Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01341

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01160 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Лын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ад холбогдох,

Гуравдагч этгээд: Э.О

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 683 328 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Приус маркийн 68-88 УНИ улсын дугаартай авто машиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, ашиглалтын төлбөрт 27 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас тамхи авахаар тохиролцож, 2017.6.17-ны өдөр 7 907 500 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 26 625 000 төгрөг, нийт 34 532 500 төгрөгийг Ч.Агийн Хаан банкны 5039444888 дугаартай дансаар шилжүүлсэн. Гэвч барааг шилжүүлж өгөөгүй. Улмаар 2017.9.12-ны өдөр шилжүүлсэн мөнгийг 35 000 000 төгрөгөөр тооцон сарын 5 хувийн хүүтэйгээр зээл болгон авч, гараар бичиж, гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулсан. Үүнийхээ баталгаа болгон өөрийн приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаар бүхий автомашиныг 10 000 000 төгрөгт тооцон бодож Б.Лын эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч албан ёсоор өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Мөн зээлийн төлөлт хийх хугацаа өнгөрсөн боловч зээлийг төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ч.А шаардах эрхгүй. Иймд хариуцагчаас 51 683 328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2017.6.17-ны өдөр Хаан банкаар хүлээн авсан 7 907 500 төгрөгт нь 2017.6.18-ны өдөр 26 авдар тамхи буюу орос чүдэнз /25 авдар*35 000/ тамхины цаас /90 000-5 боодол/ ачааны 32-80 УВА улсын дугаартай Маргад гэх нэртэй жолоочоор, 2017.7.04-ний өдөр хуучин саарал ЛД 2 авдар /100*21 000/ нарын шонхор 2 авдар /100*19 000/ нарийн ЛД 2 авдар /100*19 000/ алтан навчис /50*13 650/ 7 авдар тамхийг ачааны 39-68 УВА улсын дугаартай автомашинаар ачуулан явуулсан бөгөөд дээрхи тамхинуудыг хүлээн авсан. Харин 2017.8.02-ны өдрийн шилжүүлсэн 26 625 000 төгрөгт тооцогдох тамхийг авахаар өөрөөсөө нэмж “Тамхи Со” ХХК-д 2017.8.03-ны өдөр 95 000 000 төгрөг болгон өгсөнөөс гадна өөр бусад хувь хүн компаниас орж ирсэн мөнгийг мөн л тамхи авахаар тус компани руу шилжүүлсээр байсан боловч “Тамхи Со” ХХК нь нэг ч тамхи гаргалгүй их хэмжээний мөнгийг аваад маргаан үүсгэсэн. Б.Л Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэн авсны дараа машиныг буцааж өгье, 35 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр төлнө гээд бичээд өг, тэгэхгүй бол цагдаа, шүүхэд өгнө гэж дарамталсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн 2017.08.02-ны өдөр 35 000 000 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд өөрийн санаачлагаар 26 625 000 төгрөгийг 35 000 000 төгрөг болгон хүү, алданги төлөх хүсэл зориг илэрхийлээгүй. Харин тамхи авах зорилгоор шилжүүлсэн 26 625 000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэгч нь 2017.8.02-ны өдөр 40 авдар улаан шонхрын мөнгө болох 26 625 000 төгрөгийг Ч.Агийн Хаан банкны 5039444888 данс руу шилжүүлсэн. Хариуцагч өөрийн нэр дээр байгаа машинаа авахын тулд арга буюу 35 000 000 төгрөг төлнө, 5 хувийн хүү төлнө гээд нотариатаар батлуулж гарын үсэг зурсан. Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг Б.Лын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, автомашиныг түрээслэх тохиолдолд зэх зээлийн ханшаар өдрийн 50 000 төгрөг байдаг тул нийт 1 жил 8 сар ашигласан гэж тооцож, 27 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Агаас 43 165 625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 517 703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар нэхэмжлэгч барьцаанд өгсөн Приус 30 маркийн 6888 УНИ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Агийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 537 766 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 373 778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгож,  хариуцагч Ч.Агаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 450 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо. Шүүх хариуцагч 7 907 500 төгрөгт ногдох барааг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч хүлээн авсан байхад уг үйл баримтыг тогтоодоогүй гэж үзэж, 26 625 000 төгрөгийн төлбөр дээр нэмж гэрээ байгуулсан гэж үзэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Дээрх үйл баримт нь хариуцагчийн данс бүртгэдэг дэвтэр болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдох байсан боловч хариуцагч талаас нотлох баримтаа цуглуулах, гэрч нарыг асуулгах хүсэлтийг гаргаагүй нь шүүх дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нь хурал эхлэснээс хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ч.Ад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 683 328 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн гэрээ байгуулагдаагүй гэрээнд хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгч зөвшөөрөлгүйгээр автомашин ашигласны төлбөрт 27 500 000 төлөх ёстой” гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх-ийн 1-2, 24-25/

 

Нэхэмжлэгч нь нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 7 907 500 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 26 625 000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.Агийн “Хаан банк” ХХК-ийн 5039444888 дугаарын дансанд, тамхи худалдан авах зорилгоор шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар хариуцагч маргаагүй. /хх-10-11/

 

Харин хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 7 907 500 төгрөгт ногдох барааг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж маргасан.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь хариуцагч Ч.А нь Б.Лаас 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 7 907 500 төгрөгт мөн оны 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус тус барааг ачуулсан гэж татгалзаж уг татгалзалаа нотлохоор барааг тээвэрлүүлсэн гэх УВА 32-80, УВА 39-68 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нарын дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулах, жолооч н.Маргадыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах бөгөөд хариуцагч Ч.А нь гэрчээр н.Маргад буюу барааг тээвэрлэсэн гэх жолооч нарыг асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзжээ. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хүсэлтийг дахин гаргасныг шүүх хангахаас татгалзаж, улмаар хэргийг шийдвэрлэжээ. /хх-104, 107-108, 132 /

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, гэрчээс мэдүүлэг авах замаар бүрдүүлэх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр байна. Гэтэл хариуцагч тал гэрч нарын мэдээллийг тодорхой болгохоор хүсэлт тавьж, мөн гэрчийн утасны дугаарыг заасан байхад хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Хариуцагч нь “..,нэхэмжлэгчээс шилжүүлсэн 7 907 500 төгрөгт ногдох барааг 2 авто машинаар тээвэрлүүлсэн” гэх агуулгатай тайлбар гаргаж байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч нар мэдэж байж болзошгүй гэж үзэхээр байна. /хх-127-128/

 

Хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг шийдвэрлэх, нотлох баримтыг бүрдүүлэх зэрэг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 183/ШШ2019/01160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД