Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01679

 

 

 

 

 

 

 

   2023       08          28                                    210/МА2023/01679

 

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээд Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2592 дугаартай шийдвэрээр Э ХХК-аас 2,939,555,265 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Тус компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж-37 хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж  уг ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайлан гарсан.

Манай компанид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-179/20236 дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн талаар “Үнэлгээний мэдэгдэл” ирүүлсэн. Манай компанийн зүгээс НШШГГ-т 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 75 тоот албан бичээр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ, ханшийг харгалзан 12,000,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл компанийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 2 дахин бага үнээр үнэлж байгаа нь манай компанийн хөрөнгийг үнэгүйдүүлж, бидний хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээчний үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох, нөгөөтэйгүүр хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой. Бодит зах зээл дээр манай компанийн үл хөдлөх хөрөнгөтэй ижил байрлал, зэрэглэл, бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ дунджаар 8,500,000-15,000,000 төгрөгийн үнэтэй байхаас гадна Монгол Улсын зах зээлд үл хөдлөх хөрөнгө төдийгүй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш өдрөөс өдөрт өсч, байнгын өсөлттэй байх атал зах зээлийн бодит үнэ, ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж-37 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2592 дугаар шийдвэрээр Э ХХК, Л ХХК нараас 2,954,690,082 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Төлбөр төлөгч Э ХХК, Л ХХК нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, Сөүлийн гудамж 37 эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаарт бүртгэлтэй 956 м.кв талбайтай 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18290888/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18290888/02 дугаар тогтоолоор хураасан. Битүүмжлэн хураасан хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Л ХХК 12,000,000,000 төгрөгөөр, Э ХХК 14,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Г ХК нь шинжээч томилох хүсэлтийг тус тус өгсөн. Иймд үнийн санал зөрүүтэй байсан тул 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/322 дугаар тогтоолоор шинжээч С.Ц-ыг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн шинжээч С.Ц-оор үнэлүүлэхэд 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-179/20237, 4-179/20238, 4-179/20236 тоот үнэлгээг мэдэгдэж, биечлэн болон баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Э ХХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 12 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 156 м.кв талбайтай конторын барилга 1 м.кв 8,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Иймд хэт доогуур үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээд Г ХК-ийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээг хуулийн дагуу явагдсан. Мэргэжлийн байгууллага үнэлгээг хийсэн учраас тухайн үнэлгээг бодитой гэж үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын Ү-2203009663 дугаартай Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 37 хаягт байрлах контор, үйлчилгээний зориулалттай 956 м.кв талбайтай 5 давхар барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай НШШГГ-т холбогдох нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.б. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадсангүй.

Үл хөдлөх хөрөнгийг 4,218,871,256 төгрөг буюу 1 м.кв талбайн үнэлгээ 4,413,046 төгрөгөөр, 1460100053 нэгж талбарын дугаартай 511 м.кв талбай бүхий газрын үнэлгээг 1,059,814,000 төгрөгөөр нийт 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн.

Харин нэхэмжлэгч Л ХХК-ийн захиалгаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ХХ/2202 дугаартай шинжээчийн үнэлгээгээр, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж-37 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,128,000,000 төгрөг буюу 1 м.кв талбайн үнэлгээ 6,410,781 төгрөгөөр, үнэлсэн боловч 1460100053 нэгж талбарын дугаартай 511 м.кв талбай бүхий газрыг огт үнэлэлгүй орхигдуулсан.

Дээрх шинжээчийн дүгнэлт, үнэлгээнүүд нь 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээ 1,997,735 төгрөгөөр нийт 2 тэрбум төгрөгөөр илт зөрүүтэй үнэлсэн байх бөгөөд энэхүү зөрүүтэй байдал нь маргаан бүхий ГҮОҮ-22/ОЗ дугаартай хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, үндэслэлгүй үнэлгээ болсон гэдгийг нотлон харуулж байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг огт анхаараагүйн дээр харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

6.в. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх болон мэтгэлцэх зарчмыг хангаагүйд гомдолтой байна.

Тодруулбал, миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, эрхээ хэрэгжүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх миний хүсэлтийг хүлээн авч хэрэгт хавсаргаагүй, улмаар хүсэлтийг хүлээж авалгүйгээр шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Миний хувьд ямар ч хууль, эрх зүйн ойлголтгүй, мэдлэггүйн улмаас мэтгэлцэх эрхээ хангалттай хэрэгжүүлж чадаагүйд гомдолтой байна.

Түүнчлэн, дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг арилгах, нэг мөр болгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байсан боловч хүлээж аваагүй болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Гуравдагч этгээд Э ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. Өнөөдрийн байдлаар 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай, А зэрэглэлийн бүсэд байршилтай үл хөдлөх бие даасан объектын 1 м.кв талбайн үнэ хамгийн багадаа 8,500,000-аас 15,000,000 төгрөгийн үнэтэй байх тул тус үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээ зах зээлийн бодит үнэ ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ болсон нь тодорхой байна.

Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгөх талаар бие даасан шаардлагыг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өссөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Мөн нэхэмжлэгч Л ХХК-ийн өмчлөлийн 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэснээр төлбөр төлөгч Э ХХК, төлбөр авагч Г ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүн шууд хамаарч байхад Э ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах эрхэд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэг жилийн хугацаанд төлбөр төлөгч талаас ямар нэгэн төлбөр төлөөгүй. 2022 онд тухайн шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг хураагаад хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Тухайн үед хөрөнгийн үнэлгээний саналыг төлбөр төлөгч тал авахад Э ХХК нь 14,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Л ХХК нь 12,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Г ХК-аас тухайн хөрөнгийг шинжээч томилох хүсэлт гаргасан. Талуудын үнийн санал зөрсөн учраас шинжээч томилсон. Тухайн шинжээч нь Баянмонгол компанийн үнэлгээчин байгаа. Тухайн хөрөнгө нь 5,278,700,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлэгдсэн хөрөнгөд хуульд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд тухайн хөрөнгөд нэхэмжлэгч талаас өөрсдөө хөрөнгийн үнэлгээг хийлгэж үнэлүүлж ирэхэд 6 тэрбумаар үнэлэгдсэн. 12,000,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч тухайн хөрөнгө нь эрс ялгаатай байсан. 12,000,000,000 төгрөг гэдэг нь нотлогдох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гуравдагч этгээдийн шаардлагын хувьд өөрсдөө нотлох баримтын шаардлага хангаагүй хүсэлтийг ирүүлсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд Г ХК-аас гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журмыг зөрчиж, зохигчийн эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгоно.

 

2.а. Э ХХК-аас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж-37 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаарт бүртгэлтэй, 956 м.кв талбай бүхий 5 давхар барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эрх эдэлж үүрэг хүлээдэг.

 

2.б. Гэтэл шүүх дээрх гуравдагч этгээдийн хариуцагчид холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг “нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй” гэх хуульд заагаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, зохигчийн эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангана./хх 174/

 

2.в. Тодруулбал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шүүхэд үүсгэгдсэн хэрэгт маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болдог бөгөөд түүнийг уг ажиллагаанд оролцоход шүүхийн болон бусад этгээдийн зөвшөөрөл шаардлагагүй. Иймд шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэхгүй, харин түүнийг хэргийн оролцогч болсныг баталж, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж, улмаар түүний шаардлагыг зохигчдод гардуулах, танилцуулах ажиллагааг хийх байсан бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3. Харин 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр Э ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л ХХК-аас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Э ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ