Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01448

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01448

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/01849 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

18,827,541 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Алдарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, гэрээний дагуу барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг туслан гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээнд заасан ажил үүргээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн 2021 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т заасны дагуу гэрээнд заасан ажлыг зохих ёсоор, бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ гэрээний баталгаат хугацаанд ямар нэг доголдол илрүүлээгүй бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгээр хүсэлт ирүүлсний үндсэн дээр гүйцэтгэлийн баталгааг буцаан авах эрхтэй гэсний дагуу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б ХХК-д баталгаат хугацааны 5 хувь болох үлдэгдэл төлбөр 18,827,541 төгрөгийг нэхэмжилсэн албан бичгийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй.

Иймд баталгааны 5 хувь болох 18,827,541 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Цагаан хуаран хотхоны 3-р ээлжийн барилгын ажилд захиалагчийн хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр захиалагч, хөрөнгө оруулагч Ц ХХК-тай 2018 оны 3 дугаар сараас эхлэн ажилласан. Харин 2019 оноос эхлэн манай компаниар туслан гүйцэтгэгч компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ хийх шаардлагатай байгаа талаар саналыг Ц ХХК-ийн удирдлагын зүгээс тавьсан тул захиалагчийн хяналт тавьж ажиллах чиг үүрэг хэвээр боловч захиалагчийн туслан гүйцэтгэгч компаниудтай нь захиалагчийн өмнөөс гэрээ байгуулж ажиллахаар тохирсон.

Манай компани нь Ц ХХК-ийн сонгосон туслан гүйцэтгэгч болох А ХХК болон бусад туслан гүйцэтгэгч компаниудтай нь гэрээ байгуулж, захиалагч Ц ХХК-ийн төлбөр тооцоог ажил гүйцэтгэж буй туслан гүйцэтгэгч компаниудад дамжуулан хийх үүрэгтэйгээр ажилласан.

Барилгын ажлыг 2021 оны 04 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш зургаан сарын дараа туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн баталгаа 5 хувь, нэг жилийн дараа үлдсэн 5 хувь олгох байсан ч захиалагч болох Ц ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүргэсэн. Мөн баталгаат хугацаа нь хуульд зааснаар 3 жил байгаа.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас гэрээний гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл 5 хувь болох 18,827,541 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,087 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 252,087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас зарлагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тул хойшлуулах хүсэлтийг гаргаж, уг хүсэлтдээ холбогдох баримтыг хавсаргаж өгсөн. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд зарлагдсан Цахим гал ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Энхнаранд холбогдох хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгч би хариуцагч Н.Энхнарангийн өмгөөлөгчөөр оролцох байсан бөгөөд Улсын дээд шүүхэд зарлагдсан хуралдаанд оролцохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулахаар хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхим хүрэлцээгүйн улмаас шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлдэггүй 20-30 минут, зарим тохиолдолд 1 цаг хүртэл хугацаагаар хоцорч эхэлдэг, Улаанбаатар хотын замын хүнд нөхцөл байдал буюу түгжрэл, мөн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны цагийг урьдчилж тооцоолох боломжгүй зэргээс шалтгаалж өмгөөлөгч миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасан байхад шүүгч хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох болон өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

4.2. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж хуралдааныг үргэлжлүүлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маасүрэнгийн зүгээс өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох, цаашлаад А.Билгүүн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй байгаа бол өмгөөлөгч шинээр авч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргахад шүүх уг асуудлыг хэлэлцэхгүйгээр танай талаас 4 удаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан учраас дахиж хойшлуулах боломжгүй гэж хэлэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Түүнчлэн, хариуцагч талаас тухайн хэргийн үйл баримтад Ц ХХК-тай хамааралтай, гэрээний гүйцэтгэлийг тус компани нь хариуцаж төлөх ёстой байсан талаар хариу тайлбартаа дурдаж, энэ агуулгаар Ц ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, мөн тус шүүхэд дээрх хоёр компани хамтран хариуцагчаар оролцож байгаа адил төрлийн хэргүүд ажиллагаанд байгаа, тус хэргийг дээрх хэргүүдтэй нэгтгэж шийдвэрлүүлэх талаар хэд хэдэн хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч тухайн хүсэлт бүрийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгч хэт нэг талыг барьсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхтэй оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хурал 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт товлогдсон. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн оролцох Улсын дээд шүүхийн шүүх хурал 13 дахь хурал учраас давхацсан гэж үзэхгүй гэсэн шийдвэр гаргаж, хурлыг үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хурлууд 1, 2 цагийн зайтай биш өглөө 9 цагийн хуралдаа ороод үдээс хойш 13 цагийн хуралд оролцох боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан.

Ц ХХК бол Гэрэлт цамхаг орд ХХК болон Б ХХК-тай хамааралгүй. Учир нь Гэрэлт цамхаг орд ХХК болон Б ХХК хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ мөнгийг Ц ХХК-аас авч, манай компанид шилжүүлэх нь тухайн хоёр компанийн асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Гэрэлтцамхаг ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 18,827,541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Гэрэлтцамхаг ХХК нь Цагаан хуаран хотхон-ы 3 дугаар ээлжийн орон сууцны барилгын 90Д буюу А2 блокийн барилгын дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх, Б ХХК нь ажлын хөлсөнд 376,550,823 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх гэрээний зүйл, талуудын тохиролцоонд үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг зохигч байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.1. Цагаан хуаран хотхон-ы 3 дугаар ээлжийн орон сууцны барилгын 90Д буюу А2 блокийн барилгыг 2021 оны 04 дүгээр сард улсын комисс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул Гэрэлтцамхаг ХХК-ийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, галын иж бүрэн систем болон тэдгээрийн угсралт нийлүүлэлтийн ажлыг гүйцэтгэж Б ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

3.2. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна, 6.4-т Хэрвээ гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор, бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ гэрээний баталгаат хугацаанд ямар нэгэн доголдол илрээгүй бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгээр хүсэлт ирүүлсний үндсэн дээр гүйцэтгэлийн баталгааг буцаан авах эрхтэй гэж заасны дагуу Гэрэлтцамхаг ХХК нь гүйцэтгэлийн баталгааны үлдэх 5 хувь болох 18,827,541 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь барилгын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй хариуцагч нь гүйцэтгэлийн баталгааны 5 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.3. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд Ц ХХК оролцоогүй, гэрээний тохиролцоог тухайн гэрээний талууд биелүүлэх учиртай тул Ц ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, тус хэргийг Б ХХК болон Ц ХХК-д холбогдох бусад иргэний хэрэгт нэгтгэж шийдвэрлээгүй талаарх хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй, энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй.

 

3.4. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаа 18,827,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гэрэлтцамхаг ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан биечлэн оролцох эрхээр хангаагүй, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

4.1. Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгчээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн болон өмгөөлөгчийн эрхийг хангах үүднээс анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 06, 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байна.

 

4.2. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангасан үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшилсон. Уг хурлын товыг хэргийн оролцогчдод тухайн өдөртөө мэдэгдсэн байна.

Харин хариуцагчийн өмгөөлөгчид Улсын Дээд шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн буюу анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдсэн хугацаанаас 20 хоногийн дараа мэдэгджээ.

Иймд анхан шатны шүүх хуралдаан эхэлж товлогдсон байх тул үүний дараа зарлагдсан шүүх хуралдааны товд үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд шүүхийг буруутгахгүй.

 

4.3. Мөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маасүрэн нь хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлтийн талаар асуухад хүсэлт гаргаагүй байгааг дурдвал зохино.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/01849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ