Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/01849

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/01849

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

 

Гэрээний гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл 5 хувь болох 18 827 541 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У,

хариуцагчийн төлөөлөгч С.М,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

   Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ГО ХХК хариуцагч СП ХХК-д холбогдуулан гэрээний гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл 5 хувь болох 18 827 541 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: СП ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг туслан гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээнд заасан ажил үүргээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн 2021 оны 06 сард хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу гэрээнд заасан ажлыг зохих ёсоор, бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ гэрээний баталгаат хугацаанд ямар нэг доголдол илрүүлээгүй бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгээр хүсэлт ирүүлсний үндсэн дээр гүйцэтгэлийн баталгааг буцаан авах эрхтэй гэсний дагуу 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр СП ХХК-д баталгаат хугацааны 5% болох үлдэгдэл төлбөр 18 827 541 төгрөгийг нэхэмжилсэн албан бичгийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу тайлбар өгөхгүй байна. Иймд баталгааны 5% болох 18 827 541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: СП ХХК нь Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Цхх 3-р ээлжийн барилгын ажилд захиалагчийн хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр захиалагч, хөрөнгө оруулагч болох Цхк ХХК-тай 2018 оны 3-р сараас эхлэн ажилласан билээ. Харин 2019 оноос эхлэн захиалагч болох Цхк ХХК-ийн санхүү болон дотоод асуудлаас үүдэн биднийг Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх гэрээт ажил гүйцэтгэж байсан манай компаниар туслан гүйцэтгэгч компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ хийх шаардлагатай байгаа талаар саналыг Цхк ХХК-ийн удирдлагын зүгээс тавьсан. Гэхдээ захиалагчийн хяналт тавьж ажиллах чиг үүрэг хэвээр боловч захиалагчийн туслан гүйцэтгэгч компаниудтай нь захиалагчийн өмнөөс гэрээ байгуулж ажиллахаар тохирсон. Манай компани нь тухайн үед хамтын үйл ажиллагаагаа хүндэтгэн, цаашдын төслүүдээ дэмжиж, урт хугацаандаа хамтран ажиллах хүсэлтэй байсан тул тэдний саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж улмаар манай компани нь Цхк ХХК ийн сонгосон туслан гүйцэтгэгч болох ГО ХХК болон бусад туслан гүйцэтгэгч компаниудтай нь гэрээ байгуулж, захиалагч Цхк ХХК- ийн төлбөр тооцоог ажил гүйцэтгэж буй туслан гүйцэтгэгч компаниудад дамжуулан хийх үүрэгтэйгээр ажилласан. 2018, 2019 оны ажлууд маань ямар нэг маргаангүйгээр үргэлжилж харин 2020 оны ажлаа бид Ковидын хүндрэлтэй цаг үеүдийг амжилттай зохион байгуулалт хийж хоёрхон сарын хоцрогдолтойгоор 2021 оны 4 сард улсын комисст ажиллуулан захиалагч Цхк ХХК-ийн зааварчилгааны дагуу хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш зургаан сарын дараа туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн баталгаа 5%, нэг жилийн дараа үлдсэн 5% олгох байсан ч Захиалагч болох Цхк ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүргэсэн нь манай компанийг бусад туслан гүйцэтгэгч компаниудын өмнө төлбөр тооцооны хариуцлага хүлээх нөхцөл байдлыг бий болгосон. Өнөөдрийн байдлаар бид 73,200,000 (далан гурван сая, хоёр зуун мянга) төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд зааснаар баталгаат хугацаа улсын комисст хүлээж авснаар үүснэ. Баталгаат хугацаа нь 3 жил болсон байгаа. Улсын комисст ГО ХХК-ийн хийсэн объектыг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. СП ХХК нь ерөнхий гүйцэтгэл дээр хяналт тавиад явж байсан. Тухайн үед хариуцаж санхүүжилт хийж байсан компани нь дансаа хаалгаад, шалгуулж байсан юм билээ. Өмнөөс нь хяналтын компани гэрээ байгуулаад ажлаа явуулж байхын тулд гэрээ байгуулсан. Энэ хүний хийсэн ажил нь дангаараа байхгүй, өөр төсөл дээр явж байгаа. Санхүүжилт нь өөр байгаа. Ганц энэ хүн биш долоон хүн цаана нь байгаа. Өөрөө цааш ерөнхий гүйцэтгэгчтэйгээ ярьж байгаад 6 сарын дотор шийднэ гэсэн зүйл ярьсан гэсэн гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт Барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг туслан гүйцэтгүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримт, ГО ХХК-ийн 2022.06.06-ны өдрийн ***** дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-4-16/

 

5. Хариуцагч талаас хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, СП ХХК-ийн 2022.07.27-ны өдрийн ***** дугаар албан бичиг, тооцооны баримт зэргийг ирүүлсэн. /хх-27-29, /

     

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г ХХК нь Цхх 3 ээлжийн барилга А2 блокийн барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг туслан гүйцэтгүүлэх ***** дугаартай ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр СП ХХК-тай байгуулж, гэрээнд заасан ажил үүргээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, Ерөнхий гүйцэтгэгчид 2021 оны 06 сард хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр СП ХХК-д баталгаат хугацааны 5 хувь болох үлдэгдэл төлбөр 18 827 541 төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2018, 2019 оны ажлууд маань ямар нэг маргаангүйгээр үргэлжилж, харин 2020 оны ажлаа бид Ковидын хүндрэлтэй цаг үеийг амжилттай зохион байгуулалт хийж хоёрхон сарын хоцрогдолтойгоор 2021 оны 4 сард улсын комисс ажиллуулан захиалагч Цхк ХХК-ийн зааварчилгааны дагуу хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 6 сарын дараа туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн баталгаа 5 хувь, нэг жилийн дараа үлдсэн 5 хувь олгох байсан ч захиалагч болох Цхк ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүргэсэн нь манай компанийг бусад туслан гүйцэтгэгч компаниудын өмнө төлбөр тооцооны хариуцлага хүлээх нөхцөл байдлыг бий болгосон. гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

а. Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ***** дугаар Барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг туслан гүйцэтгүүлэх гэрээг байгуулагдсан байх ба уг гэрээгээр туслан гүйцэтгэгч нь Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороололд байрлах, Цхх 3 дугаар ээлжийн орон сууцны*** буюу А2 барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж, ерөнхий гүйцэтгэгч нь ажлын нийт хөлс 376 550 823 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-10/

 

б. Дээрх гэрээний 6.1-т гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна, мөн гэрээний 6.4-т хэрвээ гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор, бүрэн гүйцэт, чанартай хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ гэрээний баталгаат хугацаанд ямар нэг доголдол илрээгүй бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгээр хүсэлт ирүүлсний үндсэн дээр гүйцэтгэлийн баталгааг буцаан авах эрхтэй байхаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

6. Нэхэмжлэгч ГО ХХК нь гэрээнд заасан Барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 04 сард ерөнхий гүйцэтгэгч СП ХХК-нд хүлээлгэн өгч, улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагч СП ХХК-ийн захирал Г.А ирүүлсэн тайлбартаа дурдсан, маргаагүй байна.

 

7. Харин хариуцагч нь уг ажлын ерөнхий гүйцэтгэгч нь Цхк ХХК бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүргэсэн нь манай компанийг бусад туслан гүйцэтгэгч компаниудын өмнө төлбөр тооцооны хариуцлага хүлээх нөхцөл байдлыг бий болгосон гэж, хариуцагчаар Цхк ХХК оролцох ёстой гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

8. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж, 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна. гэж зааснаар дээрх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

9. Нөгөөтэйгүүр, талууд гэрээгээр хийсэн ажлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг тохироогүй хэдий ч Иргэний хуулийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ... хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. гэж заасан байна.

Дээрхээ дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд дутагдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, энэ талаар маргаан байхгүй тохиолдолд гүйцэтгэлийн баталгааны 5 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СП ХХК-иас гэрээний гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл 5 хувь болох 18 827 541 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГО ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 087 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СП ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252 087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГО ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш ** хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ