Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/01317

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр  Дугаар 183/ШШ2023/01317  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, X оффис, 0 давхарт байрлах, И ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо,0хэсэг, 0 тоотод оршин суух,  Т. Н /РД:********/-д холбогдох,

 

37,955,651 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан 37,955,651 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Хариуцагчаас нийт 37,955,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргаж байна.

1. Компаниас зээлээр авсан чингэлэг болон компанийн нэр дээрх **-** 000 улсын дугаартай Приус маркийн автомашины засвар үйлчилгээний үлдэгдэл төлбөрт нийт 1,004,897 төгрөг гаргуулах тухайд:

Т.Н нь дараах төлбөр тооцоог дутуу төлж барагдуулсан болно. Үүнд, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Х000000 тоот "Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээ"-г байгуулж, 13 сарын хугацаанд сар бүрийн цалингаасаа 200,000 төгрөг суутгуулж төлбөрийг барагдуулах төлбөрийн нөхцөлтэйгээр 1 бүрийн үнэ нь 1,300,000 төгрөгийн үнэ бүхий CLHU881483-3, TGHU747560-1 дугаартай 40 тонны 2 ширхэг чингэлэгийг нийт 2,600,000 төгрөгөөр худалдан авсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Х32017042Ю1 тоот "Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээ" байгуулж, 8 сарын хугацаанд төлж барагдуулах төлбөрийн нөхцөлтэйгээр 1 бүрийн үнэ нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ECMU906085-7 дугаартай 40 тонны 1 ширхэг чингэлэгийг нийт 1,500,000 төгрөгөөр худалдан авсан. Иргэн Ө-гийн худалдан авсан CLHU292581-9 дугаартай 40 тонны чингэлэгийн үлдэгдэл төлбөр 257,697 төгрөг, иргэн Бекханы худалдан авсан ТЕХU1731113-2 дугаартай 40 тонны чингэлэгийн үлдэгдэл төлбөр 582,250 төгрөг нийт 839,947 төгрөгийг Т.Н нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х000000 тоот "Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээ" байгуулж 8 сарын хугацаанд сар бүр цалингаасаа 100,000 төгрөг суутгуулж төлж барагдуулах төлбөрийн нөхцөлтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Иргэн А, С нар тус бүр чингэлэг худалдан авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 620,000 төгрөгийг Т.Н нь хариуцаж төлж барагдуулна гэж аман байдлаар хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/02 тоот Компанийн машиныг ашиглах тухай захирал Ц.А-ийн тушаалын дагуу Т.Н нь компанийн эзэмшил бүхий **-** 000 улсын дугаартай Приүс-20 маркийн автомашиныг ажлын бус цагаар хувьдаа ашиглаж байсан ба тус автомашины засвар үйлчилгээнд гарсан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар зарцуулсан 329,101 төгрөгийн зардлаас Т.Н-ийн хувийн хэрэгцээнд явсан 3,106 км-т ногдох зардал болох 34,950 төгрөгөөр Т.Н-ээс авах авлага үүсгэсэн. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар 110,000 төгрөгийг компаний эзэмшил бүхий **-** 000 улсын дугаартай Приүс-20 маркийн автомашинд засвар үйлчилгээ хийлгэнэ гэж авсан бөгөөд одоог хүртэл уг автомашинд засвар үйлчилгээ хийлгэснийг нотлох баримт хүлээлгэн өгөөгүй ба уг мөнгийг компанийн касс болон харилцах дансанд буцааж тушаагаагүй. Т.Н нь дээр дурдсаны дагуу нийт 5,704,897 төгрөгийн төлбөр тооцоотой байсан ба үүнээс 4,700,000 төгрөгийг сар бүрийн цалингаасаа суутгуулж төлбөрийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 1,004,897 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

2. С ХХК-с И ХХК-ийн авах ёстой 156,116.44 ам.долларын төлбөрөөс хариуцагч Т.Н нь 3,292.56 ам.долларыг хувьдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000 ам.долларыг төлж барагдуулсан ба үлдэх төлбөр 1,292.56 ам.долларыг хариуцагчаас гаргуулах тухайд:

С ХХК нь И ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БГ/14/7 тоот Тээвэр зуучийн ерөнхий гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Х320170529/01 тоот Тээвэр зуучийн (импорт) үйлчилгээний гэрээ-нүүдийг тус тус байгуулж хамтран ажиллаж байгаа ба 2016 оны төлбөр тооцооны үлдэгдэл 18,209 ам.доллар, 2017 оны төлбөр тооцоо 141,200 ам.доллар, нийт 159,409 ам.долларын төлбөрөөс 2017 онд 156,116.44 ам.долларыг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл төлбөр болох 3,292.56 ам.доллартай тэнцэх хэмжээний бараа материалыг Т.Н нь С ХХК-аас хувийн хэрэгцээндээ авсан тул С ХХК нь төлөх ёсгой гөлбөр тооцооноосоо суутган тооцож уг үлдэгдэл төлборийг төлж барагдуулаагүй байна. Т.Н нь 3,292.56 ам.долларын үнэ бүхий бараа материалыг С  ХХК-аас авсанаа хүлээн зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдор И******** тоот "Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ"-г И ХХК-тай байгуулж төлж барагдуулахаар болсон байна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,896,000 төгрөг буюу 2,000 ам.долларыг Голомт банкин дахь ********* тоот төгрөгийн дансанд тушаасан ба үлдэгдэл 1,292.56 ам.долларыг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

3. Cummis Mongolia LLC, Jeuro Denmark, Summit LLC, Transwest Mongolia LLC компаниудаас төлбөрийг дутуу нэхэмжилж нэхэмжлэгч И ХХК-д хохирол учруулсан 4,106 ам.долларын хариуцагчаас гаргуулах тухайд

Cummis Mongolia LLC, Jeuro Denmark, Summit LLC, Transwest Mongolia LLC компаниуд нь И ХХК-аар зуучлуулан гадаадын агентлаг Doechi international logistics компаниар ачаа тээвэрлүүлэн авсан байна. Гадаадын агетлаг Doechi international logistics компаниас ирсэн ачаа тээвэрлэсэн төлбөрийн нэхэмжлэхийг харилцагч байгууллагууд руу илгээхдээ Cummis Mongolia LLC компаниас 450 ам.доллар, Jeuro Denmark, Summit LLC компаниас 330 ам.доллар, Summit LLC компаниас 516 ам.доллар, Transwest Mongolia LLC компаниас 2,810 ам.доллараар нэхэмжилж нийт 4,106 ам.долларын алдагдал И ХХК-д үүсгэсэн болно. Тухайн үед манай компанийн санхүүд Т.Н-ээс ирсэн нэхэмжлэлийн дагуу дээрх дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тооцоо хийсэн. Дараа нь гадаадын агентуудтай тооцоо нийлэхэд их хэмжээний зөрүү гарсан. Т.Н нь ажлын хариуцлагагүйгээс болж гаргасан энэхүү зөрүүг компанийн удирдлагаас нууж гадаад агентаас ирсэн нэхэмжлэлүүдийг засварлаж санхүү рүү явуулдаг байсан нь гадаадын агентаас тооцоо нийлэхэд мэйлээр ирсэн нэхэмжлэлүүдээр тогтоогдсон болно.

4. Гадаадын агент Qingdao international united logistics компаниас нэхэмжилсэн төлбөр хэмээн худал тайлбарлан авсан 5,280 ам.долларыг хариуцагч Т.Н-ээс гаргуулах тухайд

Гадаадын агентлаг Qingdao international united logistics /хуучин нэр/ Shandong Guolian Rail-sea logistics /шинэ нэр/ компаниас ирүүлсэн DEL1409-01 дугаар бүхий 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэх хэмээн нягтлан бодогчид Т.Н-ийн хүлээлгэн өгсөн нэхэмжлэхийн дагуу 5,280 ам.долларыг чингэлэгийн барьцаа гэж И ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн байна. Shandong Guolian Rail-sea logistics компаниас барьцаа мөнгөө буцааж авах үүрэг даалгаврыг Т.Н-д компанийн удирдлагын зүгээс нэг бус удаа өгсөн болно. Т.Н-ийг ажилдаа ирэхгүй бүтэн сар болсны дараа энэхүү барьцаагаа буцааж авах талаар Гадаадын агентлаг Shandong Guolian Rail-sea logistics компанид мэдэгдэхэд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн и-мэйлээр 5,280 ам.долларын төлбөр нь төлбөрийн барьцаа биш чингэлгийн төлбөр болохыг мэдэгдэж буцаан олгох барьцаа төлбөр байхгүй ба тухайн үед Т.Н-ийн хүсэлтээр нэхэмжлэхээ барьцаа гэж бичиж өгсөн болохоо мэдэгдсэн байна. Гэтэл И ХХК нь тус компаниас төлбөр төлөөгүй худалдан авсан чингэлэг байхгүй учир хариуцагч Т.Н нь дээрх хохирлыг манай компанид учруулсан болно.

5. И ХХК нь иргэн Д-д тээвэр зуучин үйлчилгээ үзүүлсэн бөгөөд төлбөрийг Т.Н-д шилжүүлсэн тус үйлчилгээний үлдэгдэл төлбөрийн болох 450 ам.доллар, 165,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах тухайд

И ХХК нь иргэн Д-с тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр 165,000 төгрөг, 3,850 ам.долларын авлагатай ба авлага барагдуулах талаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 99119965 дугаар бүхий утсаар холбогдож иргэн Д-д мэдэгдэхэд И ХХК-ийн ажилтан Т.Н-д энэхүү мөнгийг өгсөн гэдэг тайлбарыг өгсөн.

6. М ХХК-иас 735 ам.доллар, Ч ХХК-иас 121 ам.доллар, Н  ХХК-иас 289 ам.доллар нийг 1,145 ам.доллар, Т ХХК-с 95 евро, Г ХХК-иас 425 евро нийт 520 еврог тус тус дутуу нэхэмжилж нэхэмжлэгч И ХХК-д хохирол учруулсан төлбөрийг хариуцагч Т.Н-с гаргуулах тухайд.

М ХХК, Т ХХК. Г ХХК, Ч ХХК, Н ХХК-иуд нь И ХХК-аар зуучлуулан гадаадын агентлаг Sino-worlink international logistics, RTSB, GYP, CJ компаниудаар ачаа тээвэрлүүсэн авсан. Эдгээр гадаадын агетлагууд болох Sino-worlink international logistics, RTSB, GYP, CJ компаниудаар ирсэн ачаа тээвэрлэсэн төлбөрийн нэхэмжлэхийг харилцагч байгууллагууд руу илгээхдээ М ХХК-аас 735 ам.доллар, Т ХХК-аас 95 евро, Г ХХК-аас 425 евро, Ч ХХК-аас 121 ам.доллар, Н ХХК-аас 289.08 ам.доллар нэхэмжилж нийт 1,145.08 ам.доллар, 520 евро дутуу нэхэмжилсэн байна. Тухайн үед манай компаний санхүүд Т.Н-с ирсэн нэхэмжпэлийн дагуу дээрх дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тооцоо хийсэн. Дараа нь гадаадын агентуудтай тооцоо нийлэхэд их хэмжээний зөрүү гарсан. Т.Н нь ажлын хариуцлагагүйгээс болж гаргасан энэхүү зөрүү үг компанийн удирдлагаас нууж гадаад агентаас ирсэн нэхэмжпэлүүдийг засварлаж санхүү рүү явуулдаг байсан нь гадаадын агентаас тооцоо нийлэхэд мэйлээр ирсэн нэхэмжлэлүүдээр нотлогдсон болно. Т.Н-ийн ажлын компьютер луу орж үзэхэд дээрх асуудалтай холбоотой бүх мэйлүүдийг устгасан байсан. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч И ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж их хэмжээний хохирол учруулсан байх тул дээр дурдсан хохиролд нийт 37,955,648 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т овогтой Н би 2013 оны 5 дугаар сараас эхлэн И ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн болно. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус компанийн ашгийн 70-80 хувийг дангаар оруулан нийт 12 албан хаагчдыг цалинг таслалгүй сайн ажиллаж байсан.

1 Нэхэмжлэгчийн гаргасан ажлын үйлчилгээнд явсан**-** 000 улсын дугаартай автомашины тос, масло, техникийн үйлчилгээний зардлыг хүчээр албан хаагчдаас гаргуулдаг байсан ба тус засварын зардал 1,004,897 төгрөгийг миний 2017 оны олгогдоогүй амралтын цалингаас суутган авахыг би зөвшөөрсөн. И компани миний 2017 оны амралтын цалин болох 2,576,000 төгрөгийг 1,900,000 төгрөг гэж бууруулан шамшигдуулан бодсон болно. Тус 2,576,000 төгрөгийн амралтын цалин олгоогүйг Баянзүрх дүүргийн шүүх дээр нотлогдсон болно. Тус компаний захирал Ц.А ажилчдын цалин урамшууллыг бууруулдаг.

2.С ХХК-аас И компанийн захирал Ц.А-ийн зөвшөөрлийн дагуу С ХХК-тай бартер хийн цахилгаан бараа авч барагдуулж байсан ба үлдэгдэл 900 орчим ам.долларыг миний олгогдоогүй үлдсэн урамшуулал цалин болох 2500 орчим доллараас суутгахыг би зөвшөөрсөн. Жич: 2017 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сард ирсэн миний ачаануудын борлуулалтын ашгаас авах урамшууллыг олгоогүй болно. Ц.А захирал зөвшөөрсөн учраас би цалингаасаа төлж барагдуулж байсан. Ямар нэгэн байдлаар хуурч шамшигдуулсан бол бүхэл бүтэн 2 компанийн хооронд тохиролцоо хийх боломжгүй ба мөн цахилгаан бараа авч чадахгүй байсан.

3. Cummins Mongolia LLC, Jeuro Denmark Summit LLC Transwest Mongolia 4,106 ам.долларын төлбөрийг би дутуу нэхэмжлээгүй болно. Нэхэмжлэл бичдэг ажлын үүргийн хүн нь тусдаа Д гэх нягтлан бодогч нь нэхэмжилсэн болно. Эдгээр ачаанууд намайг жирэмсэн байх хугацаанд ажлаас халснаас 2-3 сарын өмнө ирсэн ачаанууд байсан. Хэрэв тээврийн хөлсний зөрүү гарсан бол тэр даруй нягтлан мэдэгдэх үүрэгтэй байдаг. И компанийн нэхэмжилсэн хохирол нь Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан ханшийн зөрүүний алданги байна. Ханшийн зөрүүний алдагдлыг яагаад хувь хүн төлөх ёстойг ойлгохгүй байна. И компанийн захирлын зөвшөөрлөөр нэхэмжилсэн тээврийн хөлсийг үйлчлүүлэгч хугацаа хойшлуулан төлдөг. Бүх зууч адилхан. Энэхүү хойшлуулан төлөх үед гарсан ханшийн алдагдлаа надаас яагаад нэхэмжилж байгааг мөн ойлгохгүй байна. И компани дотроо тээврийн программтай ба үүнийг админ эрхтэй хүн нь орж засдаг. Админ эрх нь захиралд байдаг. Намайг ажлаас гарсан 2017 оны 12 дугаар сараас тээврийн программд нэвтрэн орох эрхийг маань хаасан байсан ба програм дээр байсан бодит мэдээллийг худал мэдээлэл болгон шивж оруулан намайг гүтгэж байна. Энэхүү хэрэг мөн Баянзүрх дүүргийн шүүх болон улсын аудитаар шалгагдсан болно.

4. Qingdao агентийн 5280 ам.долларыг би огт өөртөө авч хэрэглэж завшаагүй болно.

5. Д гэх үйлчлүүлэгч тээврийн хөлсөө бүрэн төлсөн ба илүү төлбөр авч завшаагүй болно. Тус үйлчлүүлэгч И нягтлангийн нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлсөө төлсөн болно.

6. М ХХК, Ч ХХК, Н ХХК, Т ХХК тус тус ажлын гэрээтэй ба төлбөрөө шууд И компанийн данс руу хийдэг байсан. Үүнийг тус компаниуд гэрчлэх ба би И компанид хохирол учруулсан тохиолдол байхгүй болно. Мөн ханшийн зөрүүний алдагдал гарсанг яагаад хувь хүн төлөх ёстойг ойлгохгүй байна.

Иргэн Т.Н би дээрх компаниудаас хувьдаа авсан завшуулсан хэрэг байхгүй, мөн гэрээ болон нэхэмжлэлийн дагуу үйлчлүүлэгч И компанийн данс руу төлдөг байсан ба үйлчлүүлэгчийн дансны тооцооноос харагдах болно, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгийг цалин хөлснөөс суутгасан. Өмнө нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Тухайн нэхэмжлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа ирээгүй учраас манай тал хохирол учруулсан гэж үзэж Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед энэ асуудлаар нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгө төлөх үүрэг хариуцагчид байхгүй. Энэ бодит болон бодит бус хохирлыг шаардаад байгаа нь үндэслэлгүй байна, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.09.18-ны өдрийн 5/1327 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.06.02-ны өдрийн 1427 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, И ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын ажлын тайлан, Голомт банкны дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.02.15-ны өдрийн тодорхойлолт, И ХХК-ийн 2015.01.27-ны өдрийн 1/02 дугаартай захирлын тушаал, И ХХК-ийн 2017.09.05-ны өдрийн И******** дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ, Х ХХК-ийн 2013.12.27-ны өдрийн 06 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, И ХХК-ийн 2018.01.05-ны өдрийн 2/02 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, И ХХК-ийн 2018.01.15-ны өдрийн 1/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, харилцагчийн дансны хуулга, Голомт банкны дансны хуулга, 2015.06.11-ний өдрийн 2015061101 дугаартай Иргэний гоц буюу ховор авъяас өндөр ур чадварыг хөлслөн ашиглах тухай гэрээ, нэхэмжлэх, бэлэн мөнгөний зарлагын баримт, Голомт банкны дансны хуулга, А ХК-ийн 2021.09.16-ны өдрийн А21/251 дугаартай Тодорхойлолт, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2016.04.15-ны өдрийн Х******* дугаартай Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээнүүд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, И ХХК-ийн 2022.03.28-ны өдрийн 2/08 дугаартай нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.25-ны өдрийн 101/ШШ2022/00864 дугаартай шийдвэр, И ХХК-ийн тээврийн захиалганы тооцоо, И ХХК-ийн тээврийн захиалганы жагсаалт зэрэг баримтуудыг,

 

Хариуцагчаас хариу тайлбар, 2021.05.28-ны өдрийн хариуцагчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.19-ний өдрийн 183/ШШ2021/00675 дугаартай шийдвэр, зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2015.06.11-ний өдрийн 2015061101 дугаартай Иргэний гоц буюу ховор авъяас өндөр ур чадварыг хөлслөн ашиглах тухай гэрээ, И ХХК-ийн 2013.05.20-ны өдрийн 1/02 дугаартай Ажилд томилох тухай захирлын тушаал, Х ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2021.09.03-ны өдрийн 1/7680 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.09.13-ны өдрийн 1/3958 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт, үзлэгийн тэмдэглэл, орчуулгын баримтууд авагдсан байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Т.Н-д холбогдох И ХХК-ийн 37,955,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээнүүдийн дагуу хариуцагчаас

  1. Компаниас зээлээр авсан чингэлэг болон компанийн нэр дээрх **-** 000 улсын дугаартай Приус маркийн автомашины засвар үйлчилгээний үлдэгдэл төлбөрт нийт 1,004,897 төгрөг,
  2. С ХХК-с И ХХК-ийн авах ёстой 156,116.44 ам.долларын төлбөрөөс хариуцагч Т.Н нь нийт 3,292.56 ам.долларын бараа авч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000 ам.долларыг төлж, үлдэх төлбөр 1,292.56 ам.доллар буюу 3,683,550 төгрөг,
  3. Гадаадын агент Qingdao international united logistics компаниас чингэлэг хувьдаа авч компаниар төлүүлсэн төлбөрт 5,280 ам.доллар буюу 15,046,996 төгрөг,
  4. Ачаа ачуулж байгаа дараах компаниудаас төлбөр дутуу нэхэмжилсэн төлбөрт Cummis Mongolia LLC, Jeuro Denmark, Summit LLC, Transwest Mongolia LLC компаниудаас 4,106 ам.доллар, И ХХК нь иргэн Д-д тээвэр зуучин үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 450 ам.доллар болон 165,000 төгрөг, М ХХК-иас 735 ам.доллар, Ч ХХК-иас 121 ам.доллар, Н ХХК-иас 289 ам.доллар, Т ХХК-с 95 евро, Г ХХК-иас 425 евро нийт 520 еврог тус тус гаргуулах... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 1,004,897 төгрөг шаардсан бөгөөд түүнийг цалингаас суугаад бүрэн авсан. 5280 ам долларын чингэлэг аваагүй, цахилгаан бараа авсан цалингаас бүх төлбөрийг суутгаж авсан. Ачаа ачуулж байгаа компаниуд төлбөрийг дараа төлье гэдэг, яг ачаа ачуулахад долларын ханшийн зөрүүнээс ачааны үнэ нэмэгддэг тиймээс ачаа ачуулсан компаниас нь шаардах ёстой, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь анх Х ХХК нэртэй байгаад нэрээ өөрчилж И ХХК болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх дахин энэ талаарх баримтыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ. /2х.х-ийн 34 тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Н-г 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1/02 тоот тушаалаар гүйцэтгэх захирлын ажилд авч, И ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №1/01 тоот тушаалаар үйл ажиллагаа эрхэлсэн захирал Т.Н-г 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1х.х-ийн 69,101 тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5 дах хэсэгт Энэхүү гэрээг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулав, 1.7.3 дах хэсэгт Гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах санал талууд тавиагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж харилцан тохиролцож, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд хариуцагчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016.06.11 өдөр дууссан гэх тайлбар гэрээний 1.7.3 дах заалтаар няцаагдаж байна. /1х.х-ийн 64, 70 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дах хэсэгт ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуй нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... гэж заажээ.

 

Ажил олгогч ажилтан Т.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг 2018.01.15-ны өдөр дуусгавар болгосон ба хөдөлмөрийн гэрээний дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байна. Иймээс шаардлагуудын хүрээнд дараах дүгнэлтийг шүүх хийлээ.

 

1. Компаниас зээлээр чингэлэг авсан үнийн үлдэгдэл төлбөр болон компанийн машинд засвар хийхээр авсан төлбөрийг зарцуулаагүй нийт төлбөрт 1,004,897 төгрөг гаргуулах,

Хариуцагч Т.Н 2 ширхэг чингэлэгийг 2,600,000 төгрөгөөр тооцож төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож 2016.04.15-ны өдөр Х******* дугаар чингэлэгийн төлбөр төлөлтийн гэрээг байгуулж, мөн 2016.12.01-ний өдөр Х****** дугаар чингэлэгийн төлбөр төлөлтийн гэрээ, 2017.04.21-ний өдөр Х******* дугаар чингэлэгийн төлбөр төлөлтийн гэрээ тус тус байгуулж, мөн компанийн эзэмшил бүхий машины засварт бэлэн мөнгөөр авсан нийт 5,704,897 төгрөгийн төлбөр тооцооноос цалингаасаа 4,700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,004,897 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. /1х.х-ийн 19-20 тал, 2х.х-ийн 8-13 тал/

2. С ХХК-с И ХХК-ийн авах ёстой 156,116.44 ам.долларын төлбөрөөс хариуцагч Т.Н нь нийт 3,292.56 ам.долларын бараа авч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000 ам.долларыг төлж, үлдэх төлбөр 1,292.56 ам.доллар буюу 3,683,550 төгрөг гаргуулах,

Хариуцагч Т.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн И******* дугаартай гэрээний дагуу С ХХК-иас тээврийн үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 3,292.56 ам.долларын үнийн дүнтэй тэнцэх цахилгаан барааг хариуцагч хувийн хэрэгцээндээ авч, уг 3,292.56 ам.долларын төлбөрийг нэхэмжлэгчид хариуцагч төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу 2000 ам.доллар буюу 4,896,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,292.56 ам.доллар буюу 3,683,550 төгрөгийг төлөөгүй болох тогтоогдож байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /1х.х-ийн 63 тал, 2х.х-ийн 5 тал/

3. Qingdao international united logistics компаниас чингэлэг хувьдаа авсан чингэлэгийн төлбөрт 5,280 ам.доллар буюу 15,046,996 төгрөг гаргуулах,

Хариуцагч Т.Н нь Qingdao international united logistics компаниас дотор нь бараа ачуулсан чингэлэгийг буцаан тус компанид хүргүүлээгүйгээс уг компани чингэлэгийн төлбөрт 5,280 ам.долларыг И ХХК-иас шаардаж тус төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байна. Иймээс хариуцагч уг чингэлгийг буцаан Qingdao international united logistics компанид хүргүүлсэн болох, мөн чингэлэгийг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгсөн болох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. /1х.х-ийн 163, 165,202-т үзлэгээр бэхжүүлсэн гадаад хэл дээрх баримтыг орчуулж хэрэгт хавсаргасан 241, 242 баримтууд, нотлох баримт хавтасны 100 тал /

4. Ачаа ачуулсан дараах компаниудаас Cummis Mongolia LLC, Jeuro Denmark, Summit LLC, Transwest Mongolia LLC компаниудаас 4,106 ам.доллар, И ХХК нь иргэн Д-д тээвэр зуучин үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 450 ам.доллар болон 165,000 төгрөг, М ХХК-иас 735 ам.доллар, Ч ХХК-иас 121 ам.доллар, Н ХХК-иас 289 ам.доллар, Т  ХХК-с 95 евро, Г ХХК-иас 425 евро нийт 520 евро буюу нийт 18,220,205 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч ажлын хариуцлага алдаж нэхэмжлэхийн үнийн дүн, ханшийн зөрүүг цаг хугацаанд нь үйлчилгээ авсан компаниудад мэдүүлээгүйгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээс зөрчсөн бол түүнд сахилгын зөрчил ногдуулах үндэслэл болохоос үйлчилгээ авсан байгууллагуудын өмнөөс төлбөрийг төлөх үндэслэл болохгүй юм. Харин нэхэмжлэгч дээрх компаниудаас ачаа тээвэрлүүлсэн үйлчилгээний хөлсөө холбогдох баримтыг үндэслэн шаардах эрх нь нээлттэй болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас нийт 19,735,443 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 18,220,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-с 256,627 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Н-с 19,735,443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,220,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-с 256,627 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ