Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01510

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

              Дугаар 183/ШШ2023/01510                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-0, X ХХК-ийн байр, 0 тоотод байрлах Л ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,

Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л ХХК үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.27-ны өдрийн 2592 дугаартай шийдвэрээр "Э" ХХК-иас 2,939,555,265 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба манай компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж-0 хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ба уг ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж-0 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу 2022.10.21-ний өдөр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулж, 2022.10.26-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайлан гарсан байх ба манай компанид 2022.10.26-ны өдрийн 4-179/20236 дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн талаар "Үнэлгээний мэдэгдэл" ирүүлсэн. Манай компанийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022.10.17-ны өдрийн 75 тоот албан бичээр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ, ханшийг харгалзан 12,000,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл манай компанийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 2 дахин бага үнээр үнэлж байгаа нь манай компанийн хөрөнгийг үнэгүйдүүлж, бидний хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Учир нь: Хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээчний үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох, нөгөөтэйгөөр хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой. Түүнчлэн дээрх барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, өөрийн эдэлбэр газартай, 5 давхар контор, үйлчилгээний зориулалтай орчин үеийн засвар тохижилттой, үнэ цэнэ бүхий бие даасан обьект юм. Бодит зах зээл дээр манай компанийн үл хөдлөх хөрөнгөтэй ижил байрлал, зэрэглэл, бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ дунджаар 8,500,000-15,000,000 төгрөгний үнэтэй байх бөгөөд Монгол Улсын зах зээлд үл хөдлөх хөрөнгө төдийгүй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш өдрөөс өдөрт өсч, байгын өсөлттэй байх атал зах зээлийн бодит үнэ, ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг үндэслэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж-0 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

  

Хариуцагчийн 2022.12.02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2592 дугаар шийдвэрээр, Э ХХК, Л ХХК нараас 2,954,690,082 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Төлбөр төлөгч Э ХХК, Л ХХК нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж 0 эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 956 м.кв талбайтай 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18290888/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18290888/02 дугаар тогтоолоор хураасан. Битүүмжлэн хураасан хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Л ХХК 12,000,000,000 төгрөгөөр, Э   ХХК 14,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Голомт банк нь шинжээч томилох хүсэлтийг тус тус өгсөн. Иймд үнийн санал зөрүүтэй байсан тул 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/322 дугаар тогтоолоор шинжээч С.Ц томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42,55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн шинжээч С.Ц-р үнэлүүлэхэд 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-179/20237, 4-179/20238, 4-179/20236 тоот үнэлгээг мэдэгдэж, биечлэн болон баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг 12 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 156 мкв талбайтай конторын барилга 1 мкв 8 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Иймд хэт доогуур үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож, Шинжээч гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

Гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээг хуулийн дагуу явагдсан. Мэргэжлийн байгууллага үнэлгээг хийсэн учраас тухайн үнэлгээг бодитой гэж үзэж байна, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022.10.17-ны өдрийн 75 дугаартай албан бичиг, 2022.10.26-ны өдрийн 4-179/20236 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг,

 

Хариуцагчаас 18290888 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд нь,

 

Гуравдагч этгээд Голомт банк ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Голомт банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг бичгийн баримтуудыг тус тус ирүүлсэн байна

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Л ХХК-ийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л ХХК нь ...Хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээчний үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох, нөгөөтэйгүүр хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой. Түүнчлэн дээрх барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, өөрийн эдэлбэр газартай, 5 давхар контор, үйлчилгээний зориулалтай орчин үеийн засвар тохижилттой, үнэ цэнэ бүхий бие даасан обьект юм. Бодит зах зээл дээр манай компанийн үл хөдлөх хөрөнгөтэй ижил байрлал, зэрэглэл, бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ дунджаар 8,500,000-15,000,000 төгрөгний үнэтэй байх бөгөөд Монгол Улсын зах зээлд үл хөдлөх хөрөнгө төдийгүй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш өдрөөс өдөрт өсч, байнгын өсөлттэй байх атал зах зээлийн бодит үнэ, ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг үндэслэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж-0 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...Хан-Уул дүүрэг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2592 дугаартай шийдвэрээр Э  ХХК нь Л ХХК-аас 2 тэрбум 956 сая 688 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гаргасан. Тухайн шүүхийн шийдвэрт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Төлбөр төлөгч Л ХХК, Э ХХК-иас нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо Сөүл 0 дугаар гудамж, Улсын эрхийн Ү******* бүртгэлтэй 967 мкв 5 давхар барилга контрын үйлчилгээний зориулалттай барилга, хөрөнгийг газрын хамт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1829088801 дугаараар битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18290888/00 тогтоолоор хураасан. Битүүмжилэн хураасан хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үнийн саналыг Л ХХК-иас асуухад 12 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Э ХХК-иас 14тэрбум төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Голомт банкнаас шинжээч томилуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн байгаа. Талуудаас үнийн санал зөрүүтэй байсан учраас 2022 оны 10 дугаар сарын 18-ны 10/322 тогтоолоор шинжээч н.Ц томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйл 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийг 5 тэрбум 78 сая төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тайланг төлбөр авагч төлбөр төлөгч нарт 2022.10.26. 4/179 2237,2238,2236 дугаар мэдэгдлүүдийг бичгээр болон баталгаат шуудангаар хүргүүлсэн байгаа. Манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу явагдсан. Шийдвэр гүйцэтгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00395 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/00853 дугаартай тогтоолоор Э ХХК, Л ХХК-иудаас 2,939,555,265 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж 0 хаягт байрлах контор, үйлчилгээний зориулалттай 956 м.кв талбайтай 5 давхар барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу Э ХХК, Л ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Голомт банк ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00395 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/00853 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 666 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, 666 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18290888 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын бүртгэлийн Ү-********* дугаартай Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж 0 хаягт байрлах контор, үйлчилгээний зориулалттай 956 м.кв талбайтай 5 давхар барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газрыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18290888/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугар сарын 06-ны өдрийн 18290888/02 дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 53,54,57 хуудас /

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Л ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 75 дугаартай албан бичгээр, Э ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 41 дугаартай албан бичгээр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн саналаа хүргүүлсэн байна. /х.х-ийн 60, 61 хуудас/

 

Төлбөр авагчаас төлбөр төлөгч Л ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 75 дугаартай албан бичгээр ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК /С.Ц/-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо,0 дугаар хороолол, Сөүлийн гудамж 0 хаягт байрлах контор, үйлчилгээний зориулалттай 956 м.кв талбайтай 5 давхар барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 63-79 хуудас/

 

Нэхэмжлэгч Л ХХК хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул улсын бүртгэлийн Ү-******** дугаартай Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж 0 хаягт байрлах контор, үйлчилгээний зориулалттай 956 м.кв талбайтай 5 давхар барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газрыг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын Ү-******** дугаартай Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Сөүлийн гудамж 0 хаягт байрлах контор, үйлчилгээний зориулалттай 956 м.кв талбайтай 5 давхар барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ