Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00083

 

 

 

2021 01 26 001/ХТ2021/00083

 

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01160 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1341 дүгээр магадлалтай,

 

Б.*******ын нэхэмжлэлтэй,

Ч.*******д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,683,328 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай авто машиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, ашиглалтын төлбөрт 27,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Г.Буянбадрал, гуравдагч этгээд Э.Одхүү, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.******* нь Увс аймагт амьдарч, худалдаа эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотын Нарантуул зах дээр бөөний худалдаа эрхэлдэг Ч.*******гаас тамхи худалдан авахаар утсаар ярилцан харилцан тохиролцож, 2017.06.17-ны өдөр 7,907,500 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 26,625,000 төгрөг, нийт 34,532,500 төгрөгийг Ч.*******гийн Хаан банкны 5039444888 дугаартай дансаар шилжүүлсэн. Гэвч барааг шилжүүлж өгөөгүй, удаа дараа хойшлуулсаар байсан. Улмаар Улаанбаатар хотод ирж, 2017.09.12-ны өдөр биечлэн уулзахад чиний шилжүүлсэн мөнгийг 35,000,000 төгрөгөөр тооцон би сарын 5 хувийн хүүтэйгээр зээл болгон авъя гээд өөрийнхөө гараар бичиж, гарын үсэг зуран нотариатчаар баталгаажуулсан. Үүнийхээ баталгаа болгон өөрийн Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгт тооцон бодож өгөхөөр Б.*******ын эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч албан ёсоор өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Мөн зээлийн төлөлт хийх хугацаа өнгөрсөн боловч одоогоор тохирсон хугацаанд зээлийг төлөөгүй байгаа болно. Ч.*******гийн зээлсэн 35,000,000 төгрөг, 9 сар 16 хоногийн гэрээгээр тохирсон 5 хувийн зээлийн хүү нийт 51,683,328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.*******аас 2017.06.17-ны өдөр Хаан банкаар хүлээн авсан 7,907,500 төгрөгт нь 2017.06.18-ны өдөр 26 авдар тамхи буюу орос чүдэнз /25 авдар*35 000/ тамхины цаас /90 000-5 боодол/ ачааны 32-80 УВА улсын дугаартай Маргад гэх нэртэй жолоочоор, 2017.07.04-ний өдөр хуучин саарал ЛД 2 авдар /100*21 000/ нарын шонхор 2 авдар /100*19 000/ нарийн ЛД 2 авдар /100*19 000/, алтан навчис /50*13 650/ 7 авдар тамхийг ачааны 39-68 УВА улсын дугаартай автомашинаар ачуулан явуулсан бөгөөд дээрх тамхинуудыг хүлээн авсан байдаг. Харин 2017.08.02-ны өдрийн шилжүүлсэн 26,625,000 төгрөгт тооцогдох тамхийг авахаар өөрөөсөө нэмж Тамхи Со ХХК-д 2017.08.03-ны өдөр 95,000,000 төгрөг болгон өгснөөс гадна өөр бусад хувь хүн компаниас орж ирсэн мөнгийг мөн л тамхи авахаар тус компани руу шилжүүлсээр байсан боловч Тамхи Со ХХК нь нэг ч тамхи гаргалгүй их хэмжээний мөнгийг аваад маргаан үүсгэсэн болно. Ингээд миний бие маш их хэмжээний өр төлбөрт өөрийн эрхгүй орж учраа олохгүй байж байх үед Б.******* нь хотод ирж утсаар дуудаад уулзая гэхдээ миний унаж явсан Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэн авч явсан бөгөөд хэдэн хоногийн дараа хүрч ирээд чиний машиныг өгье, 35,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр төлнө гээд бичээд өг, тэгэхгүй бол цагдаа, шүүхэд өгнө хориулна, цагдуулна гэж айлган сүрдүүлж байж бичүүлж аваад, би машинаа авъя гэтэл битгий горьд гээд явсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн 2017.08.02-ны өдөр 35,000,000 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд миний бие өөрийн санаачлагаар 26,625,000 төгрөгийг 35,000,000 төгрөг болгон хүү, алданги төлөх хүсэл зориг илэрхийлээгүй болно. Харин тамхи авах зорилгоор шилжүүлсэн 26,625,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 26,625,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Б.*******тай 2015 оноос эхлэн бизнесийн харилцаатай байсан бөгөөд Ч.******* надаас бараа зээлээр авч борлуулдаг байсан. Б.******* нь тухайн нөхцөл байдал үүсэх үе буюу 2017.08.02-ны өдрөөс өмнө ямар ч төлбөр тооцоогүй байсныг Хаан банкны дансны хуулга болон бараа хүлээж авч байсан жолоочийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно. Б.******* нь 2017.08.02-ны өдөр 40 авдар улаан шонхрын мөнгө болох 26,625,000 төгрөгийг Ч.*******гийн Хаан банкны 5039444888 данс руу шилжүүлсэн. Б.*******ын зүгээс ачаа ачих машин тухайн үед байгаагүй учир тамхи ачих явц хойшлогдсон юм. Ч.******* Монгол Тамхи Со ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг учраас Б.*******ын тамхийг өгч чадаагүй нь үнэн. Б.******* гэгч нь 2017 оны 9 сард Нарантуул захын замын урд байрлах Тод өнгө дэлгүүрийн гадна уулзъя гэж дуудуулсан. Уулзаад тамхи өгч чадахгүй байгаа асуудлаа хэлэхэд танайд очьё гэсэн. Юу яриад байна, таньж мэдэхгүй хүн юу гэж гэртээ аваачих вэ гэхэд машинаа өг гээд миний машины түлхүүрийг булааж аваад асаагаад явсан намайг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж, шахаж шаардах замаар Ногоон төгөл хотхонд байрлах нотариатчид аваачсан. Би аргагүйн эрхэнд 26,625,000 төгрөг өгөх байсныг 30,000,000 төгрөг болгож өг гэж нэхсэний дагуу арга буюу гэрээ хийхэд хүрсэн. Хэрвээ гэрээ хийвэл машиныг чинь буцааж өгнө гэж хэлж байсан. Би өөрийн нэр дээр байгаа машинаа авахын тулд арга буюу 35,000,000 төгрөг төлнө, 5 хувийн хүү төлнө гээд нотариатчаар батлуулж гарын үсэг зурсан. Тухайн үед би их дарамтлуулж байсан учир арга буюу энэхүү гэрээг хийж гарын үсэг зурж өгсөн. Энэ хүн одоо хүртэл миний машиныг унаж эдэлж хэрэглэж байгаа. Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаартай автомашиныг Б.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, автомашиныг түрээслэх тохиолдолд зэх зээлийн ханшаар өдрийн 50 мянган төгрөг байдаг тул нийт 1 жил 8 сар ашигласан гэж тооцож, 27,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Б.*******, Ч.*******гаас бөөнөөр тамхи худалдан авч өөрийн дэлгүүртээ борлуулдаг байсан бөгөөд өмнө нь худалдан авч байснаараа утсаар ярилцан харилцан тохиролцож, итгэн 2017.06.17-ны өдөр 7,907,500 төгрөг, 8 сарын 02-ны өдөр 26,625,000 төгрөг, нийт 34,532,500 төгрөгийг түүний Хаан банкны 5039444888 дугаартай дансаар шилжүүлсэн. Гэтэл барааг шилжүүлж өгөөгүй, удаа дараа хойшлуулсаар 3 сар болсны дараа уулзахад мөнгийг чинь өгөх боломжгүй байна, чиний шилжүүлсэн мөнгийг 35,000,000 төгрөгөөр тооцон би сарын 5 хувийн хүүтэйгээр зээл болгон авъя гээд өөрийнхөө гараар бичиж, гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан. Мөн өөрийн Приус 30 маркийн 68-88 УНИ улсын дугаар бүхий автомашиныг 10,000,000 төгрөгт тооцохоор барьцаанд өгсөн. Тухайн машиныг Ч.******* өөрийнх нь гэж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр хүний өмчлөлийнх гэдэг тогтоогдлоо. Ч.******* шаардах эрхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01160 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас 43,165,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,517,703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар нэхэмжлэгч барьцаанд өгсөн Приус 30 маркийн 6888 УНИ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 537,766 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 373,778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч Ч.*******гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1341 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.19-ний өдрийн 1341 дүгээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.******* Ч.*******гаас тамхи худалдан авахаар 2017.06.17-ны өдөр 7,907,500 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 26,625,000 төгрөг, нийт 34,532,500 төгрөгийг түүний Хаан банкны дансаар шилжүүлсэн гэж болсон бодит байдлыг үнэн зөвөөр 2018 оны 2 сард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдан нэхэмжлэлийн үндэслэлийг заасан байсан. Хариуцагч уг нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 1 жил 3 сар өнгөрсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ тайлбарлах, холбогдох баримтыг нотлоогүй явсаар байсан. Эдгээр тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 7,907,500 төгрөгийн гүйлгээг тодруулах, гэрчийг асуулгах гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь 2017.09.12-ны өдөр хариуцагч чиний шилжүүлсэн мөнгийг 35 сая төгрөгөөр тооцон би сарын 5 хувийн хүүтэйгээр зээл болгон авъя гээд өөрийнхөө гараар бичиж, гарын үсэг зуран нотариатчаар баталгаажуулж өгснөөрөө Б.*******аас хоёр удаагийн гүйлгээгээр 35 сая төгрөгийг авснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн бичгээр гаргаж өгсөн тайлбарууддаа ч 7 сая төгрөгийн барааг шилжүүлж өгсөн талаар дурдаагүй байдаг. Б.******* анх 2017 оны 10 сард Ч.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ оршин суудаггүй гэдгээр иргэний хэрэг үүсгээгүй, улмаар эрэн сурвалжлуулсны эцэст дахин 2018 оны 2 сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч үүнээс хойш хариуцагч талаас хүсэлтийг нь хангаж шинжээч томилон дүгнэлт гаргасан боловч шинжээчийн ажлын хөлсийг төлөхгүй 5 сар болсон, хариуцагч, гуравдагч этгээд ээлжлэн шүүх хуралдаанд ирэхгүй байх, хэргийн оролцогчид шүүх хуралдаанаас өмнө шүүхэд хүсэлт гаргах эрх нь нээлттэй байхад зөвхөн шүүх хуралдаанд хүсэлтүүд гаргадаг байсан гэх зэргээр элдэв шалтаг гарган шүүх хуралдааныг хойшлуулсаар бараг 2 жилийн хугацаанд нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн өдөр мөн л уг байдлаар дахин шүүх хуралдааныг хойшлуулах санаа зорилготой байсан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг тодорхойгүй гэж хангахаас татгалзаж, хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн, хариуцагчаас өөрсдөө хүсэлтээ тодорхой байдлаар гаргах үүргээ биелүүлээгүй. Энэ мэтээр хариуцагч нь Б.*******аас авсан мөнгөө өгөхгүй хугацаа хожих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор ямар ч үндэслэлгүй гэрч асуулгах хүсэлтийг гаргасан, үүнийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг дахин хохироосоор байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,683,328 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч ...зээлийн гэрээнд хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан тул зээл гэснийг зөвшөөрөхгүй, ...тамхи авах зорилгоор шилжүүлсэн 26,625,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрнө гээд автомашиныг нь зөвшөөрөлгүй ашигласны төлбөрт 27,500,000 төгрөг төлөх ёстой гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1-2, 24-25/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүүсэн гэж дүгнэн Ч.*******гаас 43,165,625 төгрөгийг гаргуулж, Б.*******д олгож, 8,517,703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Приус 30 маркийн 6888 УНИ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх гэрчийг дуудаж мэдүүлэг авна.

 

Хэргийн баримтаар Б.******* нь 2017 оны 06 сарын 17-ны өдөр 7,907,500 төгрөг, 2017 оны 08 сарын 02-ны өдөр 26,625,000 төгрөгийг тамхи худалдан авах зорилгоор Ч.*******гийн Хаан банкны 5039444888 дансанд шилжүүлсэн, хариуцагч нь 2017 оны 06 сарын 17-ны өдөр шилжүүлсэн 7,907,500 төгрөгийн барааг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж маргасан байна.

 

Ч.******* нь Б.*******аас 2017 оны 06 сарын 17-ны өдөр шилжүүлсэн 7,907,500 төгрөгт 06 сарын 18, 07 сарын 04-ний өдрүүдэд тус тус барааг ачуулсан тухай нотлохоор барааг тээвэрлүүлсэн гэх УВА 32-80, УВА 39-68 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нарын дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулах, жолооч н.Маргадыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс дээрх хүсэлтийг дахин гаргасныг шүүх хангахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн байна. /хх-104,107-108,132/

 

Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 43 дугаар зүйлийн 43.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүрэг үүсэх бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын эрхлэх үйл ажиллагаа нь Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т нийцсэн эсэхийг шүүх дүгнэх нь зүйтэй бөгөөд шаардах эрхийн үндэслэл болж буй үүрэг хуульд нийцсэн байхыг шаардана.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн гэж үзнэ.

 

Иймээс ...ямар ч үндэслэлгүй гэрч асуулгах хүсэлт гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

 

Шүүх хэргийг шийдэхдээ нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1341 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,800.00 /гурван зуун далан гурван мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН