Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02169

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02169

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэ

 

Хариуцагч: 

 

Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн *** тоот тушаалын дагуу М.Дд 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 22 684 756 төгрөгийн тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С,

хариуцагчийн төлөөлөгч П.Б,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д хариуцагч ИНЕГ-т холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулж, М.Дд 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахыг даалгуулахаар шаардсаныг,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн *** тоот тушаалын дагуу 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 22 684 756 төгрөгийн тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах болгож, өөрчилжээ.

 

а. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д нь Иргэний нисэхийн харьяа нисэх буудлуудад 16.6 жил нислэгийн удирдагчаар ажилласан бөгөөд Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар орж, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдсон юм. Энэ тухайгаа ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргадаа мэдэгдэхэд дарга нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичихийг санал болгон, М.Дгаар өргөдлийг бичүүлсэн. Түүний өргөдлийг үндэслэн М.Дтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар М.Дг ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг үндэслээд иргэний нисэхийн ерөнхий газраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тэтгэмж олгогдох үндэслэлтэй бөгөөд энэ шалтгаанаар М.Д ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичсэн юм. Гэтэл уг тушаалын дагуу олгох ёстой тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газар олгохгүй байсан тул М.Д Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөр эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөр эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** тоот хуралдааны тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй болно. Дээрхи маргаан таслах комиссын шийдвэрийг үл зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.7 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан Үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж, 16-20 жил ажилласан бол 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан эрхийг М.Дд хангаж өгөхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалган шийдвэрлэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газар нь дээрхи шийдвэрийг биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бид нэхэмжлэл гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалын дагуу олгох ёстой тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газар олгохгүй байгаа ба Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.7. дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж, 16-20 жил ажилласан бол 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан. Иргэний нисэхийн ерөнхий газар байгууллагад мөрдөгддөг хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэхгүйгээр М.Дгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж тус газрын энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Дд 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 22 684 756 төгрөгийн тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Дгаас Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд ажилтан хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон ажилтанд ажилсан жилээс хамаарч нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Энэ тохиолдолд яагаад тэтгэмж олгохгүй байна вэ гэхээр энэ ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3-т заасан ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй бол гэсэн заалтыг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байгаа. Гэтэл энэ маргаанд ажилтан М.Д Баянхонгор аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 60% алдсан гэж тогтоосон. Гэхдээ дээрх үйл баримт нь шууд хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөр эрхлэх боломжгүй байна гэж үзэх эрх зүйн баримт бичиг биш гэж үзэж байна. Эрхлэх боломжтой ажилд цааш ажиллаад явах эрх зүйн зохицуулалт байгаа. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг дүрэм байгаа. Энэ дүрэмд даатгуулагч иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтыг доор дурдсанаар ангилна 4.4.1-т бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан, 4.4.2-т хагас буюу хэсэгчилсэн 70% хүртэлх хувиар алдсан гэж заасан байна. Тиймээс М.Дг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Даатгуулагч иргэн ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоногийн хугацаанд эмнэлгийн хуудас авч, үр дүнг үзээд эдгэрэлтийн үе шат үр дүнгүй байсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоодог. Гэтэл Баянхонгор аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг дүгнэлт эргэлзээ төрүүлж байгаа. Тухайн даатгуулагч иргэн нь эрхтэн, бие махбодын үйл ажиллагаа хүндээр бэртсэний улмаас өөртөө үйлчлэх боломжгүй, бусдын асаргаа сувилгаа шаардлагатай болсон байнгын хэвтэрт байдаг тохиолдолд М.Д шиг шууд үзүүлээд эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгоно. Гэтэл энэ ажилтанд дээрх тохиолдол үүсээгүй байсан. Орон нутгийн нисэх буудлын дарга ажилтан М.Дг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу томилолтоор ажиллахаар яваад 05 дугаар сарын 05-ны өдөр ирсэн гэдэг. Ирэхдээ дээр дурдсан хөдөлмөр магадлах комиссын шийдвэрийг барьж ирээд, ажлаас чөлөөлөгдөх тухай хэлж, хүсэлтээ гаргасан гэж хэлсэн. Үүний дагуу ажилтны өргөдлийг шийдвэрлэхдээ зөрчилтэй байдлаар шийдвэрлэсэн. Үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг барьсан атлаа, тэмдэглэл хэсэгтээ М.Д нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул гэж өөр утга агуулгаар илэрхийлсэн байсан. Дээрх нөхцөл байдлыг үндэслээд энэ ажилтан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж бидний зүгээс тэтгэмж олгох боломжгүй. Ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл байхгүй тул ИНЕГ-аас тэтгэмж олгоогүй, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн ******** дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг баталгаажуулахаас татгалзах тухай захирамж, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөр эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** тоот хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаар хуралдааны шийдвэр, М.Дгийн 2005.6 сараас 2022.10 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ** дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажилтанд танилцуулах баримт бичгийн жагсаалт, М.Дгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргийг ирүүлсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Д.Дгийн гаргасан өргөдөл, Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2021.09.23-ны өдрийн *** дугаар М.Дг ажилд авах тухай тушаал, мөн даргын 2022.05.05-ны өдрийн *** дугаар М.Дтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ИНҮТ-ийн харьяа Алтай нисэх буудлын нислэгийн удирдагчийн ажлын байрны тодорхойлолт, тойрох хуудас, М.Дгийн цагийн бүртгэл, М.Дгийн цалингийн жагсаалт зэргийг гаргуулсан байна./хх-ийн /

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.       Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ .... Иргэний нисэхийн харьяа нисэх буудлуудад 16 жил 6 сар нислэгийн удирдагчаар ажилласан бөгөөд Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар орж, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдсон. Энэ тухайгаа ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргадаа мэдэгдэхэд дарга нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичихийг санал болгон, М.Дгаар өргөдлийг бичүүлсэн. Түүний өргөдлийг үндэслэн М.Дтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар М.Дг ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг үндэслээд иргэний нисэхийн ерөнхий газраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тэтгэмж олгогдох байтал уг тэтгэмжийг олгохгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... Дээрх нөхцөл байдлыг үндэслээд энэ ажилтан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж бидний зүгээс тэтгэмж олгох боломжгүй. Ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл байхгүй тул ИНЕГ-аас тэтгэмж олгох үндэслэлгүй. Гэж маргажээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Д нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд нислэгийн удирдагчаар ажиллаж байгаад 2022 оны 05 сарын 05-ны өдрийн *** тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

 

Тус тушаалд нислэгийн удирдагч М.Д нь хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 82 дугаар зүйлийн 82.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.5, 8.7 дахь заалтуудыг үндэслэн гаргасан байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 1**.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ.

6. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.5-д ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ажилтанд 8.3, 8.4 дэх заалт нэгэн адил хамаарна. ..., 8.7-д Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ИНЕГ, түүний салбар нэгжид ажилласан жилээс хамааруулж ...сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж заажээ.

 

7. Тушаалд баримталсан хуулийн заалтууд болон Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудаар нэхэмжлэгч М.Дд 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах шаардах эрх үүссэн гэх үндэслэлгүй байх ба 2022.05.05-ны өдрийн *** дугаар тушаалд тэтгэмж олгохоор заасан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, тушаалын үндэслэлд ...хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэл дурдсан хирнээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

 

8. Хэрэв ажил олгогч нь хуулийн дээрх заалтаар ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 1**.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэсэн үндэслэлүүдийг бүгдийг ажилтанд санал болгосон байх учиртай юм.

 

Мөн хөдөлмөрийн дотоод журмын 8.5-д ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ажилтанд ... 8.7-д заасан тэтгэмж авах эрх үүсэхээр заасан байх ба М.Дд дээрх эрх үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн ** дугаар
тогтоолын хавсралтаар баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах
комиссын дүрэм-ийн 4.4-т Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан, хагас (хэсэгчлэн) буюу 70 хүртэл хувиар алдсан гэж тогтоосон байна.

 

10. Харин нэхэмжлэгч М.Дгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 04 сарын 14-ний өдөр ЭХМК ердийн өвчний жагсаалтын 1-9-5 ХЗ: заалтаар хөдөлмөрийн чадварыг 60 хувиар 6 сараар тогтоож, шийдвэрлэжээ.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч М.Д нь хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай байгаа нь дээрх журамд заасан тэтгэмж авах эрх үүсээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

11. Харин ажил олгогч ИНЕГазар нь /Говь-Алтай аймаг дахь Нисэх буудал/ нэхэмжлэгч М.Дг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан үндэслэлүүдийг бүрэн тодруулж, шалгаагүйгээс, түүнчлэн ажилтны энэ байдлыг эрх бүхий удирдлагууддаа танилцуулж, зөвшилцөөгүйгээс ажилтан М.Дгийн хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч ...ажилтан М.Д Баянхонгор аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 60% алдсан гэж тогтоосон ч дээрх үйл баримт нь шууд хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөр эрхлэх боломжгүй байна гэж үзэх эрх зүйн баримт бичиг биш гэж үзэж байна. Эрхлэх боломжтой ажилд цааш ажиллаад явах эрх зүйн зохицуулалт байгаа. гэж тайлбарлажээ.

 

Иймд нэхэмжлэгч М.Д нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өвчний эдгэрэлтийн байдал зэргээс хөдөлмөр эрхлэх боломжтой тохиолдолд энэ талаараа ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газарт хүсэлт гаргах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

12. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн *** тоот тушаалын хууль зүйн үндэслэлд маргаагүй, түүнчлэн тушаалын дагуу тэтгэмж гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд шүүх тушаалын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор .... гомдол гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч М.Д нь дээрх маргаанд ИНЕГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хуулийн хугацаанд гомдол гаргасныг тус комисс 2023.01.09-ний өдрийн дугаар ** тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна./хх-ийн 6,7/

Үүний дараа Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо 2023.02.27-ны өдрийн дугаар ** тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосныг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна./хх-ийн 25-27/

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дгийн Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн *** тоот тушаалын дагуу 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 22 684 756 төгрөгийн тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ