Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “...нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/000  дугаар захирамжийг хүчингүй болгуулах... тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0869/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б нь “нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/000  дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан Б.Б-с нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/000  дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-дахь заалтад зааснаар захиргаа үйл ажиллагаандаа хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа гэж итгэн газрын төлбөрийг 2018-2021 оныг дуустал төлсөн, газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар ажил хийсэн нь нотлогдож байх тул уг зарчмыг зөрчсөн гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2. Учир нь нэхэмжлэгч Б нь маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны А/000  дугаар захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, мэдээгүй гэх утгатай тайлбар өгсөн. Гэвч нийслэлийн газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтэн нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, иргэн Б.Б-ын цахим хаяг болон утсаар нь мэдэгдэж, нэхэмжлэгч өөрийн цахим хаяг болон утасны дугаарыг өгч хариу бичсэн тухай баримтаар нотлогдож байна. Мөн сонсох ажиллагааг гардан зохион байгуулсан холбогдох мэргэжилтнийг гэрчээр асуулгах хүсэлт гарган анхан шатны шүүх хүлээн авч, захирамж гаргасан боловч захирамжийн биелэлт хангагдаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгч Б нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д заасан зориулалтын дагуу газраа эзэмшээгүй ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлагийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газар хоосон, зориулалтын дагуу ашигласан гэх зүйл огт байхгүй.

3.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянав.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.1. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг үйлдвэрийн албан конторын зориулалтаар эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу орон сууц барихаар холбогдох ажиллагаа хийгдэж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж тооцоо нийлж ирсэн. Барилга угсралтын ажил явуулахаар хүсэлтүүдийг өгч байсан гэж, хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэгч Б.Б-ынгазар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

2.2. Анхан шатны шүүх “...Б.Б-ын2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 15/04432/19 дугаартай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас олгосон техникийн нөхцөл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ барилга барихаар ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байна ... Захиргаа үйл ажиллагаандаа хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа гэж итгэн газрын төлбөрийг 2018 оноос 2021 оныг дуустал төлсөн, газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар ажил хийсэн нь нотлогдсон дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2.3. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Б тус газрыг эзэмшсэн эсэх, хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх талаарх баримтуудыг цуглуулсны эцэст дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байтал энэ талаарх баримтыг цуглуулахгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

2.5. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж, 33.1.1“энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг... тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар... газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймгийн алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

2.6. Гэтэл нэхэмжлэгч Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/63 дугаар захирамжаар мөн дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулга 1 дүгээр гудамжны 1 тоот хаягт 700 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Харин үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар болгон өөрчлөхдөө дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулалтаар олгосон эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ талаар хэрхэн тусгагдсан, газрын хувийн хэрэг, холбогдох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгч Б.Б-н нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг хариуцагч байгууллага Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу хүлээн авч, хариу өгсөн эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

2.7. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ