Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/01304

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/01304

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Жуулчны 0 дүгээр байр, 0 тоотод байрлах Н ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэр, 0 тоотод байрлах М ХХК /РД:******/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, өөрийн байранд байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургууль /РД:*****/ нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 94,248,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э,

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Т.Х

Хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 94,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК, Монгол Улсын Боловсролын Их Сургууль нарт холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Т ХХК болон М ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Т ХХК нь Монгол Улсын Бсловсролын Их Сургуулийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажил гүйцэтгэх, захиалагч М ХХК нь ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосноор гүйцэтгэгч Т ХХК нь гэрээт ажлыг 2020 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ЭЛ-64/2019-I дугаар батлагдсан зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгэж, улсын комисст 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. Манай компани уг ажлыг нийт 220,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож гэрээ гайгуулсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 60,000,000 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 125,000,000 төгрөгийг захиалагч М ХХК-иас авсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж, ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т захиалагч нь гэрээний 3.2, 3.3, 3.4 дүгээр заалтаар хүлээсэн төлбөр хийх үүргээ биелүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. М ХХК Иргэний хууль болон ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй болно. Захиалагч М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч Т ХХК бүрэн биелүүлсэн тул үлдэгдэл ажпын хөлс болох 95,000,000 төгрөгөөс чанарын баталгаат хугацааны барьцаа 11,000,000 төгрөгийг хасан тооцож 84,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувиар тооцсон алданги 10,248,000 төгрөг нийт 94,248,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Боловсролын их сургуулийн тодорхой удирдлага албан тушаалтан албан тушаалаа ашиглан Оюутны хөгжил, хээрийн дадлагийн барилга угсралын ажилд тусгагдсан цахилгааны ажлыг нь төсөвт өртгөөс нь 2 дахин үнэтэй нөхцлөөр манай компанид туслан гүйцэтгэгчээр ажиллуулах тухай шаардлага тавьсан. Манай компанийн зүгээс дээрх нөхцлийг хүлээн аваагүй бөгөөд гэрээ байгуулах эрх манайд байхгүй тендерт түншлэн оролцсон З ХХК гэрээгээр карказ угсралт, гадна дэд бүтцийг хариуцаж байгаа бөгөөд бүх эрх мэдэл тэнд байгаа тэдний компани бусадтай гэрээг байгуулах эрхтэй гэж танилцуулсан. Мөн тендерт өгсөн үнийн саналаас олон дахин өртөг өндөртэй нөхцлөөр гэрээ байгуулах боломжгүй гэж тайлбарласан бөгөөд Н ХХК-ийн хүнтэй уулзаж байгаагүй гэрээ хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл З ХХК онлайн дансны гүйлгээний эрхтэйгээр орлого зарлагаа хийж бусадтай гэрээ байгуулж 19/10 тоот гэрээнд заасан ажил үйлчилгээ явуулж Боловсролын их сургуулиас орж ирж байсан бүх мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд баталгаажуулалт хийсэн гэх захирал Ж.Н, нягтлан бодогч Х.Д нар нь манай компанид ажиллаж байгаагүй бөгөөд гэрээ баталгаажуулах төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд биш болно. Өөрөөр хэлбэл дээр хүмүүс манай компанид огт ажиллаж байгаагүй хүмүүс бөгөөд дээрх гэрээг огт хараагүй зүйл болно. Манай компанид ямарваа нэг байдлаар өр авлага үүссэн талаар өмнө нь нэхэмжлэгч албан ёсоор мэдэгдэж байгаагүй болно. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч МУБИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдох 95,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэргийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажпыг гүйцэтгэсэн байх ба М ХХК нь захиалагчийн хувьд нэхэмжлэгчид хөлс төлөх үүрэгтэй байна , ...МУБИС нь М ХХК-иас, нэхэмжлэгч нь М ХХК-иас гэрээний үүргээ шаардах эрхтэй байна. , Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 95,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийг МУБИС холбогдуулан дахин гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа; гэснийг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, 2019.08.01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2020.09.21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагч М ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Түншлэлийн хамтран ажиллах гэрээ,

 

Хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ы өдрийн 2207 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаар магадлалын хуулбар зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84,000,000 төгрөг, алданги 10,248,000 төгрөг нийт 94,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК, Монгол Улсын Боловсролын Их Сургууль нарт холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 94,248,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Т ХХК нь нэрээ Н ХХК болгон өөрчилсөн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-ийн 8 тал/

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.А хариуцагч М ХХК-ийг төлөөлөн захирал Ж.Н нар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийсэн байх бөгөөд хариуцагч М ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /х.х-ийн 9-11 тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохоор, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар тус тус заасан байна.

 

Хариуцагч М ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2019 онд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх удирдлага Т.Х болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь М ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр МУБИС/****** дугаар Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь МУБИС/****** дугаар Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний гүйцэтгэгч тал болох М ХХК нь нэхэмжлэгч Н  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, 35 к.вт-ын цахилгаан дамжуулах агаарын, шугам, дэд станцыг угсарч суурилуулах ажлыг нэхэмжлэгч Н ХХК-иар туслан гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд нийт 220,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Цах-049/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 313 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд бодит үйлдлээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул талуудын хооронд амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна./х.х-ийн 57-60 хуудас/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээлнэ гэж заасан.

Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тул Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, 35 к.вт-ын цахилгаан дамжуулах агаарын, шугам, дэд станцыг угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илэрхийлсэн гэрээ юм.

 

МУБИС/****** дугаар Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцлийн 7-ийн 7.1-т ажлыг туслан гүйцэтгүүлж болох боловч... ажил, үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслах гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан.

 

Иймд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх ажлыг гүйцэтгэсэн байх ба М ХХК нь захиалагчийн хувьд нэхэмжлэгчид хөлс төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 84,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Харин бичгээр байгуусан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар нэхэмжлэгч анз шаардах эрхээ алдсан учраас 10,248,000 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,248,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуульд холбогдох 94,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Н ХХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 577,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ