Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 01072

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Д” ХХК/РД: /,

 

Хариуцагч: О.Э/РД: / нарт холбогдох,

 

7 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б би 8918 УНН улсын дугаартай HINO TANK автоцистэрн маркын автомашинтай.

“Девелопмэнт рэйлвэй” ХХК буюу захирал О.Э нь 7 000 000 өгнө, Эрдэнэтийн түлшний үйлдвэрээс түлш ачиж авчирч өгөөч гэж гуйсан, урьд мэддэг таньдаг болохоор түүнд итгэсэн.

“Девелопмэнт рэйлвэй” ХХК буюу О.Э нь 2014 оны 05 сарын 27-ны өдөр “Монпити Ойл” ХХК үйлдвэрээс худалдаж авсан 17 500 литр дизелийн түлшийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд буюу захиалсан газарт нь хүргэж өгсөн.

Тухайн тээвэрлэж ирсэн дизелийн түлшийг Ханбогд суманд Төмөр замын далангийн ажил дээр бүтээн байгууллалтанд ашиглаж байсан учир би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ажлын талбайд нь байрлаж шаардлагатай техник, автомашинуудад цэнэглэлт хийж бүтэн cap ажилласан.

Харин “Девелопмэнт рэйлвэй” ХХК-ийн захирал О.Э нь амалсан 7 000 000 төгрөгөө өгөхгүй, бичгээр гэрээ байгуулах тухай хэлэхэд худал хэлж аргацаасаар алга болсон. Надаас гадна олон байгууллага хувь хүмүүс ажил хийсэн хөлс мөнгөө авч чадахгүй, зарим нь иргэний шүүхээр, зарим нь цагдаагийн байгууллагад гомдол гаргах замаар явж байсан.

Би ч өөрийн төлбөр мөнгөө авч чадаагүй байсан ч О.Э нь бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байна гэж уулзсан болхоор нь өрөвдөөд, итгээд хүлээсэн. Гэтэл О.Э нь санаатай худлаа ярьж, утсаа авахгүй, эсвэл утсаа салгаж уулзахаараа элдэв шалтаг зааж, зугтан зайлж алга болсон.

Тэгээд бусад ажил хийсэн, мөнгөө авч чадахгүй байгаа хүмүүстэй хамтран цагдаагийн байгууллагад 2015 онд гомдол гаргахад, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт гаргахад 2015 оны 05 сарын 14-ны өдрийн 788 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг гаргасан.

Миний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь дээд шатны прокурорт гомдол гаргахад нь уг тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэсэн боловч холбогдох этгээд нь олдохгүй байна, хүнээ олоод эргээд хариу мэдэгдэх болно гээд алга болсон юм.

Одоо хүнээр ажлаа хийлгээд төлбөр мөнгөө өгөхгүй алга болоод, араас нь хөөцөлдөж маш их цаг хугацаа өнгөрөөж, чирэгдүүлсэнд гомдолтой байна.

Девелопмэнт рэйлвэйХХК буюу захирал О.Э нь 7,000,000 өгнө, Эрдэнэтийн түлшний үйлдвэрээс түлш ачиж авчирч өгөөч гэж гуйсан, урьд мэддэг таньдаг болохоор түүнд итгэсэн. Девелопмэнт рэйлвэй ХХК буюу О.Э нь 2014 оны 05 сарын 27-ны өдөр Монпити Ойл ХХК үйлдвэрээс худалдаж авсан 17,500 литр дизелийн түлшийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд буюу захиалсан газарт нь хүргэж өгсөн.

Иймд Девелопмэнт рэйлвэй ХХК болон түүний захирал О.Эгоос дизелийн түлш тээвэрлэж, түгээсний хөлс 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлээсээ багасгаж байгаа. О.Эгоос 3,500,000 төгрөгийг шаардаж байна.” гэв.

 

Хариуцагч “Д” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Батдэлгэрийн Бгийн хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр 7 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараах байдлаар хариу тайлбар хүргүүлж байна.

2014 оны 05 сарын 27-нд нэхэмжлэгч болох Б.Бтэй тохиролцож, Орхон аймагаас Өмнөговь аймгийн Ханбогд суманд өөрийн ажилд шаардагдах шатахууныг тээвэрлэн авчруулж манай компани тээвэрлэн ирсэн хөлс төлөхөөр болсон.

Тухайн үед түүнд тээврийн хөлсийг өгч чадаагүй бөгөөд 1 сарын дараа өгөхөөр болсон.

Гэтэл миний бие муудаж эмнэлэгт хэвтсэн ба ажил бүтэлгүй болж хийсэн ажлын хөлс бүрэн орж ирэхгүй болсон ба манай компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр бусдад төлөх төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байдаг.

Б.Бгийн хувьд миний дотны найз байсан бөгөөд хийсэн ажлын хөлсөө авах хугацаа нь болсон байхад төлбөрөө шаардаж ирээгүй болохоор нь манай компанид тохиолдсон нөхцөл байдлыг ойлгож надад туслаж байна гэж бодсон.

Хэргийн материалаас намайг олохгүй байгаа, холбоо тасарсан, тээврийн хөлсөө авч чадахгүй байгаа учир залилсан гэдэг байдлаар цагдаад гомдол гаргасан байсанг олж мэдлээ.

Гэвч Б.Бгийн хувьд надтай уулзаж, өөрийн хийсэн ажлын хөлсөө шаардах боломж байсан бөгөөд түүний хувьд намайг олох нь боломжгүй зүйл биш байсан.

Миний хувьд найз нөхрийн хэмжээнд нэгэндээ тус боллоо гэж бодож байснаас хожим шүүхээр төлбөрөө шаардана гэж бодож байсангүй. Бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа бол иргэний хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байдаг ба Иргэний хуулийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе нь 2014 оны 05 сарын 27-ны өдрөөс хойш 1 cap буюу 2014 оны 06 сарын 27-оос шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Энэ хугацаанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 29-нд шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа Иргэний хуулийн 82.1-т “... хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу тухайн ажлын хөлсийг төлөхөөс татгалзах хуульд заасан нөхцөл байдал үүссэн байна.

Хариу тайлбараар ерөнхийдөө өгсөн байгаа. “Девелопмэнт рэйлвэйХХК нь нэхэмжлэгч О.Этой ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тэнд хийсэн ажил нь “Девелопмэнт рэйлвэйХХК-ийн хийж гүйцэтгэж байсан ажлын талбарт бусдаас худалдан авсан шатахууныг хүргэн өгч тараалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Иймд хуульд заасан дээрх эрхийн дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Девелопмэнт рэйлвэй” ХХК, хариуцагч О.Э нарт холбогдуулан 7 000 000/долоон сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Девелопмэнт рэйлвэй” ХХК нь иргэний хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна гэж маргасан.

 

Хариуцагч О.Эд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч О.Эд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Эгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Девелопмэнт рэйлвэй” ХХК, хариуцагч О.Э нараас бүгд 7 000 000/долоон сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Девелопмэнт рэйлвэй” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр багасгасан болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 8918 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Эрдэнэтээс Өмнөговь аймгийн Ханбогд сумруу 17 500/арван долоон мянга таван зуу/ литр дизель түлш тээвэрлэж, Ханбогд сумын нутаг дэвсгэрт баригдаж байсан Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын ажлын техник, автомашинуудад 1/нэг/ сарын хугацаанд түгээлт хийсэн болох нь АЯ № 0055131 тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримтын хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 17 500/арван долоон мянга таван зуу/ литр дизель түлшийг тээвэрлэн түгээх, хариуцагч нь хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь  АЯ № 0055131 тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримтын хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Э нь шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т “... ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.” гэж заасан.

 

Хариуцагч нь ажлыг хөлсийг төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсөд 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эгоос 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эгоос 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Девелопмэнт рэйлвэй” ХХК, хариуцагч О.Э нараас бүгд 7 000 000/долоон сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Девелопмэнт рэйлвэй” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эгоос улсын тэмдэгтийн хураамжид 70 952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ