Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1338

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2019/01072 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д” ХХК, О.Э- нарт холбогдох

 

7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Б- би 8918 УНН улсын дугаартай HINO TANK автоцистэрн маркын автомашинтай. “Д” ХХК буюу захирал О.Э- нь 7 000 000 өгнө, Эрдэнэтийн түлшний үйлдвэрээс түлш ачиж авчирч өгөөч гэж гуйсан, урьд мэддэг таньдаг болохоор түүнд итгэсэн.

“Д” ХХК буюу О.Э- нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Монпити Ойл” ХХК үйлдвэрээс худалдаж авсан 17 500 литр дизелийн түлшийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд буюу захиалсан газарт нь хүргэж өгсөн.

Тухайн тээвэрлэж ирсэн дизелийн түлшийг Хан богд суманд Төмөр замын далангийн ажил дээр бүтээн байгуулалтад ашиглаж байсан учир би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ажлын талбайд нь байрлаж шаардлагатай техник, автомашинуудад цэнэглэлт хийж бүтэн cap ажилласан. Харин “Д” ХХК-ийн захирал О.Э- нь амласан 7 000 000 төгрөгөө өгөхгүй, бичгээр гэрээ байгуулах тухай хэлэхэд худал хэлж аргацаасаар алга болсон.

Би ч өөрийн төлбөр мөнгөө авч чадаагүй байсан ч О.Э-гийн бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байна гэж уулзсан болохоор нь өрөвдөөд, итгээд хүлээсэн. Гэтэл О.Э- нь санаатай худлаа ярьж, утсаа авахгүй, эсвэл утсаа салгаж уулзахаараа элдэв шалтаг зааж, зугтсан. Тэгээд бусад ажил хийсэн, мөнгөө авч чадахгүй байгаа хүмүүстэй хамтран цагдаагийн байгууллагад 2015 онд гомдол гаргахад, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт гаргахад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг гаргасан.

Одоо хүнээр ажлаа хийлгээд төлбөр мөнгөө өгөхгүй алга болоод, араас нь хөөцөлдөж маш их цаг хугацаа өнгөрөөж чирэгдүүлсэнд гомдолтой байна.

“Д” ХХК буюу О.Э- нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Монпити Ойл” ХХК үйлдвэрээс худалдаж авсан 17 500 литр дизелийн түлшийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд буюу захиалсан газарт нь хүргэж өгсөн.

Иймд “Д” ХХК болон түүний захирал О.Э-гоос дизелийн түлш тээвэрлэж, түгээсний хөлс 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлээсээ багасгаж байгаа. О.Э-гоос 3 500 000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч О.Э- шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч болох Б.Б-тэй тохиролцож, Орхон аймгаас Өмнөговь аймгийн Ханбогд суманд өөрийн ажилд шаардагдах шатахууныг тээвэрлэн авчруулж манай компани тээвэрлэн ирсэн хөлс төлөхөөр болсон. Тухайн үед түүнд тээврийн хөлсийг өгч чадаагүй бөгөөд 1 сарын дараа өгөхөөр болсон. Гэтэл миний бие муудаж эмнэлэгт хэвтсэн ба ажил бүтэлгүй болж хийсэн ажлын хөлс бүрэн орж ирэхгүй болсон ба манай компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр бусдад төлөх төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Б.Б-гийн хувьд миний дотны найз байсан бөгөөд хийсэн ажлын хөлсөө авах хугацаа нь болсон байхад төлбөрөө шаардаж ирээгүй болохоор нь манай компанид тохиолдсон нөхцөл байдлыг ойлгож надад тусалж байна гэж бодсон.

Миний хувьд найз нөхрийн хэмжээнд нэгэндээ тус боллоо гэж бодож байснаас хожим шүүхээр төлбөрөө шаардана гэж бодож байсангүй. Бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа бол иргэний хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 1 cap буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Энэ хугацаанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 29-ний өдөр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт... хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу тухайн ажлын хөлсийг төлөхөөс татгалзах хуульд заасан нөхцөл байдал үүссэн байна.

Нэхэмжлэгч О.Э- “Д” ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан ажлын талбарт бусдаас худалдан авсан шатахууныг хүргэн өгч тараалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Иймд хуульд заасан дээрх эрхийн дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э-гоос 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б- хариуцагч “Д” ХХК, хариуцагч О.Э- нараас бүгд 7 000 000/долоон сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Д” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-гоос улсын тэмдэгтийн хураамжид 70 952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах гомдолдоо:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцагчийг хасах тухай ойлголт байхгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус буюу олон хариуцагчийн хэн? юуг? ямар? хэмжээгээр хариуцах нь ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Дээрх процессын хувьд олон хариуцагчийн хувьд хэн ямар үүргийг хариуцах нь тодорхой байсан бол тэр хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлснээр тухайн хариуцагчийн хувьд түүний хариуцах үүрэг нь байхгүй болох ёстой байсан. Гэтэл хоёр хариуцагчаас 7 000 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах бус багасгаж байгаагаа илэрхийлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасанчлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Гэтэл тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гэрээнээс үүссэн үүргийг хариуцах ёстой гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байдаг ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 1 сар буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дундаа зогссон гэж үзвэл зогссон нөхцөл байдал арилсан үеэс үргэлжлүүлэн тоологдохоор хуульд зохицуулж өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 2 дугаар сарын 29-ний өдөр шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хүртэл дээрх хугацаа өнгөрсөнг харуулж байна. Хариуцагчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд шүүхийн зүгээс энэхүү нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй байна.

Түүнчлэн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэхээр болсон тохиолдолд хэргийн оролцогчид хуульд заасан журмаар шүүх хуралдааныг хэзээ хаана болохыг мэдэгдсэн байх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч О.Э-д энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх хуудас хүргүүлээгүй байдаг. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэхээр байна. Дээрх байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг гаргасан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2019/01072 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “Д” ХХК болон О.Э- нарт холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 8918 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Эрдэнэтээс Өмнөговь аймгийн Ханбогд сум руу 17 500 литр дизелийн түлш тээвэрлэж Ханбогд сумын нутаг дэвсгэрт баригдаж байсан Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх автомашинуудад 1 сарын хугацаанд түгээлт хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан “Тээвэрлэлтийн гэрээ”-ний харилцаа үүсчээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна гэж үзнэ.

 

Хуульд зааснаар тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч О.Э-гоос Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж заасан бөгөөд хариуцагч О.Э- 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд “... Б.Б- Орхон аймгаас Өмнөговь аймгийн Ханбогд сум руу 17 500 литр дизелийн түлш тээвэрлэж, түгээлт хийсэн нь үнэн, хөлсийг нь өгч чадаагүй 1 сарын дараа өгөхөөр тохирсон” гэсэн тайлбарыг гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

            Хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналын хуулга, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 788 дугаар тогтоолын хуулга, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарт Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5/1997 тоот хариу мэдэгдэх хуудасны хуулга тус тус авагдсан, уг хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах үлдсэн хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгэхээр материалыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн тасагт шилжүүлсэн тухай мэдэгджээ. /хх 9, 48-49 дүгээр тал/

 

            Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00712 дугаар хүчин төгөлдөр шийдвэрт хариуцагч О.Э-г эрэн сурвалжилсан талаар дурдсан байна. /хх 45-46 дугаар тал/

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж О.Э-гоос 3 500 000 төгрөг шаардсан, шүүх нэхэмжлэгч нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул залруулан дүгнэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрлэлээ. Учир нь, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэг хариуцагчаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзэх тул анхан шатны шүүх нэг хариуцагчид холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь цаашид үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүргийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг хязгаарласан зөрчилтэй шийдвэр болсон гэж үзнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2019/01072 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “... Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт ...” гэснийг “... Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг ...” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн дугаарын 3 дахь заалтынг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

   Ц.ИЧИНХОРЛОО