27 дугаар зүйлд тусгагдсан утсаар, цахим болон шуудан хаягаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэгч Б.Бын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргаж өгсөн баримтууд дээр он сар нь гараагүй байна. Мэдэгдэл гарснаас 07 дугаар сарын 05-ны өдрийн хойш 14 хоногийн дотор мэдэгдлээ хүргүүлэхээр холбогдсон байдаг. Сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаад хувийн хэрэг дээр байгаа хаяг болон өөрөөс нь хамгийн сүүлд хаягийг нь тодруулаад авсан. Нэхэмжлэгч Б.Баас шаардсаны дагуу явуулсан байгаа. Мөн мэйлээр үлдэгдлээ явуулсан зураг нь байгаа. Тийм учраа сонсох ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэж заагаад өгсөн байдаг. Хашаа барьсан боловч нураадаг гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тайлбар дээр Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Ковидын нөхцөл байдал 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ковидын нөхцөл байдал үүсээд хөл хорио тогтоосон нь хэрэгт авагдсан байна. Иргэн Б.Бт холбогдох Засаг даргын А/1066 захирамж нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ковидын нөхцөл байдалтай холбогдуулж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Б.Бын өөрийнх зурагтай, өөртэй нь чаталсан чат, өөрийнх нь бичсэн хариу, өөрөө гэрийнхээ хаягийг бичиж өгсөн байгаа баримтуудыг нотлох баримт биш гээд сонсох ажиллагаа явуулаагүй мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Орц гарцын асуудал бодит байдал дээр үнэлэгдэх боломжгүй байна. Мөн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбар дээр тодорхой бичсэн байгаа. Засаг даргын маргаан бүхий захирамж нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуульд үндэслэж гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Бын нэхэмжлэлтэй Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Баас Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Маргаан бүхий захиргааны актаар ... Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.
4. ******* дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Б.Бт ******* дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулга 1 гудамж, 1 тоот хаягт 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгон, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1067 дугаар захирамжаар уг газрыг үйлдвэрийн албан конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгон, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулжээ.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ... нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6 дахь зүйлд Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заасан.
6. Хавтаст хэргийн баримтууд болох Б.Бын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ******* дугаартай У ц т с ТӨХК-иас олгосон техникийн нөхцөл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ барилга барихаар ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байна.
7. Хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсанаар газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш 2 жил дараалан газраа ашиглаагүй буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2 жил газраа гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад зааснаар захиргаа үйл ажиллагаандаа хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа гэж итгэн газрын төлбөрийг 2018 оноос 2021 оныг дуустал төлсөн, газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар ажил хийсэн нь нотлогдож байх тул уг зарчмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
9. Хариуцагчаас ... нэхэмжлэгч нь шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлах боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолууд, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн газар зохион байгуулалтын албанд гаргасан Б.Бын ... иргэн н.Год эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож, миний газрын орц, гарцыг нээж, газраа эзэмших нөхцөлийг бүрдүүлж өгнө үү гэх гомдол зэргээс үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
10. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан бөгөөд Б.Бт газар олгосноос хойш нийтэд илэрхий үйл баримт болох цар тахлын үе үргэлжилсэн, газар эзэмших явцад орц, гарцыг хаасан нөхцөл байдал бий болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгох нь зөв юм.
15. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.
16. Маргаан бүхий захиргааны актыг Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Б.Бт мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, сонсох ажиллагаа хийгээгүй буруутай болохыг дурдах нь зүйтэй байна.
18. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан Б.Баас Засаг даргад холбогдуулан гаргасан Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгосугай
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ