Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01766

 

 

 

 

 

     2023        09          15                                         210/МА2023/01766

 

 

“Н” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24ий өдрийн 183/ШШ2023/01304 дугаар шийдвэртэй

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК, Монгол Улсын Боловсролын их сургуульд тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 94,248,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амарсанаа, нэхэмжлэгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Т ХХК болонМ ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч  Т ХХК нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажил гүйцэтгэх, захиалагч М ХХК нь ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн.

1.2.  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосноор гүйцэтгэгч Т ХХК нь гэрээт ажлыг 2020 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд батлагдсан зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгэж, улсын комисст 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн.

1.3. Манай компани уг ажлыг нийт 220,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 60,000,000 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 125,000,000 төгрөгийг захиалагч М ХХК-аас авсан.

1.4. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй, мөн талуудын байгуулсан гэрээний 4.4 дэх хэсэгт захиалагч нь гэрээний 3.2, 3.3, 3.4 дүгээр заалтаар хүлээсэн төлбөр хийх үүргээ биелүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч  М ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 95,000,000 төгрөгөөс чанарын баталгаат хугацааны барьцаа 11,000,000 төгрөгийг хасаж 84,000,000 төгрөг, алданги 10,248,000 төгрөг, нийт 94,248,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                         

2. Хариуцагч “М” ХХК-ийн  татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн албан тушаалтнаас албан тушаалаа ашиглан оюутны хөгжил, хээрийн дадлагын барилга угсралтын ажилд тусгагдсан цахилгааны ажлыг нь төсөвт өртгөөс 2 дахин үнэтэй нөхцөлөөр манай компанид туслан гүйцэтгэгчээр ажиллуулах шаардлага тавьсан. Бидний зүгээс тендерт өгсөн үнийн саналаас олон дахин өртөг өндөртэй нөхцөлөөр гэрээ байгуулах боломжгүй, тендерт түншлэн оролцсон “З” ХХК гэрээгээр карказ угсралт, гадна дэд бүтцийг хариуцаж байгаа тул уг компани бусадтай гэрээ байгуулах эрхтэй талаар мэдэгдсэн.  Өөрөөр хэлбэл, “З” ХХК онлайн дансны гүйлгээний эрхтэйгээр орлого, зарлагаа хийж бусадтай гэрээ байгуулж гэрээнд заасан ажил үйлчилгээ явуулж Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас орж ирсэн мөнгийг хүлээн авч, захиран зарцуулсан. Манай компанийн зүгээс “Н” ХХК-ийн хүнтэй уузаж гэрээ байгуулаагүй. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд баталгаажуулалт хийсэн захирал Ж.Нямбаяр, нягтлан бодогч Х.Дэлгэрмаа нар манай компанид ажиллаж байгаагүй бөгөөд гэрээ баталгаажуулах төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд биш юм. Манай компанид ямар нэг байдлаар өр авлага үүссэн талаар өмнө нэхэмжлэгч албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэрээр Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх ба “М” ХХК нь захиалагчийн хувьд нэхэмжлэгчид хөлс төлөх үүрэгтэй байх тул “М” ХХК-аас гэрээний үүргээ шаардах эрхтэй, харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 95,000,000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байхад Монгол Улсын Их Сургуульд дахин холбогдуулан нэхэмжлэл гаргаж  байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “М” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,248,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуульд холбогдох 94,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Н” ХХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 577,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.   

 

5. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Батлагдсан төсөвт өртгөөсөө хэт давсан зарцуулалт хийхийн тулд “Т” ХХК бусадтай үгсэн хуйвалдаж “М” ХХК-ийн захирал Т.Х байсаар байхад 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хуурамчаар үйлдсэн. Анх 170,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан талаар нотлох баримтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хийсэн гэрээний батлагдсан төсөв нь бүх төрлийн татвар, ашиг ороод 170,000,000 төгрөг байхад дээрх хууль бус гэрээний нийт үнэ 220,000,000 төгрөг гэсэн нь илт хохиролтой, бодит байдалд нийцээгүй.

5.2. Тухайн гэрээг тамгалсан гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурсан Ж.Н, нягтлан бодогч Х.Д нарын гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргасан боловч шүүх тус хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна.  Учир нь тухайн дугааргүй ажил гүйцэтгэх гэрээг нотариат шалгаж магадлаагүй, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авах үүргээ биелүүлээгүй. Манай компанид ажиллаж байгаагүй хүмүүс тул шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангаагүй.

5.3. Уг гэрээнээс үүссэн өр төлбөрийг шүүх хуралдаанд тайлбарласаар байтал уг тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй. “Т” ХХК-тай байгуулсан гэрээг манай байгууллага шүүхэд хариуцагчаар татагдах хүртэл мэдээгүй, “З” ХХК батлагдсан төсвийн хүрээнд дээрх ажлыг хийж байгаа гэсэн ойлголттой байсан. “М” ХХК-ийг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Н.Б гэдэг хүн ажиллаж байгаагүй. Гэтэл тухайн ажлыг Н.Б гэдэг хүн хүлээж авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж гарын үсэг зуруулсан. Тухайн хүнийг гэрчээр дуудаж, хэрэгт шаардлагатай тайлбарыг шүүх хуралдаанаар дуудах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “М” ХХК, Монгол Улсын Боловсролын Их Сургуульд тус тус холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84,000,000 төгрөг, алданги 10,248,000 төгрөг, нийт 94,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК-аас эс зөвшөөрч ...манай компани нь “Н” ХХК-тай гэрээ байгуулаагүй, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд баталгаажуулалт хийсэн захирал Ж.Н, нягтлан бодогч Х.Д нар манай компанид ажиллаж байгаагүй, гэрээ баталгаажуулах төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд биш гэж маргажээ.

 

3. Хариуцагч “М” ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20/165 тоот албан бичиг хавсралтын хамт, МУБИС/201904026/02/01 дугаартай ажлын төсөв зэрэг баримтуудыг Монгол Улсын Боловсролын Их сургуулиас гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/07451 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 163-165, 183-184/

 

3.а. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20/165 тоот албан бичиг хавсралтын хамт, МУБИС/201904026/02/01 дугаартай ажлын төсөв зэрэг баримтыг гаргуулах нь талуудын маргааны зүйлд хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ